Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0153

 

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0153

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүргийн 0 дүгээр хороо, Б гудамж, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух С.Д

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/509 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Ч.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Миний бие 1990 онд Анагаах ухааны дээд сургуулийг Эрүүл ахуйч, их эмч мэргэжлээр төгсөөд улсад 28 жил, улсын байцаагчаар 22 жил ажиллахдаа төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн үнэлүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж ирсэн бөгөөд ямар нэг ёс зүйн болон мэргэжлийн алдаа, дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/508 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээрх тушаал нь бодит үйл баримт болон нотлох баримтад тулгуурлаагүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан аль үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан талаар тушаалын үндэслэлд тусгаагүй. Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/08 тоот дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл Ёс зүйн хороо нь зөрчлийг шалгаж тогтоох, нотлох баримтад үндэслэхгүйгээр байгууллага доторх ажилчдын хов живд үндэслэн дүгнэлт гаргасан. Тухайлбал, хэлтсийн дарга Б.А руу нулимсан, бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, өөртөө чөлөөний хуудас бичиж чөлөө олгосон зэрэг нь холбогдох нотлох баримт, материал болон өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаар нотлогдсон гэх дүгнэлт нь зөрчлийн шинж чанартай тохироогүй, С.Д нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж, баримтаар тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл хэлтсийн дарга Б.А нь Ёс зүйн хороонд хандаж 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэлтсийн дарга зохих арга хэмжээ авсны төлөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөртөө чөлөөний хуудас бичиж чөлөө олгосон, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ...нулимсан, бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон гэх үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд Ёс зүйн хороо гомдлыг шалгаж тогтоогоогүй, баримтад үндэслээгүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг зөрчиж, хугацаа хэтэрсэн байхад зөрчил нь нотлогдсон гэж үзэж дүгнэлт гаргаж, сахилгын шийтгэл ногдуулсан.

Хариуцагчийн зүгээс нэг өдрийн цалин хасах, цалингийн хувь хасах сахилгын шийтгэл ногдуулах зэргээр давхардуулан хэд хэдэн арга хэмжээг авсан нь үндэслэлгүй.

Иймд шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг хамгаалсан, сэргээн тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ёс зүйн хороонд гомдол гаргасан бөгөөд гомдолдоо ...улсын ахлах байцаагч С.Д-ын төрийн байгууллагын албан өрөөнд удирдлага руугаа дайрч давшилж, доромжилсон, нулимсан үйлдлийг ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэн тус байцаагчид холбогдуулан гомдол, хүсэлт гаргасан байна. Улсын байцаагч С.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэлтсийн шуурхай хурал хийх үед ажилдаа ирээгүй байсныг нягтлахад чөлөө олгох албан бланк дээр чөлөө хүссэн хүсэлт бичиж үлдээгээд удирдлагын зөвшөөрөлгүй өөртөө чөлөө өгөн дур мэдэн ажил тасалсан байсан бөгөөд Ёс зүйн хороо 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар хуралдаанаар дээрх гомдлыг хэлэлцсэн ба Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Д нь хэлтсийн дарга Б.А руу нулимсан, бүдүүлэг хэллэгээр доромжилсон, өөртөө чөлөөний хуудас бичиж чөлөө олгосон болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дотоод журмын 3.2.14-д Хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд харьяалах хэлтсийн даргад 24 цагийн буюу 1 хоногийн өмнө заавал мэдэгдэж байна, 6.4-д Ажилтны хүсэлтийг үндэслэн хэлтсийн дарга 2 хүртэл ажлын өдрийн ... чөлөөг энэхүү журмын наймдугаар хавсралтаар баталсан чөлөөний хуудсаар олгоно гэж заасныг зөрчсөн болох нь холбогдох баримт, материалаар нотлогдсон ба Ёс зүйн хорооны хуралдааны үеэр чөлөөний хуудас дээр өөрөө гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Ёс зүйн хорооны хуралдаан дээр удирдлагаа үл хүндэтгэсэн үг хэллэг хэрэглэж харьцсан, гомдол гаргагч талтай маргаан үүсгэсэн, маргалдсан, хурлын дарга, гишүүдийг үл хүндэтгэж, хурлын дэгийг сахиагүй зэрэг үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь заалтад заасан нийтлэг үүрэг, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.2.1-д Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах, 5.4.4-д Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм-ийн 6.1.1-д Мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдмэл удирдлагын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, дээд байгууллага, албан тушаалтнаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх, 6.1.4-д Хамт олны эвсэг, нөхөрсөг, бүтээлч байдлыг эрхэмлэж, зан төлөвийн муу зуршил, дутагдал гаргахгүй байх, 6.1.12-д Мэдлэг, ур чадвар, ажилдаа хандах хандлага, шийдвэр гаргалт, үйл хөдлөл, үг яриа, харилцааны соёл, биеэ авч явах байдлаараа бусдад үлгэр дууриалал үзүүлж, манлайлж ажиллах гэж заасан ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж үзэж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 07/08 тоот дүгнэлт гаргасан. Ёс зүйн хороо нь хууль, журамд заасан хянан шалгах эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбар мэдүүлэг, нотлох баримтыг гаргуулан авч, бүрэн шалгасан.

Ёс зүйн хорооны 2018 оны 07/08 тоот дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/509 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад зааснаар түүний албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 214 тоотод С.Д-той биечлэн уулзаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийж, тушаалыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагт Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хурлын зааланд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М.Баянмөнх уншиж танилцуулж, С.Д-т гардуулж өгсөн.

С.Д-ын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд нь 2018 оны 09 дүгээр сарын 11, 26-ны өдрүүдэд гарсан. Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гомдлыг Ёс зүйн хороо 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шалгах ажиллагааг явуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хурлаар хэлэлцэн 07/08 тоот дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал нь ёс зүйн зөрчил илэрснээс хойш 17 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан тул зөрчил гарсан гэх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 52 хоног, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 37 хоногийн дараа тушаал батлагдсан.

Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А-гийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гомдлын хувьд тухайн үед Ёс зүйн хорооны гишүүд нь хуульд заасан ээлжийн амралтаа авсан, гишүүдийн ирц хүрээгүй байсан. Мөн Ёс зүйн хорооны дарга өөр ажилд дэвшин томилогдсон тул дараагийн хурлаар хэлэлцэх шаардлагатай болсон. Ёс зүйн хороог 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/48 дугаартай тушаалаар шинэчлэн баталсан. Шинэчлэн байгуулагдсан Ёс зүйн хороо уг гомдлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан ба уг гомдлыг шалган судалж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хурлаар хэлэлцсэн. Зөрчил гаргасан гэх 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 131 хоног буюу 4 сар 9 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасан албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх төрийн жинхэнэ хаагчийн үүргээ биелүүлж, түүний зарим хууль бус үйлдлийн талаар ажил хэргийн хүрээнд хууль ёсны бөгөөд зүй ёсны шаардлага тавьсан гэж тайлбарлаж байгаа ч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасан дээрх үүргээ биелүүлэхдээ төрийн удирдах албан хаагч руу нулимж, баас, чацага, гөлөг, 20 саяар томилогдсон авилгачин, түй май, новш дурак гэж дайрч доромжилсон үйлдэл нь ажил хэргийн хүрээнд хууль ёсны бөгөөд зүй ёсны шаардлага тавьсан үйлдэл биш, харин ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн ёс зүйн зөрчил юм.

Мөн гэрч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ болохгүй юм яриад байсан болохоор авч гарахгүй бол болохгүй нь гэж бодсон гэж мэдүүлсэн. Байцаагчийг даргынхаа албан өрөөнд эмх замбараагүй байдал үүсгэсэн, авч гарахгүй бол болохгүй гэж бодол төртөл нь зүй бус, үл тоож харилцаж байсныг нотолж байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/509 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрхэд халдаагүй, ёс зүйн зөрчилд нь хуулийн дагуу авсан арга хэмжээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Улсын байцаагч С.Д нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн С.Д-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/509 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... уг тушаал нь хууль зөрчсөн, бодит үйл баримт болон нотлох баримтад тулгуурлаагүй. Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч Ёс зүйн хорооны дүгнэлт өөрөө нотлох баримтад тулгуурлаагүй, намайг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг баримтаар шалгаж тогтоогоогүй. Иймээс уг тушаал нь үндэслэлгүй бөгөөд ажилтан миний эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж, хариуцагч нь ...С. Д нь өөртөө чөлөөний хуудас бичиж, чөлөө олгосон, хэлтсийн дарга Б.А руу нулимсан, бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, ... хэлтсийн дарга зохих арга хэмжээ авсны төлөө Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь холбогдох нотлох баримтаар нотлогдсон ... Тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/509 дүгээр тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, Засгийн газрын 2017 оны Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгавар, Ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/08 дугаар дүгнэлт, тус газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.1.1-д заасныг тус тус үндэслэн С.Д-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А нь өөрийг нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасантай холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хороонд улсын ахлах байцаагч С.Д-ын ёс зүйн зөрчлийг шалгуулахаар гомдол гаргасан, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр улсын ахлах байцаагч С.Д-т холбогдуулан түүний төрийн байгууллагын албан өрөөнд удирдлага руугаа дайрч давшилж, доромжилсон ёс зүйн зөрчлийг дахин шалгуулахаар гомдол гаргасан, уг гомдлуудыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хороо 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хэлтсийн дарга Б.А руу нулимсан, бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, өөртөө чөлөөний хуудас бичиж чөлөө олгосон, хэлтсийн дарга зохих арга хэмжээ авсны төлөө Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэрэг зөрчил нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Д-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар 07/08 дугаар дүгнэлтийг[2] гаргажээ.

Дээрх Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь маргаан бүхий тушаалыг гаргасан үйл баримт тогтоогджээ.

Нэг: ... хэлтсийн дарга зохих арга хэмжээ авсны төлөө Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх зөрчлийн тухайд :

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.2-д Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж тус тус хуульчлан тогтоожээ. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахад түүний гаргасан зөрчил нь тогтоогдсон байх, хүлээлгэх хариуцлага нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байхыг хуульчилжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Д нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А-д холбогдуулан зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, ажлыг минь буруу дүгнэж, нэр хүндэд халдлаа гэсэн агуулга бүхий гомдол гаргасан, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь гомдлыг хянаж үзээд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас-аар[3] зөрчлийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар тус дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэн ... төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй гэж тус тус хуульчлан заажээ.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийн 3.5-д улсын байцаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж, стандарт, энэ дүрмээр тогтоосон ... ёс зүйн хэм хэмжээг санаатай болон санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг ойлгоно гэж заажээ.

Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь иргэний хувьд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байх бөгөөд ийнхүү гомдол гаргасныг Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтад заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13.1.5 дахь заалтад заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн буюу түүнийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна. Тодруулбал С.Д-ын дээрх зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

Хоёр: ... С. Д нь өөртөө чөлөөний хуудас бичиж, чөлөө олгосон, ... хэлтсийн дарга Б.А руу нулимсан, бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон гэх зөрчлийн тухайд:

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь Нийслэлийн Цагдаагийн газрын даргатай хамтран Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хамтран хийх тухай удирдамжийг[4] 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан байх бөгөөд уг удирдамжаар Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдаалж, үйлчилж буй газруудыг хамруулан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 7 хоногийн 1 өдөр нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулж явуулахаар, шалгалтын бүрэлдэхүүнийг хэлтсийн дарга нар тухай бүр томилж байхаар заажээ.

Дээрх удирдамжийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удирдамжийн хүрээнд ажиллах улсын байцаагчдын хуваарь, нэрсийг[5] гаргасан байх бөгөөд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ажилтан цагдаагийн ахмад З.Зундуй, У.Өмөрбек нартай хамтран Эмзэг цэг арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цаг хүртэл хяналт шалгалт явуулсан болох нь илтгэх хуудас[6], гэрч У.Өмөрбекийн мэдүүлэг[7] болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг үгүйсэхгүй байна.

Нэхэмжлэгч С.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шөнийн цагаар ажилласан хугацааг нөхөн амрахаар тус хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээс чөлөөний хуудас авч, чөлөөний хуудсыг[8] өөрөө бөглөж, /албан тушаал, гарын үсэг гэсэн хэсэгт өөрийн албан тушаал, гарын үсэг зурсан/ тус хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд өгсөн, тухайн өдрийн үдээс хойш хэлтсийн дарга эзгүй байсан, тухайн өдрийг ажил тасалснаар тооцож, түүний 1 өдрийн цалинг хассан, ажил тасалсан гэх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С.Д нь UB нэгдсэн төв лабораторид шинжилгээ өгсөн, С.Др нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цагийн бүртгэлд 1 хоногийг ажил тасалснаар бүртгэснээс шалтгаалж, хэлтсийн дарга Б.А-тай маргалдсан болох нь гэрч Б.А, Б.Ц, Б.О, О.Э нарын мэдүүлэг[9], цагийн бүртгэл[10], шинжилгээний бичиг[11] зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны А/10 дугаар тушаалаар батлагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 3.2.14-д Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд харьяалах хэлтсийн даргад 24 цагийн буюу 1 хоногийн өмнө заавал мэдэгдэж байна, 6.4-т Ажилтны хүсэлтийг үндэслэн хэлтсийн дарга 2 хүртэл ажлын өдрийн чөлөөг ... чөлөөний хуудсаар олгоно, 6.8-д Ажилтан өөрөө болон шууд асрамжид байдаг хүмүүсээ эмнэлэгт үзүүлсэн, амбулаториор эмчлүүлсний ... улмаас ажилдаа байгаагүй хугацааг ... эмчээс олгосон албан ёсны баримт, магадлагааг үндэслэн ажил тасалсанд тооцохгүй гэж журамлан заажээ.

Нэхэмжлэгч С.Д нь 1 хоногийн чөлөө авах өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, чөлөө авахаас 1 хоногийн өмнө чөлөөний хуудсыг бичиж, тус хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд өгсөн үйл баримттай талууд маргахгүй байх бөгөөд харин хариуцагч нь нэхэмжлэгчийг чөлөөний хуудасны албан тушаал, гарын үсэг, тэмдэг хэсэгт өөрийн албан тушаал, гарын үсгээ зурсан гэж маргаж байх бөгөөд энэхүү үйлдлийг Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь заалтыг зөрчсөн буюу ёс зүйн хэм хэмжээг санаатай зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хэлтсийн дарга руу нулимсан, бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон гэх зөрчил нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тодруулбал энэхүү зөрчлийг гаргасан эсэх талаар гэрч нар зөрүүтэй мэдүүлж байх бөгөөд энэхүү зөрчлийг баримтжуулсан дуу бичлэгийг шүүхээс шаардсан боловч шүүхэд гаргаж ирүүлээгүй, хариуцагч нь энэхүү бичлэгийг Ёс зүйн хорооны хуралдаанд танилцуулаад устгасан гэж тайлбарлаж байх тул дан ганц гэрч Б.Ц-ийн мэдүүлгээр энэхүү зөрчлийг тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь энэхүү зөрчил гаргасныг хангалттай шалгаж, тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс захиргааны байгууллага нь С.Д-ын гаргасан зөрчлийн шинж байдал, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалган тогтоохгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.

Тодруулбал хариуцагч нь хангалтгүй, дутуу шалгасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий тушаалыг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчлүүд нь нотолгоонд үндэслэх, зөрчил нь тогтоогдсон байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий тушаалдаа Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлаагүй байх бөгөөд хариуцагч нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Д-ын гаргасан гэх дээрх ёс зүйн зөрчил нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байх бөгөөд гаргасан зөрчлүүд нь нотлох баримтад үндэслэгдээгүй, хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг маргаан бүхий тушаалд тодорхойлон заагаагүй байх тул маргаан бүхий захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл маргаан бүхий тушаалаар С.Д-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/509 дугаар тушаалыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэгэнт нэхэмжлэгч С.Д-ын гаргасан гэх ёс зүйн зөрчил нь зөрчлийн шинжийг агуулаагүй, холбогдох нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ... хугацаа хэтэрсэн байхад сахилгын шийтгэл ногдуулсан, ... сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэсэн тайлбар, үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэж хуульд тусгайлан заасан бөгөөд нэхэмжлэгч С.Д нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч дээрх хуульд заасан сонгох боломжийн хүрээнд шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд хандахгүйгээр шууд шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн С.Д-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/509 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН