Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02445

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02445

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: .......... дүүрэг, ... дүгээр хороо, ..... дүгээр гудамж, ... тоот хаягт оршин суух Б овогт Д.М /......./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ дүүрэг, . дүгээр хороо, ..... гудамж, ....... хотхон ... дугаар байр, .. тоот хаягт оршин суух Б овогт С.Ц /......./,

Хариуцагч: ...... аймаг, ..... сум, ........ баг, ........ хороолол ... дүгээр байр, ...... тоот хаягт оршин суух Б овогт Н.Б /...../ нарт холбогдох

10 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авав.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2017 онд С.Цд өөрийн өмчлөлийн Хово маркийн автомашиныг заруулахаар өгсөн. С.Ц нь Хово маркийн автомашиныг зарж борлуулсан мөнгөө бүрэн шилжүүлэлгүй Ланд круйзер 100 маркийн автомашин наймаанд оруулж хуурч мэхэлсэн. Хуурч мэхэлсэн гэм хэргийн шинжтэй асуудлыг 2018 оноос хойш Баянгол дүүргийн цагдаа, прокурорын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, шалгуулж, хэрэг хэрэгсэхгүй болж, Улсын ерөнхий прокуророос сэргээгдэж 2 жил шалгагдсаны эцэст 2020.03.09-ний өдөр хэрэг дахин хааж энэхүү шийдвэрт нь гаргасан гомдлыг 2020.06.12-ны өдрийн ..... дугаартай мэдэгдэх хуудсаар татгалзаж шийдвэрлэснээр эрүүгийн хэрэг маргаан дуусгавар болсон. Эрүүгийн хэрэгт тогтоогдсоноор С.Ц нь Хово маркийн автомашиныг 43 000 000 төгрөгөөр Б.П гэх хүнд зарж борлуулсан ба Ланд круйзер 100 маркийн автомашиныг С.Ц нь 2016.01.19-ний өдрөөс 3 удаа өөрийн нэр дээр бүртгүүлж, бусад үед нь зээлийн барьцаанд байсан талаар түүхчилсэн лавлагаа өгсөн байдаг. Тийм учраас С.Ц Хово маркийн автомашины үлдэгдэл 6 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. С.Цгийн 25 000 000 төгрөгийн зөрүүнд авсан гэх Ланд круйзер 100 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн хамт ажилладаг Н.Б гэдэг хүнд 22 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож 10 000 000 төгрөгийг Н.Баас бэлнээр авч, үлдэгдэл 12 000 000 төгрөгийг Н.Б нь өөрийн өмчлөлийн Митцубиши Аутланд автомашиныг зарж мөнгийг нь өгнө гэх үед С.Ц нь 2-3 өдөрт зараад мөнгийг чинь гаргаад өгнө гэж итгүүлэн өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч худалдсан. Машины үнэ 12 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг өгч 4 000 000 төгрөгийг өгөөгүй. Өгөхгүй байгаа шалтгаанаа Н.Быг эд хөрөнгийн доголдолтой машин өгснөөс болсон. Засвар үйлчилгээ хийж өөрөөсөө мөнгө гаргасан гэж тайлбарладаг ба үүнтэй холбоотой баримтуудыг эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн, энэ талаар өөрсдөө болон гэрчүүд мэдүүлэгтээ дурдсан байдаг учраас дутуу төлөгдсөн 4 000 000 төгрөгийг Н.Б өөрөө хариуцах ёстой. Иймд хариуцагч С.Цгоос Хово маркийн машины үлдэгдэл 6 500 000 төгрөг, хариуцагч Н.Баас Ланд круйзер 100 маркийн машины төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  2017.7 сарын дундуур орчим Д.М нь над руу залгаж Хятадуудад Хово маркийн автомашин авахдаа хулхидуулчихлаа. Угсарсан автомашин өгчихсөн байна. Авто тээвэр дээр бичиг баримтаар тэнцэхгүй байна. Дүү зохицуулаад хэдэн төгрөг ч байсан хамаагүй зараад өгчих гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд танил н.Ц нь 500 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж, зар тавиад 42 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Ингэхдээ Ланд круйзер 100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгт бодон авч, үлдэгдэл 15-18 орчим сая төгрөгийг машин авсан хүн цувуулж өгөхөөр болсон. Худалдан авсан хүн нь Баянхонгор авч явж байхад эвдрээд араас нь дахин очиж 1 сая гаруй төгрөгөөр засвар хийж өгсөн. энэ байдлыг бас Д.Мт хэлж байсан. Д.М нь Н.Баас авсан Митцубиши Аутландер маркийн автомашиныг надад өгч заруулахаар болсон. Ингээд дээрх автомашиныг хүлээн авахад ABS төхөөрөмж нь ассан, мост ажиллахгүй, ус нь тургисан байдалтай байхаар нь Н.Б руу залгаж байдлыг хэлэхэд би өөрөө унаж ирээгүй, эхнэр төрөх гээд би завгүй байна гээд олигтой яриагүй. Тэгээд автомашиныг угаалгын газар луу авч явахад хроп нь дуугараад явж болохгүй байна гэж хэлэхэд Н.Б Би усанд живүүлээд, гаргаж ирсэн юм. Урд редуктерийг засуулаад шууд авчирсан юм гэж хэлсэн. Ингээд уг байдлыг Д.Мт өөрт нь хэлэхэд өөрөө засуулаад өгье гэж хэлсэн. С.Ц нь автомашиныг заръя гэж бодож байсан боловч эд ангиуд нь өдөр ирэх тусам эвдрээд байсан учраас зарж болохгүй, эвдэрсэн эд анги болгоныг засаж, янзалж энэ байдлыг дүрс зургаар баталгаажуулж, Д.М, Н.Б нар луу явуулдаг байсан. Ингээд автомашинд 4 сая орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийж, Ганхөлөг гэдэг хүнээр дамжуулж байж 11 000 000 төгрөгөөр зарсан. Энэ байдлыг Д.Мт хэлэхэд зөвшөөрсөн боловч машин зарсны дараа 12 000 000 төгрөгийг надаас нэхэж эхэлсэн. Мөн машин зарж байхад хроп нь эвдрээд шинээр 2 000 000 төгрөгөөр авсан. Митцубиши Аутландер маркийн автомашиныг зарсан 11 000 000 төгрөгийн 8 000 000 төгрөгийг Д.М луу дансаар нь өгч 3 000 000 төгрөгт бусад сэлбэгт зарцуулсан. Энэ талаар Д.Мт хэлэхэд өөрөө зөвшөөрсөн. Намайг өгөх ёстой гээд байгаа нийт мөнгөний 5 500 000 төгрөгийг машины засварт зарцуулсан. Миний хувьд 6 500 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэв.

Хариуцагч Н.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь уг машины төлбөрийг бүрэн барагдуулсан. 2017 оны 10 сард Мөнхбаатараас Ландкруйзер-100 маркийн хар өнгийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 10 000 000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, үлдэгдэл 12 000 000 төгрөгийн төлбөрт өөрийн Митцубиши Аутландер маркийн автомашиныг өгсөн. Ингээд өр төлбөр дууссан. Уг машиныг Цд хүлээлгэж өгсөн гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.М хариуцагч С.Цгоос Хово машины үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөг, хариуцагч Н.Баас 4 000 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг тус тус гаргуулахаар шаарджээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Цгоор Хово маркийн автомашиныг засаж янзлуулж, 42 000 000 төгрөгөөр заруулахаар тохиролцож, улмаар хариуцагч нь уг автомашиныг зарж, 22 000 000 төгрөгийн төлбөрт Ланд круйзер-100 маркийн автомашиныг авч, 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн асуудлаар талууд тайлбар гаргажээ.

Үүний дараа нэхэмжлэгч Д.М нь Ланд круйезер-100 маркийн автомашиныг хариуцагч Н.Бд 22 000 000 төгрөгөөр зарж, 10 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 12 000 000 төгрөгт Н.Бы эзэмшлийн Митцубиши Аутландер маркийн автомашиныг авсан асуудлаар талууд маргаагүй байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Цг залилан мэхэлсэн үндэслэлээр эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан байх ба 2020.03.09-ний өдрийн 759 дугаар Баянгол дүүргийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх бөгөөд тогтоолд дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч Д.Мын хохирогчоор, хариуцагч Н.Б, С.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлэгүүд тус тус тусгагдсан байна./хх-ийн 4-7/

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц нь Хово маркийн машины үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна. мөн хариуцагч Н.Б нь ...машины дутуу төлбөр 4 000 000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулна. гэснийг хариуцагч С.Ц ...Хово маркийн машин нь бичиг баримтын болон эд ангийн доголдолтой байсан засвар үйлчилгээ хийж өгсөн боловч авсан хүн нь Баянхонгор аймаг руу явж байгаад эвдэрлээ гэхэд нь очиж засаж янзалж өгсөн, мөн Митцубиши Аутландер машины хропыг янзалж өгсөн бөгөөд уг машинуудыг засахад гарсан зардлыг тухайн үед нь Д.Мт хэлж байсан бөгөөд өөрөө зөвшөөрч байсан. ... нийт мөнгөний 5 500 000 төгрөгийг машины засварт зарцуулсан. гэж, хариуцагч Н.Б нь ... Д.Маас Ландкруйзер-100 маркийн хар өнгийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 10 000 000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, үлдэгдэл 12 000 000 төгрөгийн төлбөрт өөрийн Митцубиши Аутландер маркийн автомашиныг өгсөн. Ингээд өр төлбөр дууссан. гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Д.М хариуцагч С.Ц нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй. гэж заажээ.

Дээрхээс дүгнэхэд талууд дээрх Хово маркийн автомашины болон Митцубиши Аутландер маркийн автомашины засвар үйлчилгээг болон төлбөрийн асуудлыг хэрхэн дүгнэсэн болон гэрээний үүрэгт гарсан зайлшгүй зардлыг хэрхэн тооцсон зэрэг нь маргаантайгаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч Д.М хариуцагч Н.Б нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.гэж заажээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч Н.Б нь гэрээний зүйл болох Ланд круйезер-100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.Маас худалдан авч, 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 12 000 000 төгрөгт Н.Бы эзэмшлийн Митцубиши Аутландер маркийн автомашиныг авсан асуудлаар талууд тайлбар гаргасан байх ба энэ нь хариуцагч Н.Быг гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Цгоос 6 500 000 төгрөг, хариуцагч Н.Баас 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ