Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/03118

 

                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

       2021             11             24

                                   184/ШШ2021/03118

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт түр оршин суух, Х- овогт С-гийн  Б- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Х- овогт Ч-гийн О- /РД:-/-д холбогдох,

 

65,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-, хариуцагч Ч.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн С.Б- нь 2012 оны 03 сард Малайз улсаас 122,875 ам.долларын үнэтэй барилгын бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Энэхүү тоног төхөөрөмжийг 2012 оны 08 сарын 09-ний өдөр иргэн Ч.О- нь өөрийн хэрэгцээнд 123 сая төгрөгөөр худалдан  авсан. 2012 оны 12 сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан. Хэдийгээр талуудын дунд “худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан боловч  шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2019 оны 09 сарын 10-ны өдөр 184/ШШ2019/02220 дугаар бүхий шүүхийн шийдвэр гарсан. Улмаар хариуцагч Ч.О-гээс 122,875 ам.долларын үнэ бүхий барилгын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт гаргуулахаар шүүхэд дахин хандаж, шүүхийн  шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 58,075,640  төгрөгийн үнэ бүхий PБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслүүдийг хариуцагч Ч.О-гээс гаргуулж “Д-” ХХК буюу захирал С.Б-д олгохоор шийдвэрлэсэн тус шүүхийн 2021  оны 01 сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00229 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 615 дугаар магадлал тус тус гарсан. Тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. С.Б- нь тоног төхөөрөмжийг 122,875 ам.доллароор худалдан авч, Монгол  улсад  оруулж  ирж, гаалиас хүлээн авч, хариуцагчийн гражид буулган хүлээлгэн өгсөн талаар, мөн С.Б- Ч.О- нар нь хамт явж Малайз улсаас худалдан авсан талаар хариуцагч маргадаггүй. 122,875 ам.доллар нь одоогийн ханшаар 346,480,000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг 123 сая төгрөгөөр буюу 43,310 ам.доллароор Ч.О-д худалдсан боловч мөнгөө авч чадахгүй хохирч байна. Өмнөх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шийдвэрлэсэн хэрэгт уг тоног төхөөрөмжүүдийг “И-” ХХК-ийн үнэлгээгээр 116,151,280 төгрөгийн үнэтэй, дагалдах хэрэгслийн хамт нийт 41 төрлийн үнэлгээг тооцоход 50 хувийн элэгдэл хорогдол үүсэж, төхөөрөмж болон дагалдах хэрэгслийн хамт нийт 58,075,640 төгрөгөөр үнэлэгдсэн.  Хариуцагч Ч.О-гийн хувьд өмнө нь хамтын ажиллагаа байсан талаар яриад байна. Манайх бас хамтын ажиллагаатай байсан дээр маргаагүй. Хамтын ажиллагаанаас болоод үл ойлголцол үүссэн байна. Тэр РБМ тоног төхөөрөмжийг худалдаж аваад явсан байгаа. Уг машин болон тоног төхөөрөмжүүдийг хариуцагчид хадгалуулъя гэсэн байдал ямар ч байдлаар тогтоогдохгүй. Тухайн тоног төхөөрөмж  болон дагалдах хэрэгслүүдийг  өөр дээрээ байлгаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. С.Б-, Ч.О- нарын хооронд 2013 оны 6 дугаар сард үл ойлголцол үүссэнээс болж Ч.О- уг тоног төхөөрөмжүүдийг барьцаанд авсан. Түүнээс хойш С.Б- ашиглаагүй. Ч.О- хэлэхдээ С.Б- хэд хэдэн удаа тоног төхөөрөмжүүдийг авч ашиглаж байсан гээд байгаа боловч үнийг нотлох баримт байхгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байгаа. С.Б- ашиглах боломжгүй байсан гэдэг нь. Ч.О- энэ тоног төхөөрөмжийг анх худалдаж авахад нь Малайз улс руу хамт явсан ба тэнд хэрхэн ажиллуулах сургалтад нь Ч.О- сууж сертификат авсан. Тэр сертификатаар ашиглах эрхтэй болох нь тогтоогдож байгаа. С.Б- нь уг машин  тоног төхөөрөмжөөр 10 барилга барьсан, “О-” ХХК-тай хамтарч ажилласан талаар нь нарийн мэдэхгүй. 2012 оноос хойш 2021 оныг хүртэл хугацаанд уг машин болон тоног төхөөрөмжид элэгдэл хорогдол үүссэн. Шүүхээс хэдийгээр тоног төхөөрөмжийг С.Б-д олгохоор шийдвэрлэсэн ч Ч.О-гийн эзэмшилд олон жил байснаас энэ төхөөрөмжийн үнэ буурсан гэж үзэж Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 493.7-д зааснаар 65,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шаардлагаа 6,924,360 төгрөгөөр багасгаж, “И-” ХХК-ийн үнэлгээний үлдэх 50 хувь болох 58,075,640  төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Энэ бол хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан хохирол буюу 116,151,280 төгрөгийн зах зээлийн үнэтэй тоног төхөөрөмжийг хариуцагч 58,075,640 үнэтэй болгож элэгдэл, хорогдолд оруулсан байна” гэв.

 

Хариуцагч Ч.О- шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний  бие нь 2001 онд “О-” ХХК-ийг байгуулаад 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан. С.Б- бид оюутан цагийн найзууд бөгөөд нээх холбоотой байдаггүй байсан. 2012 оны 03 дугаар сард миний хуучны танил С.Б- над руу утсаар ярьж тоног төхөөрөмж авна, Малайз явна, хамт явах уу гэхээр нь би түүнтэй хамт газар үзэхээр өөрийн зардлаар явсан. Тэнд очоод ямар үнэтэй тоног төхөөрөмж авч байгааг нь ч би сонирхоогүй. Намайг төхөөрөмж ажиллуулах сертификатыг нь өөр дээрээ авчих гэхээр нь л би авсан. 2012 оны 4 сард машин болон тоног төхөөрөмжүүд нь гааль дээр буухад С.Б- газар авна гэсэн боловч авч чадсангүй, танай хашаанд түр тоног төхөөрөмжөө буулгачихъя гэхэд нь би зөвшөөрч тоног төхөөрөмжүүдээ манай хашаанд буулгасан. Ингээд ажиллуулах болсон чинь эхлээд заавал бетон зуурч дээж гаргаж, шинжилгээнд өгч байж ажиллуулах ёстой гээд би 2 ш блок гаргаад өөрөө мөнгийг нь төлөөд шинжлүүлж байсан. Намайг уг машин болон тоног төхөөрөмжүүдийг ашиглаад мөнгө олоод, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна гэдэг. Гэтэл С.Б- нь 2012 оны 6-7 саруудад Хонхор руу 2 удаа, Маршалын гүүрний наад талд баригдаж байгаа барилга руу 2 удаа аваачиж ашиглаж байсан. Ингээд өөрөө хэд хэдэн удаа нааш цааш нь зөөснийхөө дараа хөдлөх тоолонд зарлага гарч байна, өргөгчтэй машингүй бол хэцүү, крантай машин заавал хэрэг болдог юм байна гэсэн. Ингээд намайг чи крантай машин авчих, хоёулаа барилгын ажил хийж хамтраад ажиллая, олсон ашгаа хуваана гэсэн. Ингээд бид 2 хоорондоо ярилцаад би зээл авахаар болсон. Зээл гаргуулахын тулд “Д-” ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авч байгаа болъё гээд зээлээ хөөцөлдсөн. Ингээд Хаан банкнаас 100 сая төгрөгийн зээлийг 2012 оны 8 дугаар сард авсан. Тэгээд 1 хувийн шимтгэлийг нь банк аваад 99 сая төгрөгийг “Д-” ХХК-ийн дансанд хийсэн. Худалдагчийн дансанд мөнгийг нь хийнэ гэсэн болохоор “Д-” ХХК-ийн дансаар зээлээ авсан. Ингээд С.Б-гаас мөнгөө авах гээд очиход би одоо зээлтэй байна надад 20 сая төгрөгийг нь өг гэхээр нь би дансанд нь 15 сая төгрөгийг үлдээсэн. Миний бие нь үлдсэн 84,000,000 төгрөгөө аваад 35,000,000 төгрөгөөр нь крантай машин авч, 50,000,000 төгрөгийг хөрөнгө оруулж хамтарч ажиллахаар болсон. С.Б- барилгын ажил олохоор болсон. Би зээл авахдаа өөрөө авсан. 2 удаа зуурмаг зуурч үзсэн. Блок гаргаад шинжилгээнд өгөөд өвөл нь хадгалаад л байж байсан. Харин бүүр 12 сард Хаан банкнаас зээлийн зарцуулалт, худалдан авсан тоног төхөөрөмжийг үзнэ гэсэн. Угаасаа манай хашаанд хадгалаастай байсан тул банкнаас ирээд тоног төхөөрөмж үзээд, авсан юм байна гээд банкны зүгээс худалдах, худалдан авах гэрээ шинээр авчирж өг гэсэн. Ингээд 12 сард банкнаас худалдах, худалдан авах гэрээ авчирж өг гэсэн шахалтаар “Д-” ХХК-тай хуурамчаар гэрээ хийсэн. Үнэхээр бодит байдал дээр тоног төхөөрөмжийг худалдан авсан бол тоо ширхэг бүх юмаа хүлээлцэх ёстой. Зээл авахын тулд дүр үзүүлж тус гэрээг хийсэн. Энэ худалдах, худалдан авах гэрээг нь шүүх хүчин төгөлдөр бус гэрээ гээд тогтоосон. Тэгээд ч С.Б- 122,875 ам.доллароор худалдан авсан тоног төхөөрөмжөө надад 100 сая төгрөгөөр зарахгүй гэдэг нь ойлгомжтой асуудал. 2013 оны 06 сард С.Б- хөгшин чинь ажил олчихлоо “О-” ХХК-тай барилгын ажлын гэрээ хийсэн, чи бригад аваад ажилд гар, ашгийн 30 хувийг нь өгнө гэхээр нь би н.У-, н.А- нартай хамт Хэнтий аймаг руу явсан. Нөгөө С.Б-гийн тоног төхөөрөмжийг өөрийн кранаар аваад явсан. Тэндээсээ барилгын ажилчид хөлслөөд авна гэж тооцсон. С.Б- нь “О-” ХХК-иас 129 сая төгрөг авсан атлаа 45 сая төгрөг авсан гээд над руу 20 сая төгрөгийг нь барилгын материал аваад ажлаа эхлүүлж бай, хурдан ажилдаа ор гээд би тэнд очоод 2 сар гаруй 7х22м хэмжээтэй байшингийн суурь, 1 давхрыг бүрэн цутгасан. Цутгалтын ажил хийсний улмаас миний нуруу өвдөөд, С.Б- ч мөнгө өгөхгүй, барилгын материал ч дуусаад, ажил үндсэндээ зогссон. Ингээд би өвдөөд 1 сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтсэн. С.Б- нь тэр барилгын мөнгөө өөр компани буюу “У-” гэх ХХК-ийн дансаар аваад надад хэлээгүй. Ашгийн 30 хувиа өгнө гэж байсан боловч надад өгөөгүй. С.Б- хавар очиж нөгөө ажлаа гүйцээнэ гээд 2013 оны 9 дүгээр сард хамаг тоног төхөөрөмжөө аваад буцаад ирсэн. Би энэ машинаар 1 давхрыг бүрэн цутгасан байсан. Ингээд миний бие өвдсөн тул тоног төхөөрөмжөөс хөндийрсөн. С.Б-д зээлдүүлсэн 15 сая төгрөгийг хүүгийн хамт 25 сая төгрөг болгож банканд төлсөн. Энэ мөнгөндөө тооцож С.Б-гаас хэв хашмалыг нь худалдаж авахаар гарын үсэг зураад өгөлцөж авсан. С.Б- нь тухайн машин тоног төхөөрөмжөөр өөрийнхөө Тэрэлжид байдаг зуслангийн газар дээрээ 2014 онд 10 ширхэг жижиг сууц барьсан байсан. 2014 оны 10 сарын 05-нд хөгшин нь нөгөө тоног төхөөрөмжөө зусланд эзэнгүй хашаанд контейнерт хийгээд буулгачихсан байгаа, миний хөгшин машинаараа аваад хашаандаа буулгачих гэхээр нь би өөрийнхөө крантай машинаар очиж авчраад хашаандаа буулгаад орхисон. Нэг угсарсан тоног төхөөрөмж, конвейер, компрессор, хөөсрүүлэгч гэсэн 4 хэсэг юм л контейнерт нь байсныг авчирч буулгасан ба би нэг ч удаа хэрэглээгүй, хөдөлгөөнгүй хадгалсан. 2017 оны зун бодисоо над руу портер машинд ачиж явуулчихлаа, чи контейнерт хийчхээрэй гэсэн. Би С.Б-г өөрийг нь дуудаж тоног төхөөрөмжийг чинь ажиллуулах юм уу гэхэд байж бай гэдэг байсан. Би машинаараа, С.Б- тоног төхөөрөмжөөрөө хамтарч барилгын ажил хийнэ гээл хүлээгээд байсан л хэрэг. Би энэ төхөөрөмжийг ашиглаад элэгдэл хорогдолд оруулсан зүйл байхгүй. Харин ч би өчнөөн жил хашаандаа хадгалсан. Нар салхи л элэгдүүлсэн байх. Өөрөө хадгалж бай гэхээр нь хадгалсан. “Итгэл Эстимейт” ХХК-иар миний хашаанд байгаа юмнуудыг үнэлээд 58 сая төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргуулаад миний нэр дээр төлбөр тавиулсан. Одоо тэгээд энийгээ шүүхийнхээ шийдвэрээр аваач гэхээр авдаггүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ирээд С.Б-г дуудахаар албан хаагчдыг нь загнаад, бид нар шүүхийн маргаантай, хэн та нарыг наанаа оч гэсэн юм, та нар хариуцагчтай хуйвалдлаа гээд загнаад байдаг. Миний хамаг данс юмыг хаалгаад би одоо тэтгэврээ ч авч чаддаггүй. Энэ тоног төхөөрөмжийг нь хадгалсныхаа төлөө яагаад би элэгдэл хорогдлынх нь төлбөрийг төлөх ёстой вэ. Би 100 сая төгрөгөөр зээл аваад сар бүр зээлээ төлдөг байсан. Тэр зээлээ би 154 сая төгрөг болгож хаасан. С.Б-тай барилгын ажил хийнэ гэж бодож л зээл авсан. “О-” гээд компани байгуулсан байсныгаа хүртэл татан буулгасан. Өр ширэнд орж дууссан. Нэг хүн нь байнга надаас нэхэмжлээд байдаг, би хохироод байдаг. Намайг чадах гээд намайг амьдралгүй болгож байна. Би банкны зээлээ төлөхийн тулд юм хумаа зарсан. Байнга шүүхэд дуудагдаад өмгөөлөгчийн хөлсөнд машинаа хүртэл өгсөн. Ингээд нэг хүний дуудсанаар байнга шүүх намайг дуудаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тоног төхөөрөмжийг нь өг гээд шүүхийн шийдвэр гарсан, одоо надад энэ хүнээс авсан юм байхгүй, давж заалдах шүүхийн шийдвэрээр тоног төхөөрөмжийн үнийг нэг бүрчлэн бичээд 41 нэр төрлийн эд зүйл гээд заасан. Гэтэл анх шүүх болон шинжээч очиж үзэхэд 4 хэсэг угсарсан зүйл л байсан. Яг С.Б- намайг эзэнгүй зуслангаас очоод авчих гэсэн тэр янзандаа.  Гэтэл шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэг хийхэд байхгүй байсан эд ангийг хүртэл надаас гаргуулахаар нэмээд, надад бас дахиад төлбөр нэмэгдсэн. Миний 25 сая төгрөгийн өрөндөө тооцож С.Б-гаас авсан хэв хашмалын зарим хэсгийг хүртэл оруулаад тооцчихсон. Би итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байгаад хяналтын шүүхэд гомдох гаргах хугацаагаа өнгөрөөсөн байсан. За яршиг энэ С.Б-гийн шүүх цагдаагаас л салж дуусаж байвал боллоо гэж бодоод би хаясан. Гэтэл дахиад надаас мөнгө нэхэж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б- нь Ч.О-д холбогдуулан 65,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагаа 6,924,360 төгрөгөөр багасгаж, 58,075,640 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус шүүхийн 2021  оны 01 сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 615 дугаар магадлалаар 58,075,640 төгрөгийн үнэ бүхий 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. “И-” ХХК-ийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг 116,151,280 төгрөг, одоо  58,075,640 төгрөгийн үнэтэй хэмээн үнэлсэн. 58,075,640 төгрөгөөр үнэлгээ нь буурсан нь хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан хохирол тул үнэлгээний зөрүү мөнгийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 493.7-д зааснаар гаргуулна” хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч нь “...тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгчээс худалдан аваагүй, бид хамтран ажиллахаар тохиролцсон. Бусдын хөрөнгийг хадгалсныхаа төлөө би элэгдэл хорогдлын мөнгийг төлөхгүй. Тоног төхөөрөмжийг гаргуулахаар шийдвэр гарсан, 58,075,640 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”  хэмээн маргав.

 

Маргаан бүхий тоног төхөөрөмжийг “Д-” ХХК нь Ч.О-д худалдсан гэж 263,934,813 төгрөг гаргуулахаар шаардсаныг тус шүүхийн 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02220 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн болох нь мөн шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/0229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 615 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон. Уг шийдвэрээр хариуцагч Ч.О-гээс 58,075,640 төгрөгийн үнэ бүхий 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж, “Д-” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй, харин хамтран ажилласан болох нь тогтоогдсон. /хх-48-51, 168-172, 173-178,/

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх...”, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” хэмээн хуульчилсан. Хуулийн энэхүү заалтаар С.Б-, Ч.О- нар нь хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд нэг талаас С.Б- нь барилгын тоног төхөөрөмжөөр, нөгөө талаас Ч.О- нь кран машинаараа хөрөнгө оруулан, ашиг олох зорилготой байсан боловч хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй болж  хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна.

 

РБМ-1000 загварын тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч С.Б- нь 2012 оны 03 сард Малайз улсаас худалдан авч, 2012 оноос 2019 он хүртэл зохигчид ашиглаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсоны зэрэгцээ хариуцагч Ч.О-гийн “...С.Б- нь хэд хэдэн удаа барилгын ажилд зөөж авч явсан, Хэнтий аймагт “О-” ХХК-тай гэрээ байгуулан барилга барьсан, энэхүү барилгыг барихдаа “У-” ХХК-ийн захирал С.Б- гэж гэрээ байгуулан мөнгө авсан, Налайхын цаана өөрийн зуслангийн газартаа 10 өрөө бүхий амрагчдад зориулсан сууц барьсан, 13 дугаар хороололд 84 сургуулийн урд байрлах 12 давхар барилгыг 2013-2015 оны хооронд барьсан...” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, маргаагүй болно.   /хх-11-14, 61, 99-102, 157/

 

Нэхэмжлэгч “...“И-” ХХК-ийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг 116,151,280 төгрөг, одоо  58,075,640 төгрөгийн үнэтэй хэмээн үнэлсэн. 58,075,640 төгрөгөөр үнэлгээ нь буурсан нь хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан хохирол” хэмээн шаардсан. Хэрэгт баримтаар авагдсан “И-” ХХК-ийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 116,151,280 төгрөг, үнэлгээний дүн 58,075,640 төгрөг, хөрөнгүүдийг 2012 онд худалдан авсан, талуудын тайлбарласнаар хөрөнгийг 5 жил ашигласан тул цаашид 5 жил ашиглана гэж үзэв. Иймд элэгдлийн хувийг 50 хувиар тооцоолов, ...төгрөгөөрх нийт үнээс элэгдлийн дүнг хасаж нийт үнэлгээг тогтоов ”  хэмээн үнэлгээг тогтоосон байна.

Нэхэмжлэгч С.Б- нь өөрийн тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан болох нь нотлогдсон ба талуудын хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй, барилгын тоног төхөөрөмж нь хариуцагч Ч.О-д хадгалагдаж байсан, уг тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамтаар нэхэмжлэгч буюу “Д-” ХХК-д олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болохыг талууд тайлбарласан.

 

Дээрхээс үзэхэд маргаан бүхий тоног төхөөрөмж нь хариуцагчийн хадгалалтад байх хугацаандаа элэгдэл хорогдол үүссэн, мөн хариуцагч ашигласнаас үнэ буурсан гэж үзэх боломжгүй юм.

 

Тус шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/0229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 615 дугаар магадлалаар хариуцагч Ч.О-гээс 58,075,640 төгрөгийн үнэ бүхий 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн гаргуулж шийдвэрлэсэн.

 

 Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т “үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө”, 493.7-д “Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч хохирол буюу эд хөрөнгийн элэгдэл хорогдлийн үнийн зөрүү 58,075,640 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.

 

Учир нь шүүхийн шийдвэрээр хөрөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд хуулийн дээрх заалтад зааснаар хариуцагч Ч.О- нь С.Б-гийн өмчлөлийн хөрөнгийг чанар байдлын улмаас буюу ямар нэгэн шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй болсон эсхүл эд хөрөнгийг нь буцаан шилжүүлэхдээ эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө нь ашиглалтын хугацаанаас хамаарч 50 хувиар үнэ нь буурсан, энэ үнэ буурсан байдалд хариуцагчийн буруутай үйлдэл, шалтгаант холбоо тогтоогдоогүйн зэрэгцээ хөрөнгийн биет байдлын шинж чанар, худалдан авсан он, ашиглалтын явцад үүссэн элэгдлээс хамааран тухайн тоног төхөөрөмжийн үнэ буурах боломжтой.

 

Мөн С.Б-, Ч.О- нарын хувьд хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болсны улмаас тус тусын оруулсан хөрөнгөө буцаан авах нь мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-д заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 58,075,640 төгрөг гаргуулах тухай Ч.О-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 493.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.О-гээс 58,075,640 төгрөг гаргуулах тухай С.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.УРАНЗУЛ