Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00183

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00183

 

 

Д.Мын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02445 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б, С.Ц нарт холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

1.а. Д.М нь 2017 онд С.Цд Howo маркийн автомашиныг заруулахаар өгсөн. С.Ц нь уг автомашиныг зарж борлуулахдаа Land Cruiser 100 маркийн автомашиныг оролцуулсан боловч төлбөрийг бүрэн шилжүүлээгүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 759 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. С.Ц нь Howo маркийн автомашиныг 43,000,000 төгрөгөөр Б.Пүрэвнямд худалдаж 25,000,000 төгрөгийн төлбөрт Land Cruiser 100 маркийн автомашиныг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 3 удаа өөрийн нэр дээр бүртгүүлж зээлийн барьцаанд тавьж байсан. С.Цгоос Howo маркийн автомашины үлдэгдэл 6,500,000 төгрөгийг гаргуулна.

1.б. С.Ц 25,000,000 төгрөгийн төлбөрт Land Cruiser 100 маркийн автомашиныг Н.Бд 22,000,000 төгрөгөөр худалдаж 10,000,000 төгрөгийг бэлэн авч, үлдэгдэл 12,000,000 төгрөгт Mitsubishi Outlander маркийн авсан. Уг автомашиныг С.Ц нь 2-3 өдөрт зараад мөнгийг нь өгнө гэж итгүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч худалдсан 12,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөөгүй. Өгөхгүй байгаа шалтгаанаа Н.Быг эд хөрөнгийн доголдолтой автомашин өгснөөс болсон, засвар үйлчилгээ хийж өөрөөсөө мөнгө гаргасан гэж тайлбарладаг ба үүнтэй холбоотой баримтуудыг эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн. Энэ талаар өөрсдөө болон гэрчүүд мэдүүлэгтээ дурдсан. Иймд Н.Баас Land Cruiser 100 маркийн автомашины төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч С.Цгийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Д.М нь 2017 оны 07 дугаар сард ... Howo маркийн автомашин авахдаа хулхидуулчихлаа, угсарсан автомашин өгчихсөн байна. Авто тээвэрийн газарт бичиг баримтаар тэнцэхгүй байна, зараад өгчих... гэхэд нь зөвшөөрсөн. н.Цэрэнтогтох 500,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж 42,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Land Cruiser 100 маркийн автомашиныг 22,000,000 төгрөгт тооцож, үлдэгдэл төлбөрийг автомашин авсан хүн цувуулж өгсөн. Нowo маркийн автомашиныг худалдан авсан хүн Баянхонгор авч явж байхад уг автомашин эвдэрсэн гэсэн тул араас нь очиж 1 сая гаруй төгрөгөөр засвар хийж өгсөн. Үүнийг Д.Мт хэлж байсан.

2.б. Д.М нь Mitsubishi Outlander маркийн автомашиныг заруулахаар болсон. Уг автомашиныг хүлээн авахад ABS төхөөрөмж нь ассан, мост ажиллахгүй, ус нь тургисан байсан тул Н.Б руу залгаж байдлыг хэлэхэд ... би өөрөө унаагүй, эхнэр төрөх гээд завгүй байна ... гэсэн. Мөн автомашины хроп нь дуугараад явж болохгүй байна гэж хэлэхэд Н.Б ...усанд живүүлсэн юм. Урд редуктерийг засуулаад шууд авчирсан... гэж хэлсэн. Автомашинд 4 сая орчим төгрөгийн засвар хийж 11,000,000 төгрөгөөр зарсан. Үүнийг Д.М зөвшөөрсөн боловч автомашин зарсны дараа 12,000,000 төгрөгийг нэхсэн. Мөн автомашин зарж байхад хроп нь эвдрээд шинээр 2,000,000 төгрөгөөр авсан. Mitsubishi Outlander маркийн автомашиныг зарсан 11,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөгийг Д.М руу дансаар шилжүүлсэн. 3,000,000 төгрөгийг сэлбэгт зарцуулсан. Энэ талаар Д.Мт хэлэхэд зөвшөөрсөн. Нийт төлбөрөөс 5,500,000 төгрөгийг автомашины засварт зарцуулсан тул 6,500,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч Н.Бы татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Автомашины төлбөрийг бүрэн төлсөн. 2017 оны 10 дугаар сард Д.Маас Land Cruiser 100 маркийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 12,000,000 төгрөгийн төлбөрт Mitsubishi Outlander маркийн автомашиныг өгсөн. Уг автомашиныг С.Цд хүлээлгэн өгсөн гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Цгоос 6,500,000 төгрөг, хариуцагч Н.Баас 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тайлбарласан. С.Ц Howo маркийн автомашиныг 42,000,000 төгрөгөөр зарсан талаар зөвшөөрсөн тайлбар гаргасан. Уг автомашины үнээс 33,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан асуудалд эрүүгийн хэрэгт шалгасан. С.Ц нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш Land Cruiser 100 маркийн автомашиныг Howo маркийн автомашиныг зарсны төлбөрт авсан гэж нэхэмжлэгчийг хохироох нөхцөлийг бүрдүүлсэн. С.Цгоос Howo маркийн автомашины төлбөр 12,000,000 төгрөгт Mitsubishi Outlander маркийн автомашин авч зараад мөнгийг нь өгнө гэж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Гэтэл шүүх Д.М нь Н.Баас Mitsubishi Outlander маркийн автомашиныг 12,000,000 төгрөгт тооцож авсан гэж талуудын хооронд үүссэн харилцааг буруу тайлбарласан. Д.М нь автомашин шилжүүлэн аваагүй. Н.Бтай тохиролцсоны дагуу үлдэгдэл 12,000,000 төгрөгийг тэрээр төлөх ёстой.

Шүүх Д.М, С.Ц нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэг, 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт дурдсаныг үндэслэн Howo маркийн автомашиныг 42,000,000 төгрөгөөр худалдсан, Land Cruiser 100 маркийн автомашины үнэ 22,000,000 төгрөгийн үнийн дүнгээс төлөгдсөн дүнг хасаж үлдэгдэл төлбөрийг тооцох боломжтой байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Н.Б С.Цд автомашин заруулахаар нэрийг нь шилжүүлэн өгсөн. Н.Б нь С.Цд бүрэн бүтэн автомашин өгсөн гэж эрүүгийн хэрэгт шалгагдах үед мэдүүлэг өгсөн атлаа иргэний хэрэгт өөр агуулгатай тайлбар гаргасан. Мөн Баянгол дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн автомашины түүхчилсэн лавлагаа нь шаардлага хангахгүй байсан тул дахин авах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Автомашины түүхчилсэн лавлагааг гаргаснаар нэхэмжлэгч шаардлагаа нотлох боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч залилан мэхлэх үндэслэл тогтоогдоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн журмаар шалгагдах үед маргааны зүйл болох хоёр автомашинд засвар үйлчилгээ хийсэн талаар баримтууд авагдсан. Эдгээр баримтуудыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан боловч шүүх хангаагүй. Д.М, Н.Б нар хөдөө орон нутагт хамт ажилладаг тул итгэмжлэл олгосон. Дээрх байдлаар хоорондоо ярилцаж тохиролцсон. Д.М нь Howo маркийн автомашиныг зараад өгөөч гэж гуйсны дагуу автомашиныг худалдан борлуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Цд холбогдуулан Howo маркийн автомашины үлдэгдэл төлбөр 6,500,000 төгрөг, хариуцагч Н.Бд холбогдуулан Mitsubishi Outlander маркийн автомашины үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч С.Ц нь нэхэмжлэгч Д.Мын хүсэлтээр түүний Howo маркийн автомашиныг бусдад 42,000,000 төгрөгөөр худалдаж Land Cruiser 100 маркийн автомашиныг 25,000,000 төгрөгт тооцож авсан. Гэвч Howo маркийн автомашин эвдрэлтэй байсан тул бусдад худалдсаны дараа 1,000,000 төгрөгийн засвар хийж өгсөн, Н.Бд Land Cruiser 100 маркийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр худалдаж Mitsubishi Outlander маркийн автомашиныг 12,000,000 төгрөгт тооцож авсан боловч уг автомашин засварлахын тулд 4 сая орчим төгрөг зарцуулсан гэж тайлбарласан байна.

 

Иймд талуудын тайлбарт дурдсан автомашинууд нь эвдрэлтэй байсан эсэх, засварын зардлыг хэн ямар үндэслэлээр хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 759 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолтой хэргээс гэрч асуусан мэдүүлгүүдийг нотлох баримтаар гаргуулах, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Автотээврийн үндэсний төвөөс маргааны зүйл болсон 2 автомашины түүхчилсэн лавлагааг гаргуулах тухай хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2021/13186 дугаар захирамжаар хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. (хх-ийн 77, 92-94)

 

Хэрэг бүртгэлийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс гадна автомашины засварын баримтууд тухайн хэрэгт байгаа талаар тайлбарласан (хх-ийн-65), мөн автомашины түүхчилсэн лавлагаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хавсаргасан хуулбар нь уншигдахгүй бүдэг байна. Иймд хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

3. Маргааны зүйл, түүнд хамаарах хэргийн үйл баримтыг талуудын гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт цугларсан нотлох баримтын үндсэн дээр тодорхойлж, улмаар тухайн маргааныг зохицуулсан хуулийг хэрэглэж, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх нь шүүхийн үндсэн чиг үүрэг байтал анхан шатны шүүх .... талууд ... маргаантайгаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Цгоос Howo маркийн автомашины үлдэгдэл төлбөр 6,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч бэлнээр болон дансаар хэдэн төгрөг хэнээс хүлээн авсан нь тодорхой бус байхаас гадна хариуцагч Н.Бы хариуцагч С.Цд шилжүүлсэн гэх Mitsubishi Outlander маркийн автомашины үнийн үлдэгдэл гэж Н.Баас 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа үндэслэлийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, уг автомашиныг хариуцагч С.Цд шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн эсэх нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

4. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 182,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ