Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00461

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/03118 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.О д холбогдох, 58,075,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б , түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагч Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Иргэн С.Б нь 2012 оны 3 сард Малайз улсаас 122,875 ам.долларын үнэтэй барилгын бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Энэхүү тоног төхөөрөмжийг 2012 оны 08 сарын 09-ний өдөр иргэн Ч.О нь өөрийн хэрэгцээнд 123 сая төгрөгөөр худалдан авсан.

Гэтэл Ч.О нь мөнгөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 09 сарын 10-ны өдөр 184/ШШ2019/02220 дугаартай шүүхийн шийдвэр гарч 58,075,640 төгрөгийн үнэ бүхий PБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслүүдийг хариуцагч Ч.О гээс гаргуулж Д ХХК буюу захирал С.Б д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

С.Б нь тоног төхөөрөмжийг 122,875 ам.доллароор худалдан авч, Монгол улсад оруулж ирж, гаалиас хүлээн авч, хариуцагчийн гараашд буулган хүлээлгэн өгсөн, мөн С.Б Ч.О нар хамт Малайз улс руу явж тоног төхөөрөмжийг худалдан авсан талаар хариуцагч маргадаггүй. С.Б , Ч.О нарын хооронд 2013 оны 06 сард үл ойлголцол үүссэнээс болж Ч.О уг тоног төхөөрөмжүүдийг барьцаанд авсан. Түүнээс хойш С.Б ашиглаагүй. Ч.О хэлэхдээ ...С.Б хэд хэдэн удаа тоног төхөөрөмжүүдийг авч ашиглаж байсан... гэдэг боловч үүнийг нотлох баримт байхгүй.

Ч.О гийн эзэмшилд олон жил байснаас тоног төхөөрөмжийн үнэ буурсан гэж үзэж Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 493.7 дахь хэсэгт зааснаар 65,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шаардлагаа 6,924,360 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан хохирол буюу 116,151,280 төгрөгийн зах зээлийн үнэтэй тоног төхөөрөмжийг хариуцагч 58,075,640 үнэтэй болгож элэгдэл, хорогдолд оруулсан тул Итгэлт эстимейт ХХК-ийн үнэлгээний үлдэх 50 хувь болох 58,075,640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Учир нь уг тоног төхөөрөмжтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 00029 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 00615 дугаар магадлал тус тус гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 493.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.О гээс 58,075,640 төгрөг гаргуулах тухай С.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

а. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг буруу тайлбарласан.

Учир нь ...Зохигчид 2012 оноос 2019 он хүртэл хамтран ажиллаж байсан, нэхэмжлэгч С.Б нь өөрийн тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан болох нь нотлогдсон гэж үзэж, тухайн тоног төхөөрөмжийг хариуцагчийн хадгалалтад байх хугацаанд элэгдэж хорогдсон, хариуцагч ашигласнаас үнэ буурах боломжгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Талууд 2012 онд PBM-1000 загварын иж бүрэн тоног төхөөрөмжийг ашиглан хамтран ажиллахаар тохиролцсон боловч хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй тул хамтын ажиллагаа дууссан болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 00615 дугаар магадлалаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх 2012 оноос 2019 он хүртэл зохигчид тухайн тоног төхөөрөмжийг ашиглаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хэргийн бодит үнэнийг гуйвуулсан гэж үзэхээр байна.

б. Мөн Ч.О гийн ...С.Б нь тоног төхөөрөмжийг хэд хэдэн удаа барилгын ажилд зөөж явсан, Хэнтий аймагт О М ХХК-тай гэрээ байгуулан барилга барьсан, мөнгө авсан, Налайх дүүргийн цаад талд өөрийн зуслангийн газартаа 10 өрөө бүхий амрагчдад зориулсан сууц барьсан, 2013-2015 онд Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 84 дүгээр сургуулийн урд байрлах 12 давхар барилгыг барьсан... гэх ор үндэсгүй, нотлогдохгүй тайлбарыг үндэслэн энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хуралдаанд дээрх барилгыг барьсан эсэх талаар маргаагүй, энэ талаар дурдаагүй. Харин О М ХХК-тай гэрээ байгуулж барилга барьсан асуудал 2012 оны сүүлээр болсон үйл явдал юм.

в. Түүнчлэн, Ч.О нь С.Б гийн өмчлөлийн хөрөнгийн чанар байдлын улмаас буюу ямар нэгэн шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй болсон, эсхүл эд хөрөнгийг нь буцаан шилжүүлэхдээ эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгө нь ашиглалтын хугацаанаас хамаарч 50 хувиар үнэ нь буурсан, уг үнэ буурсан байдалд хариуцагчийн буруутай үйлдэл, шалтгаант холбоо тогтоогдоогүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Ч.О өнөөдрийг хүртэл дээрх тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилдээ байлгаж, энэ хугацаанд тус тоног төхөөрөмжийг ашиглаж байсан талаар маргаан байхгүй. С.Б нь дээрх тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг ашиглах ямар ч боломжгүй байсан.

г. Мөн анхан шатны шүүх ...С.Б , Ч.О нарын хувьд хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар дуусгавар болж, тус тусын оруулсан хөрөнгөө буцаан авах нь мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцнэ... гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: С.Б тухайн тоног төхөөрөмжийг ашиглаагүй гэж хэлж байна. Гэтэл О М ХХК-тай гэрээ байгуулж, барилга барьж, мөнгө шилжүүлсэн авсан талаар баримт байгаа. Эд хөрөнгөө ав гэхээр авахгүй байгаа атлаа шүүхээр маргаан үүсгэж байгааг мөнгө авах зорилготой гэж үзэж байна. Өмнө нь хэрэгсэхгүй болгосон хэргийн талаар удаа дараа шүүхээр маргаж, ажил удаж байгааг гайхаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

3.   Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.О д холбогдуулан, учирсан хохирол 58,075,640 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэлгээ буурсан тул үнэлгээний зөрүүг гаргуулна... гэж тайлбарлажээ. /хх 1, 226/

 

4.   Хариуцагч Ч.О нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...тоног төхөөрөмжтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа... гэж тайлбарлан маргажээ. /хх 39/

 

5.   Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрээр хөрөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, үнэ буурсан байдалд хариуцагчийн буруутай үйлдэл, шалтгаант холбоо тогтоогдоогүйн зэрэгцээ хөрөнгийн биет байдлын чанар, худалдан авсан он, ашиглалтын явцад үүссэн элэгдлээс хамааран тухайн тоног төхөөрөмжийн үнэ буурах боломжтой гэсэн үндэслэл зааж нэхэмжлэгч С.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв. Учир нь:

а. Талууд анх 2012 онд бетон шоон бэлдэц хийж ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон, үүний дагуу нэхэмжлэгч С.Б нь 122,875 ам.долларын үнэ бүхий РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмжөөр (дагалдах хэрэгсэл, түүхий эдийн хамт), хариуцагч Ч.О нь Мицубиши Фусо маркийн ачааны автомашинаар тус тус хөрөнгө оруулсан; /хх 168-172/

б. Талуудын хамтын ажиллагаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон;

в. РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн үнэлгээ нь элэгдлийг тооцоод 58,075,640 төгрөг болсон зэрэг үйл баримт тус тус хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. /хх 168-172, 173-178, 48-51/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

6.   Иймд хамтран ажиллах гэрээ дуусгавар болоход ашиг алдагдал болон элэгдэл хорогдлыг хэрхэн хуваарилах талаар талууд тохиролцоогүй, мөн барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас элэгдэж хорогдсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул учирсан хохирол гэх 58,075,640 төгрөгийг хариуцагч Ч.О гээс гаргуулах үндэслэлгүй.

Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 615 дугаар магадлалаар Ч.О гээс РБМ-1000 загварын хөөс, цементийн машиныг бусад дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт гаргуулан Д ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/03118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 448,333 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

 

Д.НЯМБАЗАР