Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0964/З |
Дугаар | 128/ШШ2019/0034 |
Огноо | 2019-01-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2019/0034
2019 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 128/ШШ2019/0034 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Р хотхон, 000 дугаар байр, 000 тоотод байрлах Г ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 14790Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг Г ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Г ХХК нь Д аймгийн Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг Нутгийн толгод гэх нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын хайгуулын үйл ажиллагаа явуулах 14790Х тоот тусгай зөвшөөрлийг 2009 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу эзэмшдэг бөгөөд 2015 оны 03 дугаар сар хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр Д аймгийн Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг Нутгийн толгод гэх нэртэй талбайд байрлах ашигт малтмалын ашиглалтын МҮ-14790Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр цуцалсан байх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох мэдэгдлийг өгөлгүйгээр шууд цуцалсан нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар ямар ч мэдэгдэл, тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг ирүүлээгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүй.
Учир нь Г ХХК-ийн захирал О.Э миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчнөө зөвхөн оношлуулж ирнэ гэсэн зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-д явсан боловч яаралтай байдлаар хүнд төрлийн 2 мэс заслыг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болон 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дараалан хийлгэж, эмчлүүлсний дараа 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад эргэж ирсэн. Энэ хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Г ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрсөн.
ОХУ-д эмчилгээнд явахаасаа өмнө төлбөл зохих ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх сунгалтыг хийлгэсэн.
ОХУ-аас Монгол Улсад ирэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст миний нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэж, миний улсын хилээр нэвтрэх, эзэмшиж байсан бүх тусгай зөвшөөрөл, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, шилжилт хөдөлгөөн хийх эрхүүдэд хориг тавьж, банкны бүх дансыг хаалгасан байсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ хугацаанд би 2 ихэр хүүхэд төрүүлж, улсаас олгодог халамжийн мөнгийг хүртэл авч чадахгүй байдалтай байгаа бөгөөд удаан хэлмэгдүүлж, боломж бололцоо иргэний эрхүүдийг маань хязгаарлаж байсан учраас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй.
Миний бие тухайн үед ОХУ-д эмчлүүлж байсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлийг хүлээж аваагүй бөгөөд авах боломжгүй байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул М ХК нь гардуулсан гэх баримтад хэн хүлээж авсан нь тодорхойгүй байх тул гардуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн, төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй гэдгийг үгүйсгээгүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн цагаас хуулийн дагуу зөрчил гаргалгүй төлбөл зохих төлбөрийг цаг тухайд нь төлж үйл ажиллагааны хүрээнд их хэмжээний мөнгө зарцуулсан. Иргэний хувиар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон удаан хугацаагаар хохирсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 14790Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг Г ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумын нутагт Нутгийн толгой нэртэй 46716,47 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХҮ-014790 тоот тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г ХХК-д олгосон.
Геололги, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 409 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Г ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.
Нэхэмжлэгч Г ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх Кадастрын хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6/1781 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. М ХК-ийн шуудангийн бүртгэлээс лавлагаа авахад буцалт хийгдээгүй, холбогдох хаягийн дагуу хүргэгдсэн боловч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн тухай баримтыг ирээгүй учраас Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын ХҮ014790 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2809 тоотоор Г ХХК-ийн бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн бөгөөд шуудангаас хүргэлт хийгдсэн тухай лавлахад буцалт хийгдээгүй, холбогдох хаягийн дагуу хүргэгдсэн байсан.
Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 5-д бичгээр мэдэгдэх гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд хүргүүлснийг хэлнэ гэж, 6-д мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баталгаажуулсан байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд захиргааны байгууллагаас албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 299 дугаар шийдвэр гарснаас хойш 3 жилийн дараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна.
Г ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй. Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх гэсэн зохицуулалт байхгүй, хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэгтэй, төлөөгүй бол цуцлах үндэслэл болно гэж хуульд заасны дагуу арга хэмжээг авсныг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Маргаан бүхий Ашигт малтмал газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр[1] Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр Г ХХК-ийн Д аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдын нутаг Нутгийн толгод нэртэй талбайд олгосон хайгуулын ХV-014790 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Нэхэмжлэгч Г ХХК нь дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг өгөлгүйгээр шууд цуцалсан нь манай компанийн эрх, ашгийг зөрчсөн гэж, хариуцагч нь ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг албан бичгээр хүргүүлсэн. ... Шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Маргааны үйл баримтуудаас үзэхэд Д аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдын нутаг Нутгийн толгод нэртэй газрын 46716,47 гектар талбайд олгосон хайгуулын ХV-014790 дугаар тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г ХХК-д олгосон, улмаар Г ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 409 дүгээр шийдвэрээр[2] Г ХХК-д шилжүүлсэн, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр[3] тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс тооцож, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна. Харин хэргийн оролцогч нар зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, төлбөр төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг гардаж аваагүй гэх зэргээр төлбөр төлөх хуулийн хугацаа хэтрүүлсэн үйл баримттай холбогдуулан маргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д тусгай зөвшөөрлийг төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгоно, 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө, 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ... захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг
хүчин төгөлдөр байлгах үндсэн нөхцөл нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй байх бөгөөд хуульд заасан боломжит хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн зохицуулалттай байна.
Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч Г ХХК нь ХV-014790 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийг 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дэх хэсэгт Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх ... гэсний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 7 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт огт төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түүний тусгай зөвшөөрлийг нь цуцалсан хариуцагчийн шийдвэр буюу маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч хуулийн этгээд нь тодорхой шалтгаантай байсан цаг хугацаанд ч гэсэн тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр хадгалах зорилгоор хуульд заасны дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийн талаар болон цуцалсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь баримт бичиг хүлээлцэх дэвтэр[4], М ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/153 дугаар албан бичиг[5], шуудан хүргэлтийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгчийн ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаар ямар ч мэдэгдэл ирүүлээгүй, ... хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2018 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 1/6171 дүгээр албан бичгээр ... цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй... талаар хариу хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/Ш32018/6633 дугаар захирамжаар Г ХХК-ийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн ... төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй ..., хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ... байхад тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх буюу уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 299 дугаар шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д аймгийн Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг Нутгийн толгод гэх нэртэй газар байрлах 14790Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг Г ХХК-д сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр
зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН