Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00126

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02247 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тдод холбогдох Эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 23,123,976 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, өмгөөлөгч М.Мөнгөнхүү, хариуцагч Б.Түмэнболд, өмгөөлөгч Б.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манай “И” ХХК-ийн И эмнэлэгт 2016 дугаар 08 дугаар сарын 01-ний өдөр Р.Тг болон түүний асран хамгаалагч Д.Тд нар хэвтэн эмчлүүлэх хүсэлт гарган, холбогдох дүрэм журам болон эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч үйлчилгээ авч эхэлсэн. Энэ хугацаанд манай эмнэлгийн зүгээс өвчтөн Р.Тгт бүхий л шаардлагатай эмчилгээг хийсэн боловч өвчтөний биеийн байдал эмчилгээний явцад хүндрэн өвчний улмаас нас барсан. Талийгаач Р.Тгийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлсэн өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдөр хүртэл эмнэлгийн үйлчилгээний төлбөр нийт 81,105,390 төгрөг гарсан ба үүнээс асран хамгаалагч Д.Тд 52,200,420 төгрөг төлсөн. Мөн манай эмнэлгийн зүгээс иргэн Д.Тдын үлдэгдэл төлбөрөөс 20 хувийн буюу 5,780,994 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн үлдэгдэл төлбөрийг 23,123,976 төгрөг болгосон боловч төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд Д.Тдоос эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 23,123,976 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.а. Эмчилгээний нийт явцыг 2 хувааж авч үзэх хэрэгтэй. Р.Тг нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр хүртэл цусны хордлого гэж оношлогдоод эрчимт эмчилгээнд шилжсэн нь эхний хэсэг, түүний дараагийнх нь 2 дахь хэсэг. Цусны хордлого гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байсан эсэхийг мэдэхийн тул шүүхэд хүсэлт гаргасан. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцахад шүүгчийн захирамжид заасан цусны хордлого /Sepsis/-оос урьдчилан сэргийлж болох байсан эсэх, түүнчлэн цусны хордлогын дараах эмчилгээ үр дүнтэй байсан эсэх талаар дурдаагүй. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд өвчлөл яагаад даамжраад юунаас болж нас барсан гэдгийг бичсэн байсан бөгөөд эмнэлгээс гарсан дүгнэлтээр олон эрхтний дутагдал цусны хордлогоос уламжлалтай гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл цусны хордлого болсноос үүдэлтэй олон эрхтний дутагдал болсон, үүний дараа эмчилгээ нь хүндэрсэн, тархины цус харвалт болсон гэсэн байгаа. Эндээс үзэхээр урьдчилан сэргийлж болох байсан уу гэдэг асуудал гарч ирээд байна. Хэрэгт 2006 онд гаргасан цусны хордлого болох шинж тэмдэг илэрсэн бол тэр хүнд яаралтай пробиотекийн эмчилгээг цагийн зайтай үзүүлж, урьдчилан сэргийлэх ёстой гэсэн протокол байгаа. Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол тухайн хүн 24 цагийн дотор эхлээд 20 хувийн үхэх магадлалтай байдаг, цаг нэмэгдэх тусам 7.6 хувийн боломж нь багасдаг гэсэн байгаа. Тухайн үед би эхнэрийнхээ асран хамгаалагчаар хамт байсан хүний хувьд эмнэлгийг зохих бүх арга хэмжээг авсан гэж найдаж, итгэж байсан. Гэтэл яг эмчилгээнийх нь үр дүн гарсан байдал, н.Энхжаргал эмчийн анх тавьсан онош, тэр оношийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орой 10 цагт цусны хордлого гээд эрчимт эмчилгээнд орох хүртэлх эмчилгээ зэрэг нь өвчтөнд тохироогүй, ерөөсөө урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдээгүй. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08 цагаас эхлээд 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг хүртэл 60 цаг өнгөрсөн. Энэ хугацаанд зөв эмчилгээ хийгээд явсан бол амьд гарах магадлал маш өндөр байх боломжтой байсан гэж бодож байна.

2.б. н.Энхжаргал эмч өвчтөнийг анх хүлээж авч үзээд яагаад урьдчилан сэргийлэх зүйл хийгээгүй, ямар ч зөвлөгөө өгөөгүй, надад юу ч хэлээгүй, төлбөрөө л авсан. н.Энхжаргал эмч элэг өөрчлөлттэй байгаа боловч анх ирсэн үеэсээ хамаагүй тогтворжсон гэж хэлж байсан. Тэгээд дараа нь задлан шинжилгээгээр элэг ажиллагаагүй болсон гэж гарсан. Тус эмнэлгийнхэн цаг хугацаандаа задлан шинжилгээний хариуг мэдэгдээгүй, би өөрөө тэнхмийн эрхлэгчид нь хандаж, захиргаатай нь уулзах хүртэл албан ёсоор танилцуулаагүй. Задланд орсон эмч нар өвчтөний элэг уушги, сархинаг шиг жижигхэн болсон, уушги нь битүү, цул элэг шигээ болсон байсан гэж хэлж байсан, надад үнэхээр харамсалтай байсан. н.Энхжаргал эмч өөрөө 9 хоногийн өмнө өвчтөний элэг нь тогтворжсон гэж хэлж байсан. Ер нь мэргэжлийн түвшинд ажиллаж, цаг алдалгүй эмчилгээ хийж чадаагүй учраас амьд гарах боломжтой байсан эхнэрээ эмнэлгийн мэдлэг, чадваргүй байдлаас болж алдсан гэж үзсэн учраас эрүүгийн журмаар хүртэл хандсан. Нэхэж байгаа төлбөрийг төлөх нь байтугай харин ч өөрийнхөө зүгээс гаргасан 52,000,000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна. Энэ эмнэлгийн үнэхээр хариуцлагагүй, мэргэжлийн бус, ёс зүйгүй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоорондоо яриад тохирч болох зүйл дээр шууд шүүхэд өгсөн, надтай харьцсан, хандсан байдал нь үнэхээр ёс зүйгүй, хэцүү байсан. Миний эхнэр их сургуульд багш, захирлаар ажиллаж байсан, инженер, хуульч мэргэжилтэй, шинжлэх ухааны доктор хүн байсан. Энэ асуудалд би шинжлэх ухаанчаар хандаасай гэж хүсч байна. Эмнэлгийн эмч нартай уулзахад манай эмнэлэг хамгийн сайн, мундаг эмч нартай, сүүлийн үеийн бүх тоног төхөөрөмжтэй, чадалтай эмч нарыг авчирч байгаад шинжилгээ авахуулдаг, гадаадын эмнэлэгтэй хамтын харилцаатай, тухайн үеийн бүх эмчилгээг судалж байгаад эмчилгээ хийж байгаа л гэж хэлж байсан. Гэтэл үр дүн нь тийм байгаагүй, маш их гомдолтой байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн хариуцагч Д.Тдоос эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 23 123 976 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 596.88 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2021/02247 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар эүйлийн 3.1.1-д “эмнэлгийн тусламж үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн эасах цогц үйл ажиллагааг”, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ”эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн цогц үйл ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд И эмнэлэг дээрх үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна” гэж дурьджээ. И эмнэлэг болон түүний эмч нарын зүгээс өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу эмч, эмнэлгийн ажилтны баримталдаг удирдамжид заагдсаны дагуу үзүүлсэн бөгөөд энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтүүдэд тодорхой заагдсан байдаг.

4.б. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “өвчтөн Р.Тг болон түүний асран хамгаалагч Д.Тд нар нь И эмнэлэгтэй Иргэний хуулийн 359 дүгээр эүйлийн 359.1 дэх хэсэгт заагдсан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан” байна гэж үзсэн байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээнд нэг талаас хөлсөөр ажиллуулагч, нөгөө талаас хөлсөөр ажиллагч буюу хөлсөөр үүрэг гүйцэтгэж байгаа этгээд байдаг. Хөлсөөр ажиллах гэрээнд 2 тал хөлсөөр ажиллах гэрээний хугацаа, хийж гүйцэтгэх ажил, хөлс зэргийг урьдчилан тохиролцсон байдаг. Хөлсөөр ажиллуулагч нь хуульд зааснаар ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй байдаг. Эмнэлэг болон түүний асран хамгаалагчдын хооронд байгуулсан, эмнэлгээс эмчилгээ үйлчилгээ авах, түүний үнийг төлөх талаар тохиролцож гарын үсэг эурсан баримт нь хөлсөөр ажиллах гэрээнд хамаарахааргүй байна.

4.в. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч И эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эохих эмчилгээг хийсэн үндэслэлээр төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй хэдий ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээс талийгч Р.Тгийн оношийг бүрэн тогтоож эмчилгээг үр дүнтэй хийсэн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, И эмнэлгийг өвчтөн Р.Тгийн оношийг бүрэн тогтоолгүйгээр эмчилгээ нь ямар нэг үр дүнд хүрэхгүй байсаар нас барсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дурдсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтүүдэд И эмнэлэг болон эмчлэгч эмч нарыг талийгч Р.Тгийн өвчнийг буруу оношилсон, зохих ёсны эмчилгээ үйлчилгээг үзүүлээгүй талаар дүгнэсэн дүгнэлт байдаггүй. И эмнэлгийн зүгээс талийгч Р.Тгт эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлэг, эмчийн барих ёстой олон улсын эмнэлгийн удирдамжийн дагуу зохих ёсоор үзүүлж байсан, мөн хийж байсан шинжилгээ, мэс ажилбар, хиймэл амьсгал, бөөрний аппарат, онош зэрэг өвчтөнтэй холбоотой баримт материалаас гадна, 972 хуудас бүхий өвчтөнтэй холбоотой өвчний түүхийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүгч дээрх баримтуудыг үнэлж дүгнэн судлалгүйгээр шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

   И эмнэлгийн зүгээс өвчтөний асран хамгаалагчаас нэхэмжилж байгаа үнийн дүн нь өвчтөнд үзүүлсэн эм, тариа, мэс ажилбар, бөөрний болон амьсгалын аппарат, авч байсан шинжилгээнүүдийн бодит зардал бөгөөд үнийн дүнтэй холбоотой задаргааг хавтаст хэргийн материалд өгсөн байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч эмч нарын дүгнэлтүүдэд өвчтнийг элэгний хордлогот өвчин, уушгины амьсгал гачаал, хаван, элэг, уушги, нойр булчирхайг гэмтээсэн цитомегаловирусын халдвар, тархины баруун хажуу ховдол руу цус харвалт, хаван, бөөрний сувганцарын үхжил, цуллаг эрхтнүүдийн тэжээл хувирал, цөсний хүүдийн архаг үрэвсэл, гол судасны хэвлийн хэсгийн судас хатуурах өвчин 1-3 шат, хоёр бөөрний уйланхай, өгзөгний цооролт зэрэг олон эрхтний дутагдлаар нас барсан гэж дүгнэсэн байдаг. Эмнэлгийн зүгээс өвчтөнд үзүүлэх ёстой эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинжилгээг олон улсын удирдамжийн дагуу үзүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: И эмнэлгийн зүгээс өөрсдийн хүлээсэн чиг үүргээ буюу үндсэн суурь оношийг тодорхойлж чадаагүй асуудал байдаг. Энэ талаар нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд маш тодорхой байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр цитомегаловирус гарч ирээгүй. Эмгэг, судлалын үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр цитомегаловирус гэж гарч энэ халдварын улмаас дутмагшилд орж нас барсан гэдгийг тогтоосон. Эрүүл мэндийн Эмгэг судлалын салбар зөвлөлийн дарга н.Баярмаа шүүх хуралдааны явцад  энэ талаар тодорхой тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хяналаа. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Интернейшнл медикал сентер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “Интернейшнл медикал сентер” ХХК нь хариуцагч Д.Тдод холбогдуулан эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 23,123,976 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар иргэн Р.Тгийг төлөөлж түүний асран хамгаалагч Д.Тд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Интернейшнл медикал сентер” ХХК буюу “И” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргаснаар тус эмнэлэгт иргэн Р.Тг нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний төлбөрт 52,200,420 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. /1хх 4-6, 206/

 

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг нэг талаас нь нарийн мэргэжлийн буюу эмчилгээний үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас нь үйлчилгээ авахтай холбоотой үүссэн буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй болно.

 

3. Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой буюу үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч “өвчний оношийг зөв тогтоож чадалгүй цаг алдсанаас зохих эмчилгээ хийгдээгүй, улмаар Р.Тг нас барсан” гэж татгалзжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ цуцлагдсан тохиолдолд хөлсөөр ажиллагч нь гэрээний  хугацаанд үзүүлсэн үйлчилгээний хөлсөө шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт 367.2 дахь хэсэгт “ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана” гэж заасан. Хариуцагч нь “зохих ёсоор үйчилгээ авч чадаагүй гэж” төлбөр төлөхөөс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн хүсэлтээр нас барагч Р.Тгийн эрүүл мэндийн байдалтай холбоотой буюу цусны хордлогыг урьдчилан мэдэх боломжтой эсэх, элэг, нойр булчирхай, бөөрний архаг үрэвсэл эмгэг оноштой байгаа тохиолдолд ямар эмчилгээ хийгдэх ёстой, шаардлагатай арга хэмжээ авагдсан эсэх, оношийг зөв тодорхойлж чадсан эсэх зэрэг тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар анхан шатны шүүхээс Эмгэг судлалын үндэсний төвийг шинжээчээр томилсон /2хх-37-38/ байна. Улмаар Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан дүгнэлтэд “элэгний хордлогот өвчин оношоор удаан хугацаагаар эмчлэгдэж, элэг, уушги, бөөр, нойр булчирхайг гэмтээсэн цитомегаловирусын халдвар, тархины цус харвалт, амьсгал гачаалт хам шинжээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан” гэжээ. /2хх 79-82/

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс дээрх дүгнэлттэй холбогдуулан гэрчээр АШУҮИС-ийн БАС-ийн эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгч Э.Баярмааг оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаснаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шинжээч Э.Баярмаа оролцож, Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан Р.Тгийн нас барсан шалтгаан, хийгдсэн эмчилгээ оношилгооны талаар тайлбарласан байна. /2хх-114/

 

 Мөн хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан дүгнэлт /2хх 42-44/, Эмгэг судлалын шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн протокол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх 55-70/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч “Интернейшнл медикал сентер” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

4. Өвчтөний түүх гэх 972 хуудастай материал нь шинжээчийн дүгнэлтэд хамааралтай тул анхан шатны шүүх уг баримтуудыг нэхэмжлэгчид буцаан олгосныг буруутгах боломжгүй байна. Иймд уг баримтуудыг анхан шатны шүүх судлаагүй, үнэлсэнгүй гэх гомдол үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Р.Тгийн онош бүрэн тогтоогдоогүй, нас барсан шалтгааныг бүрэн тогтоох боломжгүй, зохих эмчилгээнүүдийг хийсэн боловч үр дүн өгөөгүй” /2хх-70/ гэх дүгнэлт болон өвчний түүх зэрэг баримтад үндэслэн дүгнэлт гаргасан шинжээч Э.Баярмаагийн дүгнэлтээс Р.Тгийн өвчний онош, нас барсан шалтгааныг эргэлзээгүй тодорхойлох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан өвчтөнд үзүүлэх ёстой эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинжилгээг олон улсын удирдамжийн дагуу үзүүлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,569 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                   Э.ЗОЛЗАЯА