Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00308

 

 

*****-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр  сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/03121 дугаартай шийдвэртэй

 Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн "Шинжээч томилох тухай 7/127 дугаартай тогтоол болон “Хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, О.Жамба, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Олон Улсын арбитрын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23675 дугаар шийдвэр,  275 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч *****-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо,  тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан. Шийдвэр гүйцэтгэгчийн 7/127 дугаартай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 86,832,000 төгрөгөөр үнэлсэн. Дараах үндэслэлээр үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.а.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг санал харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх санал өгсөн бөгөөд төлбөр авагч “ххххх ХХК-аас эд хөрөнгийн үнэлгээ болон төлбөр төлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар санал ирүүлээгүй.

 Хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт өмгөөллийн "*****” ХХН-ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/375 дугаартай албан бичиг авагдсан боловч энэхүү нөхөрлөл, түүний гүйцэтгэх захирал нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийг төлөөлөх бүрэн эрхтэйг нотлох баримт байхгүй. Уг албан бичгийн доор Б.Жгэдэг нэрийн ард гарын үсэг зурсан байх ба "Саусгоби сэндс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх нь тодорхойгүй байна.

Иймээс талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэл байхгүй байхад Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр шинжээч томилж, улмаар шинжээч хураагдсан хөрөнгийг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            1.б.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилох тогтоолыг буруу этгээдэд танилцуулсан. "Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг ба тус тогтоолын 4 дэх хэсэгт "шинжээч дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хууль заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг шинжээч Ж.У сануулсугай" гэжээ. Мөн тогтоолын төгсгөл хэсэгт танилцсан, шинжээч Ж.У гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д шинжээчээр томилсон тогтоолыг танилцуулаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.

            1.в.Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй талаар: Хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтэд үнэлгээчин Ж.У гарын үсэг зурж, үнэлгээчний тэмдэг дарагдсан байх ба  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тэмдэг огт дарагдаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт журмыг зөрчсөн байх тул үнэлгээчний дүгнэлт хүчин төгөлдөр бус юм.

            1.г.Хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн талаар: Үнэлгээний тайлангийн 4.1.1-д зах зээлийн харьцуулан жиших аргын үнэлгээгээр тооцон гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн нэгж талбайн үнийг 1,809 төгрөг гэж гаргасан ба мөн тооцооны 38-д байгаа ижил түвшний дотор засалтай үл хөрөнгийн нэгж талбайн үнэлгээг 139,100 төгрөгөөс 274,300 төгрөгөөр багаар буюу зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Шинжээч томилох тухай 7/127 дугаартай тогтоол, мөн сарын 19-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Олон улсын Арбитрын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ICC 23675дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч *****ээс хариуцагчийн хууль зүйн үйлчилгээний зардал болох 368,700 хонгконг доллар болон 250,000,000 төгрөгийг хариуцагчид арбитрын зардалд 34,800 ам.доллар, хариуцагчид хүү болгож 368,700 хонгконг доллар болон 250,000,000 төгрөгийн хувьд тус тус 2018 оны 7 сарын 31 болон 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 17.8 хувийн хүүтэйгээр, 34.800 ам.долларын хувьд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 17.2 хувийн хүүтэйгээр арбитрын эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэл гаргуулан “ххххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч *****т шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгч түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо,  тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудад үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг харилцан тохиролцож санал гаргахыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4-130/12138 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М төлбөрт хураагдсан хөрөнгийг 660,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагчаас эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасныг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх хөрөнгийн үнэлгээг 86,832,000 төгрөгөөр тогтоосон байна.

Талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, 341 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4-130/12029 тоот албан бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулж, тэмдэглэлээр баталгаажуулж танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч *****-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

3.а. “ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “ххххх ХХК-аас олгосон 01/16 дугаартай итгэмжлэлийг шалган хүсэлт гаргах эрх бүхий этгээд мөн болохыг тодруулсны үндсэн дээр хүлээж авсан. Тиймээс төлбөр авагч талаас төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөхгүй тухай саналыг ирүүлээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Мөн өмгөөллийн “******** ХХН нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “ххххх ХХК-тай хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, Э.Б, Б.Ж К нарт итгэмжлэл олгосон нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байгаа. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******” ХХН-ийн хэвлэмэл хуудаст үйлдэгдсэн хүсэлтэд өмгөөллийн “********” ХХН-ийн гүйцэтгэх захирал болон “ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. гарын үсэг зурагдсан. Хэрэв зөвхөн нөхөрлөлийн захирлын гарын үсэгтэй энэхүү хүсэлтийг ирүүлсэн бол нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байж болох байсан ч төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурагдсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээд хүсэлт гаргасан хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.б.“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тушаалаар үнэлгээчин Ж.У шинжээчээр томилсон. Үнэлгээчин Ж.У шинжээч томилох тухай тогтоолыг гардуулан, гарын үсэг зуруулсан байна. Ж.У нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д ажилладаг, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй этгээд тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтэд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.У гарын үсэг зурж, Монгол хөрөнгийн үнэлгээчин гэсэн хувийн тэмдгээр баталгаажуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсгийг зөрчөөгүй буюу шинжээчийн дүгнэлт хүчинтэй.

3.в.Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн тухайд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4-130/12029 дугаартай хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М мөн өдөр танилцав, гэж гарын үсэг зурсан байна. Улмаар төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээнд маргаж 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд төлбөр төлөгч нь шинжээчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 17 хоногийн дараа тус шүүхэд гомдлыг гаргасан. Энэ нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Тиймээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг зөрчсөн тул шүүхэд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах эрхээ эдлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

3.г.Төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг 660,000,000 төгрөгөөр үнэлсэн нь шинжээчийн үнэлгээний тайланд заасан хөрөнгийн үнээс 86,832,000 төгрөг буюу 7.6 дахин өндөр байна. ***** нь арбитрын шийдвэр гарснаас хойш төлбөр төлөөгүй бөгөөд энэхүү төлбөр гаргуулах ажиллагаа удаашрах тусам манай байгууллагын үйл ажиллагаанд хохирол учраад байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээний тайлан болон шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

            5.а.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгосон эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч би өмгөөлөгч Т.А хамт оролцож байсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тэрээр ажлаасаа чөлөөлөгдөж, цаашид үргэлжлүүлэн өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шүүхэд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргахад намайг эрх зүйн чадамжтай, хуульчийн гэрчилгээтэй тул өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Миний хувьд хуульчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө дөнгөж авсан, мөн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй. Иймд хуулиар олгогдсон өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн.

            5.б.Дээрх эрхийг минь эдлүүлээгүй шүүх хуралдааныг үргэлжилсэн тул шүүгчээс татгалзан гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд шүүгч өөрөө “Ерөнхий шүүгчийг орлож байгаа, энэ хүсэлтийг хангахгүй  шийдлээ гэж” гээд нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулж эхлэхийг тулгасан. Энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй бөгөөд тэмдэглэлтэй танилцсан даруйдаа дутуу орхигдуулсан тайлбарыг нэмж оруулахаар тус шүүхийн Тамгын газарт хандсан.

            Татгалзан гаргах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд зохицуулсан. Гэтэл шүүгч хүсэлтийг шийдэхдээ амаар эсхүл бичгээр гаргаж болно гэж дурдаад энэ шийдвэрээ амаар гаргаж байгаа тухай хэлсэн. Өнөөдрийг хүртэл тус хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гараагүй байгаа нь татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ бичгээр захирамж гаргах тухай хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд шүүгчийн дээрх үйлдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн, 92.4, 92.6, 92.8 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            5.в.Түүнчлэн шүүхийн шийдвэрт үндэслэх хэсэгт “татгалзан гаргах үе шатанд татгалзаагүй атлаа хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дах хэсгийг зөрчсөн. Учир нь тус заалтын дагуу татгалзан гаргах тухай хүсэлтийг татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх ёстой бөгөөд заавал хуралдааны эхэнд үүнийг урьдчилж хэлэх, эсхүл энэ хүсэлтийг бичгээр гаргах шаардлага хуульд байхгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талд өмгөөлүүлэх эрхээр 2 удаа хангаж, хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч талыг өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч өвчтэй шалтгаанаар 3 удаа хойшилсон. Хамгийн сүүлд өмгөөлөгчөөсөө татгалзсан байдлаар дахин шүүх хуралдааныг хойшлуулахаар хандсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйн боловсролтой хуульч байсан учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх байдлаар тайлбарласан. Хэргийг хэлэлцэхээс өмнө шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн дарга нараас татгалзах татгалзал байна уу гэхэд татгалзах үндэслэл байхгүй гэж нэхэмжлэгч тайлбар өгсөн. Хэлэлцүүлгийн шатанд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

            7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар гомдол гаргаагүй, процессын гомдол гаргасан. Гуравдагч этгээдээс шүүхэд тайлбараа бичгээр өгсөн учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулахын тулд зориуд ийм үйлдэл гаргаж байгаа нь хэрэгт авагдсан баримт, давж заалдах гомдол, анхан шатны шүүхийн процессын ажиллагаануудаар тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүх процессын ноцтой алдаа гаргаагүй, хууль ёсны дагуу шийдвэрлэсэн учраас гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

            1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            2.Нэхэмжлэгч ***** нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн "Шинжээч томилох тухай 7/127 дугаартай тогтоол, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх-1-3,38/

            3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Олон Улсын арбитрын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 23675 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2966 дугаартай захирамж, мөн өдрийн 275 дугаар гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна./хх-40-116, 118-120/

4.Талууд барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаангүй, дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шинжээч томилсон ажиллагаа болон шинжээчийн үнэлгээ хүуульд нийцсэн эсэх  талаар маргажээ.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

5.а.Тодруулбал, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн доод үнэд  660,000,000 төгрөгийн санал ирүүлснийг төлбөр авагч талаас эс зөвшөөрч, шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх-134, 138-139/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь талуудыг барьцааны эд хөрөнгийг худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, тоотод байрлан 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 7/127 дугаартай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-140/

5.б.Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 15 дугаартай тушаалаар тогтоолд заасан хөрөнгөд үнэлгээг хийх ажилд тусгай зөвшөөрлийн 071200023 дугаартай үнэлгээчин Ж.У томилсон, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.М нь шинжээч Ж.УШүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 141-144 дэх талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.в.Шинжээч нь маргааны зүйл болох хөрөнгөд үнэлгээ хийхдээ зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан, хандлага тус бүхийн ач холбогдлыг тодорхойлон хамгийн өндөр ач холбогдол бүхий хандлагын үнийг сонгон авч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо,  тоот, 30 мк.в талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 86,832,000 төгрөгөөр тодорхойлж, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна. /хх-145-164/

5.г.Нэхэмжлэгч ***** дээрх орон сууцны зах зээлийн үнэ 660,000,000 төгрөг болсон гэдгээ, мөн шинжээчийн үнэлгээ бодит бус зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

5.д. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-130/12029 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, /хх-165,166/ хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 заасан журмыг зөрчөөгүй байна.  

6.Нэхэмжлэгч тал хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

6.а.Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэргийг мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу 88 хоногийн дараа хянан шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч талын “хэргийн материалтай танилцах, өвчтэй байгаа” гэх хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан байна. /хх-194-195, 208-209/

Нэхэмжлэгч тал 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны үеэр “шинээр өмгөөлөгч авсан, хэргийн материалтай танилцана” гэх үндэслэлээр дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимд нийцжээ. /хх-223-224/

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 90 хоногоор тогтоож өгсөн байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа талуудын эрх тэгш байх зарчмыг баримталж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул “хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй” гэх нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

6.б.Анхан шатны шүүх шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан журмын дагуу явуулж, хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, хуулиар тогтоосон дэг дарааллын дагуу шүүх хуралдаан даргалагч, нарийн бичгийн даргыг зарлан, хууль заасан үндэслэлээр татгалзах гарах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал, уг шүүгчийн захирамжтай холбогдуулан шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй учир шүүгчийн зүгээс уг нөхцөл байдлыг тодруулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн "Шинжээч томилох тухай 7/127 дугаартай тогтоол, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

8.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны зүйлийн нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийн заалтыг баримтлаагүй, мөн зүйлийн 55.2, 55.2.2-т заасныг баримталсан нь оновчгүй боловч энэ хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр  сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/03121 дугаартай шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

             

                                                    ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

             

                                             Ч.ЦЭНД