Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02584

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02584

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:**** дүүрэг, ** дугаар хороо, ***** гудамж, ***** тоотод оршин суух Ш овогт Д.Б/РД:******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***** хороо, Ү******* дүгээр гудамж, өөрийн байранд байрлах Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, дутуу олгосон цалин, нэмэгдэл, хоол унааны хөнгөлөлтийн **0 421,05 төгрөг, үндэслэлгүй суутгасан цалин 498 932 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б, Д.Б, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын **-ны өдөр хүлээн авав.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2-р баазад санхүүгийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. ЗТН ОНӨААТҮГ-ын дарга Ц.Б 2021.06.03-ний өдөр Б\*** тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4. байгуулагын дотоод журмын 7.6.1.6, хөдөлмөрийн гэрээний 5.1.4. 5.1.6 дах заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан гэж ажлаас халсан байх ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ажил олгогч нь тушаал, шийдвэрт ажилтан ямар зөрчил гаргасан болохыг тодорхой зааж, энэ тухайгаа ажилтанд танилцуулах учиртай бөгөөд намайг ажлаас халж буй шалтгааныг надад танилцуулаагүй, ямар зөрчил гаргасныг тушаалд нэрлэн заагаагүйгээс ямар шалтгаанаар ажлаас халагдсанаа мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасныг тушаалд дурдаагүй. Хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан ба би данс бүртгэлийн болон эрх мэдлээ хэтрүүлсэн ямар алдааг, хэзээ гаргаснаа мэдэхгүй, энэ тухай надад огт танилцуулаагүй, ийм алдаа гаргаагүй болно. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-т зөрчил гаргасан ажилтны асуудлыг тухайн нэгжийн удирдлага ЗУХНХэлтэст гаргах ба уг хэлтсээс зөрчлийг нягтлан тогтооно гэжээ. Миний хувьд ямар зөрчил гаргаснаа мэдэх эрхтэй бөгөөд ямар зөрчил гаргасныг хэн, хэзээ, хэрхэн яаж шалгаж тогтоосон талаар надад мэдэгдээгүй, шалгасан гэх асуудал нь ямар этгээд яаж шалгасан нь ойлгомжгүй, ажилтан надаас тайлбар аваагүй болно. Хариуцагчийн төлөөлөгч нар хариу тайлбартаа болон тушаалын үндэслэлдээ намайг 2019 онд өөр дээрээ 2 өдрийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал 220 285 төгрөг, 2020 онд 2 хоногийн цалин унаа хоолны хөнгөлөлт үр дүнгийн шагнал нийт 216 950 төгрөг өөртөө илүү бодож шилжүүлж авсан ба дээрхи асуудлыг 2018 онд гаргаж байсан гэж тайлбар гаргасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 онд тухайн үеийн захирал Г.Тын 2018 оны 04 сарын 23-ны Б/**** тоог тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсанаас миний бие 1 сарын шагналт цалингаа авч чадаагүй. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан боловч шүүхийн шатанд уг тушаалын хэрэгжилтийг түдгэлзүүлэн маргаан үүсгэхэд захирал Г.Т болон хуулийн зөвлөх Ц.Б нар 2018 оны 07-р сарын 02-ны өдрийн Б/*** тоот тушаал гаргаж сахилгын арга хэмжээ авсан тушаалаа хүчингүй болгосон тул эвлэрэн хэргийг хэрэгсэхгүй болсон. Ингээд тухайн сарын цалин дээр өмнө нь аваагүй шагналт цалин бодогдсоныг гаргасан тушаалын хамт цалингийн баримтанд хавсаргасан. Баазын захиргаа хүний нөөцийн албанаас тухайн сард ажилласан хүмүүсийн ажилласан цагийг нүүр уншилттай тулган сарын эцэст түүвэрлэн гаргаж батлуулдаг нь цалин бодох үндсэн баримт болдог ба үүнийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4,8.1.8 -д тодорхой заасан. Эдийн засагч нь хүний нөөцийн албанаас гаргаж өгсөн цагийн гүйцэтгэлийг хянаж баталж өгснөөр нягтлан бодогч нар баталсан цагийг үндэслэн цалин боддог. Баталсан цагийг нэмэх хасах эрх ня-бо нарт байхгүй. Намайг ажлаас чөлөөлөхдөө зөрчил гаргасан гэх шалтгаан заасан бөгөөд уг зөрчил нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд ямар зөрчил гаргасан, уг зөрчлийг хэн хэзээ ямар аргаар илрүүлсэн талаар огт дурьдаагүй бөгөөд зөвхөн ямар нэгэн аргаар намайг ажлаас халах шалтгаан хайж хийгээгүй үйлдлийг хийсэн болгон шүүхэд баримт гарган өгсөн нь хариуцагч хуурамч баримт гаргасан байж болзошгүй гэж үзэж байна. Ахлах нягтлан бодогч миний хувьд цаг батлах, баталсан цагийг хянах, эдийн засагчийн хянасан цагийг өөрчлөх, цалин шилжүүлэх эрх байхгүй бөгөөд зөвхөн батлагдсан цагийн бүртгэлд тулгуурлан цалин бодож, түүнийгээ хянуулахаар ерөнхий нягтлан бодогчид илгээдэг үүрэгтэй билээ. Гэтэл хариуцагч нь өөрийн гаргасан алдааг зөвхөн надад тохож хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр шүүхэд тайлбар гаргажээ. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар 2019 оны 9 сард эдийн засагч Д.Б нь миний цалин бодох цагийг 15 хоног 120 цагаар баталсан байгаагаас миний бие 15 хоног 120 цагаар цалин бодсон, өмнөх сарын батлагдсан 16 хоног 128 цагийн цалин аваагүй байна. Тухайн сарын нэмэгдэл цалинг 40+10%-ийг ерөнхий нябо болон захирал бүрэн эрхийн хүрээнд шийддэг. Мөн 2020 оны 12 сард эдийн засагчийн баталсанаар 21 хоног 168 цагаар цалин бодохоос 15 хоног 120 цагаар цалин бодогдсон болно. 6 хоногийн цалин давхардсан тул хасахдаа тооцооны алдаа гаргаснаас 50 000 төгрөгийн илүү шагналт цалин бодогдсоныг 2021 оны 04 сарын цалингаас аудитын зөвлөснөөр буцаан суутгасан. Иймд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2-р баазын санхүү бүртгэлийн албаны санхүүгийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, тушаал гаргасан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн ажил хүлээлцсэн хугацааны өдрийн цалин болох 61 052.63 төгрөг /1 160 000/19* 1 өдөр/, нэмэгдэл 195 368.42 төгрөг /116 000/19*8 хо*40%/ хоол унааны хөнгөлөлт 1*4000.0 төгрөг дутуу бодож олгосон бүгд **0 421.05 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүйгээр суутгасан цалин 498 932.00 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус шүүхэд иргэн Д.Б нь захирлын 2021 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн Б/ *** дугаар тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Автобус-3 ОНӨААТҮГ-т 2013 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчидийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны 132 дугаар тогтоолоор Автобус нэг, Автобус 3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нэгдэж Зорчигч тээврийн нэгтгэл болсон. Нэхэмжлэгч нь 2018 оны 0***** сарын 12-ны өдрийн Б/189 дугаар тушаалаар тус нэгтгэлийн 1 дүгээр баазад ахлах нябогоор ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар 2 дугаар баазын ахлах нябогоор шилжин ажилласан. Д.Б нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн. Д.Б нь 2019 онд өөр дээрээ 2 өдрийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал нийт 220 285 төгрөг, 2020 онд мөн өөр дээрээ 2 хоногийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал нийт 216 950 төгрөг, нийт 437 235 төгрөгийн цалин өөр дээрээ нэмж бодож шилжүүлж авсан байна. Дээрх үйлдлийг урьд нь 2018 онд гаргаж байсан ба буруутай үйлдлээ засах боломж олгож байхад давтан үйлдэж байгаа нь санхүүгийн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ үйлдлээ мэдээгүй гэнэт ажлаас халсан мэтээр тайлбарласан байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Д.Бгийн гаргасан буруутай үйлдлийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болсон Санхүү, бүртгэлийн хэлтсийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд хэлтсийн хуралд Д.Б өөрийн биеэр оролцож гаргасан ноцтой зөрчлийн талаар тайлбар өгсөн ба энэ тухай хэлтсийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Уг зөрчлийг анх байгууллагын 2020 оны жилийн эцсийн аудит хийсэн Мэдээлэл аудит ХХК-ийн аудитаар шалгалтаар илэрсэн ба Д.Б нь Би тооцооллын алдаа гаргасан байна гэдэг тайлбар өгч байсан. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Д.Бгийн гаргасан ноцтой зөрчлийг хэлэлцсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн хэлтсийн хурлаас гарсан хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэр хэвээр үлдсэн болно. Өмнө нь өөрөө тайлбар өгч байсан, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хэлтсийн хурал болон захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд өөрийн биеэр оролцсон тул ямар зөрчил гаргаснаа мэдээгүй гэсэн асуудал нь үндэслэлгүй юм. Иймд байгууллагын захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ үйлдлээ мэдээгүй гэнэт ажлаас халсан мэтээр тайлбарласан байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Д.Бгийн гаргасан буруутай үйлдлийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болсон Санхүү, бүртгэлийн хэлтсийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд хэлтсийн хуралд Д.Б өөрийн биеэр оролцож гаргасан ноцтой зөрчлийн талаар тайлбар өгсөн ба энэ тухай хэлтсийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Уг зөрчлийг анх байгууллагын 2020 оны жилийн эцсийн аудит хийсэн Мэдээлэл аудит ХХК -ийн аудитаар шалгалтаар илэрсэн ба Д.Б нь Би тооцооллын алдаа гаргасан байна гэдэг тайлбар өгч байсан. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Д.Бгийн гаргасан ноцтой зөрчлийг хэлэлцсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн хэлтсийн хурлаас гарсан хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэр хэвээр үлдсэн болно. Өмнө нь өөрөө тайлбар өгч байсан, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хэлтсийн хурал болон захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд өөрийн биеэр оролцсон тул ямар зөрчил гаргаснаа мэдээгүй гэсэн асуудал нь үндэслэлгүй юм. Иймд байгууллагын захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ Газарт холбогдуулан 2 баазын санхүү бүртгэлийн албаны санхүүгийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, тушаал гаргасан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулж, ажил хүлээлцсэн хугацааны өдрийн цалин болох 61 052.63 төгрөг, нэмэгдэл 195 368.42 төгрөг, хоол унааны хөнгөлөлт 4 000 төгрөг дутуу бодож олгосон нийт **0 421.05 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүйгээр суутгасан цалин 498 932 төгрөгийг буцаан олгуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Б Автобус-3 ОНӨААТҮГ-т 2013 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор анх ажилд орж ажиллаж 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар 2 дугаар баазын ахлах нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 10, 38-40, 47-50/

 

Харин Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.1.4, 5.1.6, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.6 дахь заалтуудыг баримтлан ...хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан үндэслэл зааж Д.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч байгууллага нь тушаалын үндэслэлээ ...Д.Б нь 2019 онд өөр дээрээ 2 өдрийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал нийт 220 285 төгрөг, 2020 онд мөн өөр дээрээ 2 хоногийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал нийт 216 950 төгрөг, нийт 437 235 төгрөгийн цалин өөр дээрээ нэмж бодож шилжүүлж авсан байна. Дээрх үйлдлийг урьд нь 2018 онд гаргаж байсан ба буруутай үйлдлээ засах боломж олгож байхад давтан үйлдэж байгаа нь санхүүгийн ёс зүйгүй үйлдэл гаргасан ноцтой зөрчил гаргасан. Энэ дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Санхүү бүртгэлийн хэлтсийн хурлын тэмдэглэл, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2019-2020 оны цалингийн карт зэргийг нотлох баримтаар гаргажээ./хх-ийн 42-91/

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д /байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.6/ тушаалд заасан үндэслэлийг тохирсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс Д.Бг 2019 онд 2 хоногийн цалинг, 2020 онд 2 хоногийн цалинг илүү авсан үндэслэлээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан үндэслэл зааж, хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчил-д хамааруулан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь ...баазын захиргаа хүний нөөцийн албанаас тухайн сард ажилласан хүмүүсийн ажилласан цагийг нүүр уншилттай тулган сарын эцэст түүвэрлэн гаргаж батлуулдаг нь цалин бодох үндсэн баримт болдог ба үүнийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4,8.1.8 -д тодорхой заасан. Ахлах нягтлан бодогч миний хувьд цаг батлах, баталсан цагийг хянах, эдийн засагчийн хянасан цагийг өөрчлөх, цалин шилжүүлэх эрх байхгүй бөгөөд зөвхөн батлагдсан цагийн бүртгэлд тулгуурлан цалин бодож, түүнийгээ хянуулахаар ерөнхий нягтлан бодогчид илгээдэг үүрэгтэй билээ. ...2019 оны 9-р сард эдийн засагч Д.Б нь миний цалин бодох цагийг 15 хоног 120 цагаар баталсан байгаагаас миний бие 15 хоног 120 цагаар цалин бодсон, өмнөх сарын батлагдсан 16 хоног 128 цагийн цалин аваагүй, 2020 оны 12-р сард эдийн засагчийн баталсанаар 21 хоног 168 цагаар цалин бодохоос 15 хоног 120 цагаар цалин бодогдсон болно. 6 хоногийн цалин давхардсан тул хасахдаа тооцооны алдаа гаргаснаас 50 000 төгрөгийн илүү шагналт цалин бодогдсоныг 2021 оны 04-р сарын цалингаас аудитын зөвлөснөөр буцаан суутгасан. Анхнаасаа хүний нөөц цагийн тооцоо гаргаж өгөхдөө алдаа гаргасныг, эдийн засагч хянаагүй бөгөөд намайг санаатайгаар илүү цалин бодож авсан гэж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. гэх тайлбарыг гаргаж холбогдох баримтуудыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4-т Захиргааны ажилтнууд болон ...ажилд ирэх, тарах, завсарлахдаа цахим бүртгэлийн машинд ...бүртгүүлнэ., 8.1.6-д Ажлын цагийн бүртгэл нь цалин олгох үндсэн баримт болно. гэж тус тус заажээ.

Хавтаст хэргийн 148-150 дугаар талд байгууллагын цагийн бүртгэлийн тооцоог ирүүлсэн ба ...2019 оны 9 сард Д.Б 16 хоног 128 цаг, 2020 оны 12 сард 21 хоног 168 цаг ажилласан гэсэн цагийн бүртгэлийн тооцоог Архивч-хүний нөөцийн менежер А.Амарсайхан гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсныг, эдийн засагч Д.Б хянаж тооцсон гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллага нь Д.Бг ээлжийн амралттай байх хугацаанд нь ажилчдын цалин бодуулахаар дуудаж ажиллуулсан бөгөөд Д.Б нь амралтаа нөхөж амарсан хэрнээ ажилласан хоногоор цалингаа тооцож авч байгаа нь үндэслэлгүй гэж тайлбар гаргажээ. Ажил олгогч нь шаардлагатай тохиолдолд ажилтнаа дуудаж ажиллуулах эрхтэй хэдий ч цалин хөлсийг тооцож олгохдоо хяналт тавих эрх бүхий албан тушаалтнуудын хяналтгүй үйл ажиллагааны улмаас дээрх маргаан бүхий асуудал үүссэн байх бөгөөд үүнд Д.Бг буруутгах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл ажилтанд цагийн тооцоог хянах үүрэг байхгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Д.Бг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажлын 90 хоногийн олговор 8 729 370 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Бгийн цалинг нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаанаас /хх-ийн 10/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 2 085 349 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар/ цалин авсан байх ба 90 өдрийн /2 085 349:21,5= 96 993 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 8 729 370 төгрөгөөр /96 993 х 90 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Харин ажил хүлээлцсэн хугацааны өдрийн цалин болох 61 052.63 төгрөг, нэмэгдэл 195 368.42 төгрөг, хоол унааны хөнгөлөлт 4 000 төгрөг дутуу бодож олгосон нийт **0 421.05 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүйгээр суутгасан цалин 498 932 төгрөгийг буцаан олгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байх ба ажил хүлээлцсэн өдрийн цалинг дутуу олгосон гэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Б/*** тоот тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2021 оны 06 сарын 21-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ Газрын 2-р баазын санхүү бүртгэлийн албаны санхүүгийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 8 729 370 төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ Газраас гаргуулан Д.Бд олгож, ажил хүлээлцсэн хугацааны өдрийн дутуу бодож олгосон цалинд нийт **0 421.05 төгрөгийг, үндэслэлгүйгээр суутгасан цалин 498 932 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ Газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ Газраас улсын тэмдэгтийн хураамжинд 154 620 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 763 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ