Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2022/00001

 

*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн /цахимаар/ шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 138/ШШ2021/00753 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* миний үүсгэн байгуулсан 1900-1516 лавлах, шуурхай зар сонин, такси үйлчилгээг ******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх үйлчилгээ болон үндсэн хөрөнгийг 15 000 000 төгрөгөөр худалдан авч, үйл ажиллагааны эрх шилжүүлэн авах, төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа буюу 2022 оны 07 сарын 19-ний өдрөөс тус лавлах үйлчилгээ, шуурхай зар сонины ашгийн 20 хувийг худалдагч ******* би эзэмшиж, улирал бүр ногдол ашгаа тооцон авахаар харилцан тохиролцож, угсардаг ширээ, компьютерийн дэлгэц, залгуур, процессор тус бүр 1 ширхэг, дуу өсгөгч, утасны аппарат, интернэтийн төхөөрөмж 4 ширхэг, уртасгагч залгуур 2 ширхэг, сэтгүүлийн тавиур /ширээний/, усны аппарат, баллон, сандал /түшлэгтэй/, лайвын гэрэл суурьтай, ханын цаг, ханын үзүүлэх самбар 2 ширхэг, хогийн сав, шкаф тус бүр 1 ширхэг, хантааз, сурталчилгааны самбар  тус бүр 12 ширхэг, сурталчилгааны самбарын тогтоогч 18 ширхэг, хөлтэй самбар 1 ширхэгийг ******* ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгч, тусгай 1900-1516 дугаарын эрхийг тус тус шилжүүлэн өгч гэрээний урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг хүлээн авсан. Гэвч хариуцагч нь үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул ******* ХХК-аас лавлах 1900-1516 тусгай дугаар болон хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2017 оны 2 сараас 2019 оны хооронд 1900-1516 тусгай дугаарыг эзэмшиж байгаад 2019 оны 03 сарын 22-нд *******т эзэмших эрхээ шилжүүлсэн юм. Энэ тусгай дугаарын үйлчилгээг анх ******* бид хоёр санаачлан үүсгэн байгуулсан юм. Ингээд 2020 оны 10 сард бид үйлдвэрлэлийн салбарт ажиллах болсон тул Дорнод лавлах 1900-1516 тусгай дугаар, шуурхай зар сонин, такси үйлчилгээгээ зарах саналд хүрээд хамтран ажилладаг байсан Дорнод сонинд ажилладаг ******* ХХК-ийн захирал *******д санал тавьсан. Гэхдээ анх санал тавихдаа яг худалдах биш үйл ажиллагааг нь ******* ХХК авч яваад, бидний зүгээс тодорхой хувь эзэмшээд явах эсэх талаар ярилцахад ******* ХХК-ийн зүгээс 15 000 000 төгрөгөөр худалдаж авмаар байна гэдэг санал гаргасан. Ингээд 2020 оны 10 сарын 01-ний өдөр санал тавиад 10 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хоорондоо ярилцаад манай талаас 20 хувиа авч үлдээд, 80 хувиа 15 000 000 төгрөгөөр худалдахаар шийдэлд хүрээд, 2020 оны 10 сарын 19-ний өдөр хоорондоо гэрээ байгуулсан. Ингээд 2020 оны 10 сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн зүгээс Чадангууд төвийн 03 тоотоос тоног төхөөрөмж бусад зүйлсээ хүлээж аваад урьдчилгаа болох 1 000 000 төгрөгийг надад өгөөд үйл ажиллагаагаа эхлүүлээд явсан байдаг. Одоо бидний дунд үүссэн гол маргаан бол ******* ХХК нь худалдан авахаар тохиролцсон 15 000 000 төгрөгийнхөө үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөхгүй, нэгэнт тохиролцсон зүйлээсээ буцаж, бидэнд буцааж өгнө гэдэг байдлаар үл ойлголцол үүсэж, шүүхийн шатанд явж байгаа. Манай тусгай дугаарын зөвшөөрлийн хугацаа 2021 оны 3 сард дуусах байсан. Үнэхээр ажиллуулж үзэх талаар ярилцсан байсан бол тусгай зөвшөөрлөө шилжүүлэхгүйгээр ажиллуулж үзэх боломжтой байсан. Гэтэл хоёр тал харилцсан ярилцаад хэлцэл байгуулсан. Бидний зүгээс ******* ХХК-д хүчээр тулгаж эдгээр зүйлийг худалдаагүй. Анхнаасаа зохион байгуулалттай юм шиг гэрээний 2 хувийг аваад бидэнд нэг хувийг нь өгөөгүй. Бидний зүгээс ч эдний талд итгэсэн. Тиймээс гэрээний нэг хувиа аваагүй. Тэр гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ биш юм. Учир нь хариуцагч талтай 20 хувиар, 15 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөөд, графикийг нь гаргачихсан гэрээ байсан. Тухайн үед хэлцлээ хийчихээд албан ёсоор гэрээгээ нотариатаар батлуулах гэтэл тусгай дугаарын зөвшөөрөл ******* ХХК-ийн нэр дээр шилжээгүй байсан учир нотариат батлаагүй юм. Тэгээд урьдчилгаанд нь 1 000 000 төгрөг өгч тохироод, үйл ажиллагаа нь хэвийн явж, хоёр, гурван чиглэлээр ажиллаж байсан байгууллагыг аваад үйл ажиллагааг нь доголдуулчихаад би аваагүй гээд байгаа нь ямар учиртай юм. Би энэ үйл ажиллагааг 2017 оноос хойш хариуцаж явуулж байгаа. Сүүлийн хоёр, гурван жилд нь Чадангууд төвд хариуцагч байгууллагын хажууд үйл ажиллагаа явуулж байсан, мөн таньдаг, тухайн байгууллагын үйл ажиллагааны салбартай нь уялдаа холбоотой юм болов уу гээд анх худалдах санал тавьсан нь үнэн. Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан байгууллагыг шилжүүлж авсан. Гэтэл одоо худалдаж аваагүй гээд байгаа нь ямар учиртай юм. Одоо ингээд үйл ажиллагаа нь доголдсон байгууллагыг бид буцааж хүлээж авлаа гэхэд хэдий хэмжээний алдагдалд орохоо тооцож үзээгүй байна. Гомдолтой байна гэв.

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч, тус компанийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тайлбарын эхэнд дурдахад ******* гэдэг хүнийг танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй болно. *******, ******* нар Дорнод лавлах 19001516, Шуурхай зар сониныг бидний өмч гэж бидэнд ойлгуулсан. Дорнод лавлах 19001516-г ажиллуулж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул *******аар дамжуулж Харилцаа холбооны зохицуулах хорооноос ******* ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг 2020.12.01-ний өдөр гаргуулж авсан. 2020.10.21-ний өдөр иргэн *******аас Дорнод лавлах 19001516, Шуурхай зар сониныг үргэлжлүүлэн ажиллуулж туршиж үзэх зорилготой 1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, худалдах худалдан авах гэрээ хийлгүй ажиллуулж эхэлсэн боловч бидний зүгээс шалтгаалахгүй дэлхий даяар тархсан цар тахал ковид-19 гарч олон хоногоор хөл хорио тогтоож үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах нөхцөл бололцоо бүрдэхгүй байсан учир манай компани энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүйд хүрсэн. Энэ тухайгаа 2021 оны 1-р сард иргэн *******, түүний нөхөр ******* нарт хэлж, утсаар ярьсны эцэст 2021.01.24-ний өдөр 62-р байрны 14 тоотод байрлах оффист *******тэй уулзсан. Уулзалтаар ******* Манай гэр бүл энэ үйл ажиллагааг буцааж аваад одоогоор үргэлжлүүлэн ажиллуулах боломж бололцоо байхгүй байна. Та нар 2021 оны 06-р сар хүртэл ажиллуулж байгаач ээ, тэр үед ажиллуулах хүн олоод буцааж авъя гэсэн. Энэ нөхцөл байдлыг нь бид сонсоод 2021 оны 06-р сар хүртэл үйл ажиллагааг нь доголдуулалгүй ажиллуулсан. 2021.05.24-ний өдөр ******* ХХК-аас иргэн *******, түүний нөхөр ******* нарт Дорнод лавлах 19001516, Шуурхай зар сониныг хүлээлгэн өгөх тухай албан бичиг явуулсан. Түүнээс хойш албан бичигт хариу өгөөгүй, утсаар залгахад утсаа авахгүй, фэйсбүүк чатад хариу бичихгүй байсан. 2021.05.26-ны өдөр *******ын машин дотор уулзаж ярилцахад хүлээж авъя, та хэдийн ажиллуулах үед ямар ч нөхцөл бололцоо нь бүрдсэнгүй ээ, ажиллуулсан 6 сарын хугацааны 4 сар нь хөл хорионд байж өнгөрөөсөн байна. За хүлээж авъя, маргааш ирж нүүлгэе гэж ярьж явчихаад эргэж холбоо бариагүй, утсаа авахгүй 3 хоносон. 2021.05.27-ны өдөр дахин албан бичиг өгсөн. Мөн ямар ч хариу ирүүлээгүй. 2021 оны 06-р сард хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан учир үйл ажиллагаа явуулж байсан 62-р байрны 14 тоотын оффисын өрөөг иргэн Б.Буяндэлгэр суллахыг шаардсан тул эд хөрөнгийг нүүлгэж оффисыг чөлөөлсөн. Нүүж байгаа болон үйл ажиллагаа зогсож байгаа тухай утсаа авахгүй байсан учир фэйсбүүк чатаар нь хэлсэн. ******* ХХК-ийн зүгээс иргэн *******ын шүүхэд гаргасан 14 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.    Үйл ажиллагаа тогтворжсоны дараагаар 2 жилийн хугацаанд Худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг системтэйгээр 2 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон байсан боловч нөхцөл байдлаас шалтгаалан цааш үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул гэрээ хийгдээгүй.

2.    Ажиллуулж байх 6 сарын хугацаанд ямар ч ашиг орлого олоогүй. /-/ дүнтэй гарч байсан.

3.     14 сая төгрөгийн тухайд хэтэрхий өндөр үнэтэй, үйл ажиллагааны 20 хувийг эзэмшинэ гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгааг уулзах бүртээ хэлж байсан гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс 1900-1516 тусгай дугаар, шуурхай зар сонин, такси үйлчилгээг хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Гэхдээ бид хоорондоо гэрээ байгуулах асуудал дээр маргаантай зүйл байсан. Нэгдүгээрт: Манай байгууллагын зүгээс 20 хувийг нөгөө тал эзэмшиж, хувь хүртэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Хоёрдугаарт: Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх тусгай дугаарыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа учир бидний хооронд байгуулах гэрээг нотариатаар батлах боломжгүй гэсэн. Иймээс албан ёсоор гэрээгээ байгуулж чадаагүй байсан. Гэсэн хэдий ч манай байгууллагын зүгээс тусгай дугаар, шуурхай зар сонин, такси үйлчилгээг эхний ээлжинд ажиллуулж үзэхээр болж 2020 оны 10 сараас 2021 оны 04 сар хүртэл ажиллуулсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ихэнх сард нь хэвийн ажиллаж чадаагүй. Мөн ажиллуулсан хэдэн сарын хугацаанд ашиг орлого багатай байсан. *******ын хэлсэнчлэн тийм их ашиг, орлоготой байгаагүй. Анх худалдах санал тавихдаа л ашиг, орлогоо нуун дарагдуулж, худлаа хэлсэн байсан. Маш их ашигтай мэтээр бидэнд танилцуулж байсан. Гэсэн хэдий ч тийм байгаагүй. Гэтэл *******ын зүгээс мөнгөө авна гэдэг зүйл ярьсан. Бид ч мөнгө өгөх боломжгүй, ямар ч ашиггүй байна, буцааж хүлээлгэн өгөх талаар хэлсэн. Тухайн үед ч ******* танайх үнэхээр ашиггүй ажиллалаа, буцааж хүлээж авъя даа гэж хэлсэн байдаг. Энэ ярианы бичлэгийг би шүүхэд өгсөн байгаа. Гэтэл одоо ингэж хэлснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс ашиг орлого нь та нарын хэлсэн шиг биш байна. Тиймээс буцааж өгөх саналтай байна гэдгээ удаа дараа мэдэгдэж, албан тоот явуулж байсан. Гэрээ байгуулсан гээд байгаа тэр үед би ******* гэх компаниа ч албан ёсоор байгуулж гэрчилгээг нь аваагүй байсан. 2020 оны 11 сард компаниа байгуулж, гэрчилгээгээ авч байсан. Анх энэ асуудлыг ярилцаж эхлэх үеэс *******ын нөхөр Дөлгөөн бидэнтэй уулзаад яваад байсан учир Дөлгөөнтэй уулзаж, манай байгууллагын зүгээс уг үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй байгаа учир буцааж өгөх талаар 2021 оны 01 сард уулзахад 2021 оны 6 сар хүртэл ямар ч байсан ажиллуулж байгаач, одоо шууд буцаагаад авна гэхэд бидэнд хүндрэлтэй байна. Бид шинэ ажил эхлүүлсэн учир ажил ихтэй байна. 6 сард буцааж авна гэж хэлсэн. Мөн та нарын анх хэлсэн шиг тийм ашигтай биш байна. Анхнаасаа бидэнд мэдээллээ буруу өгсөн байна. Тиймээс буцааж ав гэж хэлсэн. 2021 оны 5 сарын 24-өөс бид түрээсэлж байсан байраа хүлээлгэж өгөх болоод *******, Дөлгөөн нартай холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, чатад хариу өгөхгүй байсан. Үйл ажиллагаа нь доголдоогүй байхад аль 1 сард бид буцааж өгөх талаараа хэлж, өөрсдөө хүлээж авна гэдгээ илэрхийлж, тогтсон хугацаандаа хүлээж аваагүй ийм байдалд хүргэчихээд ингэж ярьж байгааг ойлгохгүй байна. Тэр гэрээ гээд байгаа зүйлийн хувьд ******* нь гарын үсэг зураагүй, манай компани ч байгуулагдаагүй байсан учир хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг ******* ч мэдэж байгаа. Тиймээс гэрээний асуудлыг шүүх хүлээн авахгүй байх гэж бодож байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээнээс татгалзсаны үр дагавар болох лавлах 1900-1516 тусгай дугаар, Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс-ийг хариуцагч ******* ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******оос 1 000 000 /нэг сая/ төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч ******* ХХК-д тус тус шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 /хоёр зуун хорих долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Талууд лавлах, шуурхай зар сонин, такси үйлчилгээ, тоног төхөөрөмж болон бусад дагалдах эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд хүсэл зоригоо бодитоор илэрхийлж, харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч байгуулсан нь хавтаст хэрэгт байгаа зохигчдын тайлбар, эд хөрөнгө хүлээлцсэн баримт, тусгай үйлчилгээ үзүүлэх эрхээ шилжүүлсэн, гэрээний урьдчилгаа шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байна.

 Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар ... хийх боломжийг олгосон бөгөөд тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, 43.1.2-д хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон-оор амаар байгуулсан хэлцлийг байгуулсанд тооцохоор хуульчилсан.

Мөн Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. хэмээн тус тус зохицуулсан бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээг хуульд заавал бичгээр байгуулахыг шаардаагүй байх тул талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж нөгөө тал нь түүнийг хүлээн авч эд хөрөнгийнхөө эрхийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй. 

Талуудын хэлцэл хийх гол үндэслэл нь Дорнод лавлах 1900-1516 үйлчилгээний эрх шилжүүлэх, үйл ажиллагааны үндсэн чиглэл, ашиг орлого, зарлагын талаар худалдагч тал үнэн зөв мэдээлэл өгч, худалдан авагч тал сайн дурын үндсэн дээр зөвшөөрөн харилцан тохиролцож гэрээ хийсэн билээ. ******* ХХК нь урьдчилгаа төлбөр төлж, бүх зүйл нь хэвийн явагдаж байсан Дорнод лавлах 1900-1516 лавлах үйлчилгээг шууд байрнаас нь шилжүүлэн нүүлгэн авч явсан талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж өгсөн байгаа.

Гэрээний нэмэлт нөхцөл болох эд хөрөнгийн талаар худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эд хөрөнгийн эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх бөгөөд энэхүү хэргийн тухайд талууд биет байдлын болон эрхийн зөрчлийн талаар огт маргаагүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ., мөн хуулийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. гэж тус тус заасан бөгөөд худалдагч худалдаж буй эд хөрөнгийн талаарх үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтнй болохоос биш ашиг орлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл нь биет болон эрхийн доголдол, эд хөрөнгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх асуудалд хамааралгүй болно.

Хариуцагч нь татгалзлаа ашиг орлого олоогүй тул гэрээнээс татгалзаж байгаагаа Хэрлэнзулд удаа дараа мэдэгдсэн талаар тайлбарласан байх бөгөөд ашиг орлого олох, хэрхэн үйл ажиллагаа явуулах нь худалдан авагч талын үүрэг, хариуцлага бөгөөд эд хөрөнгийн чанарт огт хамаагүй юм.

Уг хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчид хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож байгаа этгээд нь хэргийн оролцогч биш юм. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний оролцогчид нь *******, ******* ХХК нар юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан билээ. Талуудын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас шүүх үнэлэхдээ нөгөө талын нотлох баримтыг үнэлсэн бөгөөд өдил хэмжээнд үйлдэгдсэн манай талын нотлох баримтыг үнэлэхгүй, нэг талыг барьж, тэгш бус хандаж байгаа нь шүүхэд итгэх итгэлд эргэлзээ төрүүлж байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж заасан бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа нэхэмжлэгч *******т огт мэдэгдэж байгаагүй тул гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй ба хавтаст хэргийн материалд нэхэмжлэгчид гэрээнээс татгалзсан, мэдэгдсэн талаар баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний болон хэргийн оролцогч биш этгээдэд удаа дараа гэрээг цуцлах талаар мэдэгдсэн нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу *******ын нэхэмжлэлтэй Жакма ХХК-д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Жакма ХХК-иас лавлах 1900-1516 тусгай дугаар болон хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн үнэ 14 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* миний үүсгэн байгуулсан 1900-1516 лавлах, шуурхай зар сонин, такси үйлчилгээг ******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх үйлчилгээ болон үндсэн хөрөнгийг 15 000 000 төгрөгөөр худалдан авч, үйл ажиллагааны эрх шилжүүлэн авах, төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа буюу 2022 оны 07 сарын 19-ний өдрөөс тус лавлах үйлчилгээ, шуурхай зар сонины ашгийн 20 хувийг худалдагч ******* би эзэмшиж, улирал бүр ногдол ашгаа тооцон авахаар харилцан тохиролцож, угсардаг ширээ, компьютерийн дэлгэц, залгуур, процессор тус бүр 1 ширхэг, дуу өсгөгч, утасны аппарат, интернэтийн төхөөрөмж 4 ширхэг, уртасгагч залгуур 2 ширхэг, сэтгүүлийн тавиур /ширээний/, усны аппарат, баллон, сандал /түшлэгтэй/, лайвын гэрэл суурьтай, ханын цаг, ханын үзүүлэх самбар 2 ширхэг, хогийн сав, шкаф тус бүр 1 ширхэг, хантааз, сурталчилгааны самбар  тус бүр 12 ширхэг, сурталчилгааны самбарын тогтоогч 18 ширхэг, хөлтэй самбар 1 ширхэгийг ******* ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгч, тусгай 1900-1516 дугаарын эрхийг тус тус шилжүүлэн өгч гэрээний урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг хүлээн авсан. Гэвч хариуцагч нь үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа гэжээ.

Нэхэмжлэгч тал хариуцагч Жакма ХХК-иас 1 000 000 төгрөг хүлээн авсан тухай орлогын баримт, Харилцаа холбооны зохицуулах хорооны бүртгэлийн гэрчилгээнүүд, тэдний хүсэлтээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж өгсөн *******ын гаргасан хүсэлт, бүртгэлийн гэрчилгээ, тусгай дугаар ашиглах гэрээ хавсралтын хамт, Жакма ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан хүсэлт, бүртгэлийн гэрчилгээ, тусгай дугаар ашиглах гэрээ хавсралтын хамт зэрэг нийт 16 хуудас нотлох баримт /хх 43-58/ гаргаж өгчээ.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1900-1516 тусгай дугаарыг ашиглах зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах газарт хүсэлт гарган Тусгай дугаар ашиглах гэрээ-г бичгээр байгуулан, 30010550 дугаар бүртгэлийн гэрчилгээг олгосноор 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд тус тусгай дугаарыг ашиглах эрхтэй болж, Дорнод аймагт лавлах үйлчилгээ үзүүлж байсан байна.

Энэ хугацаандаа 2020 оны 10 дугаар сард тусгай дугаар болон Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх, эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлсийг хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д худалджээ.

Нэхэмжлэгч *******ын олгосон итгэмжлэлийн дагуу ******* нь Жакма ХХК-ийн захирал *******тай харилцан ярилцаж тохиролцсоноор дээрх зүйлсийг худалдах, худалдан авсан болох нь тэдний шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

Талуудын хооронд Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх, эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлсийг 15 000 000 төгрөгөөр худалдсан тухай бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч хуульд худалдах-худалдан авах гэрээ-г заавал бичгээр байгуулахыг шаардаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг ...талууд хэлэлцэн тохиролцож амаар ..хийнэ гэж заасны дагуу тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Д.Хэрлэнтуул, ******* нар нь энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзаж харилцан ярилцаж байжээ. /хх 12-13,32-33/

Мөн ******* ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнээс 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн ба хэн аль нь энэ талаар маргаагүй.

2. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь *******, ******* нар Дорнод лавлах 19001516, Шуурхай зар сониныг бидний өмч гэж бидэнд ойлгуулсан. Дорнод лавлах 19001516-г ажиллуулж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул *******аар дамжуулж Харилцаа холбооны зохицуулах хорооноос ******* ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг 2020.12.01-ний өдөр гаргуулж авсан. 2020.10.21-ний өдөр иргэн *******аас Дорнод лавлах 19001516, Шуурхай зар сониныг үргэлжлүүлэн ажиллуулж туршиж үзэх зорилготой 1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн. ... бидний зүгээс шалтгаалахгүй дэлхий даяар тархсан цар тахал ковид-19 гарч олон хоногоор хөл хорио тогтоож үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах нөхцөл бололцоо бүрдэхгүй байсан учир манай компани энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүйд хүрсэн. ... *******ын шүүхэд гаргасан 14 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ... Үйл ажиллагаа тогтворжсоны дараагаар 2 жилийн хугацаанд Худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг системтэйгээр 2 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон байсан боловч нөхцөл байдлаас шалтгаалан цааш үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул гэрээ хийгдээгүй. Ажиллуулж байх 6 сарын хугацаанд ямар ч ашиг орлого олоогүй. /-/ дүнтэй гарч байсан. 14 сая төгрөгийн тухайд хэтэрхий өндөр үнэтэй, үйл ажиллагааны 20 хувийг эзэмшинэ гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгааг уулзах бүртээ хэлж байсан гэжээ.

Хариуцагч тал шүүхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны 30010619 дугаартай бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч талын гарын үсэг зурагдаагүй Дорнод лавлах 19001516, Шуурхай зар сонин-г хүлээлгэн өгөх тухай албан тоот, эд хөрөнгө хүлээлцэх тухай акт болон *******гийн гарын үсэгтэй Дорнод лавлах 19001516, Шуурхай зар сонин-г хүлээлгэн өгөх тухай албан тоот, 19001516 лавлах, Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх шилжүүлэх тухай гэрээ, Facebook чатаар Хэрлэн, Дөлгөөн нарын хаягаар харилцаж байсан гэх нотлох баримтууд, гар утсаар хоорондоо гэрээ байгуулах тухай ярилцаж байсан яриа бүхий бичлэгийн хуулсан гэх CD 2 ширхэг /хх 14-29, 65-86/ зэргийг гаргаж өгсөн.

Эдгээр нотлох баримтуудаас шүүх Facebook чатаар харилцаж байсан гэх баримт, гар утсаар хоорондоо гэрээ байгуулах тухай ярилцаж байсан ярианы бичлэг хуулсан CD 2 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1900-1516 лавлах Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх шилжүүлэх тухай гэрээ зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэн үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь заалттай нийцжээ.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт тухайлбал, Нэхэмжлэгч ******* нь Харилцаа холбооны зохицуулах газарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1900-1516 тусгай дугаар ашиглах гэрээг цуцлах тухай хүсэлт гаргаж хүчингүй болгуулсан, ******* ХХК-ийн захирал ******* 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргаж 30010619 дугаартай Тусгай дугаар ашиглах гэрээ байгуулсан, лавлах 1900-1516 тусгай дугаар, Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс-ийг хоорондоо хүлээлгэн өгч, авсан, ******* ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнээс 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтууд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэстэйгээс гадна талуудын хооронд 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Худалдан авагч тал болох ******* ХХК нь лавлах 1900-1516 тусгай дугаар, Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс-ийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш хүлээж авсан эд зүйлсүүдийг буцаан хүлээлгэж өгөх хүсэлтэй байгаагаа худалдагч талд удаа дараа албан бичгээр мэдэгдсэн гэх ба анхан шатны шүүх хуралдаанд ...Анх худалдах санал тавихдаа маш их ашигтай мэтээр бидэнд танилцуулж байсан. Гэсэн хэдий ч тийм байгаагүй. ...Тиймээс буцааж өгөх саналтай байна гэдгээ удаа дараа мэдэгдэж, албан тоот явуулж байсан... гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Албан ёсоор надад албан тоот өгөөгүй. Гэнэт чатаар л худалдаж авахаа больсон гээд албан тоотын зураг илгээгээд байсан. Манай зүгээс нэгэнт худалдсан учир энэ асуудлыг хүлээж авахгүй гэдгээ зурвасаар хариу өгсөн... гэж тайлбарласнаас үзэхэд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар худалдан авагч тал гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа худалдагч талд мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ тус лавлах үйлчилгээ, шуурхай зар сонины ашгийн 20 хувийг худалдагч ******* би эзэмшиж, улирал бүр ногдол ашгаа тооцон авахаар харилцан тохиролцсон гэсэн байх боловч хэдий хэмжээний ашиг олж байсныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч тал нь хариуцагч ******* ХХК гэрээнээс татгалзах болсон шалтгаанаа гэрээний зүйлийг ашиглах явцад бий болсон буюу худалдагч талын тайлбарлаж байсан шиг ашиг орлого олохгүй байсан гэж тайлбарласныг үгүйсгэж маргаагүй байна.

Иймд шүүх хариуцагч ******* ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч ******* ХХК-аас лавлах 1900-1516 тусгай дугаар, Шуурхай зар сонин, такси үйлчилгээний эрх болон эдгээрийг дагалдах тоног төхөөрөмж, эд зүйлс-ийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******оос 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч ******* ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч *******ын гаргасан даьж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээ 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийгөө төлөөлөх эрхийг гурван жилийн хугацаагаар Дашнямын Хэрлэнтуулд олгож, нотариатаар гэрчлүүлсэн /хх-30/ атлаа давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож байгаа этгээд хэргийн оролцогч биш гэж дурдсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 138/ШШ2021/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

худалдЖ.ДОЛГОРМАА