Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/02247

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/02247

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..... дүүрэг, ... дугаар хороо, ....., ****** эмнэлэг 4 давхарт байрлах ...........ХХК /РД:......../-ын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: ........ дүүрэг, ... дугаар хороо, ........ гудамж, ... байр, ... тоотод оршин суух Д.Т /РД:........./-д холбогдох

  Эмнэлэгийн үйлчилгээний төлбөр 23 123 976 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч М.М, харицуагч Б.Т, түүний өмгөөлөгч Б.А, шинжээч эмч  Э.Б/онлайнаар/, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ...........ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ...........ХХК-ийн ****** эмнэлэгт 2016 дугаар 08 сарын 01-ний өдөр Р.Т болон түүний асран хамгаалагч Д.Т нар нь Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарган холбогдох дүрэм журам болон эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч эмнэлгийн үйлчилгээг авч эхэлсэн. Энэ хугацаанд манай эмнэлгийн зүгээс өвчтөн Р.Тт бүхий л шаардлагатай эмчилгээг хийсэн боловч өвчтөний биеийн байдал эмчилгээний явцад хүндрэн өвчний улмаас нас барсан. Талийгаач Р.Тийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлсэн өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдөр хүртэл эмнэлгийн үйлчилгээний төлбөр нийт 81 105 390 төгрөгийн төлбөр гарсан ба үүнээс асран хамгаалагч Д.Т нь нийт 52 200 420 төгрөгийн төлбөрийг төлсөн. Эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 28 904 970 төгрөгийг төлөөгүй байгаа ба төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьсан. Мөн манай эмнэлгийн зүгээс иргэн Д.Тын үлдэгдэл төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт буюу 5 780 994 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн үлдэгдэл төлбөрийг 23 123 976 төгрөг болгосон боловч төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд Д.Тоос эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 23 123 976 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Яг эмчилгээний нийт явцыг 2 хувааж авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. 8 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр хүртэл Sepsis буюу цусны хордлого гэж оношлогдоод эрчимт эмчилгээнд шилжсэн нь эхний хэсэг, түүний дараагийнх нь 2 дахь хэсэг. Миний гол тодруулах гэж шүүхэд хүсэлт гаргасан зүйл нь Sepsis гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байсан эсэхийг мэдэхийг хүссэн. ...... дүүргийн шүүхээс шинжээчийн баг томилж, энэ асуудалд дүгнэлт гаргуулж шийдвэр гаргуулсанд хувийнхаа зүгээс талархалтай хандаж байна. Харамсалтай нь шинжээчээс гарсан дүгнэлтийн материалтай танилцахад энэ шүүгчийн захирамжид заасан Sepsis-ээс болсон урьдчилан сэргийлж болох байсан эсэх талаар ямар нэгэн зүйл огт дурдаагүй байсан. Мөн түүнчлэн Sepsis-ээс дараах эмчилгээ нь үр дүнтэй байсан эсэх талаар дурдаагүй. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр яагаад өвчлөл даамжраад юунаас болж нас барсан гэдгийг бичсэн байсан. Энийг эмнэлгээс гарсан дүгнэлтээр олон эрхтний дутагдал Sepsis-ээс уламжлалтай гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл Sepsis болсноос үүдэлтэй олон эрхтний дутагдал болсон, үүний дараа эмчилгээ нь хүндэрсэн, тархины цус харвалт болсон гэсэн байгаа. Тэгэхээр эндээс үзэхээр Sepsis-ээс урьдчилан сэргийлж болох байсан уу гэдэг асуудал гарч ирээд байна. Надад эмчилгээ эхэлсэн 8 дугаар сарын 01-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд эмчилгээнд авсан бүх эмийн жагсаалт байдаг. Тэрийг шинжээчийн дүгнэлт гаргасан хүмүүст танилцуулаад энэ эмчилгээ тухай хүний биеийн байдалтай тохирсон, сэргийлж чадахуйц эмчилгээ байсан эсэх талаар мэдэхийг хүссэн. Сая гаргаж өгсөн орчуулгын материал дээр Sepsis гэж бичсэн байгаа, орчуулгын товчооны орчуулагч энийг цусны халдварт өвчин гэж бичсэн байсан. Ингэж бичдэг юм уу гэхэд би анагаахын тусгай мэдлэгтэй ингэж бичдэг, Sepsis-ийг Монгол хэлээр орчуулбал ингэж бичнэ гэсэн. Хавтаст хэрэгт хавсралтаар нэг хүснэгт байгаа, 2006 онд гаргасан Sepsis болох шинж тэмдэг илэрсэн бол тэр хүнд яаралтай тухайн хүнд пробиотекийн эмчилгээг цагийн зайтай үзүүлж, урьдчилан сэргийлэх ёстой гэгсэн протокол байгаа. Урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол тухайн хүн 24 цагийн дотор эхлээд 20 хувийн үхэх магадлалтай байдаг, цаг нэмэгдэх тусам 7.6 хувийн боломж нь багасдаг гэсэн байгаа. Энийг тухайн үед би эхнэрийнхээ асран хамгаалагчаар хамт байсан хүний хувьд эдний эмнэлгийг бүх зохих арга хэмжээг авсан гэж найдаж, итгэж байсан. Гэтэл яг эмчилгээнийх нь үр дүн гарсан байдал, н.Энхжаргал эмчийн анх тавьсан онош, тэр оношын дагуу 8 дугаар сарын 03-ны өдөр орой 10 цагт Sepsis гээд эрчимт эмчилгээ рүү орох хүртэлх эмчилгээ зэрэг нь өвчтөнд тохироогүй, ерөөсөө урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдээгүй гэж бодож байна. Ерөөсөө энэ Sepsis болсноос эхлээд маш их хүндрэл үүссэн, тэрнээс салбарлаад бусад бүх эрхтэн гэмтсэн. Тэгээд энийг нь эмчлэхгүй байсаар байгаад нас барсан гэж бодож байгаа учраас н.Энхжаргал эмчийн тавьсан оношилгоо, түүний эмчилгээ зөв байсан гэж үзэхгүй байна. 8 дугаар сарын 01-ний өдрийн 08 цагаас эхлээд энэ эмнэлэгт хандсан, тэгээд 8 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг хүртэл 60 цаг өнгөрсөн. Энэ хугацаанд хэрэв зөв эмчилгээг хийгээд явсан бол амьд гарах магадлал маш өндөр байх боломжтой байсан гэж бодож байна. Үүн дээр нь шинжээчийн дүгнэлт гарахгүй болохоор нь дахин шинжилгээ хийлгэе гэсэн. Post-Sepsis буюу Sepsis-ийн дараах эмчилгээнд би одоо хүртэл гомдолтой байдаг. н.Энхжаргал эмч анх хүлээж авч үзээд яагаад урьдчилан сэргийлэх зүйл хийгээгүй юм, эмчилгээнд орох зөвлөгөө өгсөн гэж байна, ямар ч зөвлөгөө өгөөгүй, надад юу ч хэлээгүй төлбөрөө л авсан. Тэгээд нас барахаас нь 9 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрчимт эмчилгээний профессор эдний эмч нартай ярьж байгаад шилжүүлсэн. Тэр профессор эмч надад энэ хүний хувь заяа хэцүү байна гэж хэлсэн, тэгэхэд нь би үгүй ээ элэг нь гайгүй болж байгаа, үзүүлэлтүүд нь тогтворжсон, гайгүй гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд, үгүй ээ миний дүү, элэг ажиллахаа больчихоор үзүүлэлт нь тогтворждог гэж хэлж байсан. Тэгэхээр нь би шууд маргааш нь эдний эмч нарт хүсэлт тавиад, н.Энхжаргал эмч байхгүй гэхээр нь эрчимт эмчилгээнийх нь эмч нартай орж уулзсан. Тэгэхэд н.Энхжаргал эмч элэг өөрчлөлттэй байгаа боловч анх ирсэн үеэсээ хамаагүй тогтворжсон гэж хэлж байсан. Тэгээд дараа нь задлан шинжилгээгээр элэг ерөөсөө ажиллагаагүй болсон гэж гарсан. Надад ****** эмнэлгийнхэн цаг хугацаандаа задлан шинжилгээний хариуг мэдэгдээгүй, би өөрөө тэнхимийн эрхлэгчид нь хандаж, захиргаатай нь уулзах хүртэл албан ёсоор танилцуулаагүй. Гэхдээ тэр задланд орсон эмч нар элэг нь уушги, сархинаг шиг жижигхэн болсон, уушги нь битүү, цул элэг шигээ болсон байсан гэж хэлж байсан, надад үнэхээр харамсалтай байсан. н.Энхжаргал эмч өөрөө 9-хөн хоногийн өмнө элэг нь тогтворжсон гэж хэлж байсан. Анхнаасаа эхлээд баахан эмчилгээ хийсэн, өдөр болгон шинжилгээ аваад, айхтар үнэтэй үйлчилгээ үзүүлээд байна л гээд байсан гэтэл элэг нь ямар түвшинд байсныг ерөөсөө мэдээгүй байдаг, үүнд би мөн маш харамсалтай байгаа. Ер нь мэргэжлийн түвшинд ажиллаж, цаг алдалгүй эмчилгээ хийж чадаагүй учраас амьд гарах боломжтой байсан эхнэрээ эдний эмнэлгийн мэдлэг, чадваргүй байдлаас болж алдсан гэж үзсэн учраас эрүүгийн хэргээр хүртэл хандсан. Эдний компани түрүүн 21 000 000 гаруй төгрөг тушаасан гэж байна, би эхлээд тушаахад бэлэн байсан. Гэхдээ яг одоо энэ бүгдийг хараад харамсаж байна, энэ цаг алдсан асуудал дээр эдний эмнэлэг юу хэлэхгүй байдаг. Шүүхээр орохоос өмнө би энэ эмнэлгийн удирдлагатай 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр уулзаж байхдаа энэ л асуултаа асууж байсан, Sepsis-ийн шинж тэмдэг нь 8 дугаар сарын 02-ны өдөр тодорхой болчихсон байсан байна гэж хэлж байсан. Би бүх үзүүлэлтүүдийг нь бичиж авсан, эхнэрийнхээ хажуугаас ерөөсөө холдоогүй, энэ бүх зүйлээ харьцуулаад Sepsis-ийг урьдчилан шинжлэхэд халууны хэмжээ, элэг, бөөрний үрэвсэл гээд бүх зүйлүүд нь тохирч байсан. Тэгэхэд н.Энхжаргал эмч зүгээр л маргааш нь мэс засалд оруулах ажлаа орхиод явсан. Надад өөр хандах эмч байгаагүй, эмнэлэг дотор нь гүйж явж байгаад уушгины эмч олж үзүүлсэн, бие нь халуураад амьсгалж чадахгүй болохоор нь эрчимтийн эмчийг нь дуудаж ирэхэд цус нь бохирдсон байна, одоо Sepsis болох гэж байна, бараг болсон байна, эрчимт эмчилгээнд ор гэсэн. Би тодорхой хэмжээнд эмнэлгийн байгууллага гэж бодоод энэ бүх зүйлийг надаас илүү мэдээд урьдчилсан сэргийлэх байх гэж бодсон. Одоо энэ гарсан бүх эмчилгээ, зардлууд нь дандаа хойноос нь хийсэн, ямар ч үр ашиггүй эмчилгээ. Эцсийн дүндээ би эхнэрээ энэ эмнэлгийн хаалгаар хөтөлж орчхоод алдсан, яг энэ асуудлаар маш их гомдолтой байгаа. Эдний нэхэж байгаа төлбөрийг төлөх нь байтугай харин ч өөрийнхөө зүгээс гаргасан 52 000 000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна. Энэ эмнэлгийн үнэхээр хариуцлагагүй, мэргэжлийн бус, ёс зүйгүй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоорондоо яриад тохирч болох зүйл дээр шууд шүүхэд өгсөн. Энэ компанийн зарчмыг би мэдэхгүй ч ямар нэгэн байдлаар хоорондоо ярилцах, эвлэрэх боломж байсан, энэ боломжийг эднийх шууд шүүхэд хандсанаараа өөрсдөө хаасан. Энэ эмнэлгийнхэн надтай харьцсан, хандсан байдал нь үнэхээр ёс зүйгүй, хэцүү байсан. Миний эхнэр их сургуульд багш, захирлаар ажиллаж байсан, инженер, хуульч мэргэжилтэй, шинжлэх ухааны доктор хүн байсан. Энэ асуудалд би шинжлэх ухаанчаар хандаасай гэж хүсэж байна. Эмнэлэгт байхад хүртэл би энэ эмнэлгийн хамт олонтой ямар нэгэн ёс зүйн зөрчилтэй байдлаар харьцаагүй, ямар ч асуудал үүсгэж байгаагүй. 3 дугаар эмнэлэг дээр очих байгаад эдний эмнэлгийн эмч нартай уулзахад манай эмнэлэг хамгийн сайн, хамгийн мундаг эмч нартай, сүүлийн үеийн бүх тоног төхөөрөмжтэй, чадалтай эмч нарыг авчирч байгаад шинжилгээ авахуулдаг, гадаадын эмнэлэгтэй хамтын харилцаатай, тухайн үеийн бүх эмчилгээг судалж байгаад эмчилгээ хийж байгаа л гэж хэлж байсан. Гэтэл үр дүн нь тийм байгаагүй, худлаа болсон, үүн дээр маш их гомдолтой байна гэв.

Шүүх шинжээч эмч Э.Бгаас дүгнэлтийн талаар тайлбар авч, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...........ХХК хариуцагч .....од холбогдуулан эмнэлэгийн үйлчилгээний төлбөр 23 123 976 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

  Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 дугаар 08 сарын 01-ний өдөр Р.Т болон түүний асран хамгаалагч Д.Т нар нь Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарган холбогдох дүрэм журам болон эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч эмнэлгийн үйлчилгээг авч эхэлсэн. Энэ хугацаанд манай эмнэлгийн зүгээс өвчтөн Р.Тт бүхий л шаардлагатай эмчилгээг хийсэн боловч өвчтөний биеийн байдал эмчилгээний явцад хүндрэн өвчний улмаас нас барсан. ... үлдэгдэл төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт буюу 5 780 994 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн үлдэгдэл төлбөрийг 23 123 976 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэх тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч Д.Т /талийгаач Р.Тийн асран хамгаалагч нөхөр/ нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр ****** эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарган холбогдох дүрэм, журам болон эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргаснаар 2016 оны 8 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл ****** эмнэлэг нь Р.Тт эмчилгээ үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлүүлсэн урьдчилгаа төлбөрт 52 200 420 төгрөгийг хариуцагч Д.Т төлсөн болох нь тогтоогдож байх ба зохигчид эдгээр асуудлаар маргаангүй байна./хх-ийн 4-6, 206/

 

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...тус эмнэлэг нь эхнэр Р.Тийн оношийг бүрэн тогтоож чадаагүйгээс цаг алдаж, зохих ёсны эмчилгээг цаг хугацаанд нь бүрэн хийгээгүйгээс нас барсан тул зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, дээрх үндэслэлээр холбогдох байгууллагыг шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, Эмгэг судлалын үндэсний төвийг шинжээчээр томилсон байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт 2020.04.27-ны өдрийн 686 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Хан-Уул дүүргийн Прокурорын тогтоол авагдсан байх ба уг тогтоолд ...гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан байна.

Дээрх эрүүгийн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар 2020.03.27-ны өдрийн 265 дугаар Шинжээчийн дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлт хэсэгт 1. Р.Т нь ****** эмнэлэгт анх цөсний цоргоны үрэвсэл, үжил халдвар гэсэн үндсэн оношоор хэвтэж эмчилгээ эхлүүлсэн байна. ... 3. Р.Тийн онош бүрэн тогтоогдоогүй байна. 4. Р.Тт зохих эмчилгээнүүд хийгдсэн боловч үр дүн өгөөгүй байна. ...7.Р.Тийн нас барсан шалтгааныг бүрэн тогтоох боломжгүй байна. гэсэн, Эмгэг судлалын шинжилгээний протокол №ИМ-01,2016г-д ...энэ тохиолдолд эмнэлзүй болон эмгэг судлалын өөрчлөлтөөс дүгнэхэд эмнэл зүйд тавьсан афлатоксины хордлогын үед гардаг эд эрхтнүүдийн өөрчлөлт ялангуяа элэгний эдийн тархмал үхжил болон бусад өөрчлөлтүүд батлагдаж байгаа бөгөөд уушгины гиалин мембран, тархины эдийн цус харвалт зэрэг хавсарсан олон эрхтний дутагдал үхлийн шалтгаан болсон байна. эмнэлзүй болон эмгэг судлалын оноштой тохирсонд тооцов. гэжээ.

 

Шүүхээс томилсон Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2021.05.17-ны өдрийн 21/16 дугаар Эмгэг судлалын онош, дүгнэлтэд: 1.Холестазтай хавсарсан элэгний хордлогот өвчин /ӨОУА 10-К71.0/ 2.Уушгины амьсгал гачаал хаван. Элэг, уушги, бөөр, нойр булчирхайг гэмтээсэн цитомегаловирусийн халдвар. Тархины баруун дагз хажуу ховдол руу цөмөрсөн цус харвалт, хаван. Бөөрний сувганцарын үхжил. Цуллаг эрхтнүүдийн тэжээл хувирал. 3.Цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөсний хүүдий авах мэс засал-2016.08.09 ****** эмнэлэг. Гол судасны хэвлийн хэсгийн судас хатуурах өвчин I-III шат. Хоёр бөөрний уйланхай. Өгзөгний цооролт.

Эд судлалын шинжилгээний материалыг дахин бэлтгэн харж дүгнэхэд Р.Т нь Элэгний хордлогот өвчин оношоор удаан хугацаагаар эмчлэгдэж, элэг, уушги, бөөр, нойр булчирхайг гэмтээсэн цитомегаловирусийн халдвар, тархины цус харвалт, амьсгал гачаалт хам шинжээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан байна гэжээ.

 

Шинжээч эмч Э.Б дүгнэлтийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа талийгаач Р.Тт ямар нэг цусны халдвар буюу Sepsis гэх онош тогтоогдоогүй. Бид энэ талаар тайлбарлах, хариулт өгөх шаардлагагүй бөгөөд бид Р.Тийн өвчний түүх, эмгэг судлалын задлан шинжилгээний протокол, 972 хуудас бүхий өвчний түүхийн хуулбар, 8 лааны тосон блок, 17 шил бүхий материалыг хүлээн авч дахин оношилсон. Энийг бид өөрсдөө лабораториор дахин зүсэж гаргаад үүнийгээ оношилдог. Энэ эмгэг судлаач эмч нар ямар оношийг тавьдаг вэ гэхээр эд эрхтэнд гарсан өөрчлөлтийг үнэлж, оношилдог. Тэгэхээр тухайн тохиолдол дээр олон эрхтний дутагдал гэж дүгнэлт дээр яваад байгаа болохоос биш, бидний гаргасан онош дээр олон эрхтний дутагдал гэж байхгүй. Эмгэг судлалын үндсэн онош, дүгнэлт гэдэг дээр бид 1, 2, 3 гэсэн дугаартай оношийг бичдэг. 1 гэсэн дугаарт тухайн хүнийг үхэлд хүргэсэн өвчин, 2 гэсэн дугаарт энэ өвчнийг дагалдаж, гарч ирсэн бусад эрхтнүүдэд илэрсэн өөрчлөлтүүд, 3 гэсэн дугаарт тухайн хүний амь насанд аюултай биш гэхдээ бие махбодод байгаа өвчнүүд, ийм дарааллаар дугаарлаж Монгол улсын стандартын дагуу бичдэг, энэ стандартын дагуу тухайн хүний оношийг бичсэн. Дүгнэлт дээр Р.Т нь элэгний хордлогот өвчин оношоор удаан хугацаагаар эмчлэгдэж, элэг, уушги, бөөр, нойр булчирхайг гэмтээсэн цитомегаловирусийн халдвар, тархины цус харвалт, амьсгал гачаалт хам шинжээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан гэсэн байгаа. Олон эрхтний дутагдал гэдэг нь элэгний дутагдал, уушгины дутагдал, нойр булчирхай, бөөр, энэ бүх эрхтнүүд нь бүгд үйл ажиллагаагаа явуулах дутагдалд орж амьд явах, амьдрах нөхцөлгүй болж хүндэрснийг ойлгоно. Харин олон эрхтний дутагдал гэдэг нь эмч нарын дүгнэлт бичихдээ хэрэглэдэг нэр томьёо юм. Энэ тохиолдолд Цитомегаловирусын халдвар илэрсэн гэж үзсэн ба энэ нь дархлаа нь уначихсан хүн дээр илэрдэг халдвар. Дархлаа унана гэж юуг хэлж байна гэхээр ДОХ-ын халдвартай, эрхтэн шилжүүлэн суулгасан, маш хүнд хэлбэрийн дархлаа нь ажиллагаагүй болсон, хүнд хэлбэрийн хордлого гүнзгийрсэн хүмүүсийн дархлаа нь унаад ирэхээр цитомегаловирусын халдвар шууд орж ирдэг. Цитомегаловирус нь хоёрдогч халдвар гэдэг нэр томъёогоор олон улсад тэмдэглэгдсэн байдаг. Дархлааны гажуудалтай, дархлаа унасан хүмүүст цитомегаловирусын халдвар орж ирсэн тохиолдолдууд байдаг. Мөн нялх болон нярай хүүхдүүд эсвэл эхээсээ халдвар авсан хүүхдүүд дээр цитомегаловирусын халдвар орж ирдэг. Хариуцагч тал сепсис гэж асуугаад байна.. Sepsis гэдэг нэр томъёо, анагаах ухааны нэр томъёогоор үжил гэж нэрлэдэг. Үжил гэж янз бүрийн үүсгэгчээр үүсгэгдэж цусанд орж ирсэн халдварыг хэлнэ. Үжил гэдэгт бактерийн халдвар хамаардаг тухайлбал стравтокок, стапилакок, тэр битгий хэл тэмбүүгийн сепсис хүртэл байдаг. ...Би түрүүн хэлсэн энэ нь дархлаа унасан хүмүүс дээр илэрдэг вирусын халдвар, бүр эцсийн шатанд орсон хүнд хэвтрийн хүмүүс дээр илэрдэг хоёрдогч халдвар. Энэ халдвар эрүүл саруул, цоо эрүүл байсан хүнд илрэхгүй. Энэ вирус нь цоо эрүүл хүнд өвчин үүсгэхгүй, дархлаа нь бүр унаад эцсийн шатандаа орсон хүн дээр халдвар орж ирдэг. Энэ нь задлан шинжилгээний явцад нөгөө олон эрхтний дутагдлын хажуугаар опистринист халдвар болж, дархлаа унаснаар илэрсэн. Жирийн эрүүл саруул хүн энэ вирусын халдвараар үхэлд хүрнэ гэж байхгүй гэв.

 

Хавтаст хэргийн 4-6 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтээс дүгнэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ...........ХХК-ийн ****** эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-ийн 18/

 

Нөгөөтэйгүүр, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд ****** эмнэлэг нь дээрх үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч ****** эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, зохих эмчилгээг хийсэн үндэслэлээр төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй хэдий ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт, эмгэг судлалын шинжээч нарын дүгнэлтээс талийгаач Р.Тийн оношийг бүрэн тогтоож, эмчилгээг үр дүнтэй хийсэн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ****** эмнэлгийг өвчтөн Р.Тийн оношийг бүрэн тогтоолгүйгээр эмчилгээ хийж, улмаар эмчилгээ нь ямар нэг үр дүнд хүрэхгүй байсаар нас барсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...........ХХК-ийн хариуцагч Д.Тоос эмнэлгийн үйлчилгээний төлбөр 23 123 976 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч ...........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 273 569.88 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  Б.МӨНХЖАРГАЛ