Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2021/03194

 

 

 

 

 

 

 

        2021           12               01                                           184/ШШ2021/03194

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Зт” ТӨҮГ холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, гэрч Б.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие “Зт” ОНӨААТҮГ-т 2009 оны 5 дугаар сард анх ажилд орж 2013 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарч өөр байгууллагад ажиллаж байгаад 2015 онд “Зт ” ОНӨААТҮГ-д буцаж ажилд орж 2021 он хүртэл ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа миний бие нэг ч удаа өвчний акт, нэг өдрийн чөлөө авалгүй хичээнгүйлэн ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чадлынхаа хэрээр биелүүлж ажилласан. Энэхүү хугацаанд 10 дахь баазын даргаараа удирдуулж байна. Дарга тус бүр л өөр өөр удирдах аргах барилтай, өөр өөр зан араншинтай байсан бөгөөд одоо удирдаж байгаа дарга О.Г нь сүүлийн 1 жил ажиллаж байна. Дарга маань магадгүй намайг буруу ойлгосон, эсхүл үл ойлголцлоос болж одоо өрнөж буй маргаан энэ хэмжээнд хүртэл үргэлжилж байна. “Зт” ОНӨААТҮГ-ын зүгээс намайг байгууллагын эд хөрөнгийг шунахайн сэдлээр хулгайгаар авсан гэж буруутгаж байгаа бөгөөд надад ямар ч шунахайн сэдэл байгаагүй болно.

Манай баазын газар 2020 онд дуудлага худалдаагаар зарагдсан учир 2021 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр лүү нүүх ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр миний бие нь өөрийн шууд удирдлага болох тус байгууллагын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.М-с маргаан бүхий 2 тоног төхөөрөмжийг авч болох талаар асуухад зөвшөөрсөн, мөн тус байгууллагын ахлах нягтлан н.Одчимэгээс тухайн 2 төхөөрөмжийг байгууллагын дансанд байгаа эсэх, мөнгөн дүнгээр үнэлэгдэх эсэхийг асуухад тус төхөөрөмжүүд нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр актлагдаж, байгууллагын дансанд байхгүй гэсэн хариулт өгсөн болно. Надад зөвшөөрөл өгсөн гэх Ц.М нь энэ шүүх хуралд гэрчээр оролцох хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд түүний бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Хоёр тоног төхөөрөмжийн талаар тайлбар гаргахад Токарийн суурь машиныг 2012 онд анх 19,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ийнхүү худалдан авсан өдрөөс хойш уг төхөөрөмжийг нэг ч удаа ашиглаагүй бөгөөд уг төхөөрөмж нь ажилладаггүй, байгууллагын нэг ч эд ангийг засаагүй, гадны  байгууллагад  төлбөр төлж засуулдаг байсан. Харин өрмийн суурь машиныг анх 1993 онд 461,376 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд миний мэдэхээр уг төхөөрөмжийг сүүлийн 10 гаруй жил ашиглаагүй, уг төхөөрөмжийн гол нь савладаг учир өрмөө амархан хугалдаг, нарийн эд анги нүхлэх, цоолох боломжгүй болсон юм. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/329 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлт байдаг. Уг хүсэлтээр манай байгууллагын дансанд бүртгэлтэй 87 төрлийн 122 ширхэг нийт 242,846,721 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг бааз цаашид ашиглах боломжгүй учир акталж данснаас хасаж өгнө үү гэсэн байдаг. Энэхүү хүсэлтэд дурдагдсан 122 ширхэг эд зүйлд маргаан бүхий токарийн болон өрмийн суурь машинууд багтсан байдаг. Ингээд дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/734 тоот тушаалаар 77,846,721 төгрөгийн үнэ бүхий 74 нэр төрлийн эд зүйлийг акталж, данснаас хассан. Дээрх тушаалаас үзэхэд миний авсан гэх 2 төхөөрөмж нь ямар ч үнэгүй болсон буюу хоёрдогч түүхий эд болсон юм. Ийнхүү үнэгүй болсон эд зүйлийг байгууллагын удирдлага ямар ч үндэслэлгүйгээр 5,800,000 төгрөгөөр үнэлэн, намайг байгууллага хохироосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мөн энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад надад холбогдуулан гомдол гаргаж шалгуулсан бөгөөд уг гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж намайг “Зт” ОНӨААТҮГ-ын засварын инженерийн  ажилд эгүүлэн тогтоож  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зт” ОНӨААТҮГ-ын зүгээс С.Аыг ажлаас халах тухай 169 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 7.18.2, 7.18.7, 7.18.8, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. С.Аыг халах болсон шалтгааны хувьд  2021 оны 06 дугаар сарын 07-ны шөнө байгууллагынхаа кузов засвараас өрмийн суурь машин болон токерийн суурь машинуудыг майти маркийн автомашиныг газрын даргын зөвшөөрөлгүй байгууллагын хашаанаас авч явсан.

Энэ үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд нүүх гээд бүх камераа буулгачихсан байсан үед авсан. Тус шөнө харуул хамгаалалтын алба нь С.Аын үйлдлийг зогсоох гэхэд  С.А нь би мэднэ гээд авч явсан байдаг. Энэхүү үйл явдлыг байгууллагын удирдлагууд маргааш нь мэдээд 2021 оны 06  сарын 08-ны өдөр С.Аын үйл явдалтай холбогдуулан байгууллагын шуурхай хуралдаан болж   2 машин зөвшөөрөлгүй авч явсан гэдгээ ойлгоод, буцааж авч ирж өгөхөөр тайлбар бичиж өгсөн байдаг. Тэрээр тайлбартаа токарийн болон өрмийн суурь машинуудыг техник технологийн хэлтсийн дарга Ц.М-с асууж байгаад санхүүгийн ахлах нягтлан н.Одчимэгээс актлагдсан эсэхийг тодруулж асуусны үндсэн дээр баазын хашаанаас гаргасан. Байгууллагын дотоод журмын дагуу бусад байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авах ёстой байсныг мэдэлгүй ийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч зохих хариуцлагаа хүлээнэ гэж тайлбар гаргадаг. Тухайн үед манай байгууллага нь нүүдэл суудал ихтэй хүн хүч муу байсан учир С.Аыг 2 машиныг буцааж авч ирж өгөх боломж олгон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээгээд  авч ирээгүй   тул  ажлаас нь халсан байдаг. Халахдаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр даргын зөвлөлийн хурлаар оруулсан бөгөөд С.Ат энэ хуралд ирж суугаарай гэж мэдэгдсэн. С.А нь акталсан барааг авсны төлөө намайг халсан үйлдэл нь үндэслэлгүй байна гэж маргадаг. Гэвч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05  сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд үндсэн хөрөнгийг актлах, данснаас хасах асуудлыг зохицуулсан байдаг. Энэхүү журмын 4.2-т данснаас хасах шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар байдлыг бүрэн бүтэн байлгах асуудлыг хуулийн этгээдийн удирдлага хангаж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал  хариуцлагыг зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан.

             Мөн дээрх журмын 4.8-д хуулийн этгээд нь холбогдох шийдвэрийн дагуу өмч хамгаалах байнгын хяналт дор өмч хөрөнгийг устгах, сэлбэг материалыг хоёрдогч түүхий эд болгон ашиглах, худалдах ажлыг зохион байгуулах гүйцэтгэлийг устгалын акт, худалдсан тухай акт хэлбэрээр баталгаажуулан гүйцэтгэлийн үр дүнг холбогдох данс бүртгэлд тусгана гэж заасан. Худалдан борлуулахдаа нийт ажилчдаа зарлан мэдэгдсэний дараа арилжих бөгөөд орлогын 30 хувийг Өмчийн харилцааны газарт төвлөрүүлнэ.

            Мөн журмын 7.2-т Эд хөрөнгө бүртгэх, актлах, шилжүүлэх, худалдах шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэрийн дагуу явагдах үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүргийг тухайн хуулийн этгээдийн дарга, захирал хариуцна гэж тус тус заасан. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал дээр эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комисс 77 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн актлаад “Зт” ОНӨААТҮГ-ын данснаас хассан байна.

 

           Энэхүү данснаас хасагдаж буй 77 сая төгрөгийн 29 сая төгрөгийг устгаарай, 48 сая төгрөгийг татан төвлөрүүлээрэй гэж тушаал дээр шийдвэрлэж өгсөн байдаг. Мөн уг тушаалын 3 дугаар заалтад татан төвлөрүүлэх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулахыг захиргаа, санхүүгийн хэлтэст даалгасан байдаг. Тэгэхээр татан авах эд хөрөнгийн хадгалах, хамгаалах үүргийг “Зт” ОНӨААТҮГ хүлээсэн байсан учраас С.Аыг ажлаас халсан юм. С.Аыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэлийн хувьд хөдөлмөрийн гэрээний  4.5.2-т заасан “шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын болон бусдын эд зүйлсэд хохирол учруулсан нь баримтаар нотлогдсон бол” гэх заалтыг үндэслэн ажлаас халсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “Зт” ОНӨААТҮГ-т холбогдуулан тус байгууллагын Техник технологийн хэлтсийн засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Манай баазын газар 2020 онд дуудлага худалдаагаар зарагдсан учир 2021 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нүүх ажиллагаа зохион байгуулагдсан, би  өөрийн шууд удирдлага болох тус байгууллагын техник технологийн хэлтсийн дарга,  Ерөнхий инженер Ц.М-с маргаан бүхий хоёр тоног төхөөрөмжийг авч болох талаар асуухад зөвшөөрсөн.

 Мөн байгууллагын ахлах нягтлан н.Одчимэгээс тухайн хоёр төхөөрөмжийг байгууллагын дансанд байгаа эсэх... талаар асуухад  2018 оны 12  сарын 20-нд актлагдсан, дансанд байхгүй гэсэн. Шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын эд зүйлд хохирол учруулаагүй үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой гэжээ.

Нэхэмжлэгч С.А дээрх үндэслэлээр шүүхэд хандсан шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал дээр эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комисс 77,0 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг актлаад “Зт” ОНӨААТҮГ-ын данснаас хассан байдаг. Энэхүү данснаас хасагдаж буй 77,0 сая төгрөгийн 29,0 сая төгрөгийн хөрөнгийг  устгаарай, 48,0 сая төгрөгийг татан төвлөрүүлээрэй гэж тушаал дээр шийдвэрлэсэн байдаг. ...Татан төвлөрүүлэх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулахыг захиргаа, санхүүгийн хэлтэст даалгасан ба ... татан авах эд хөрөнгийн хадгалах, хамгаалах үүргийг “Зт” ОНӨААТҮГ хүлээсэн байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан  учраас С.Аыг ажлаас халсан ажилд эгүүлэн авах боломжгүй гэж тайлбарласан   байна.

            Хэрэгт цугларсан баримтаар дараах байдал тогтоогдож байна.

С.А нь тус байгууллагад анх 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Автобус-гурав”  ОНӨААТҮГ-ын даргын №58 дугаар тушаалаар хяналт шалгалтын ажилтнаар ажилд орж байсан байсан байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулсан байна. /хх 27-28 дүгээр тал/

“Зт” ОНӨААТҮГ-ын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/169 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Аыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсэг, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.18.2, 7.18.7, 7.18.8, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.9, 12 дугаар зүйлийн 12.1 дах заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.2 дах заалтыг тус тус үндэслэж техник технологийн хэлтсийн засварын инженер С.А нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгууллагын өмч токарын болон өрмийн суурь машиныг үйлдвэрийн газрын удирдлагын зөвшөөрөлгүйгээр үрэгдүүлэн шамшигдуулсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 34 дүгээр тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” байвал мөн ажилтан  сахилгын ялимгүй буюу жижиг зөрчлийг давтан удаа дараа гаргаж байсан бол   хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан байна. Хэрэгт хуульд заасан нөхцөлийг хангасан баримт ирүүлээгүй  байна.

Мөн Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.18.2, 7.18.7, 7.18.8, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.9, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримталсан гэжээ. / хх 39-49/   дүгээр  тал

  Дотоод журам гэдэг нь аж ахуй нэгж байгууллагын захиргаа ба ажилтны хооронд  байнга үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах хэм  хэмжээ байх бөгөөд ажил олгогч, ажилтны эрх үүргийг  тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны болон эд  хөрөнгийн онцлог, хамт олны бүрэлдэхүүний онцлогоор нөхцөлдсөн шинжтэй эрх, үүрэг  байхыг хуулиар зохицуулсан байна.

Хэрэгт ирүүлсэн дотоод журамд  Ажил олгогчийн  эрх  үүргийг  11.1.1- 11.2.8   хүртэл 10 зүйл заалтаар  тодорхойлсон байх ба дотоод  журамд  заасан дагуу Нийслэлийн  өмчийн ашиглалт,удирдлагын газрын  даргын  2019   оны 07 сарын 26  ны тушаалыг  цаг хугацаанд  нь хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзлээ.

Шүүх  нэхэмжлэгч С.Аыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь  эгүүлэн тогтоох  дараах үндэслэл байна гэж үзлээ. Үүнд:

Хариуцагч “Зт” ОНӨААТҮГ-ын Захиргаа нь нэхэмжлэгч С.Атай 2019 оны 01 сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ  байгуулан  түүнийг Техник технологийн хэлтсийн засварын инженерийн албан тушаалд ажиллуулахаар харилцан  тохирсон  байна. /хх 27- 28 дугаар тал/ 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь  сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд  тухайн зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай байхыг   хуулиар зохицуулсан байна.   

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцогдох 5 нөхцөлийг заасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: С.Аыг  хөдөлмөрийн гэрээний   4.5.2-д  заасныг  зөрчиж   “шунахай  сэдлээр үйлдвэрийн газрын   болон  бусдын  эд зүйлс,  өмч  хөрөнгийг  үрэгдүүлсэн, ашигласан,хулгайлсны  улмаас  хохирол учруулсан зэрэг  үйлдэл нь баримтаар нотлогдсон ...”  гэж тайлбарласан ба энэ  байдлыг нотлохоор тус байгууллагын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын Л.О 2021 оны 06 сарын 16 нд  А-5 хэмжээний цаасанд бичсэн бичиг,

 2021 оны 6 сарын 08-нд гэж огноолсон дугааргүй, Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга нарын хамтарсан хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол,  С.Аын тайлбар, тушаал хүлээлгэн өгсөн бүртгэл, зэргийг ирүүлсэн байх ба тус   баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн  тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан   “... ажилтан  хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй  байх  бөгөөд тухайн зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагад нийцэхгүй байгаа мөн  бусад  нотлох баримтуудаар бүрэн нотлогдохгүй байна. /22-25, 30-32 дүгээр тал/

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд: ... актлагдсан маргаан бүхий эд хөрөнгийг авч болох эсэх талаар шууд удирдлага техник технологийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер Ц.М-с асуухад зөвшөөрсөн, мөн тус байгууллагын ахлах нягтлан н.Одчимэгээс тухайн 2 төхөөрөмжийг байгууллагын дансанд байгаа эсэх, мөнгөн дүнгээр үнэлэгдэх эсэхийг асуухад тус төхөөрөмжүүд нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр актлагдаж, байгууллагын дансанд байхгүй гэсэн ба холбогдох албан тушаалтанд мэдэгдээд авч явсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн  өмчийн харилцааны газрын Өмчийн төлөөлөл менежментийн  хэлтсийн мэргэжилтэн  Б.Адъяаг  гэрчээр  оролцуулсан ба тэрээр  “ ...  Манай өмчийн харилцааны газарт: холбогдох байгууллагуудын зүгээс ашиглалтын хугацаа дууссан  эд хөрөнгийг  акталж данснаас хасах хүсэлт  гаргасны дагуу эргэлтийн бус   хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын хурлаас шийдвэр гардаг. ... Ашиглалтын  хугацаа дууссан,элэгдэлд ороод ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг акталдаг,... бага үнээр борлуулаад  төлбөрийг  өмчийн газрын санд оруулдаг, ... татан төвлөрүүлээгүй бол  тухайн байгууллага  өөрөө устгана, 2018  онд  тушаал гарсан бол  тухайн ондоо л тушаал хэрэгжих  ёстой, ... татан төвлөрүүлэх төвөөс тушаал гарсан бол тухайн ондоо л эд хөрөнгийг татаж авдаг ...” гэж мэдүүлжээ.

Гэрчийн мэдүүлэг нь хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс холбогдох  байгууллагын 2019 оны тушаал шийдвэрийг 2021 оны 6 сар хүртэлх хугацаанд   хэрэгжүүлээгүй байдлыг нотолж байгаа ба хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэв.

 Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 сарын  23-ны өдрийн  албан бичигт  “ ... С.Ат холбогдуулан 3432 дугаартай гомдлыг татгалзах саналтай хүргүүлсэн”  тодорхойлолт, “Зт” ОНӨААТҮГ-аас 2018 оны 11 сарын  23-нд  № 01/329 тоот албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт “Тус байгууллагын дансанд бүртгэлтэй байгаа 87 нэр төрлийн 122  ширхэг нийт 242,846,721,40 төгрөгийн үнэ  бүхий ашиглалтын хугацаа дуусаж  цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгүүдийг ...  актлах, данснаас хасах зөвшөөрөл олгоно уу” гэх албан бичиг,

мөн тус байгууллагын 2018 оны 11 сарын 12-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын протоколд: ...87 нэр төрлийн  нийт  242,846,721,40 төгрөгийн өртөг бүхий хөрөнгүүдийг актлуулах ...” гэж, данснаас хасах эргэлтийн бус хөрөнгийн жагсаалт 7 хуудас баримтын 1-д токарийн суурь машин, 5-д өрмийн суурь машин” гэж бичигдсэн зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ. Дээрх баримтууд нь маргаан бүхий тоног төхөөрөмжүүд нь байгууллагын данснаас хасагдсан, өмч биш болохыг нотолсон баримтууд бөгөөд байгууллагын өмч  хөрөнгийг  шамшигдуулсан гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. /хх 52-64 дүгээр тал/

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Манай баазын газар 2020 онд дуудлага худалдаагаар зарагдсан учир 2021 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нүүх ажиллагаа зохион байгуулагдсан. Актлагдсан 87 нэр төрлийн эд зүйлийг устгасан, татан төвлөрүүлсэн эсэх нь тодорхойгүй байдаг ба  овор ихтэй хоёр төхөөрөмж нь хүмүүсийн нүдэнд ил байдаг. Үлдээгээд нүүх байсан,  Тиймээс зөвшөөрлийн  дагуу авсан нь үнэн гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас: нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг баримтаар няцааж чадахгүй байгаа  ба тухайн тоног төхөөрөмжийг байгууллагын өмчөөс хасагдаагүй болохыг дансанд бүртгэлтэй болохыг нотолсон, нүүхдээ авч явах байсан эсэх талаар удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч зохион байгуулж байсан эсэх талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй ба баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт ирүүлсэн дээрх баримтууд болон зохигчдын тайлбар хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийг байгууллагын эд хөрөнгийг шунахай сэдлээр  үрэгдүүлсэн, хохирол учруулсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна .  

 Харин ажил олгогчоос ажилтны хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг үл ялих зүйлээр шалтгаалан хохироосон ажил олгогчийн зүй бус нөлөөллөөр ажилтныг ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралд: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолын 4-д “үндсэн хөрөнгийг актлах, данснаас хасах асуудлыг зохицуулсан, 4.2-т данснаас хасах шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар байдлыг бүрэн бүтэн байлгахыг хуулийн этгээдийн удирдлага хангаж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлагыг зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ,  ...Худалдан борлуулахдаа нийт ажилчиддаа зарлан мэдэгдэж арилжих бөгөөд орлогын 30 хувийг Өмчийн харилцааны газарт төвлөрүүлнэ” гэж заасан гэж   тайлбарлаж  байгаа бөгөөд энэ тухайг нотолсон баримтаа хэрэгт ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл “Зт” ОНӨААТҮГ-аас байгууллагын хүсэлтээр нийт 87 нэр төрлийн эд  зүйлийг 2018 оны 11 сарын  28-нд  актлах саналыг хүргүүлж байсан ба уг саналын дагуу Нийслэлийн  өмчийн ашиглалт,удирдлагын  газрын даргын тушаал 2019 оны 7 сарын 26-нд гарч байсан боловч тушаал  шийдвэрийн биелэлтийг хэрхэн хангаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. /хх 52-57 дугаар тал/

Түүнчлэн нэхэмжлэгч С.Аын авсан 2 тоног төхөөрөмжөөс бусад жагсаалтад дурдсан данснаас хасах эргэлтийн бус хөрөнгөө худалдан борлуулсан эсэх, ажилчиддаа зарлан мэдэгдэж арилжиж байсан эсэх орлогын 30 хувийг Өмчийн харилцааны газарт төвлөрүүлж байсан эсэх талаарх байдал баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.   

Талуудын маргаж байгаа маргааны зүйл нь ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал бөгөөд уг тушаалын үндэслэл болсон байгууллагын өмч хөрөнгийг үрэгдүүлэн шамшигдуулсан нь эрх бүхий хуулийн байгууллагаас баримтаар нотлогдсон  гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно ... гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг-аас тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн НДД №А000052441 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2021 оны 4,5,6 сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс нэг сарын цалингийн дундаж тооцоход нэг сарын цалин тогтмол 913,000 төгрөг  байх ба, нийт ажлын өдөр 105 хоног , шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 12 сарын 01-ны өдөр хүртэл  3 сарын дундаж  2,739,000 төгрөг : 3 сар = 913,000:21 нэг өдрийн дундаж цалин хөлс 43,476 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны олговор 4,564,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-д зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгчийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг  “Зт” ОНӨААТҮ газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 87,989.6 төгрөгийг хариуцагч “Зт” ОНӨААТҮ газраас гаргуулан улсын оролгод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, дугаар зүйлийн  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан С.А-ыг “Зт” ОНӨААТҮГ-ын техник технологийн хэлтсийн засварын инженерийн  ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Зт” ОНӨААТҮГ-ын газраас ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,564,980 /дөрвөн сая таван зуун жаран дөрвөн мянга есөн зуун наян/ мянган төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ат олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Зт” ОНӨААТҮГ-т даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 4,564,980 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 87,989.6 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ