Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/03121

 

 

 

 

 

 

 

 

 

        2021          11               24                                           184/ШШ2021/03121

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.А нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НШШГГ

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “С” ХХК

 

 Хөрөнгийн   үнэлгээг    хүчин   төгөлдөр бусад   тооцуулах  тухай гэх шаардлагатай   хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ко Кен Рак, Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч тайлбарлахдаа: Олон Улсын арбитрын шүүхийн 2020 оны 8 сарын 19-ны өдрийн 23675 дугаар шийдвэртэй, 275 дугаар гүйцэтгэх баримт бичигт явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.А-ийн төлбөрт хураасан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 байр, 135 тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 130 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Мөнхцэцэгийн 2021 оны 7 сарын 07-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 7/127 дугаартай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г шинжээчээр томилж, шинжээч дүгнэлтээ 2021 оны 7 сарын 19-ний өдөр ирүүлсэн болно. Төлбөр төлөгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

  1. Хөрөнгийн үнэлгээ хийх хууль зүйн үндэслэл үүсээгүй байсан талаар:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нь дуудлага худалдаагаар худалдан үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа болохоос өмнө харилцан тохиролцдог. Харин талууд ийнхүү харилцан тохиролцож чадаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу тухайн хөрөнгийг шинжээчээр үнэлүүлдэг. Хураагдсан хөрөнгийн хувьд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзориг нь 2021 оны 7 сарын 3-ны өдөр хөрөнгө хураах ажиллагаанд биечлэн оролцож мөн өдөр хуульд заасан журмын дагуу хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр өгсөн. Харин төлбөр авагч буюу ““С”” ХХК-ийн хувьд хураагдсан хөрөнгийн үнэлгээ болон төлбөр төлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ямар нэг санал ирүүлээгүй болно. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн материалд өмгөөллийн "Сноу хилл консалтинг’' ХХК-ийн албан бланк дээр үйлдсэн, мөн нөхөрлөлийн гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий 2021 оны 7 сарын 7-ны өдрийн 1/375 дугаартай албан бичиг авагдсан боловч энэхүү нөхөрлөл, түүний гүйцэтгэх захирал нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийг төлөөлөх бүрэн эрхтэйг нотлох баримт байхгүй. Цаашилбал дээрх албан бичгийн доор Б.Жаргалсайхан гэдэг нэрийн ард гарын үсэг зурсан байх ба "“С”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх энэхүү хүн нь төлбөр авагчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн итгэмжлэлд дурдагдсан хүн мөн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд төлбөр авагч нь төлбөр төлөгчийн ирүүлсэн саналыг зөвшөөрөөгүй буюу талууд хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэж болохгүй.

Нэгэнт талууд хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэл байхгүй байхад Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасан үндэслэлээр шинжээч томилж, улмаар шинжээч хураагдсан хөрөнгийг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            2.Шинжээч томилох тухай тогтоолыг хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээчид танилцуулаагүй талаар:

Хураагдсан хөрөнгийг үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байсан гэж үзсэн ч шинжээч томилох тогтоолыг буруу этгээдэд танилцуулсан. Тодруулбал, тогтоолын 1 дэх хэсгээр "Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Гэтэл тогтоолын 4 дэх хэсэгт "Шинжээч дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хууль заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг шинжээч Ж.Уртнасанд сануулсугай" гэжээ. Мөн тогтоолын төгсгөл хэсэгт “Танилцсан, шинжээч Ж.Уртнасан” гэж бичсэн байна.

Үүнээс үзэхэд тогтоолыг томилогдсон шинжээч болох "Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д бус Ж.Уртнасан гэж өөр шинжээчид танилцуулсан нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.2 дахь хэсэгт "Шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гардуулан өгч, гарын үсэг зуруулна'’ гэснийг зөрчсөн бөгөөд уг тогтоолыг хуульд заасны дагуу томилогдсон шинжээч болох "Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д албан ёсоор танилцуулаагүй байна.

            3.Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй талаар:

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж заасан. Харин нийт 16 хуудас бүхий хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтэд гагцхүү үнэлгээчин Ж.Уртнасан гарын үсэг зурж Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний тэмдгийг дарсан бөгөөд уг үнэлгээний тайланд шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тэмдэг огт дарагдаагүй. Иймд дээрх дүгнэлт нь хүчин төгөлдөр бус дүгнэлт болно.

            4.Хөрөнгийг зах зээлийн үнээс доогоор үнэлсэн байгаа талаар:

Дээр дурдсан үндэслэлүүдээс гадна үнэлгээний тайлангийн 4.1.1-д ‘‘Зах зээлийн харьцуулан жиших аргын үнэлгээ тооцоо” хэсгийн 44-т хураагдсан хөрөнгийн нэгж талбайн үнийг 1,809.0 мянган төгрөг гэж гаргахдаа мөн тооцооны 38-д байгаа ижил түвшний дотор засалтай бусад харьцуулсан хөрөнгийн нэгж талбайн үнэлгээ (тооцооны 2-т байгаа)-ээс даруй 139.100.0 төгрөгөөс 274.300.0 төгрөгөөр багаар буюу зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан үндэслэл журмын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 130 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Мөнхцэцэгийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Шинжээч томилох тухай” 7/127 дугаартай тогтоол болон 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олон улсын Арбитрын шүүхийн 2020 оны 8 сарын 19-ний өдрийн ICC 23675/PTA дугаартай шийдвэрээр Л.А-ийн хариуцагчийн хууль зүйн үйлчилгээний зардал болох 368,700 Хонгконг доллар болон 250,000,000, хариуцагчид арбитрын зардалд 34,800 ам доллар, хариуцагчид хүү болгож 368,700 хонгконг доллар болон 250,000,000 төгрөгийн хувьд тус тус 2018 оны 7 сарын 31 болон 2018 оны 7 сарын 18-наас 17.8 хувийн хүүтэйгээр, 34.800 ам.долларын хувьд 2018 оны 11 сарын 19-өөс 17.2 хувийн хүүтэйгээр арбитрын эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл гаргуулан ““С”” ГХОХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Л.А шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг биелүүлээгүй тул төлбөр төлөгч Л.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010719 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 байр, 135 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2021 оны 6 сарын 11-ний өдрийн 21270193/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 7 сарын 02-ны өдрийн 21270193/05 тоот тогтоолоор хураасан.

Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнийн санал гаргах мэдэгдлийг 2021 оны 7 сарын 02-ны өдрийн 4-130/12138 тоот мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэгч миний бие гардуулан өгч, Л.Ат дамжуулан өгөхөөр нөхөр Д.Батболд хүлээн авч гарын үсэг зурсан.

Төлбөр төлөгч Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзориг төлбөрт хураагдсан хөрөнгийг 660,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч ““С”” ГХОХХК хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг гаргуулах тухай хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх хөрөнгийн үнэлгээг 86,832,000 төгрөгөөр тогтоосон байна.

Талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, 341 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 7 сарын 20-ны өдрийн 4-130/12029 тоот албан бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баталгаажуулж танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Л.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна.

1.Хөрөнгийн үнэлгээ хийх хууль зүйн үндэслэл үүсээгүй байсан талаар:

Төлбөр төлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ““С”” ХХК-с ямарваа нэгэн санал ирүүлээгүй гэж маргадаг.

Төлбөр төлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай ““С”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан 2021 оны 7 сарын 07-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй болон шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан 2021 оны 6 сарын 02-ны өдрийн 01/16 дугаартай итгэмжлэлийг шалгаж хүсэлт гаргах эрх бүхий этгээд мөн болохыг шалгасны үндсэн дээр хүлээж авсан. Тиймээс төлбөр авагч талаас төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухай саналыг ирүүлээгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Мөн Өмгөөллийн “Сноу хилл консалтанси” ХХН нь төлбөр авагчийг төлөөлөх бүрэн эрхтэйг нотлох баримт байхгүй гэж маргадаг.

Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН нь 2021 оны 03 сарын 09-ний өдөр ““С”” ХХК-тай арбитрын шийдвэрийн дагуу Л.А-ийн төлбөр гаргуулах ажиллагаанд төлбөр авагчийг төлөөлөн оролцох хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний үндсэн дээр “Сноу Хилл Консалтанси” ХХН-ийн Э.Билэгсайхан, Б.Жаргалсайхан, Ко Кёнрак нарт ““С”” ХХК-с итгэмжлэл үйлдсэн бөгөөд энэхүү итгэмжлэл нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байгаа. 2021 оны 7 сарын 07-ны өдрийн “Сноу Хилл Консалтанси” ХХН-ийн хэвлэмэл хуудаст үйлдэгдсэн хүсэлтэд өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН-ийн гүйцэтгэх захирал болон ““С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан”-ны гарын үсэг зурагдсан. Хэрэв зөвхөн нөхөрлөлийн захирлын гарын үсэгтэй энэхүү хүсэлтийг ирүүлсэн бол нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байж болох байсан ч төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурагдсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээд хүсэлт гаргасан хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.Шинжээч томилох тухай тогтоолыг буруу этгээдэд танилцуулсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь хүчин төгөлдөр болоогүй талаар:

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "... шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна" гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 7 сарын 07-ны өдрийн 15 дугаартай захирлын тушаалаар тусгай зөвшөөрлийн 07120023 дугаартай үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр томилсон бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь уг баримтад үндэслэн үнэлгээчин Ж.Уртнасанд шинжээч томилох тухай тогтоолыг гардуулан, гарын үсэг зуруулсан байна. Ж.Уртнасан нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д ажилладаг, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй /хх 164-р тал/ этгээд тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн дээрх үндэслэлээр Хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтэд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасан гарын үсэг зурж, “Монгол хөрөнгийн үнэлгээчин” гэсэн хувийн тэмдгээр баталгаажуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчөөгүй буюу шинжээчийн дүгнэлт хүчинтэй гэж үзэж байна.

3.Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 7 сарын 20-ны өдрийн 4-130/12029 дугаартай мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзориг мөн өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 7 сарын 19-ний өдрийн 341 дугаартай албан бичигт “уншиж танилцав” гэж гарын үсэг зурсан. Улмаар төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээнд маргаж 2021 оны 8 сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх гомдол гаргах ажиллагаанаас үзэхэд төлбөр төлөгч нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 17 хоногийн дараа тус шүүхэд гомдлыг гаргасан бөгөөд хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг зөрчсөн тул шүүхэд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах эрхээ эдлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Төлбөр төлөгчийн санал болгосон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хэн ч зөвшөөрөхгүй нь тодорхой байна. Тодруулбал, төлбөр төлөгчийн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэр байгууллагад ирүүлсэн үнэ 660,000,000 төгрөг нь шинжээчийн үнэлгээний тайланд заасан хөрөнгийн үнээс 86,832,000 төгрөг буюу 7.6 дахин өндөр бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор энэхүү санаатайгаар хөрөнгийг өндөр үнэлсэн гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Л.А нь арбитрын шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төлбөрийг төлөөгүй бөгөөд энэхүү төлбөр гаргуулах ажиллагаа удаашрах тусам манай байгууллагын үйл ажиллагаанд хохирол учраад байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 7 сарын 07-ны өдрийн шинжээч томилох тухай 7/127 дугаар тогтоол, 2021 оны 7 сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байна. /хх-ийн 1-3 дугаар тал/

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар

... ““С”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан үнийн саналын талаар 2021 оны 7 сарын 07-нд бичгээр мэдэгдэн шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан.

- “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирлын 2021 оны 7 сарын 07-ны өдрийн 15 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийн 07120023 дугаартай үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр томилсон ба шийдвэр гүйцэтгэгч нь уг баримтад үндэслэн түүнд тогтоолыг гардуулан, гарын үсэг зуруулсан байна.

- төлбөр төлөгч нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 17 хоногийн дараа тус шүүхэд гомдлыг гаргасан, мөн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй  гэж  тус тус маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төлбөр авагч ““С”” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж 2021 оны 9 сарын 10-нд 184/ШЗ32021/09857 дугаар захирамжаар татан оролцуулсан байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Нэг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагааны тухайд:

 

Олон Улсын худалдааны танхимын дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ICC 23675/PTA дугаар шийдвэрээр: Төлбөр төлөгч   Л.А рд: /УГ63071001/- ээс

 

-Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль зүйн үйлчилгээний зардал болох 368,700 хонгконг доллар болон 250,000,000 төгрөгийг төлөх,

... хариуцагчид арбитрын зардалд төлсөн хувь болох 34,800 ам.долларыг төлөх,

 хариуцагчид хүү болгож 368,700 хонконг доллар болон 250,000,000 төгрөгийн хувьд тус тус 2018 оны 7 дугаар сарын 31 болон 2018 оны 7 дугаар сарын 18-наас 17.8 хувийн хүүтэйгээр,

37,500 ам.долларын хувьд 2018 оны 11 дүгээр сарын 19-өөс 17.2 хувийн хүүтэйгээр Арбитрын эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл бодож төлүүлэхээр,... гаргуулж Төлбөр авагч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Моннис Тауэрын 8 давхарт байрлах ““С”” ГХОХХК /рд:5084555/-д олгож    шийдвэрлэсэн байна. /хх 40-117 дугаар тал/

Төлбөр төлөгч нь Арбитрын шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 184/ШЗ2021/02966 дугаартай захирамжаар Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 184/ГХ2021/00275 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн байна. /хх 119-121 дүгээр тал/

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 21270193 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, 2021 оны 3 дугаар сарын 24-нд 21270193 дугаар бүхий  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Л.Ат холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-118-124/

 

Нэхэмжлэгч нь Арбитрын шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Л.Ат дээрх шийдвэрийг  биелүүлэх тухай 2021 оны 3 сарын 30-нд, 2021 оны 4 сарын 05-нд, 2021 оны 6 сарын 11-ний өдрүүдэд тус тус мэдэгдсэн байна. /хх 125-129/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу төлбөр төлөгч Л.А-ийн худ Г.Нинад төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2021 оны 03 сарын 30-нд гардуулсан, мөн 2021 оны 4 сарын 05-нд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзоригт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулж тус тус тэмдэглэл үйлдсэн байна. /хх 125, 126, 127 дугаар тал/

Төлбөр төлөгч Л.А нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010719 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1-р хороолол, 32-р байр, 135 тоот хаягт байрлах 30 м.кв 2 өрөө орон сууцыг 2021 оны 6 сарын 11-нд эд хөрөнгө битүүмжлэх тухай 21270193/02 дугаар тогтоол үйлдэн нөхөр Д.Батболдод танилцуулан гарын үсэг зурсан байна. /хх 128-131 дүгээр тал/

 

2021 оны 7 сарын 02-ны өдөр эд хөрөнгө хураах тухай 21270193/05 дугаар тогтоол үйлдэн Л.А-ийн нөхөр Д.Батболд гарын үсэг зурсан ба түүнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2021 оны 7 сарын 05-ны дотор үнийн саналаа ирүүлэхийг, ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох болохыг тайлбарлан 2021 оны 7 сарын 02-ны өдөр 4-130/12138 тоот мэдэгдлийг өгч тэмдэглэл  үйлдэн хамаарал бүхий этгээд болох нөхөр Д.Батболд дамжуулан өгөхөөр хүлээн авав гэж бичээд гарын үсэг зурсан байна.

 Төлбөр төлөгч Л.А нь хөдөө орон нутагт ажилтай гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биеэр оролцоогүй болох нь талуудын тайлбараар болон мэдэгдэл хүлээн авсан хамаарал бүхий хүмүүсийн тайлбараар, холбогдох баримтуудад гарын үсэг зураагүй байдлаар тогтоогдож байна.   

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзориг гэсэн бичгээр төлбөрт хураан авсан 30 мкв, 2 өрөө орон сууцны  үнийг 660,000,000 /зургаан зуун жаран сая/ төгрөгөөр үнэлэх үнийн саналыг ирүүлсэн  байна. /хх-128-133-135 тал/

Мөн төлбөр авагч ““С”” ХХК-д 4-130/12138 тоот мэдэгдлийг өгч үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн байна. Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар үнэ тохиролцоогүй байна.

““С”” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат 2021 оны 06 сарын 02-нд Б.Жаргалсайханд итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гардан авч, төлбөр төлөгчийн үнийн санал нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн гэж үзэж шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ. /хх-138- 140 дүгээр тал/

 Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/127 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон ба  тус үнэлгээний төвийн захирлын  2021 оны 07 сарын 07 ны  өдрийн  15 дугаар   тушаалаар үнэлгээчин Ж.Уртнасанг томилж шийдвэр гүйцэтгэгч түүнд эрх үүргийг  тайлбарлан  гарын үсэг зуруулсан байна. /хх 132-141-146173-175 дугаар тал/

 

          Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж  заасан дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан Ж.Уртнасан нь шийдвэр гүйцэтгэгчээс томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний үнэлгээний ажилтан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Шинжээч томилох тухай  тогтоолыг хуульд заасан журмын дагуу томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д танилцуулаагүй гэсэн тайлбар бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь... дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэж,

 

Мөн Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2- т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөг болгох үүрэгтэй байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж  тус тус  заажээ.   

 

  Иймд дээрх “Хөрөнгийн үнэлгээний  төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 -д заасан дагуу ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна. /хх 141-146 дүгээр тал/

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан  үнэлгээгээр төлбөр төлөгч  Л.А-ийн өмчлөлийн  СХД-ийн 17- дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32  байр, 135 тоотод байрлалтай 2 өрөө  орон сууцны  зах зээлийн “үнэ цэнэ” 2021 оны 06 сарын 29-ний байдлаар 86,832,000 /наян зургаан сая найман зуун гучин хоёр мянган/ төгрөг гэж үнэлжээ. /хх 146 -165 дугаар тал/

  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.5-д “хөрөнгийн үнэ цэнэ” гэж  хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг, “хөрөнгийн үнэлгээний суурь гэж хөрөнгийн  үнэлгээний зүйлийн үнэ  цэнийг тогтооход баримталсан зах зээлийн бус үнийн талаарх  үндэслэлийг хэлнэ гэжээ. 

Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ...үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт үнэлгээний зүйлийн мэдээллийг бүрэн хангаж үнэлгээ хийсэн байх ба  2 өрөө  орон сууц зах зээлийн үнэ 660,000,000 /зургаан зуун жаран сая/ төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй болох нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар дээрх баримтууд хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтууд гэж үнэлэв. /хх 147-165 дугаар тал/

 

Нэхэмжлэгч хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээ нотлоогүй ба холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Майзоригт 2021 оны 7 сарын 20-нд 4-130/12029 тоот мэдэгдлээр мэдэгдсэн ба   мэдэгдлийн хувийг Л.Ат дамжуулан өгөхөөр хүлээн авав. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж бичиж гарын үсэг зурсан байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт эд хөрөнгийн үнэлгээний талаар 2021 оны 07 сарын 20-нд мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ... өөрийн хөрөнгийг  шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай нэг сарын хугацаа  авах эрхтэй болохыг тайлбарлан тэмдэглэл үйлдэн талуудад шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн бөгөөд хариуцагч байгууллага төлбөр төлөгч Арбитрын шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

 Дээрх байдлаас дүгнэхэд: хөрөнгийн үнэлгээ хийх хууль зүйн үндэслэл үүсээгүй, шинжээч томилох тухай тогтоолыг томилогдсон шинжээчид танилцуулаагүй, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Төлбөр төлөгч нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 17 хоногийн дараа тус шүүхэд гомдлыг гаргаж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж маргасан байна.

 

Тус шүүх 2021 оны 8 дугаар сарын 13-нд нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа өмнө нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр шүүгчийн хүчин төгөлдөр захирамжид заасан  шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж байсан ба тус шүүхэд 2021 оны 8 сарын 26-нд дахин хандсан байна. /хх 7 дугаар тал /

 

 Шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 7 сарын 20-нд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд  эд хөрөнгийн үнэлгээний  талаарх гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа шүүхэд гаргаж  болно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь энэ маргаантай холбоотой  асуудлаар хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж дүгнэлээ.

                

                   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2021 оны 8 сарын 26-нд  шүүхэд ирүүлжээ. 2021 оны 9  сарын 02-нд иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 9 сарын 02-нд 09451 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хх 31, 36 дугаар тал/

2021 оны 10 сарын 07-нд иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай  захирамжаар 2021 оны 10 сарын 13-нд хурал товлон зарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах тухай хүсэлтээр хойшилж 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 11:00 цагт хуралдах тов гарч 11542 дугаар   захирамжаар хойшлуулсан байна. /хх 195/       

Товыг 2021 оны 10 сарын 13-нд талуудад мэдэгдсэн байна. /хх 192/

2021 оны 11 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өмгөөлөгчтэй хуралд оролцоно, өмгөөлөгч өвчтэй гэх үндэслэлээр шүүх хурал  хойшлох хүсэлтийг дахин хангаж 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 10:30 цаг хүртэл хойшилсон байна. /хх 209-210 дугаар тал/

 

2021 оны 11 сарын 24-ний өдөр шүүх хуралдаан эхлэх явцад хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад талууд татгалзахгүй гэсэн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй оролцох  тухай  хүсэлт гаргасан  байна.

 

 Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгаантай гэх  үндэслэлээр  хүсэлтийг хангаж тус тус  шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан байна.   

Итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Итгэл хуульчийн мэргэжилтэй, хуульчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө аваад сар болж байгаа гэж тайлбарлаж байгаа тул хүсэлтийг хангахаас татгалзаж хурал үргэлжлүүлэх үед шүүгчийг татгалзах гэсэн агуулгатай тайлбар хэлэхэд нь шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хүсэлтийг тодруулахад уг хүсэлтээ дэмжсэн нотлох баримт болон тайлбарыг гаргаагүй болно.

 

Тодруулбал татгалзал гаргах үе шатанд татгалзаагүй атлаа хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд зохиомол хүндрэл үүсгэж удаашруулах оролдлого гэж үзэн хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хурал үргэлжилсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д  заасныг тус тус баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээний тайлан болон шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай  Л.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ