Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2021/00753

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .. дүүрэг, .. хороо, .. тоотод оршин суух бүртгэлтэй, Дорнод аймаг, .. сум, .. баг, .. тоотод түр оршин суух, .. регистрийн дугаартай, Х овогт Г-н М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, .. сумын .. баг, .. тоот хаягт байрлах, .. регистрийн дугаартай, “Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид “Ж” ХХК гэх/-д холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Б.Ж /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний үүсгэн байгуулсан .. лавлах, шуурхай зар сонин, такси үйлчилгээг “Ж” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх үйлчилгээ болон үндсэн хөрөнгийг 15 000 000 төгрөгөөр худалдан авч, үйл ажиллагааны эрх шилжүүлэн авах, төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа буюу 2022 оны 07 сарын 19-ний өдрөөс “тус лавлах үйлчилгээ, шуурхай зар сонины” ашгийн 20 хувийг худалдагч Г.М би эзэмшиж, улирал бүр ногдол ашгаа тооцон авахаар харилцан тохиролцож, угсардаг ширээ, компьютерийн дэлгэц, залгуур, процессор тус бүр 1 ширхэг, дуу өсгөгч, утасны аппарат, интернэтийн төхөөрөмж 4 ширхэг, уртасгагч залгуур 2 ширхэг, сэтгүүлийн тавиур /ширээний/, усны аппарат, баллон, сандал /түшлэгтэй/, лайвын гэрэл суурьтай, ханын цаг, ханын үзүүлэх самбар 2 ширхэг, хогийн сав, шкаф тус бүр 1 ширхэг, хантааз, сурталчилгааны самбар  тус бүр 12 ширхэг, сурталчилгааны самбарын тогтоогч 18 ширхэг, хөлтэй самбар 1 ширхгийг “Ж” ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгч, тусгай .. дугаарын эрхийг тус тус шилжүүлэн өгч гэрээний урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг хүлээн авсан. Гэвч хариуцагч нь үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул “Ж” ХХК-аас лавлах .. тусгай дугаар болон хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2017 оны 2 сараас 2019 оны хооронд .. тусгай дугаарыг эзэмшиж байгаад 2019 оны 03 сарын 22-нд Г.М-т эзэмших эрхээ шилжүүлсэн юм. Энэ тусгай дугаарын үйлчилгээг анх Г.М бид хоёр санаачлан үүсгэн байгуулсан юм. Ингээд 2020 оны 10 сард бид үйлдвэрлэлийн салбарт ажиллах болсон тул Дорнод лавлах .. тусгай дугаар, шуурхай зар сонин, такси үйлчилгээгээ зарах саналд хүрээд хамтран ажилладаг байсан “Ж” ХХК-ийн захирал Б.Ж-д санал тавьсан. Гэхдээ анх санал тавихдаа яг худалдах биш үйл ажиллагааг нь “Ж” ХХК авч яваад, бидний зүгээс тодорхой хувь эзэмшээд явах эсэх талаар ярилцахад “Ж” ХХК-ийн зүгээс 15 000 000 төгрөгөөр худалдаж авмаар байна гэдэг санал гаргасан. Ингээд 2020 оны 10 сарын 01-ний өдөр санал тавиад 10 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хоорондоо ярилцаад манай талаас 20 хувиа авч үлдээд, 80 хувиа 15 000 000 төгрөгөөр худалдахаар шийдэлд хүрээд, 2020 оны 10 сарын 19-ний өдөр хоорондоо гэрээ байгуулсан. Ингээд 2020 оны 10 сарын 20-ны өдөр “Ж” ХХК-ийн зүгээс “Ч” төвийн 03 тоотоос тоног төхөөрөмж бусад зүйлсээ хүлээж аваад урьдчилгаа болох 1 000 000 төгрөгийг надад өгөөд үйл ажиллагаагаа эхлүүлээд явсан байдаг. Одоо бидний дунд үүссэн гол маргаан бол “Ж” ХХК нь худалдан авахаар тохиролцсон 15 000 000 төгрөгийнхөө үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөхгүй, нэгэнт тохиролцсон зүйлээсээ буцаж, бидэнд буцааж өгнө гэдэг байдлаар үл ойлголцол үүсэж, шүүхийн шатанд явж байгаа. Манай тусгай дугаарын зөвшөөрлийн хугацаа 2021 оны 3 сард дуусах байсан. Үнэхээр ажиллуулж үзэх талаар ярилцсан байсан бол тусгай зөвшөөрлөө шилжүүлэхгүйгээр ажиллуулж үзэх боломжтой байсан. Гэтэл хоёр тал харилцсан ярилцаад хэлцэл байгуулсан. Бидний зүгээс “Ж” ХХК-д хүчээр тулгаж эдгээр зүйлийг худалдаагүй. Анхнаасаа зохион байгуулалттай юм шиг гэрээний 2 хувийг аваад бидэнд нэг хувийг нь өгөөгүй. Бидний зүгээс ч эдний талд итгэсэн. Тиймээс гэрээний нэг хувиа аваагүй. Тэр гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ биш юм. Учир нь хариуцагч талтай 20 хувиар, 15 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөөд, графикийг нь гаргачихсан гэрээ байсан. Тухайн үед хэлцлээ хийчихээд албан ёсоор гэрээгээ нотариатаар батлуулах гэтэл тусгай дугаарын зөвшөөрөл “Ж” ХХК-ийн нэр дээр шилжээгүй байсан учир нотариат батлаагүй юм. Тэгээд урьдчилгаанд нь 1 000 000 төгрөг өгч тохироод, үйл ажиллагаа нь хэвийн явж, хоёр, гурван чиглэлээр ажиллаж байсан байгууллагыг аваад үйл ажиллагааг нь доголдуулчихаад би аваагүй гээд байгаа нь ямар учиртай юм. Би энэ үйл ажиллагааг 2017 оноос хойш хариуцаж явуулж байгаа. Сүүлийн хоёр, гурван жилд нь Ч төвд хариуцагч байгууллагын хажууд үйл ажиллагаа явуулж байсан, мөн таньдаг, тухайн байгууллагын үйл ажиллагааны салбартай нь уялдаа холбоотой юм болов уу гээд анх худалдах санал тавьсан нь үнэн. Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан байгууллагыг шилжүүлж авсан. Гэтэл одоо худалдаж аваагүй гээд байгаа нь ямар учиртай юм. Одоо ингээд үйл ажиллагаа нь доголдсон байгууллагыг бид буцааж хүлээж авлаа гэхэд хэдий хэмжээний алдагдалд орохоо тооцож үзээгүй байна. Гомдолтой байна гэв.

Хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тайлбарын эхэнд дурдахад Г.М гэдэг хүнийг танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй болно. Д.Х, Д.Д нар Дорнод лавлах .., .. сониныг бидний өмч гэж бидэнд ойлгуулсан. Дорнод лавлах -г ажиллуулж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул Д.Х-р дамжуулж Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ж” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг 2020.12.01-ний өдөр гаргуулж авсан. 2020.10.21-ний өдөр иргэн Д.Х-с Дорнод лавлах .. .. зар сониныг үргэлжлүүлэн ажиллуулж туршиж үзэх зорилготой 1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, худалдах худалдан авах гэрээ хийлгүй ажиллуулж эхэлсэн боловч бидний зүгээс шалтгаалахгүй дэлхий даяар тархсан цар тахал ковид-19 гарч олон хоногоор хөл хорио тогтоож үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах нөхцөл бололцоо бүрдэхгүй байсан учир манай компани энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүйд хүрсэн. Энэ тухайгаа 2021 оны 1-р сард иргэн Д.Х, түүний нөхөр Д.Д нарт хэлж, утсаар ярьсны эцэст 2021.01.24-ний өдөр .. тоотод байрлах оффист Д.Д-тэй уулзсан. Уулзалтаар Д.Д “Манай гэр бүл энэ үйл ажиллагааг буцааж аваад одоогоор үргэлжлүүлэн ажиллуулах боломж бололцоо байхгүй байна. Та нар 2021 оны 06-р сар хүртэл ажиллуулж байгаач ээ, тэр үед ажиллуулах хүн олоод буцааж авъя” гэсэн. Энэ нөхцөл байдлыг нь бид сонсоод 2021 оны 06-р сар хүртэл үйл ажиллагааг нь доголдуулалгүй ажиллуулсан. 2021.05.24-ний өдөр “Ж” ХХК-аас иргэн Д.Х, түүний нөхөр Д.Д нарт Дорнод лавлах .. зар сониныг хүлээлгэн өгөх тухай албан бичиг явуулсан. Түүнээс хойш албан бичигт хариу өгөөгүй, утсаар залгахад утсаа авахгүй, фэйсбүүк чатад хариу бичихгүй байсан. 2021.05.26-ны өдөр Д.Х-н машин дотор уулзаж ярилцахад хүлээж авъя, та хэдийн ажиллуулах үед ямар ч нөхцөл бололцоо нь бүрдсэнгүй ээ, ажиллуулсан 6 сарын хугацааны 4 сар нь хөл хорионд байж өнгөрөөсөн байна. За хүлээж авъя, маргааш ирж нүүлгэе гэж ярьж явчихаад эргэж холбоо бариагүй, утсаа авахгүй 3 хоносон. 2021.05.27-ны өдөр дахин албан бичиг өгсөн. Мөн ямар ч хариу ирүүлээгүй. 2021 оны 06-р сард хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан учир үйл ажиллагаа явуулж байсан .. тоотын оффисын өрөөг иргэн Б.Б суллахыг шаардсан тул эд хөрөнгийг нүүлгэж оффисыг чөлөөлсөн. Нүүж байгаа болон үйл ажиллагаа зогсож байгаа тухай утсаа авахгүй байсан учир фэйсбүүк чатаар нь хэлсэн. “Ж” ХХК-ийн зүгээс иргэн Г.М-н шүүхэд гаргасан 14 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. Үйл ажиллагаа тогтворжсоны дараагаар 2 жилийн хугацаанд Худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг системтэйгээр 2 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон байсан боловч нөхцөл байдлаас шалтгаалан цааш үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул гэрээ хийгдээгүй.
  2. Ажиллуулж байх 6 сарын хугацаанд ямар ч ашиг орлого олоогүй. /-/ дүнтэй гарч байсан.
  3.  14 сая төгрөгийн тухайд хэтэрхий өндөр үнэтэй, үйл ажиллагааны 20 хувийг эзэмшинэ гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгааг уулзах бүртээ хэлж байсан гэжээ.   

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс .. тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээг хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Гэхдээ бид хоорондоо гэрээ байгуулах асуудал дээр маргаантай зүйл байсан. Нэгдүгээрт: Манай байгууллагын зүгээс 20 хувийг нөгөө тал эзэмшиж, хувь хүртэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Хоёрдугаарт: Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх тусгай дугаарыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа учир бидний хооронд байгуулах гэрээг нотариатаар батлах боломжгүй гэсэн. Иймээс албан ёсоор гэрээгээ байгуулж чадаагүй байсан. Гэсэн хэдий ч манай байгууллагын зүгээс тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээг эхний ээлжинд ажиллуулж үзэхээр болж 2020 оны 10 сараас 2021 оны 04 сар хүртэл ажиллуулсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ихэнх сард нь хэвийн ажиллаж чадаагүй. Мөн ажиллуулсан хэдэн сарын хугацаанд ашиг орлого багатай байсан. Д.Х-н хэлсэнчлэн тийм их ашиг, орлоготой байгаагүй. Анх худалдах санал тавихдаа л ашиг, орлогоо нуун дарагдуулж, худлаа хэлсэн байсан. Маш их ашигтай мэтээр бидэнд танилцуулж байсан. Гэсэн хэдий ч тийм байгаагүй. Гэтэл Д.Х-н зүгээс мөнгөө авна гэдэг зүйл ярьсан. Бид ч мөнгө өгөх боломжгүй, ямар ч ашиггүй байна, буцааж хүлээлгэн өгөх талаар хэлсэн. Тухайн үед ч Д.Х “танайх үнэхээр ашиггүй ажиллалаа, буцааж хүлээж авъя даа” гэж хэлсэн байдаг. Энэ ярианы бичлэгийг би шүүхэд өгсөн байгаа. Гэтэл одоо ингэж хэлснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс ашиг орлого нь та нарын хэлсэн шиг биш байна. Тиймээс буцааж өгөх саналтай байна гэдгээ удаа дараа мэдэгдэж, албан тоот явуулж байсан. Гэрээ байгуулсан гээд байгаа тэр үед би “Ж” гэх компаниа ч албан ёсоор байгуулж гэрчилгээг нь аваагүй байсан. 2020 оны 11 сард компаниа байгуулж, гэрчилгээгээ авч байсан. Анх энэ асуудлыг ярилцаж эхлэх үеэс Д.Х-н нөхөр Д бидэнтэй уулзаад яваад байсан учир Д-тэй уулзаж, манай байгууллагын зүгээс уг үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй байгаа учир буцааж өгөх талаар 2021 оны 01 сард уулзахад “2021 оны 6 сар хүртэл ямар ч байсан ажиллуулж байгаач, одоо шууд буцаагаад авна гэхэд бидэнд хүндрэлтэй байна. Бид шинэ ажил эхлүүлсэн учир ажил ихтэй байна. 6 сард буцааж авна” гэж хэлсэн. Мөн та нарын анх хэлсэн шиг тийм ашигтай биш байна. Анхнаасаа бидэнд мэдээллээ буруу өгсөн байна. Тиймээс буцааж ав” гэж хэлсэн. 2021 оны 5 сарын 24-өөс бид түрээсэлж байсан байраа хүлээлгэж өгөх болоод Д.Х, Д нартай холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, чатад хариу өгөхгүй байсан. Үйл ажиллагаа нь доголдоогүй байхад аль 1 сард бид буцааж өгөх талаараа хэлж, өөрсдөө хүлээж авна гэдгээ илэрхийлж, тогтсон хугацаандаа хүлээж аваагүй ийм байдалд хүргэчихээд ингэж ярьж байгааг ойлгохгүй байна. Тэр гэрээ гээд байгаа зүйлийн хувьд Г.М нь гарын үсэг зураагүй, манай компани ч байгуулагдаагүй байсан учир хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг Д.Х ч мэдэж байгаа. Тиймээс гэрээний асуудлыг шүүх хүлээн авахгүй байх гэж бодож байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжин оролцсон болно. (хх 1 тал)

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бидний зүгээс Дорнод лавлах .. тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээгээ зарах саналыг “Ж” ХХК-ийн захирал Б.Ж-д тавьсан. “Ж” ХХК-ийн зүгээс 15 000 000 төгрөгөөр худалдаж авмаар байна гэдэг санал гаргасан. Ингээд 2020.10.19-ний өдрийг хүртэлх хугацаанд хоорондоо ярилцаад манай талаас 20 хувиа авч үлдээд, 80 хувиа 15 000 000 төгрөгөөр худалдахаар шийдэлд хүрч, 2020.10.19-ний өдөр хоорондоо гэрээ байгуулсан. 2020.10.20-ны өдөр “Ж” ХХК-ийн зүгээс тоног төхөөрөмж бусад зүйлсээ хүлээж аваад урьдчилгаа болох 1 000 000 төгрөгийг өгөөд үйл ажиллагаагаа эхлүүлээд явсан. Бидний зүгээс “Ж” ХХК-д хүчээр тулгаж эдгээр зүйлийг худалдаагүй. Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан байгууллагыг шилжүүлж авсан. Гэтэл одоо худалдаж аваагүй гээд байгаа нь ямар учиртай юм. Манай зүгээс нэгэнт худалдсан учир энэ асуудлыг хүлээж авахгүй гэдгээ зурвасаар хариу өгсөн. Тохиролцсоны дагуу 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж,

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...Анх худалдах санал тавихдаа л ашиг, орлогоо нуун дарагдуулж, худлаа хэлсэн байсан. Маш их ашигтай мэтээр бидэнд танилцуулж байсан боловч тийм байгаагүй. Үйл ажиллагаа нь доголдоогүй байхад аль 1 сард бид буцааж өгөх талаараа хэлж, өөрсдөө хүлээж авна гэдгээ илэрхийлж, тогтсон хугацаандаа хүлээж аваагүй ийм байдалд хүргэчихээд ингэж ярьж байгааг ойлгохгүй байна. Тэр гэрээ гээд байгаа зүйлийн хувьд Г.М нь гарын үсэг зураагүй, манай компани ч байгуулагдаагүй байсан учир хүчин төгөлдөр бус гэрээ. Д.Х-д буцааж өгөх саналтай байна гэдгээ удаа дараа мэдэгдэж, албан тоот явуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар:

- Нэхэмжлэгч Г.М нь Харилцаа холбооны зохицуулах газарт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Дорнод аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх зорилгоор .. тусгай дугаарыг ашиглах” хүсэлт гаргаж, тус газар хүсэлтийг хүлээн авч Г.М-тэй .. дугаар “Тусгай дугаар ашиглах гэрээ”-г бичгээр байгуулан, .. дугаар бүртгэлийн гэрчилгээг олгосноор 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд тус тусгай дугаарыг ашиглах эрхтэй болж, Дорнод аймагт “лавлах үйлчилгээ” үзүүлж байсан болох нь (хх 43-51 тал),

- Нэхэмжлэгч нь дээрх тусгай дугаарыг ашиглах эрхтэй байх хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сард уг тусгай дугаар болон .. зар сонин, такси үйлчилгээний эрх, эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлсийг бусдад худалдахаар болж Д.Х-д энэ тухай итгэмжлэл олгосноор тэрээр Г.М-г төлөөлж байсан байх ба /хэрэгт энэ тухай итгэмжлэлийг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй ч хариуцагчийн төлөөлөгч үүнийг үгүйсгээгүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “...Тусгай зөвшөөрөл нь Г.М-н нэр дээр байсан хэдий ч Д.Х Г.М-н өмнөөс төлөөлөх эрхтэйгээр энэ асуудалд оролцож байсан...” гэж тайлбарласан болно/ Д.Х нь хариуцагч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ж-д дээрх зүйлсийг худалдаж авах санал тавьснаар тэд энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзаж харилцан ярилцаж байсан болох нь (хх 12-13, 32-33 тал),

- ингээд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Х болон Б.Ж нар нь лавлах .. тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлсийг 15 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцоонд хүрч энэ тухай гэрээг бичгээр үйлдэн батлуулах гэхэд нотариатчаас “Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх тусгай дугаарыг Ж ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй учир гэрээг батлах боломжгүй” гэсэн хариу өгснөөс шалтгаалж талууд бичгээр гаргасан гэрээг албажуулаагүй болох нь,

 - Дээрх зүйлсийг худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор бичгээр гарган албажуулаагүй боловч нэхэмжлэгч талаас “... зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс”-ийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч талд хүлээлгэн өгч, хариуцагч нь 1 000 000 төгрөгийн урьдчилгааг нэхэмжлэгч талд өгсөн болох нь (хх 1, 35 тал),

- Харилцаа холбооны зохицуулах газарт нэхэмжлэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “лавлах .. тусгай дугаар эзэмших эрхийг цуцлах, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” хүсэлт, хариуцагч “Ж” ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “лавлах .. тусгай дугаарыг ашиглах тухай” хүсэлт тус тус гаргаснаар Харилцаа холбооны зохицуулах газар нь Г.М-н .. тоот тусгай дугаар, гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, харин “Ж” ХХК-д уг тусгай дугаарыг ашиглах .. тоот бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр олгож, түүнтэй “Тусгай дугаар ашиглах гэрээ”-г бичгээр байгуулж, баталгаажуулсан /хх 42, 52-58 тал/ зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт “зар сонин болон такси үйлчилгээний эрх”-ийг нэхэмжлэгч Г.М эзэмшиж, ашигладаг тухай бичгийн баримт авагдаагүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хариуцагч талаас энэ асуудалд маргадаггүй ба талуудын тайлбараас үзэхэд тэд тус “зар сонин болон такси үйлчилгээний эрх, эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс”-ийг худалдах-худалдан авах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, улмаар эдгээрийг хүлээлгэн өгч, авч байсан үйл баримтууд тогтоогддог.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, 43 дугаар зүйлийн 43.3 “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж, 196 дугаар зүйлийн 196.1.1 “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж тус тус заасан.

Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч Г.М /Д.Х-р дамжуулж/ болон хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Б.Ж нар нь харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, улмаар “лавлах .. тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс”-ийг хоорондоо хүлээлгэн өгч, хүлээн авч, мөн хэн алин нь Харилцаа холбооны зохицуулах газарт “лавлах .. тусгай дугаар эзэмших эрх”-ийг цуцлах болон ашиглах тухай хүсэлт гаргаснаар Г.М-н тусгай дугаар ашиглах эрх хүчингүй болж, харин хариуцагч “Ж” ХХК уг тусгай дугаарыг ашиглах эрхийг шинээр авсан, “Ж” ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнээс 1 000 000 төгрөгийг Г.М-т төлсөн зэрэг тодорхой бодит үйлдлүүд хийгдсэн, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 /Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ/ дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзнэ.

Хэдийгээр талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй боловч хуульд “худалдах-худалдан авах гэрээ”-г заавал бичгээр байгуулсан байхыг шаардаагүй бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “...хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар хийж” болохоор хуульчилсан байдаг тул хариуцагчийн төлөөлөгч Б.Ж-н “...Г.М-г танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй. Гэрээ байгуулаагүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.   

Харин талуудын хооронд “лавлах .. тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс”-ийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа худалдан авагч тал болох “Ж” ХХК-ийн зүгээс худалдаж авсан зүйлсээ “...танай тал бидэнд ашиг орлогын талаар худал мэдээлэл өгсөн байна, тайлбарлаж байсан шиг чинь ашиг орлого олохгүй байна, цаашид ч ийм байх нь тодорхой байгаа учраас үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй...” гэх шалтгаанаар гэрээний зүйлийг буцааж өгөх тухайгаа худалдагч талд 2021 оны 01 дүгээр сараас эхлэн удаа дараа мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

 - Хариуцагч “Ж” ХХК нь худалдагч тал болох Д.Х-н facebook чат руу нь хүргүүлж байсан “...ажиллуулахаар хүлээн авсан Дорнод лавлах .. .. зар сониныг буцааж хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа тухай...” 2021 оны 05 дугаар сарын 24, 27-ны өдрүүдийн огноотой албан бичгүүдийн эх хувь (хх 16-19 тал),

-  Хариуцагчийн төлөөлөгч Б.Ж-н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...Анх худалдах санал тавихдаа маш их ашигтай мэтээр бидэнд танилцуулж байсан. Гэсэн хэдий ч тийм байгаагүй. Манай байгууллагын зүгээс ашиг орлого нь та нарын хэлсэн шиг биш байна. Тиймээс буцааж өгөх саналтай байна гэдгээ удаа дараа мэдэгдэж, албан тоот явуулж байсан...” гэх тайлбар,

- Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х-н шүүх хуралдаанд гаргасан “...Албан ёсоор надад албан тоот өгөөгүй. Гэнэт чатаар л худалдаж авахаа больсон гээд албан тоотын зураг илгээгээд байсан. Манай зүгээс нэгэнт худалдсан учир энэ асуудлыг хүлээж авахгүй гэдгээ зурвасаар хариу өгсөн...” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч тал худалдаж авсан зүйлсээ буцааж өгөх тухайгаа худалдагч талд удаа дараа мэдэгдэж байсныг “худалдах-худалдан авах гэрээ”-ээс татгалзах тухай санал гаргаж байсан гэж үзнэ.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдэлнэ.

Гэрээний нэг тал болох худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй бөгөөд худалдагч тал нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч талын гэрээнээс татгалзах болсон шалтгаан нь гэрээний зүйлийг ашиглах явцад бий болсон буюу худалдагч талаас үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, буруу мэдээлэл өгснөөс болж гэрээнээс татгалзах болсон нь тогтоогдож байх тул хариуцагч “Ж” ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.1-д “гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бөгөөд тэрээр гэрээний зүйлийг боловсруулах, дахин боловсруулах явцдаа энэхүү доголдлыг илрүүлсэн” гэж, 220 дугаар зүйлийн 220.4-д “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, энэхүү татгалзах саналаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нөгөө талдаа мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х нь гэрээнээс татгалзах талаар албан ёсоор надад албан тоот өгөөгүй, чатаар худалдаж авахаа больсон гээд албан тоотын зураг илгээгээд байсан гэж маргах боловч хуульд гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд нөгөө талдаа “заавал албан бичиг өгнө” гэсэн хэлбэрийн шаардлага тавигдаагүй, нэг талаас шууд хэлбэрээр, тодорхой зан үйлдлээр илэрхийлж болдог ба харин татгалзах тухай саналыг нөгөө тал нь мэдсэн байхыг шаарддаг тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй юм.

Түүнчлэн мөн хуулийн 255 дугаар зүйлд зааснаар худалдан авагч тал нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд хариуцагч нь гэрээний зүйлийг ашиглах явцад нэхэмжлэгч талын тайлбарлаж байсан хэмжээний ашиг орлого олохгүй байсан /худалдагч тал энэ талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй/-аас шалтгаалж гэрээнээс татгалзах тухай саналыг нэхэмжлэгч талд гаргаж, нэхэмжлэгч тал татгалзах саналыг мэдсэн атлаа “...Манай зүгээс нэгэнт худалдсан учир энэ асуудлыг хүлээж авахгүй, тохиролцсоны дагуу 14 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч “Ж” ХХК-аас “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Харин хариуцагч “Ж” ХХК буюу худалдан авагч талаас гэрээнээс татгалзсан байх тул татгалзсанаас үүсэх үр дагаврын асуудал мөн яригдах учиртай.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч “Ж” ХХК-аас “лавлах .. тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс”-ийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.М-т, нэхэмжлэгч Г.М-с 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч “Ж” ХХК-д шилжүүлэх нь хуульд нийцнэ.

Дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлсийг дор дурдвал /эдгээр эд зүйлсийн тоо ширхэг, чанарын талаар талууд маргаагүй/:   

  1. Угсардаг оффис ширээ 2 ширхэг
  2. Компьютерийн дэлгэц /BSB/ 1 ширхэг
  3. Компьютерийн процессор /Dell/ 1 ширхэг
  4. Дуу өсгөгч /Lenovo/ 1 ширхэг
  5. Утасны аппарат 4 ширхэг
  6. Интернетийн төхөөрөмж /Netis/ 1 ширхэг
  7. Уртасгагч залгуур 2 ширхэг
  8. Сэтгүүлийн тавиур /ширээний/ 1 ширхэг
  9. Усны аппарат, баллон 1 ширхэг
  10. Сандал /түшлэгтэй/ 1 ширхэг
  11. Сандал 1 ширхэг
  12. Лайвын гэрэл, суурьтай 1 ширхэг
  13. Ханын цаг 1 ширхэг
  14. Ханын үзүүлэх самбар 2 ширхэг
  15. Хогийн сав 1 ширхэг
  16. Шкаф 1 ширхэг
  17. Хантааз 12 ширхэг
  18. Сурталчилгааны самбар 12 ширхэг
  19. Сурталчилгааны самбарын тогтоогч 18 ширхэг
  20. Хөлтэй самбар 1 ширхэг тус тус болно.

Түүнээс гадна нэхэмжлэгч, хариуцагч талуудаас хэрэгт Facebook чатаар харилцаж байсан гэх баримт, гар утсаар хоорондоо гэрээ байгуулах тухай ярилцаж байсан яриа бүхий бичлэгийн хуулсан гэх CD 2 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “.. лавлах, .. зар сонин, такси үйлчилгээний эрх шилжүүлэх тухай” гэсэн нэртэй гэрээ гэх баримтуудыг ирүүлсэн бөгөөд эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт байна гэж үзэх боломжгүй баримтууд байх тул шүүх үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Шүүх нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээнээс татгалзсаны үр дагавар болох “Лавлах .. тусгай дугаар, .. зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс”-ийг хариуцагч “Ж” ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.М-т, нэхэмжлэгч Г.М-с 1 000 000 /нэг сая/ төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч “Ж” ХХК-д тус тус шилжүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 /хоёр зуун хорих долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА