Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00096

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00096

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02584 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, дутуу олгосон цалин, нэмэгдэлд 260,421.05 төгрөг, үндэслэлгүй суутгасан 498,932 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ, Ц.Баясгалан, Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Ажил олгогч нь тушаалдаа ажилтан ямар зөрчил гаргасан болохыг тодорхой зааж, энэ тухайгаа танилцуулах учиртай бөгөөд ажлаас халж буй шалтгааныг нэхэмжлэгчид танилцуулаагүй, ямар зөрчил гаргасныг тушаалд нэрлэн заагаагүйгээс ямар шалтгаанаар ажлаас халагдсанаа мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасныг тушаалд дурдаагүй. Хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан ба данс бүртгэлийн болон эрх мэдлээ хэтрүүлсэн ямар алдааг, хэзээ гаргаснаа мэдэхгүй, ийм алдаа гаргаагүй. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-т зөрчил гаргасан ажилтны асуудлыг тухайн нэгжийн удирдлага ЗУХНХэлтэст гаргах ба уг хэлтсээс зөрчлийг нягтлан тогтооно гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч нар намайг 2019 онд өөр дээрээ 2 өдрийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал 220,285 төгрөг, 2020 онд 2 хоногийн цалин унаа хоолны хөнгөлөлт үр дүнгийн шагнал нийт 216,950 төгрөг тус тус илүү бодож шилжүүлж авсан ба дээрх асуудлыг 2018 онд гаргаж байсан гэж тайлбар гаргасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 онд тухайн үеийн захирал Г.Төмөрбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны Б/351 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсанаас миний бие 1 сарын шагналт цалингаа авч чадаагүй. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан боловч захирал Г.Төмөрбаатар болон хуулийн зөвлөх Ц.Баясгалан нар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/529 тоот тушаал гаргаж сахилгын арга хэмжээ авсан тушаалаа хүчингүй болгосон тул эвлэрэн хэргийг хэрэгсэхгүй болсон. Ингээд тухайн сарын цалин дээр өмнө нь аваагүй шагналт цалин бодогдсоныг гаргасан тушаалын хамт цалингийн баримтад хавсаргасан. Баазын захиргаа хүний нөөцийн албанаас тухайн сард ажилласан хүмүүсийн ажилласан цагийг нүүр уншилттай тулган сарын эцэст түүвэрлэн гаргаж батлуулдаг нь цалин бодох үндсэн баримт болдог ба үүнийг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4,8.1.8-д тодорхой заасан. Ахлах нягтлан бодогчийн хувьд цаг батлах, баталсан цагийг хянах, эдийн засагчийн хянасан цагийг өөрчлөх, цалин шилжүүлэх эрх байхгүй бөгөөд зөвхөн батлагдсан цагийн бүртгэлд тулгуурлан цалин бодож, түүнийгээ хянуулахаар ерөнхий нягтлан бодогчид илгээдэг үүрэгтэй. Хариуцагчийн тайлбарт дурдсанаар 2019 оны 9 сард эдийн засагч Д.Батболд нь миний цалин бодох цагийг 15 хоног 120 цагаар баталсан байгаагаас миний бие 15 хоног 120 цагаар цалин бодсон, өмнөх сарын батлагдсан 16 хоног 128 цагийн цалин аваагүй байна. Тухайн сарын нэмэгдэл 40+10%-ийн цалинг ерөнхий нягтлан бодогч болон захирал бүрэн эрхийн хүрээнд шийддэг. Мөн 2020 оны 12 сард эдийн засагчийн баталснаар 21 хоног 168 цагаар цалин бодохоос 15 хоног 120 цагаар цалин бодогдсон. 6 хоногийн цалин давхардсан тул хасахдаа тооцооны алдаа гаргаснаас 50 000 төгрөгийн илүү шагналт цалин бодогдсоныг 2021 оны 04 сарын цалингаас аудитын зөвлөснөөр буцаан суутгасан. Иймд ЗТН- ОНӨААТҮГ-ын 2-р баазын санхүү бүртгэлийн албаны санхүүгийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн ажил хүлээлцсэн хугацааны өдрийн цалин болох 61,052.63 төгрөг, нэмэгдэл 195,368.42 төгрөг, хоол унааны хөнгөлөлт 4,000 төгрөг дутуу бодож олгосон бүгд 260,421.05 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүйгээр суутгасан цалин 498,932.00 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, үндэслэлийн агуулга: Д.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/305 дугаар тушаалаар данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн. Д.Б- нь 2019 онд өөр дээрээ 2 өдрийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал нийт 220,285 төгрөг, 2020 онд мөн өөр дээрээ 2 хоногийн цалин, унаа хоолны хөнгөлөлт, үр дүнгийн шагнал нийт 216,950 төгрөг, нийт 437,235 төгрөгийн цалин өөр дээрээ нэмж бодож шилжүүлж авсан. Дээрх үйлдлийг 2018 онд гаргаж байсан ба буруутай үйлдлээ засах боломж олгож байхад давтан үйлдэж байгаа нь санхүүгийн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэхээр байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу түүний гаргасан буруутай үйлдлийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болсон Санхүү, бүртгэлийн хэлтсийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд хэлтсийн хуралд Д.Б- өөрийн биеэр оролцож гаргасан зөрчлийн талаар тайлбар өгсөн ба энэ тухай хэлтсийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Уг зөрчил 2020 оны жилийн эцсийн аудит хийсэн Мэдээлэл аудит ХХК-ийн шалгалтаар илэрсэн ба Д.Б- нь тооцооллын алдаа гаргасан байна гэдэг тайлбар өгч байсан. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар түүний гаргасан ноцтой зөрчлийг хэлэлцсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хэлтсийн хурлаас гарсан хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэр хэвээр үлдсэн. Иймд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/305 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-г ЗТН- ОНӨААТҮ Газрын 2-р баазын санхүү бүртгэлийн албаны санхүүгийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 8 729 370 төгрөгийг хариуцагч ЗТН- ОНӨААТҮ Газраас гаргуулан Д.Б-д олгож, ажил хүлээлцсэн хугацааны өдрийн дутуу бодож олгосон цалинд нийт 260 421.05 төгрөг, үндэслэлгүйгээр суутгасан цалин 498 932 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ЗТН- ОНӨААТҮ Газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЗТН- ОНӨААТҮ Газраас улсын тэмдэгтийн хураамжинд 154 620 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 763 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх дундаж цалин хөлсийг зөв бодсон боловч ажилгүй байсан хугацааг 90 хоног гэж буруу тооцсон. Мөн 498,432 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл тодорхой бус тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажилгүй байсан 112 хоногийн олговорт нийт 10,863,216 төгрөг, үндэслэлгүй суутгасан 498,432 төгрөг, нийт 11,361,648 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх ажилгүй байсан хоногийг 90 хоног гэж тооцсон, бид тооцож үзэхэд 109 хоног байсан. Гэхдээ энэ нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зүйл биш. 498,932 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг тухайн сард нь илрүүлэх болон хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч 2019 онд 250 хоногийг 252 хоногоор тооцон цалин бодсон, 2020 онд 249 хоногийг 251 хоногоор цалин бодож авсныг ахлах эдийн засагч илрүүлсэн байдаг. Энэ зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан бол ноцтой зөрчилд тооцно гэж талууд тохиролцсон тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлс, олговрыг бодохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хэргийн 129, 131, 139 дүгээр талд авагдсан 2018, 2019, 2020 аудитын дүгнэлт, явцын болон гүйцэтгэлийн тайлан зэрэг баримтаар ямар ч алдаа дутагдалгүй, зөрчилгүй гэх дүгнэлтүүд гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны талаар дүгнэлт хийхдээ ажилтны ажилгүй байсан хугацааг буруу тооцсон алдаа гаргасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг ханган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, харин ажилтныг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-т холбогдуулан тус байгууллагын 2-р баазын санхүү бүртгэлийн албаны санхүүгийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,121,824 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, ажил хүлээлцсэн хугацааны өдрийн цалин болох 61,052.63 төгрөг, нэмэгдэл 195,368.42 төгрөг, хоол унааны хөнгөлөлт 4,000 төгрөг буюу дутуу бодож олгосон нийт 260,421.05 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгасан цалин 498,932.00 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Ажил олгогч ЗТН- ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/305 дугаар тушаалаар ажилтан Д.Б-г ажлаас чөлөөлөхдөө ...хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.1.4, 5.1.6, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.6 дахь заалтуудыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-5/

 

Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн талаарх гомдлоо шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 21ий өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан.  

Хариуцагч нь Д.Б-г 2019 онд 250 хоногийг 252 хоногоор тооцон цалин бодсон, 2020 онд 249 хоногийг 251 хоногоор цалин бодож авсныг ахлах эдийн засагч илрүүлсэн байдаг. Энэ зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан бол ноцтой зөрчилд тооцно гэж маргадаг. /хх-20/

5. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүний нөөцийн хэлтсээс тухайн сард ажилласан ажилтны цалинг тулгаж, сарын эцэст эдийн засагчаар батлуулснаар уг баримт ажилтны цалинг бодох үндсэн баримт болдог гэх тайлбараас үзэхэд ажилтныг хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан үндэслэл зааж, хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчилд хамааруулан ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Б- нь цалин хөлс тооцож олгох буюу уг үйлдэлд хяналт тавих эрх бүхий этгээд биш байхаас гадна ажлын цагийн тооцоог хянах үүрэггүй байх тул түүнийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримталж ажилтны дундаж цалин хөлсийг өдрийн 96,993 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч ажилгүй байсан хугацааг нь буруу тооцсон байна.

Харин ажилтны цалин хөлсийг үндэслэлгүй суутгасан, цалин дутуу олгосон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх дутуу бодож олгосон цалин 260,421 төгрөг, үндэслэлгүй суутгасан 498,932 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь ажлаас халагдсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 109 хоног ажилгүй байсан байна. Иймд уг хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,572,237 төгрөгийг хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-аас гаргуулах нь зүйтэй байна. Энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02584 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 8 729 370 гэснийг 10,572,237 гэж, 3 дахь заалтад 154,620 гэснийг 184,105 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 57,067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн 154,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЦОГТСАЙХАН