Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00303

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00303

 

Ү ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/03843 дугаар шийдвэртэй

Ү ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ю.Оад холбогдох

74,939,063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, Б.Журагат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Журагатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон үндэслэлийн агуулга: Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн Ү ББСБ ХХК нь 2007 оноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулж байна. Ю.Оын гаргасан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хөөсөнцрийн үйлдвэрт түүхий эд авах зорилгоор 60,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗГ019133 тоот зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар олгосон Ю.О зээлийн шимтгэлд 300,000 төгрөг төлсөн. Түүнчлэн тухайн өдрөө БГ019133 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ю.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, Да хүрээ гудамж, 00-р байр, 00 тоотын 55.56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан гэрээг нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Мөн түүнтэй 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 019133 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан тоёота тундра маркийн 00-00 УНБ улсын дугаартай, ачааны зориулалттай автомашиныг барьцаалан авто машиныг манай өмчлөлд шилжүүлсэн. Ю.О нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2 удаа эргэн төлөлт хийсэн ба 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн хүүд 1,140,000 төгрөг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хүүд 1,380,000 төгрөг бэлнээр тус тус төлсөн. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч Ю.Оад зээлийн гэрээнд заасны дагуу эргэн төлөлтөө хийхийг шаардахад тэрээр гэрээг сунгах, барьцаа хөрөнгө 00 тоот орон сууцыг суллаж авах хүсэлтийг гаргасан. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Ю.Оын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учраас зээлийн гэрээний хугацааг сунгахгүй, барьцаа хөрөнгийг солих боломжгүй, шинээр зээлийн гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг өөрчлөх саналыг гаргасан ба үүнийг Ю.О зөвшөөрсөн. Талууд уг саналын дагуу шинээр зээлийн гэрээ байгуулахаар тохирч 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нөхцөлтэй ижил нөхцлөөр 2019 оны 10 дугаарсарын 30-ны өдөр ЗГ0190016 тоот 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлж мөн өдөр нь БГ0190016 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан В.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, Да Хүрээ гудамж, 00-р байр, 0 тоотын 54.79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нь барьцаалан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Ю.О авто машинаа суллаж авья гээд 2019 оны 11 сарын 5-ны өдрийг хүртэлх зээлийн хүүнд 1,560,000 төгрөг, мөн авто машинд ногдох зээлийн дүн 10,000,000 төгрөгийг тус тус 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн. Ингээд 50,000,000 төгрөгийг талуудын хооронд өмнө байгуулсан ЗГ019133 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэлд тооцож, шинээр 50,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан бөгөөд 50 000 000 төгрөгийг олгосон гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч тухайн өдрийн зарлагын мэдүүлэгт гарын үсэг зурсан. Ю.О 50,000,000 төгрөгийн зээлийг авснаас хойш манай банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулагч С.Содончимэгийн Голомт банк дахь дансанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,650,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн. В.О үүнээс өөрөөр зээлийн эргэн төлөлт хийгээгүй ба тухайн хугацаанаас хойш зээлийн гэрээний үүргийг зөрчсөн. Иймд хариуцагч Ю.Оаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 49,290,174 төгрөг, зээлийн хүүнд 22,497,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,151,675 төгрөг, нийт 74,939,063 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 29, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2 удаа зээлийн гэрээ байгуулсан байх боловч тухайн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгө олгогдоогүй. Зээл олгоогүй байж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргах боломжгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээл олгоно гэж заасан. Хуульд заасан үндэслэл журамд заасны дагуу зээл олгосноор зохих журмын дагуу дээр дурдсан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Үзлэг хийсэн гар утасны мессежийг харвал өглөө бүр зээлээ төлөхийг шаардах байдлаар мессеж бичсэн байдаг. Хариуцагч Ю.Оын мөнгө төлсөн гүйлгээг харвал банк бус санхүүгийн бус хувь хүний данс руу мөнгөө шилжүүлж байсан. Талуудын хооронд үүссэн харилцаа Ү ББСБ ХХК-иас Ю.Оын зээл авсан талаар үүссэн асуудал биш, түүний банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах хүсэл зоригыг ашиглаж тусгай зөвшөөрлийн хүрээнээс хэтэрсэн үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны түүний зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн данснаас зээл олгож, зээлдэгч тухайн дансанд зээлийн төлбөрөө төлөх ёстой. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх мөнгийг Ү ББСБ ХХК-иас бус иргэн К.Б, Ю.Оад олгосон зээл байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй данснаас зээл олгож, тухайн дансанд зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой. Иймд Ү ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ю.Оаас 43,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31,589,063 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ю.О зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ю.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 19 дүгээр байр, 0 тоотын 54.79 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204104395 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,086.94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Оаас 374,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Журагатын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Ю.О нь Ү ББСБ ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ЗГ019133 тоот зээлийн гэрээ байгуулан түүхий эд авах зориулалттай бизнесийн зээл 60,000,000 төгрөгийг, үндсэн хүү 30 хоногийн 4 хувь, хөнгөлөлттэй зээлийн хүү 3 хувийн хүүтэй, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай зээлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БГ019133 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол /13321/, Да хүрээ гудамж, 00 тоотын эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 2 өреө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэмэлт барьцаагаар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 019133 дугаартай фидуцийн гэрээгээр Ю.О өөрийн өмчлөлийн Тоуоtа Тundra маркийн 00-00 УНП улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг манай байгууллагын өмчлөлд шилжүүлсэн. Ингээд зээлийн гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 60,000,000 төгрөгийг зээлдэгч Ю.Оад бэлнээр хүлээлгэн өгч, зээлдэгч Ю.О нь зарлагын баримтад гарын үсэг зурж 60,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Талууд энэ талаар тохиролцсон тул 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ0190016 дугаартай зээлийн гэрээ байгуулан Ү ББСБ ХХК нь Ю.Оад 60,000,000 төгрөгийг өмнөх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээтэй ижил нөхцөлтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааг сольж БГ0190016 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ю.Оын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Тохиролцсоны дагуу зээлдэгч Ю.О нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашинд ногдох зээлийн дүн буюу 10,000,000 төгрөгийг төлсөн тул Ю.Оын автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлж улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 50,000,000 төгрөг болгон өөрчлөн байгуулсан.

Мөн талууд тохиролцсоноор 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ0190016 дугаартай зээлийн гэрээ байгуулан Ү ББСБ ХХК нь Ю.Оад 60,000,000 төгрөгийг өмнөх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээтэй ижил нөхцөлтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан БГ0190016 дугаартай барьцааны гэрээ байгуулж барьцааг сольсон, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ю.О 10,000,000 төгрөг төлж автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлсөн болон 50,000,000 төгрөг зээлийн үлдэгдэл болж шинээр эргэн төлөх хуваарь гаргасан. Ю.О, Ү ББСБ нарын хооронд 50,000,000 төгрөгийн өмнөх зээлийн тооцоо байсан, одоо энэ тооцоо дуусаж дараачийн зээлийн гэрээний үүрэг 50,000,000 төгрөгийн хэмжээнд үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагууд зөрчигдөж эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэнгүй, ач холбогдолтой эсэх, үнэн зөв, эргэлзээгүй эсэхэд зөв үнэлгээ хийгдсэнгүй, хууль зүйн болон бодит үндэслэл огт харгалзаж тодорхойлогдсонгүй.

Шүүх Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4-т заасныг зөрчсөн гээд үүнийгээ зээлийг олгосонд тооцохгүй гэх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Ү ББСБ ХХК нь харилцагч Ю.Оад зээлийн данс нээж хөтөлсөн бөгөөд хэргийн 26, 96, 97, 105 дугаар талд хуулбарыг гаргаж өгсөн.

Анхан шатны шүүх зээлдэгч Ю.Оын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ0190016 дугаартай зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 2,650,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус үндсэн зээлийн төлбөр буюу 50,000,000 төгрөгөөс хасаж тооцсон. Гэрээ бол талуудын хувьд хуулиас өмнө тооцогдох хууль атал шүүх үүнийг хожим дүгнэхдээ энэ төлбөрийн талаар талууд огт маргаагүй байхад өөрийн санаачилгаар хөндлөнгөөс оролцож хасах шийдвэр гаргахдаа хууль зүйн үндэслэл, баримталсан хуулийн заалтуудаа огт дурдаагүй нь зүгээр дур зоргын шийдэл болсон гэж үзэж байна.

Шүүх Ү ББСБ ХХК-ийн нягтлан бодогч К.Б-н Голомт банк дахь төгрөгийн 2405008440 тоот данснаас зарлага гаргасан үйлдэлд хэт ач холбогдол өгч, улмаар нягтлан бодогч К.Б зээлдэгч Ю.Оад зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн данснаас шууд шилжүүлсэн мэтээр дүгнэсэн. Тус байгууллагын нягтлан бодогч К.Б-н Голомт банк дахь 2405008440 тоот данснаас 2019 оны 8 сарын 29-ний өдөр 66 000 000 төгрөгийн зарлага гаргаснаас бус дээрх данснаас К.Б зээлдэгч Ю.О руу мөнгө шилжүүлээгүй бөгөөд компанийн захирлын гадаад улс руу явахдаа данс руу нь шилжүүлсэн байгууллагын эргэлтийн хөрөнгийг өөрийн данснаас авч байгууллагын касс руу байршуулсан хэрэг юм. Мөн зээлийн гэрээний талууд өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах тохиолдол нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй. Гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал нь талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээл олгосон болон зээл хаасан баримтууд нь зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан гэж маргаж мэтгэлцээгүй байтал анхан шатны шүүх үүнийг харгалзан үзсэнгүй. Анхан шатны шүүх зээлдэгч Ю.Оын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ0190016 дугаартай зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр буюу 50 000 000 төгрөгөөс хасаж тооцсон. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 25.2-т заасан зохицуулалтаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх ба хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болохыг ялгамжтай тодорхойлоогүй, шүүх энэ байдлыг тодруулж, шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт хийгээгүй зөрчил гаргасан. Шүүх зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа, гэрээний үүргийн ялгамжтай байдлыг зөв тодорхойлоогүйгээс үүдэн зээлдэгчийн төлсөн төлбөр бүрийг үндсэн зээлээс хасаж бодож төлбөл зохих төлбөрийн хэмжээг алдаатай тооцсон. Мөн хариуцагч урд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтрүүлсэн зээлийн төлбөрийг төлөхдөө зээлийн хүүгийн төлбөрт төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, ямар нэгэн шаардлага гаргаагүй, үүнтэй холбоотой бидний гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагч тал нотлох баримтын үндэслэлтэйгээр үгүйсгээгүй байхад шүүх өөрөө үгүйсгэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчих алдаа гаргалаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ю.Оаас үндсэн зээлийн төлбөрт 5 939 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22 497 214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 152 849 төгрөг, нийт 31 589 063 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн У.Тгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Давж заалдах гомдол хэргийн бодит үйл баримт, хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байх учраас гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч гомдолдоо цахим орчинд үүсгэсэн, бид өөрсдөө дансны хуулга, зээлийн дансны хуулгыг гаргаж өгсөн гэдэг. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчид өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх, түүнийгээ нотлох үүрэгтэй. Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн дансны хуулгад өөрийн байгууллагын санхүүгийн тамга дарсан баримтууд байдаг ч үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу зээл олгосон эсэхийг шалгавал зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн байхыг шаардана. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл уг мөнгийг нэхэмжлэгч шилжүүлж өгөөгүй нь тодорхой болсон. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Байгалиас энэ талаар асуухад ...захирал гадаад улс руу явсан, миний дансанд байсан мөнгийг гаргаад бэлнээр өгсөн... гэдэг. Түүний дараа 50,000,000 төгрөг олгоогүй атлаа олгосон мэтээр баримт үйлдсэн гэдгийг хэлдэг. Банк бус байгууллагын журамд зээлийн гэрээний харилцаа бол зээл олгож байгаа зээлийн гэрээнүүд юм. Өмнөх өгсөн эрх зүйн харилцаа нь мөн хуульд заасан журмын дагуу үүсээгүй. Гэтэл огт банк бус санхүүгийн байгууллагад хамааралгүй дансаар мөнгө шилжүүлээд, түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагаасаа зээл олгосон мэтээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогддог. Ү ББСБ ХХК нь 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсон. Өөрөөр хэлбэл, К.Б, н.Содномчимэг нарт банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэх баримт байхгүй. Эдгээр хүмүүс нь банк бус санхүүгийн байгууллага эрхлэх эрхгүй атлаа өөрсдийн дансаар үйл ажиллагаа явуулах боломж хуульд байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд К.Б-н данснаас мөнгөн төлбөр олгогдсон талаар тодорхой болсон. Мөн анхан шатны шүүх мөнгөн төлбөрийн асуудлыг тооцоо нийлсэн гэж дүгнээд 50,000,000 төгрөгөөс үлдэх төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 60,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр гэрээ хийсэн боловч уг мөнгийг Ү ББСБ ХХК-аас олгоогүй. Энэ гэрээнүүд хэрэгжээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийн зээлийн тооцоололд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Ү ББСБ ХХК нь хариуцагч Ю.Оад холбогдуулан 74,939,063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ү ББСБ ХХК нь Ю.Отай 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗГ019133 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бизнесийн зээл-түүхий эд авах зориулалтаар 60,000,000 төгрөгийг, зээлийн үндсэн хүү 4%, хөнгөлөлттэй зээлийн хүү 3%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 30 хоногийн 0,8%-ийн хүүтэйгээр зээлүүлсэн байна. /хх.85-86/ Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчээс хариуцагч буюу зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна. /хх.90/ Зохигчид зээлийн хэмжээний талаар маргаагүй.

4. Хэргийн 20 дугаар талд К.Б-н Голомт банк дахь төгрөгийн 2405008440 тоот данснаас 2019 оны 8 сарын 29-ний өдөр 66.000.000 төгрөгийн зарлага гарсны 60.000.000 төгрөгийг Ю.Оад зээлдүүлсэн гэж тайлбарласан бөгөөд уг өдрөө 60.000.000 төгрөгийг түүнд хүлээлгэн өгсөн тус байгууллагын бэлэн мөнгөний дансны хуулгын баримтаар тогтоогдсон байна. Хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг хувь хүн К.Байгалмаагаас авсан гэсэн агуулгаар тайлбар гарган маргажээ. К.Б нь нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч ажилтай, К.Б хариуцагч Ю.О нарын хооронд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй байна. Иймд зээлдүүлэгч Ү ББСБ ХХК-аас зээлдэгч Ю.Оад зээлийн мөнгөн хөрөнгөө шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна.

Иймд зээлдүүлэгч Ү ББСБ ХХК нь зээлдэгч Ю.Оад зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 60,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлжээ.

5. Зохигчид барьцааны гэрээгээр Ю.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 00 тоот, 2 өрөө орон сууцыг барьцаалсан, мөн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулан Ю.О нь ЗГ019133 тоот гэрээний үүрэгт тоёота тундра маркийн 00-00 УНП улсын дугаартай ачааны авто машиныг барьцаалан, өмчлөх эрхийг нь зээлдүүлэгч Ү ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх.89/

Нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, үүрэг гүйцэтгэгч зээлийн үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээ байгуулсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болох талаар хуульд нийцүүлэн дүгнэжээ. Иймд зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор тохиолдолд үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх зээлдүүлэгчид үүссэн.

6. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч Ю.О гэрээний хүүд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1,140,000 төгрөг бэлнээр, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,380,000 төгрөг тус тус төлсөн байна. /хх.90-93/

7. Талууд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрт шинээр гэрээ байгуулахаар тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ0190016 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бизнесийн зээл-түүхий эд авах зориулалтаар 60,000,000 төгрөгийг, зээлийн үндсэн хүү 4%, хөнгөлөлттэй зээлийн хүү 3%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 30 хоногийн 0,8%-ийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохиролцжээ. /хх.14-15/ Энэ өдөр дахин мөнгө шилжүүлэн өгөөгүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч буюу зээлдэгч Ю.О 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү 1,560,000 төгрөг, үндсэн зээлд 10,000,000 төгрөг төлсөн тул талууд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр баталсан гэж үзэхээр байна. /хх.16/ Иймд уг графикийн дагуу зээл төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй.

8. Анхан шатны шүүх хариуцагч Ю.Оын зээлийн гэрээний үүрэгт төлөх үнийн дүнг зөв тооцоолоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

9. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр байгуулах бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол гэрээнд зээлийн хүүг тодорхой тусгах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтад нийцэх юм. Талууд зээлийн гэрээнд хүүг үндсэн хүү 4%, хөнгөлттэй хүү 3% гэж өөр өөрөөр тохиролцсон байх тул уг гэрээний нөхцлийг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар санал хүлээн авагчид ашигтайгаар тайлбарлан 3%-иар тогтоосон гэж үзэв.

10. Хэргийн 16 дугаар талд Зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан байх бөгөөд уг хуваариас үзэхэд зээлдэгч Ю.О нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүг 3%-иар тооцож 16,297,000 төгрөг, нийт 66,297,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс хариуцагчийн төлсөн 6,650,000 төгрөгийг хасч 59,647,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. /хх.16/ Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн тооцооллын талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

11. Гэрээний 3.1.1-т зээлийн үндсэн хүү 4% гэж, 4.9-т ...зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 3.1.1-т зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 3.1.4-т заасан хувиар тус тус тооцож авна гэж заажээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан бөгөөд гэрээний 3.1.4-т нэмэгдүүлсэн хүү 30 хоногийн 0,8% гэж тус тус заасан байна. Гэрээний уг заалт нь дээрх хуулийн заалттай нийцээгүй буюу хэмжээг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна гэж дүгнэв.

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 59,647,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/03843 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...43,350,000 ... гэснийг ...59,647,000... гэж, ...31,589,063... гэснийг ...15,292,063... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...374,700... гэснийг ...456 185... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагын төлсөн 315,895 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО