Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2022/0002/З |
Дугаар | 117/ШШ2022/0019 |
Огноо | 2022-07-21 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 117/ШШ2022/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Онги голынхон хөдөлгөөн НҮТББ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Цэрэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл
Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Баярсайхан
Гуравдагч этгээд: “Пүрэвбат хишиг” ХХК
Гуравдагч этгээд: “Гранд флюорит” ХХК
Аймгийн засаг даргын Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрт маргасныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэн, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярсайхан, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/254-р захирамжаар Сайхан-Овоо сум, Бадрах овоо нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосонг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/323 дугаартай захирамжаар Сайхан-Овоо сум, Баян овоо нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосонг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч “Онги голынхон хөдөлгөөн” ТББ нь 2001 онд байгуулагдаж, Онги гол болон сав газрын байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах, Онги голын савд уул уурхайн олборлолт хийлгэхгүй байхад анхаарч нутгийн иргэдтэй хамтран ажилласан бөгөөд тус байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Их булаг НҮТББ-аас “...нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай...” хүсэлт ирүүлсний дагуу нэхэмжлэлд дурдаж маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэнээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг үндэслэн шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.3, 4.2.4, 4.2.5, 4.2.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7, 27 дугаар зүйлийг хэрэгжүүлэхгүй, зөрчсөн тул хууль бус юм.Уг актын улмаас тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан “...байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх зөрчигдөж болзошгүйд хүрээд байна. Иймд Аймгийн Засаг даргын 2020 оны А/254 дүгээр захирамжаар Сайхан-Овоо сум, Бадрах овоо гэх газарт Пүрэвбат хишиг ХХК-д 48000143-001 хайгуулын тусгай зөвшөөрөл, А/323 дугаар захирамжаар Сайхан-Овоо сум, Баян овоо гэх газарт Грандфлюорит ХХК-д 48000143-001 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосонг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Сайхан-Овоо сумын нутаг Бадрах овоо нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ХҮ48000143 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Пүрэвбат Хишиг ХХК-д олгосныг мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус сумын нутаг Баян-Овоо нэртэй газар түгээмэл тархацтай ашигт малтмалын ХҮ48000149 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Гранд Флюорит ХХК-д олгосон А/323 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох шаардлага гаргасан. Энэ 2 захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчиж олгогдсон тусгай зөвшөөрөл ашигт малтмалын олборлолтоос үүдээд Монгол Улсын хэмжээнд байгаль орчинд маш их аюул бий болж байна. Түүний нэг нь Онги голын сав газарт байгалийн тэнцэл ихээр алдагдаж байгаатай холбоотой. Онги голынхон хөдөлгөөн 2001 онд байгуулагдсан цагаас эхлээд 3 аймгийн 8 сумдыг хамарч үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь Сайхан-Овоо сум. Тэгэхээр Сайхан-Овоо сумын Бадрах-овоо, Баян-овоо буюу Төгрөг хайрхан гэх тахилгатай хайрхны ойр олгогдсон 2 лицензийг цуцлуулж хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай. Одоогоор тэнд нутагладаг иргэд отор нүүдэл хийгээд явсан. Говийн бүс нутгийн хөрсний онцлог маш эмзэг, зөөлөн газартай, ус хомс тэр ч утгаараа энэ нутагт 2 худаг байх ба 5 ам бүлийн өвөлжөө, хаваржаа байдаг. Гэтэл эдгээр хүмүүс тухайн газар хайгуулын үйл ажиллагаа явуулаад эхлэхээр тоосжилтоос гадна ундны усгүй, бэлчээргүй болох гэх мэт хохирол амсана. Тухайн сум, багийн иргэдээс нэг ч удаа санал аваагүй гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.
Энэ 2 лиценз нь түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз байгаа. Түгээмэл тархацтай гэдэгт хайрга, дайрга орно. Суурьшлын бүсээс буюу Эрдэнэдалай сумаас 60 км, Дундговь аймгаас 160 км, Сайхан-Овоо сумаас 70 км-ын зайтай газарт түгээмэл тархацтай буюу хайрга, дайргын тусгай зөвшөөрөл олгох нь учир дутагдалтай гэж үзэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн ирүүлсэн саналыг дэмжсэн гэж хариуцагч тал хэлж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг дэмжиж байна гэдэг. Гэтэл Сайхан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын гаргасан саналд нь үндэслэж захирамж гаргаж тусгай зөвшөөрөл олгосон нь буруу. Ашигт малтмалын бүх төрлийн зөвшөөрөл авахад аль ч аймаг сум, дүүрэг, хаана ч бай Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг зайлшгүй баримтална. Умард халхын гүвээт говийн дундад сав газрын захиргаанаас ирүүлсэн нотлох баримтад үүнийг заасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авахад гэрчилгээний 10.000 төгрөг, Пүрэвбат Хишиг ХХК 250.000 төгрөг зэргийг тушаасан байсан. Ийм бага мөнгөөр говийн эмзэг хуурай бүс нутгийнхаа газар нутгийг худалдчихаад хүн, мал нь ундаалж чадахгүй малчид нь ус гуйж явдаг. Байгаль орчны төлөвлөгөөнд Пүрэвбат Хишиг ХХК 810.000 төгрөгийн нөхөн сэргээлт хийхээр баталсан байгаа. Гранд флюорит ХХК 1.050.000 төгрөгөөр тооцсон байсан. Ийм бага мөнгөн дүнгээр газар нутгаа худалдаж байгаа.
Аймгийн Засаг даргын 2020 оны А/254, А/323 дугаартай захирамж анхнаасаа хууль бус захиргааны акт байсан. Хууль бус захиргааны актад үндэслэж гарсан дараа, дараагийн үйл ажиллагаанууд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Монгол улс эрх зүйт төртэй улс. Хэн ч байлаа гэсэн батлагдан гарсан хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Төрийн захиргааны байгууллагууд хуульд үндэслэн тогтоол, шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд нийцээгүй баримт бичгийг үндэслэж захиргааны акт батлан гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авна гэж заасан. Гэтэл иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 6-7 хүнийг төлөөлөх албан бичиг, мөн тэргүүлэгчдийн гэдэг үг хуульд байхгүй. Хуульд байхгүй албан бичгийг үндэслэж энэ захирамжийг гаргасан нь хууль бус. Усны тухай хуульд 17.2 гэж тусгайлан оруулж ирсэн зүйл заалтыг батлагдахад Онги голынхон хөдөлгөөн байлцсаны хувьд энэ зүйл заалтыг оруулж ирж байна. Усны тухай хуулийн 17.2-г бариагүй, сав газрын захиргаанаас саналыг нь аваагүй. Хууль бус үндэслэлд тулгуурлан гаргасан 2 захиргааны актыг хууль бус гэж үзэж байна. Энэ хууль бус 2 захиргааны актыг буюу Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны А/323 дугаартай, А/254 дугаар захирамжуудаар Сайхан-Овоо сумын Бадрах овоо, Баян овоо гэх газруудад тусгай зөвшөөрөл олгосныг тус тус хүчингүй болгож өгнө үү
Монгол улс эрх зүйт төртэй улс. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг яах гэж гаргасан юм. Хууль бол хэн нэгэн дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд маш харамсалтай байна. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөрөө Антарктидын дараа орж 2.1 градусаар нэмэгдсэн. Тэр тусмаа говийн бүс цөлжилт 80%-тай болсон. Тэр дундаа Сайхан-Овоо сум ямар ган зудтай байгааг мэдэж байгаа юу? гэтэл Ашигт малтмал олборлуулна, газрыг нь ухна гэж ярьж байгаа нь зөв үү. Өнөөдөр Сайхан-Овоо суманд олгосонд л хэрэг маргаан үүсгэж мэтгэлцэж байгаа болохоос биш бусад сумдын газар нутаг сарны гадаргуу шиг болсон байгааг та нар мэдэж байна уу. Усны тухай хуулийн 17.2-д заасан заалт ус амин чухал учраас санал авахыг мөн хуульчилсан. Говийн бүс нутаг нэг ч цэвдэггүй. Говь бол хамгийн баян газар нутаг байх ёстой. Гэтэл говиос зугтахаар болж байна. Тэр дундаа хууль бус захиргааны акттай уурхайг эсэргүүцнэ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар дээр нэмээд дараах асуудалд хууль зүйн тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актын ойлгоно гэсэн үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж энэ зохицуулалтын хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо нийцүүлэн захиргааны байгууллага шийдвэрээ гаргах ёстой. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Үүнийг аймгийн засаг дарга зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэсэн. Эрх зүйн зөрчилтэй захиргааны актууд гэдгийг тодорхойлохын тулд энэ 2 хуулийн зохицуулалтыг хэлж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Хэдийгээр Онги голынхон хөдөлгөөн ТББ-ын хүмүүс энгийн нүдээр харахдаа Онги голоос хол, Онги голынхон хөдөлгөөн ТББ-ын үйл ажиллагаанд хамаарахгүй, Онги голынхон хөдөлгөөнийхөн зөвхөн голыг хамгаалдаг гэж ойлгож болохгүй. Төрийн бус байгууллага маань нийтэд үйлчилдэг. Орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн заалтыг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа анхаарах ёстой байсан. 10-15 см-ын шимт хөрстэй. Үүгээр хүнд даацын машин явахад ямар байх уу. Одоо Монголын хэмжээнд 70-80% нь цөлжилттэй байхад энэ зайлшгүй төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах зайлшгүй шаардлага үүссэн учир нэхэмжлэл гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д захиргааны үйл ажиллагааны ерөнхий зарчмуудад хуульчилж өгсөн хуульд үндэслэх зарчим байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэхээр Түгээм тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгөх ажиллагаа нь тухайн хуулиудад юу гэж заасныг анхаарч үзэлгүй шаардлага зайлшгүй гарна. Аймгийн засаг даргын зүгээс эдгээр хуулиудыг үндэслээгүй хууль бус захиргааны акт гаргасан байна. Тусгай зөвшөөрөл олгосон талбай нь иргэдийн өвөлжөө, хаваржааны зөвшөөрөлтэй давхцаж байна. 1974 онд нэгдэн орсон иргэний нийгэм эдийн засаг, соёлын эрхийн фактын 2 дугаар зүйлийн 2.1-д аливаа ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэмжүүрээс нь салгаж үл болно гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-д энэ хууль олон улсын гэрээ конвенцтэй зөрчилдвөл олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөнө гэж заасан. Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт ирсэн учир тусгай зөвшөөрөл олгосон гэж тайлбарлаж байна. Нийт нутаг дэвсгэрийн байгаль орчин ямар байдалд хүрч байгаа, ард иргэд ямар хохирол амсаж байгаа, малчин иргэдийг хэн хамгаалах үүрэг хэнд байдаг гэдэгт анхаарах цаг болсон байна. Монгол улсын Үндсэн хуулийн 19.1-д Төр иргэнийхээ өмнө хариуцах үүргийг хуульчилж өгсөн. Бид нар тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Ашигт малтмал газрын тосны газраас бичиг ирэхээр нь тэрийг нь үг дуугүй дагаж зөвшөөрөл олгодог гэх тайлбар хэлж байгаа нөхцөл шаардлага байхгүй. Төрийн захиргааны төв байгууллага хуулиар хүлээсэн субъект учир зарчмуудыг хэрэгжүүлж шийдвэр гаргах ёстой байсан. Үүнийг хэрэгжүүлээгүй учраас иргэдийн эрхийг зөрчиж, цаашид зөрчигдөж болзошгүй байдал үүсч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч тодорхой тайлбарласан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар Сайхан-Овоо суманд Пүрэвбат хишиг ХХК, Гранд флюорит ХХК-нд олгосонг хүчингүй болгож өгөхийг хүсч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн бүс нутаг ямар бүс нутаг вэ гэдэг талаар тодорхой хэллээ. Төрийн захиргааны байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн захиргааны актыг хийх нь тодорхой учир хууль бус захиргааны актыг шүүх дээр ирүүлж хүчингүй болгуулж байгаа нь бодит байдал дээр гарч байгаа зөвхөн Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Дундговь аймгийн Засаг даргатай холбоотой асуудал биш. Монгол орон даяараа ийм асуудал байгаа. Үүнийг иргэний нийгмийн байгууллагууд мэдсэн үеэсээ эхэлж г эсэргүүцэж ажиллаж байна. Онги голынхон хөдөлгөөн ТББ нь 21 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, одоо идэвхтэй ажиллаж байгаа байгууллага. Энэ асуудлыг танайх мэдээгүй байхад өмнө нь өөр байгууллага нэхэмжлэл гаргадаг юм уу гэсэн ойлголт хүмүүст төрж магадгүй. Гол нь саналыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой. Хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаачлан иргэдийн хурлын чөлөөт цагт хурлын тэргүүлэгчид үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн гэх ажил нь огт мэдэгдээгүй, далд хэлбэрээр явагдсан нь нотлох баримт шинжлэн судлахад харагдаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын тэргүүлэгч гишүүд нь мэдээгүй. Тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон талаар багийн иргэд нь мэдээгүй байгаа асуудлыг хэвийн байх ёстой зүйл мэтээр мэргэжлийн байгууллага нь дүгнэлт өгсөн учир бид нар тусгай зөвшөөрөл олгосон олгосон гэж хэлж байгаа нь хариуцлагагүй, байж боломгүй зүйл байна. Эрх эдэлж байгаа бол үүрэг хүлээх ёстой. Тухайн төсөл эхлэхээс өмнө байгаль орчны төлөвлөгөөг батлуулах ёстой. Хайгуулын эхний 3 жилийн төлөвлөгөө гэж батлуулчхаад 2 жил ажиллаагүй. Тайлагнах хугацаатай хуулийн зохицуулалттай. Ингэж өөгшүүлж болохгүй гэв.
3. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хуульчилж өгсөн ба хуулийн 11.1.1-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах” гэж заагдсан байдаг.
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан байдаг. Иймд 2020 оны аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж байхгүй болно.
Аж ахуйн нэгжүүдээс аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг хуулийн 11.2.4-т заасны дагуу хянан үзэж, Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулахаар хүргүүлэхэд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8/3270, 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 8/4820 тоот албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт ирүүлсэн байдаг.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт ирсэн тохиолдолд хуулийн дагуу тухайн талбай байрших сумаас санал авахаар хүргүүлэхэд Сайхан-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 21-ний 27, 2020 оны 10 дугаар сарын 23-ны 19 тоот албан бичгүүдээр дэмжсэн хариу ирсэн учир аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, аймгийн Засаг даргын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон болно.
Иймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 сарын 15-ны 99 дүгээр тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоолыг үндэслэн дээрх ААН-үүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн засаг даргын хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж дээрх 2 тусгай зөвшөөрлийг олгосон. 2 аж ахуй нэгжээс Дундговь аймгийн засаг даргад гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д заасны дагуу хянан үзэж ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Тус газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 8/3270, 10 сарын 19-ний өдрийн 8/4820 тоот албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж дүгнэлт ирүүлсэн. Энэ хуулийн 14.4-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт ирсэн байх тул үүнийг үндэслэж Сайхан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авсан. Тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 27 дугаартай, 10 сарын 23-ны өдрийн 19 дугаартай албан бичгүүдээр дэмжсэн хариу ирсэн. Үүнийг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэнээр аж ахуй нэгжүүдэд олгосон. Тухайн талбайд ямар төрлийн ашигт малтмал байгааг нарийвчилсан эрэл хайгуулын үр дүнд илрүүлдэг. Аймгийн засаг дарга өргөдлийг хянаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцад тухайн газарт ямар ашигт малтмал байгааг мэдэх боломжгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмал олгох зөвшөөрөл байсан. Үүний дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт ирсэн учир зөвшөөрөл олгосон.
Аймгийн засаг даргад аж ахуйн нэгжээс хүсэлт ирээд мэргэжлийн байгууллагууд нь олгож болно гэж хариуцсан сум, аймгийн иргэдийн хурлаас шийдвэр гарч байхад аймгийн засаг үүнийг олгохгүй гэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сумын хэрэгцээнд олгох гэж аваагүй нь ойлгомжтой. Сумын иргэд 1 км-с хайрга, дайрга татдаг гэж ярьж байна. Харин голынхоо хажуугаас хайрга, дайрга авч байгаа нь голдоо халгаатай юм бишүү. Энэ шийдвэр нь өмнөх засаг даргын шийдвэр хэдий ч төрийн байгууллагын залгамж шийдвэрийг алдагдуулахгүй явах үүднээс ийм байр суурьтай оролцож байна. Энэ шийдвэр нь 2020 онд гарсан. 2020 онд улс төрийн намууд сонгуулийнхаа ажилд орсон байсан. Одоо бидний мэдэж байгаа нь Өвөрхангай, Арвайхээр, Дундговь, Говь-Сүмбэр аймгийн хооронд авто зам холбох талаар яригдаж байна. Энэ зам Эрдэнэдалай сум юм уу? Сайхан-Овоо сумаар дамжих талаар яригдаж байна. Үүнийг урьдчилж харж тооцож авсан уу гэхээс дан ганц сумын хэрэгцээнд зориулж аваагүй байх. Хууль бус үйл ажиллагаа явагдвал үүнийг нь зогсоох боломж байгаа. Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн талаар ярилаа. Сумын хурал ямар хугацаанд хуралддаг талаар мэдэж байгаа. Иргэдийн хурал байнга хуралддаг байгууллага биш, хурлын завсраар хурлын тэргүүлэгчид асуудлаа хэлэлцэж шийдвэр гаргаж явдаг.
Зөвхөн мэргэжлийн байгууллагын саналыг аваад тусгай зөвшөөрөл өгсөн юм шиг зүйл ярьж байна. Сумын иргэдийн хурал, аймгийн иргэдийн хурлаас холбогдох саналуудыг авсан. Иргэдийн хурал бол иргэдийг төлөөлж байгаа байгууллага. Түүнээс иргэд, оршин суугчдаас бүгдээс нь санал авна гэсэн ойлголт байхгүй. Засаг даргын 2 захирамж хууль зүйн дагуу гарсан гэж үзээд энэ шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... мөн 2020 онд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүй бөгөөд энэ талаар шүүхэд гаргаж өгөх баримтгүй болно гэв.
5. Гуравдагч этгээд “Пүрэвбат-Хишиг” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Манай компани, Сайхан-Овоо сумын нутагт орших Бадрах-Овоо нэртэй 49,47 га талбайд дайргын хайгуулын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ, Монгол Улсын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Дундговь аймгийн Засаг даргад гаргаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу ХҮ-48000143 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа болно.
Бид дээрх талбайд дайргын байршил, тоо хэмжээг тогтоох зорилгоор хайгуул хийж, түүнийг ашиглах боломж, техник, эдийн засгийн үнэлгээг боловсруулах юм. Бид хайгуулын ажлын төлөвлөгөө, аргачлал, байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулсан. Төлөвлөгөөний дагуу хээрийн ажил энэ оны 5-р сард эхлэх байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас графикт хугацаандаа эхэлж амжаагүй.
Манай улсад зам, барилгын бүтээн байгуулалт жил бүр нэмэгдэж байгаа өнөө үед гол түүхий эд болох элс, хайрга, дайрганы хэрэгцээ мөн адил өсч байна. Ийм элбэг тархалт бүхий ашигт малтмалыг эрж хайх, нөөцийг нэмэгдүүлэх нь улс, орон нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой. Нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж, Сайхан-Овоо сумын нутагт зам, барилгын бүтээн байгуулалт төлөвлөгөөгүй, тэндээс элс, хайрга дайрга олборлох боломжгүй, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзжээ.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлага нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул бид энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашгаа хамгаалан оролцоно гэжээ.
6. Гуравдагч этгээд “Гранд флюорит” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 12, 13-т тус тус заасны дагуу Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор хүсэлт гаргасан бөгөөд бидний энэхүү хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.12 дахь заалт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжсэн болно.
Улмаар Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай тогтоол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын тосны дүгнэлт, Сайхан-Овоо сумын ИТХ-ын саналыг тус тус үндэслэн Дундговь аймгийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/323 дугаартай захирамжаар манай компанид Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгосон.
Манай компани үүнээс хойш өдийг хүртэл 2021 онд хийх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө, 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан холбогдох эрх бүхий албан тушаалтнаар батлуулах ажлыг хийж дуусгаад байна.
Иймд тус компанид тусгай зөвшөөрөл олгосон Дундговь аймгийн Засаг даргын А/323-р шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Онги голынхон хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын /ТББ-гэх/ эрх зүйн байдлын болон нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна, 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” хэмээн тус тус заасан ба нэхэмжлэгч “Онги голынхон хөдөлгөөн” төрийн бус байгууллага нь дүрэмдээ “... хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгальд хор учруулахын эсрэг Бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, ..... экологийн тэнцвэрт бус байдал бий болгож буй хүний буруу үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах” гэж дүрмийн зорилго, зорилтоо тодорхойлж /1хх-4-5/ Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд үүсэн байгуулагдсан /хх-4-7/, улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх-9/ Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн 2-т заасанчлан “байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлэх эрх хамгаалуулах” буюу нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй эрхийг /хх-1-3/ тодорхойлсон болох нь хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэх эрх бүхий этгээд буюу нийгэмд үйлчилдэг ТББ зорилго зорилтынхоо хүрээнд буюу байгаль орчныг хамгаалах үндсэн зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Онги голынхон хөдөлгөөн ТББ-ын 2022.02.10-ны өдрийн 6 тоот итгэмжлэлээр /хх-50/ гүйцэтгэх захирал Т.Цэрэнг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
1.2. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-т заасны дагуу 2018-2020 оны үйл ажиллагааны тайлангаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн /хх-8, 52-68/ бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж маргаж байгаа асуудлын талаар хангалттай байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж заасанчлан маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлж маргаан бүхий актыг эсэргүүцсэн талаарх Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэдийн гарын үсэг бүхий жагсаалт /хх-10-40/, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын болон Сайхан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох баримтыг /2хх-193, 76/ шүүхэд ирүүлжээ.
1.3. Онги голынхон хөдөлгөөн НҮТББ-аас тус шүүхэд 2022.02.14-ний өдөр нэхэмжлэлийг /хх-1-3/ ирүүлж 2022.02.21-ний 0019-р захирамжаар /хх-69-70/ хэрэг үүсгэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэл гаргах хугацааны тухайд” манай байгууллагад 2022 оны 01-р сарын 11-ний өдөр Их булаг НҮТББ-аас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хүсэлт ирүүлсэн уг хүсэлтээс энэхүү нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий 2 актыг мэдсэн /1хх-1/ гэж, Их булаг НҮТББ-н 2021.01.11-ний өдрийн 22/1тоот “нийтийн ашиг сонирхлыг хамтран хамгаалах тухай” хүсэлтийг /1хх-49/ хавсаргасан, Их булаг НҮТББ-ын нэхэмжлэлд 2021.09.07-ны 0101-р захирамжаар хэрэг үүсгэсэн /2хх-180-181/, маргаан бүхий 2 захирамжийг нэхэмжлэгч болон нутгийн иргэд мэдэх боломжгүй, сумын архивт олдохгүй /1хх-105/ байсан зэргээс хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй буюу мэдэх боломжгүй байсан болно гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /тэмдэглэлээс үзэх/, Сайхан-Овоо сумын ИТХ-н 2020 онд ирсэн явуулсан бичгийн бүртгэл архиваас олдсонгүй гэх сумын ИТХ-ын даргын 2022.06.15-ны 10 тоот албан бичиг /2хх-76/, Сайхан-Овоо сумын ИТХ-ын хурал зарласан товьёогоос /2хх-84-86/ Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах Бадрах овоо, Баян овоо хэмээх газарт аймгийн засаг даргын саналыг /1хх107, 161/ үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг товлоогүй, уг саналыг хурлаар хэлэлцсэн хуралдаан болоогүй /2хх-232, 233, 2хх-90/ буюу энэ талаарх баримт /1хх108-109/ сумын архивт эх хувиараа байхгүй болохыг сумын засаг даргаас 2022.04.18-ны өдрийн 01/60 тоот албан бичгээр /1хх-105/ шүүхэд ирүүлсэн зэргийг үндэслэн нэхэмжлэгч Онги голынхон хөдөлгөөн ТББ энэхүү хэрэгт маргаж буй 2 актын талаар захиргааны байгууллагаас мэдэгдээгүйн улмаас /1хх-105, 107-109, 233/ нэхэмжлэл гаргах хугацааг Их булаг НҮТББ-ын хүсэлтээс мэдсэнээр тооцож, үүнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар тогтоосон хугацааг зөрчихгүй гэж шүүх үзэв.
2. Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 9-р сарын 22-ны өдрийн а/254, 2020 оны 11-р сарын 02-ны а/323-р захирамжаар тус тус Сайхан-Овоо сумын Бадрах овоо, Баян овоо нэртэй газарт Пүрэвбат хишиг ХХК, Гранд флюорит ХХК-дад түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
2.1 Нэхэмжлэгчээс 2020 оны 9-р сарын 22-ны а/254-р захирамжийг хүчингүй болгуулах гэснийг уг захирамжийн Сайхан-Овоо суманд Пүрэвбат хишиг ХХК-д олгогдсонг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлд тодорхой заасан гэх ба нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр маргаан бүхий шийдвэрүүдийг Хараа хяналтгүй уул уурхай хууль зөрчиж олгогдсон тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын олборлолтоос Онги голын сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл ихээр алдагдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхийг зөрчиж байгаа үйлдлүүдийг зогсоох зорилготойгоор нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.4, 14.7-д заасныг аймгийн засаг дарга зөв хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргасан өдрөө шууд тусгай зөвшөөрөл олгосон Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 2 компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-т заасныг хэрэгжүүлэхгүй байгаа, Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11-р зүйлийн 11.2.3-т зааснаар зохих хяналтыг хэрэгжүүлэхгүй байна. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр ашигт малтмал хайх ажиллагаа явуулснаар нь тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн үндсэн хуулиар олгогдсон “байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрх зөрчигдөж болзошгүйд хүрч байна. Иймд маргаан бүхий буюу Дундговь аймгийн засаг даргын 2020 оны а/254 дүгээр захирамжаар Сайхан-Овоо суманд Бадрах овоо нэртэй газарт Пүрэвбат хишиг ХХК-нд олгосон, А/323 дугаар захирамжаар Сайхан-Овоо суманд Баян овоо нэртэй газарт Гранд флюорит ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэж, хариуцагч болон түүний төлөөлөгчөөс дээрх 2 захирамжийг хууль тогтоомжийн дагуу зохих ажиллагааг хэрэгжүүлж гаргасан тул хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж, гуравдагч этгээд нараас “бид зохих журмаар материалаа бүрдүүлж өгсөн, аймгийн засаг дарга нь сумын хурлын болон аймгийн хурлын саналыг авсан, АМГТГ-ын дүгнэлт зэргийг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн манай компаниудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргаж байна.
2.2 Дундговь аймгийн засаг даргын 2020 оны 09-р сарын 22-ны өдрийн А/254-р захирамжаар /хх-149/ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 09-р сарын 15-ны өдрийн 99-р тогтоол /хх-148/ Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлт /хх-147/ Сайхан-Овоо сумын ИТХ-ын санал /хх-146/ зэргийг үндэслэн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт ХА48000143-001NE, Пүрэвбат хишиг ХХК-д, Бадрах овоо нэртэй талбайд
104 18 8.07
104 18 8.07
107 17 17.06
104 17 17.26 уртрагтай
45 42 28.35
45 42 42.94
45 42 42.94
45 42 28.35 өргөрөгтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор,
Аймгийн засаг даргын 2020 оны 11-р сарын 02-ны а/323-р захирамжаар /хх-164/ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.7, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020.10.30-ны 112-р тогтоол /хх-163/, ашигт малтмалын газрын тосны газрын дүгнэлт /хх-162/ Сайхан-Овоо сумын ИТХ-ын санал /хх-161/ зэргийг үндэслэн Сайхан-Овоо сумын Баян овоо нэртэй газарт ХА48000149001-NE өргөдлийн дугаараар
104 18 8.15
104 18 8.15
104 18 35.17
104 18 35.17 уртрагтай
45 42 42.9
45 42 11.97
45 42 11.97
45 42 42.9 өргөрөгтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Гранд флюорит ХХК-д 3 жилээр олгохоор тус тус шийдвэрлэжээ.
2.3 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. “хуульд үндэслэх”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.5, 14.6, 14.7-д заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан өдрөө шууд тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцэхгүй гэх ба тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан О.Бат-Эрдэнэ нь Пүрэвбат хишиг ХХК-ий 2020 оны 06-р сарын 29-ний өргөдлийг /хх-142/ 2022.07.06-ны өдрийн 13 цаг 40 минутад /хх-140/ хүлээн авч 2020.07.09-ний өдрийн 12/2020 өргөдлийн дугаарт бүртгэж /хх-140-153/ Гранд флюорит ХХК-ний 2020 оны 10-р сарын 8-ны өргөдлийг /хх156/ 2020.10.09-ний өдөр 18/2020 дугаараар тус тус бүртгэж, хууль журмын дагуу шийдвэрлэх цохолт хийж, холбогдох баримт бичгийг /хх-154-228/ хүлээн авсан байна.
2.4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т /хуулийн энэ заалтад 2022.04.22-нд өөрчлөлт орсон /” .... тухайн талбай байрших сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авах” гэж заасанчлан Аймгийн засаг дарга, Пүрэвбат хишиг ХХК, Гранд флюорит ХХК-аас ирүүлсэн өргөдөлд санал авахаар тухайн талбай байрших Сайхан-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлж /1хх-107, 108/ хариу саналыг тус сумын хурлын даргын гарын үсэг бүхий Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн албан бланк бүхий баримтаар ирүүлсэн байх тул хурлын тэргүүлэгчид хуралдаж саналаа өгсөн эсэхийг шүүхээс шалгахад Сайхан-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд 7 тэргүүлэгч ажилласнаас /2хх-21, 22/, гэрч Ш.Өлзийбүрэн “Ийм хуралдаан болоогүй, бид мэдээгүй, 4-р багийн иргэдээс энэ талаар сүүлд мэдсэн” гэх /2хх-63-66/, Т.Гэрэлийн “хурал болон тэргүүлэгчид хуралдаагүй хэрэв ингэж газар нутаг олгохоор бол бид маш няхуур хандаж хүн нэг бүрээр хэлэлцэж олгодог тиймээс ийм хурал болоогүй би оролцоогүй” /2хх-67-70/, тэргүүлэгч Г.Бямбацэрэнгийн “Хурал энэ асуудлаар хуралдах эсэхийг тэргүүлэгчид хэлэлцэж товлох ёстой энэ асуудал баримтаар байхгүй” гэх мэдүүлгээс /2хх-71-74/ болон Сайхан-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 онд ирсэн, явуулсан бичгийн бүртгэл архиваас олдсонгүй гэх сумын хурлын даргын 2022.06.15-ны 10 тоот албан бичиг /2хх-76/, Сайхан-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурал зарласан товьёогоос /2хх-84-86/ Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах Бадрах овоо, Баян овоо хэмээх газарт аймгийн засаг даргын саналыг /1хх107,161/ үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг товлоогүй, уг саналыг хурлаар хэлэлцсэн хуралдаан болоогүй /2хх-232, 233, 2хх-90/ буюу энэ талаарх баримт /хх108-109/ сумын архивт эх хувиараа байхгүй болохыг сумын засаг даргаас 2022.04.18-ны өдрийн 01/60 тоот албан бичгээр /1хх-105/ шүүхэд ирүүлсэн болон хурлын даргын дэмжиж байна гэх саналыг нотлохуйц үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс сумын хурлын даргаас 2020 оны 19, 27 тоот албан бичгээр /2хх-52/ аймгийн засаг даргын саналыг дэмжиж байна гэх утгаар албан тоот ирүүлснийг гүйцэд шалгалгүйгээр уг баримтыг үндэслэсэн захирамжид сумын хурлын саналыг авсан гэж заасан нь үндэслэлгүй болно. Түүнчлэн уг захирамжаар олгогдсон Сайхан-Овоо сумын нэр бүхий газар нь тус сумын тусгай хэрэгцээний газар байсан болох нь Сайхан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын 2020 оны 18 тоот албан бичигт /2хх-49-50/ заагджээ
2.5 Ийнхүү дээр дурдсанчлан маргаан бүхий захиргааны акт болох аймгийн засаг даргаас 2020 оны 9-р сарын 22-ны а/254, 2020 оны 11-р сарын 02-ны а/323 дугаар шийдвэрүүдийг гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,14.7-т заасан журмыг зөрчсөн буюу Сайхан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын саналыг зохих ёсоор аваагүй буюу зөвхөн хурлын дарга П.Эрдэнэбаатарын зөвшөөрсөн санал, мөн өдрөөр тухайн суманд Хурал хуралдаагүй, энэхүү санал гэх баримт тус сумын Хурлын архивт хадгалагдаагүй, хурлын архивлагдсан баримтад байхгүй, ирсэн явсан баримт бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй зэргээс дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн хувьд зөрчилтэй, хууль бус захиргааны акт болох нь дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдож байна.
2.6 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.1-т “аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах”гэж хуульчилсан байх ба Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас 2018 оноос хойш аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлаагүй гэж шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг газрыг 2020 онд олгосон, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй” гэж тайлбарлаж байгаа нь засаг дарга шийдвэр гаргахдаа хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй буюу аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын газар мөн эсэх болохыг тогтоосон төлөвлөлтгүй байхад 2020 онд уг газарт тусгай зөвшөөрөл олгосон нь хуулийг зөрчсөн гэх үндэслэлийг бүрдүүлнэ.
2.7 Усны тухай хуулийн 1-р зүйлийн 1.1, 3-р зүйлийн 3.1.3, 13-р зүйлийн 13.2т заасанчлан аймгийн засаг даргын маргаж буй дээрх 2 захирамжид уг саналыг аваагүй болох нь засаг даргын 2020 оны А/254, А/323-р захирамж /хх-42, 48/ болон Умард голын гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны 2022.05.16-ны өдрийн 100 тоот албан бичгээр /2хх-182/ тус тус нотлогдож байна.
2.8 Сайхан-Овоо сумын 4-р багийн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн тухайд сумын засаг даргын 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 01/60 дугаартай албан бичгийг /1хх-105-106/ болон нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн нэрсийн жагсаалтыг /хх-10-40/ үндэслэн Х.Энхтайван, Э.Болор-Эрдэнэ, Б.Өнөболд, Ц.Баатархүү нарын нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг /хх-118-132/ авахад” тухайн зөвшөөрөл олгогдсон газарт ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд бид уух усгүй болох, байгаль сэргээгдэхгүй нөхцөлд үлдэх зэрэг нөхцөл байдал үүсэх говийн маш хуурай хөрстэй газар юм” гэж нутгийн иргэд мэдүүлдэг.
3. Гуравдагч этгээд нарын тухайд:
3.1 Хэрэгт шүүгчийн захирамжаар Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Пүрэвбат хишиг ХХК /хх-84, 85, 86, 2хх-33, 34, 112-113, 243-250/ Гранд флюорит ХХК-ийг /1хх-94-96, 2хх-123-167/ гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэрэг материал танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах зэргээр хуулиар тогтоосон эрхийг шүүхээс хангасан хийгээд хэрэгт ирүүлсэн тэдгээр компаний холбогдох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.
3.2 Гуравдагч этгээд нараас шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж шүүх хуралдаанд ирээгүй боловч шүүх зохих ёсоор зарыг мэдэгдсэн болох нь тогтоогддог /хх-175, 184, 189-190/ ба энэхүү хэрэгт нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн нэхэмжлэлд хэрэг үүсгэгдсэн ба хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шүүх тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.
3.3 Шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй оролцогчдын талаар болон хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хуралдаанаас захирамжаар /2хх-207-210/ шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-р зүйлийн 91.4, 91.6-д заасныг зөрчөөгүй буюу гуравдагч этгээд нарын шүүхэд өмнө өгсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь дээрх заалттай нийцнэ.
4. Бусад асуудлаар:
4.1 Маргаан бүхий шийдвэрүүдийг хянан хэлэлцэх шүүхийн ажиллагаанд аймгийн засаг дарга Ц.Мөнхбат нь өмнөх засаг даргын гаргасан шийдвэрт хариуцагчаар /нэхэмжлэлийн шаардлагаар/ татагдан оролцсон, шийдвэр гаргах ажиллагаанд биечлэн оролцоогүйг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөв.
Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баримталж хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон болохыг тогтоож, нийтийн ашиг сонирхлыг буюу байгаль орчинд сөрөг нөлөө учруулалгүйгээр унаган төрхөөр нь үлдээж байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг үндэслэн маргаан бүхий захирамжуудын Сайхан-Овоо суманд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгогдсонг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.10,106.3.12т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.7,Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 37 дугаар зүйлийн 37.6-т заасныг тус тус баримтлан “Онги голынхон хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн а/254-р захирамжийн Сайхан-Овоо сумын Бадрах овоо гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ХҮ-48000143 хайгуулын тусгай зөвшөөрлийг Пүрэвбат хишиг ХХК-д,мөн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/323 дугаар захирамжаар Сайхан-Овоо сумын нутаг Баян овоо гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ХҮ-48000149 хайгуулын тусгай зөвшөөрлийг Гранд флюорит ХХК-д олгосонг тус тус хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөнг дурдаж, хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас мөн чөлөөлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ