Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01572

 

 

      2022           08             22                                                 210/МА2022/01572

 

С.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/01964 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Аын хариуцагч ЗТ-3 ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2009 онд Автобус-3 ОНӨААТҮГ-т шалгах механикаар ажилд орсон.  2015-2021 он хүртэл ЗТ-3 ОНӨААТҮГ-т ажилласан. Миний бие нь өөрийн шууд удирдлага болох Ерөнхий инженер бөгөөд Техник технологийн хэлтэс-ийн дарга Ц.Мөнхбаатарын зөвшөөрлөөр 2018 оны 12 дугаар сарын 20 ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын шийдвэрээр актлагдаж ашиглалтаас хасагдсан 2 эд хөрөнгө /токарийн суурь машин, өрмийн суурь машин/-ийг авч өөрийн танил тус баазад токарьчнаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан Н.Баттулга гэх хүнд өгсөн. Энэ асуудлыг манай байгуулагын удирдлагууд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэж, үйлдвэрийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 29-ний Б/169 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 19-ний болон 20-ны өдрүүдэд тооцооны хуудаст тооцоотой эсэх мэдээллийг цуглуулж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсан болно. Миний бие нь нэгэнт актлагдсан эд хөрөнгийг шууд удирдах албан тушаалтны зөвшөөрлөөр авсан тул ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Энэ байгууллага бол миний анхны ажил байсан, би тухайн үед ээлжинд гараад 6 дугаар сарын 28-ны өдрийн өглөө ээлжнээс буугаад амарч байсан. Тэр өглөө тухайн үед өмнө нь огт хурлаар оруулах гэж байгаа чамд арга хэмжээ авна гэх мэт хурал дээр ирээрэй гэж хэн ч хэлж анхааруулаагүй байж тухайн баазын ерөнхий механик н.Энхтунгалаг залгаад чамайг хурлаар оруулах гэж байна яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж залгахад л тухайн үед мэдэн 6 дугаар сарын 28-ний өдөр бааз дээр очих үед шийдвэр гарсан, хурал дууссан чамайг халсан гэж хэлсэн. Би тухайн гэнэтийн зүйлийг мэдээд нэлээн гайхаж сэтгэл санааны хэцүү байдалд байсан түүнээс хойш хэсэг сэтгэл зүйн дарамтад орж нэгэнт халагдсан юм чинь гэж утсаа унтраан гэртээ хэсэг байсан. Тухайн үед Монгол Улс ковидын үеийн дэглэм тогтоосон үе байсан. Хамгийн анх 7 дугаар сарын 06-ны өдөр би гэрч болох Г.Сарантуяа эгчийн чатыг уншин анх тушаал гарсныг мэдсэн. Тухайн үед бие тааруу байсан, ковид туссан байх магадлалтай мөн эмнэлгийн ачааллыг бодон гэртээ өөрийгөө хянаж байсан хугацаа байсан. 7 дугаар сарын 06 өдөр мэдэн очиж авна хэмээн бодож байхад 7 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 18-нийг дуустал нийт 9-н өдөр улс даяар бүх нийтийн амралтын өдөр болгосон, энэ үед удирдлагууд эзгүй байсан тул очихгүй 7 дугаар сарын 19-ний ажлын эхний өдөр ажил дээр очиж, ажлаас гарч байгаа халагдаж байгаа бүх хүмүүс тойрох хуудас зуруулдаг үүнийг 7 дугаар сарын 19, 20 хэмээх ажлын 2 өдөр зуруулсан, 7 дугаар сарын 20-ны өдөр тойрох хуудсыг зуруулж дуусан тушаалыг гардаж авсан. Иймд ЗТ-3 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Техник технологын хэлтсийн Засварын инженер албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч С.А нь манай байгууллагад 2015 оноос шалгах механикаар ажилд орж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн б/13 дугаар тушаалаар засварын инженерээр дэвшүүлэн ажиллуулсан. Нэхэмжлэгч С.А нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны 22 цагийн орчим байгууллагын кузов цехээс өрмийн суурь машин, токарын суурь машинуудыг овор хэмжээ их тул 22-73 улсын дугаартай Mighty маркийн автомашинаар газрын даргын зөвшөөрөлгүйгээр байгууллагын хашаанаас гаргаж авч явсан. Энэ үйлдэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5.2 шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан зэрэг үйлдэл нь баримтаар нотлогдсон нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцласан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст манай байгууллага 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/312 тоот албан бичгээр гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.

Манай байгууллагын Захиргааны удирдлага, хүний нөөцийн хэлтсийн ахлах ажилтан Г.Сарантуяа нь С.Аын ажлаас халагдах тушаал гарсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 99039141 утас руу нь залгаж, ажлаас халагдсан тушаалаа аваарай гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч ирэхгүй байсан тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөн залгасан. С.А нь ирж тушаал шийдвэрээ авахгүй байсан учир өөрийнх нь идэвхитэй ашигладаг цахим хаяг руу нь тушаал гарсан ирж аваарай, нийгмийн даатгалаас тэтгэмж авахад тушаал 14 хоногт багтаан өгөх учиртай тул ирж аваарай, утсаар яриарай гэж чат бичсэн хариуд нь С.А лайк дарж явуулсан. Мөн тушаал хүлээн авсан өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гомдол гаргах хугацаа ч мөн адил хэтэрсэн.  Нэхэмжлэл үндэслэлгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүийн 129.2-т зааснаар ЗТ-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

          4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хүлээн авсан өдөр гэдгийг хувь иргэний фэйсбүүк хаягаар зөвхөн тушаал гарсныг мэдэгдсэн үйл баримтыг үндэслэн шийдвэрийг хүлээн авсанд тооцсон нь илт үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч өөрийн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн болохыг байгууллагын даргын гарын үсгээр баталгаажсан тамга тэмдэгтэй тушаалаар баталгаажуулж бичгэн хэлбэртэй баримт бичгийг үндэслэн гомдолоо гаргах, үүнийг шүүх хүлээн авах боломжтой болохоос биш сошиал хэрэглээнд ашиглаж байгаа тушаал гарсан гэх мессэнжер чатаас үүдэн эрх нь хууль зуйн хүрээнд зөрчигдсөн илтэд үндэслэлгүй тушаал гарсан гэдгийг мэдэх боломжгүй байсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан ажлаас халагдсан тушаалаа хэдий хугацаанд авах талаар зохицуулсан зохицуулалт байхгүй байх бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтны ажлаас халагдсан тушаалыг өгөхдөө тойрох хуудас зуруулсаны үндсэн дээр тушаалыг хүлээлгэн өгдөг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдана. Хавтаст хэрэгт авагдсан тойрох хуудаст зааснаар нэхэмжлэгч нь ажил олгогчоос 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өгсөн тойрох хуудсыг 2021 оны 07 дугаар сарын 19 болон 20-ны өдрүүдэд зуруулж дууссан бөгөөд энэ өдөр тушаалаа гардаж авсан талаар талууд маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаас үзвэл 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байна.

          Анхан шатны шүүх "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь баримтаар тогтоогддог” гэжээ. Гэвч нэхэмжлэгч тушаал гарсан эсэхийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн болохоос гардаж аваагүй энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэл муутай. Анхан шатны шүүх фэйсбүүкээр тушаал гарсан гэж бичсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэл муутай нэхэмжлэгч тухайн мессэнжерээс ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа мэдэх боломжгүй. Түүний нэхэмжлэл гаргах эрх харин бичгээр гаргасан тушаалаа хүлээн авснаар үүссэн. Иймд шүүх хуульд үндэслэлгүй шийдвэрийн үндэслэх хэсгийн тайлбарыг гаргаж шийдвэрээ гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянна шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,2.анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкээр уг тушаал гарсан гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн чухал үйл баримт юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд хэргийг буцаасан тул 2 ажиллагаа хийгдсэн. Нэгдүгээрт, фейсбүүкт үзлэг хийсэн, уг үзлэгээр “... тушаал чинь гарсан 14 хоногийн дотор ажлаас халагдсан тэтгэмжээ тушаалтайгаа аваарай...” гэж тодорхой бичиж мэдэгдсэн. Уг агуулгаар нэхэмжлэгч нь тушаал гарсан талаар мэдэж, уг тушаалтай маргах эрх үүссэн. Мөн хүний нөөцийн мэргэжилтэнг гэрчээр дуудаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Энэ талаар гэрч тодорхой мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, гомдлын агуулга нь гардаж авч, үндэслэлтэйгээ маргах гэж байсан гэх гомдол гаргасан. Гэтэл уг тушаалын үндэслэл ямар байсныг мэдсэний дараа хөөн хэлэлцэх хугацааны асуудал тоологдох хуулийн агуулгад хамааруулан нэхэмжлэлээ гаргах ёстой гэх тайлбарласан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдлээ гэж үзэхэд 2 жилийн дараа гардан авч, нэхэмжлэлээ гаргах юм бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал үүснэ. Иймд мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс эхэлж, тушаалтайгаа маргах эрх нь нээлттэй байна. Ковид цар тахалтай байсан наадам, баяр ёслолын арга хэмжээтэй байсан гэж тайлбарлаж байгаа бол анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь ковид туссан байсан хүндэтгэн үзэх шалтгаантай нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн баримт нь хангалттай тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч ЗТ-3 ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2009 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн. Ажил олгогч ЗТ-3 ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар байгууллагын хөрөнгийг дур мэдэн авч хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтан С.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, техник технологийн хэлтсийн засварын инженерийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 34/ Нэхэмжлэгч С.А уг тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Учир нь нэхэмжлэгч С.А нь шүүхэд “...6 дугаар сарын  28-ны өдөр ерөнхий механик н.Энхтунгалаг утсаар залгаж “чамайг хурлаар оруулах гэж байна, яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэхэд нь мэдээд бааз дээр очих үед шийдвэр гарсан, хурал дууссан намайг халсан гэж хэлсэн, би гэнэтийн зүйлийг мэдээд нилээн гайхаж, сэтгэл санааны хэцүү байдалд байсан, нэгэнт халагдсан юм чинь гэж утсаа унтраан гэртээ хэсэг байсан.., ...хамгийн анх 7 дугаар сарын 06-ны өдөр би гэрч болох Г.Сарантуяа эгчийн чатыг уншин анх тушаал гарсныг мэдсэн” гэх агуулгатай тайлбар гаргасан байна.

Шүүхээс гэрч Г.Сарантуяагийн нүүр номын хуудас /фэйсбүүк/ зурваст хийсэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд “...Sereenen Ankhbayar гэх хаяг руу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 45 минутад “Анхаа өдрийн мэнд тушаал гарсан ирж аваарай. Нийгмийн даатгалаас тэтгэмж авахад тушаал 14 хоногт багтаан өгөх учиртай тул ирж аваарай, утсаар яриарай” гэхэд “лайк” тэмдэг явуулсан талаар тусгагджээ. Уг баримтыг нэхэмжлэгч баримтаас үгүйсгээгүй.  

Иймээс нэхэмжлэгч С.А нь ЗТ-3 ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/169 дугаартай ажлаас халсан тушаалыг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэж үзнэ.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/01964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД      

                          ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР          

                                                                              Д.БЯМБАСҮРЭН