Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2021/00774

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, .. сумын .. багт оршин суух, .. регистрийн дугаартай, Б овогт М-н Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, .. сумын .. баг, .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Х овогт Э-н Э-д холбогдох,  

“Гэм хорын хохиролд нийт 46  000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах,  иргэдийн төлөөлөгч Х.Эрдэнэбат /онлайнаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат /онлайнаар/, хариуцагч Э.Э /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох /онлайнаар/ нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Д-н П-н хамт 2020.09.17-ны шөнө Дорнод аймгийн .. сумын нутаг дэвсгэрт Иж палнит-5 маркийн .. улсын дугаартай мотоциклтой явж байхад .. маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний 1.3 дахь заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2 дахь “Харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоцикл жолоодож явсан Д.П-н амь насыг хохироож, М.Н миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021.01.13-ны өдөр МУЭХ-ийн 27.10 дахь зүйлийн 27.10.3 дахь хэсэгт заагдсан гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар тэнссэн. Уг тогтоолд М.Н миний цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иймд бид бүхэн үр хүүхдүүд нь бүгд зөвлөлдөөд хайрт ханийхаа алтан амийг 20 000 000 төгрөг гэж үзэж байгаа ба М.Н миний цаашид гарах 26 000 000 төгрөгийн эмчилгээний зардал гарна гэж үзэж байгаа ба эдгээрийг нэмж нэгтгэн 46 000 000 төгрөгийг Э-ээс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч А.Ганбат нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.П-н амь нас хохирсон. Д.П нь нэхэмжлэгч М.Н-н нөхөр, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн аав нь юм. Д.П-н амь насыг Э.Э хохироосон гэдэг нь маргаангүй юм. Тиймээс гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг нэхэмжилсэн. М.Н-н хувьд уг үйлдлээс болж биедээ хүнд гэмтэл авсан. Тиймээс М.Н-н эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг нэхэмжилсэн. Ингээд нийт гэм хорын хохиролд 46 000 000 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагчийн тайлбарыг сонслоо. Хариуцагч тайлбартаа эрүүгийн хэрэгт барагдуулсан хохирол, төлбөрийн талаар яриад байх шиг байна. Өнөөдөр бид Иргэний хуулийн дагуу гэм хорын хохирол нэхэмжилж байгаа. Тэр арван хэдэн сая төгрөг төлснөөрөө хүний амь төлөгдсөн гэж үзэх үү. Бүхэл бүтэн хүний алтан амь хохирсон асуудал энд яригдаж байна. Бид нотлох баримтыг гаргаж өгөх гэж үзсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар яг эмчлүүлсэн тохиолдолд баримт гаргаж өгнө, ирээдүйд гарах зардлын баримтыг гаргаж өгөхгүй болсон юм байна. Тиймээс бид эмчлүүлэхэд шаардагдах зардлын нотлох баримт гаргаж өгч чадахгүй гацчихаад байна. Ер нь миний үйлчлүүлэгч М.Н Солонгос улс руу явж эмчлүүлэх хүсэлтэй байгаа. Энэ эмчилгээний зардалд нэхэмжилсэн 26 000 000 төгрөг нь Солонгос улс руу явж эмчлүүлэхэд шаардагдах зардал юм. М.Н нь одоо хөл дээрээ тогтож чадахгүй байгаа шүү дээ. Тиймээс хариуцагчийн зүгээс гэм хорын хохирол дээр тайлбар өгсөнгүй гэж ойлгож байна. Энэ бол эрүүгийн хэрэг биш иргэний хэргийн асуудал. Солонгос улс руу явж ямар эмчилгээ хийлгэх талаар бид судалсан. Хугарсан яснууд нь буруу бороолсон учир 7 газар дахин хагалгаа хийж, буруу бороолсон хэсгийг засах шаардлагатай гэсэн. Монголд хийхэд хүндрэлтэй, тиймээс Солонгос улс руу явж хийлгэх нь зүйтэй гэж мэргэжлийн эмч зөвлөсөн. Тэгээд Солонгос улс руу явахад гарах эмчилгээний зардал нь хэд болох вэ гэхээр урьдчилсан байдлаар баримт гаргаж өгөх боломжгүй гээд байгаа юм. М.Н-н эмчилгээний зардал 26 000 000 төгрөг, Д.П-н амь нас хохирсонд 20 000 000 сая төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд гэм хорыг арилгуулах эрхтэй гэж заасны дагуу энэ нэхэмжлэлийг гаргасан. Хэдийгээр өнөөдөр нотлох баримт хангалттай биш ч гэсэн, бид нэхэмжлэл гаргах эрхээ эдэлж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ. Шүүхийн шийдвэрт хуульд заасан үндэслэлийн дагуу хандах болно. Бидний хувьд гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй, үүнийг хуулийн дагуу шийдэж өгнө гэж найдаж байна гэв.

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2020.09.17-ны шөнө өөрийн санамсар болгоомжгүйн улмаас зам тээврийн осол гаргаж, Д.П-н амь насыг хохироож, М.Н гуайн биед хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед би өөрийн боломж бололцоогоор оршуулгын болон Н гуайн Улаанбаатар хот руу тээвэрлэх, эмчилгээ гэх мэт зардалд тодорхой хэмжээний мөнгө төлж ирсэн. Хайрт ханийхаа алтан амийг 20 000 000 төгрөгөөр үнэлнэ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд ямар эмчилгээг хэзээ, хэдэн төгрөгөөр хийлгэсэн болохыг мэдсэний дараа албан ёсны баримтад үндэслэн холбогдох зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие тухайн үед өөрийн боломж бололцоогоор оршуулгын зардалд болон М.Н гуайг Улаанбаатар хот руу тээвэрлэх, эмчилгээний зардалд нийт 16 700 000 төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд орохын өмнө 1 000 000 төгрөг,  оршуулгын зардалд 8 500 000, эмчилгээний зардалд 2 400 000, буяны ажлын бусад зардалд 5 000 000 төгрөг төлж барагдуулсан. М.Н гуайн зүгээс 46 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр төрлийн шаардлага яригдаж байна. Эхний шаардлага сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг гэсэн. Үүнийг эдийн бус хохирол юм болов уу гэж бодож байна. Иргэний хуулийн 230.1-д эдийн бус гэм хорыг шаардах эрхтэй гэж заасан. Харин тус хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид гэмт хэргийн улмаас нас барсан хохиролд түүний өв залгамжлагч нь гэм буруутай этгээдээс мөнгөн төлбөр төлнө, төлбөр шаардах эрхтэй гэж заасан зүйл байхгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт: эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч талаас шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 228.4-т заасныг баримталж тайлбарладаг. Гэсэн хэдий ч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талаас зайлшгүй зардал гэж юуг хэлэх, энэ нэхэмжилсэн мөнгө нь зайлшгүй зардал мөн эсэх талаар нотлох баримтаа ирүүлсэнгүй. Хохирогчийн хувьд 14 сарын өмнө осолд орсон. Үүний улмаас М.Н гуайн зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, тархи доргилт гэсэн гэмтэл учирсан байдаг. Энэ 14 сарын хугацаанд эдгээр ясны хугаралт, эдгэрэлт ямар байгаа талаар тодорхой нотлох баримт ирүүлсэнгүй. Мөн эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь аюул учрахаар нөхцөл байдал үүссэн үү, үгүй юу гэдэг дээр ч нотлох баримт алга байна. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтыг үндэслэн хохирлыг төлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар хэрэгт 56 000 төгрөгийн зардлын баримтаас өөр баримт байхгүйг анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч талаас Солонгос улсад эмчилгээ хийлгэнэ гэж ярьж байна. Гэтэл тухайн эмчилгээг Монгол улсад хийх боломжтой, боломжгүй эсэх талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт алга байна. Мөн Солонгос улсад хийгдэх эмчилгээний задаргаа, урьдчилсан байдлаар гаргасан эмчилгээний зардлын задаргаа зэрэг нотлох баримт мөн алга. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Хойшид хийлгэсэн эмчилгээний зардлын баримтаа ирүүлээд заавал шүүх гэхгүйгээр ийм, ийм зардал гарсан, төлөх шаардлагатай гэсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ хэлж байгаа.гэв.

Иргэдийн төлөөлөгч Х.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгчид нэхэмжилсэн мөнгийг нь боломжоороо төлөх нь зүйтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Э.Э-д холбогдуулан “Сэтгэл санааны болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 46 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тус шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцсон болно. (хх 1-3 тал)

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...гэмт хэргийн улмаас хүн нас барсан хохиролд түүний өв залгамжлагч нь гэм буруутай этгээдээс мөнгөн төлбөр шаардах эрхтэй гэж хуульчлаагүй. Мөн эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь зайлшгүй зардал мөн эсэх талаар нотлох баримтаа ирүүлээгүй. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтыг үндэслэн хохирлыг төлөх үүрэгтэй...” гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Э.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн .. сумын ... газарт .. маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Иж планет-5” маркийн .. улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар тус мотоциклтой зорчиж явсан зорчигч М.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Д.П-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. (хх 1-3, 7-11, 47 тал)

1. Эрүүл мэндэд учирсан хохиролд буюу эмчилгээний зайлшгүй зардалд 26 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “...Э.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас М.Н хүнд гэмтэл авсан. М.Н нь одоо хөл дээрээ тогтож чадахгүй байгаа. Хугарсан яснууд нь буруу бороолсон учир 7 газар дахин хагалгаа хийж, буруу бороолсон хэсгийг засах шаардлагатай гэсэн. Монголд хийхэд хүндрэлтэй, тиймээс Солонгос улс руу явж хийлгэх нь зүйтэй гэж мэргэжлийн эмч зөвлөсөн. Энэ эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг шаардлагатай. Хэдийгээр өнөөдөр нотлох баримт хангалттай биш ч гэсэн, бид нэхэмжлэл гаргах эрхээ эдэлж энэхүү нэхэмжлэлийг гаргасан...” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 228 дугаар зүйлийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч М.Н-н биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба буруутай этгээдээс учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Э.Э нь түүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч Э.Э нь зам тээврийн осол гаргасан гэм буруутайдаа маргаагүй бөгөөд эрүүгийн хэргийг шалгаж, улмаар тус хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнөх хугацаанд хохирогч талд амь хохирогчийн оршуулгын зардал болон М.Н-н эмчилгээний зардалд нийт 16 736 500 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, эрүүгийн хэргийн материалаас хуулбарлан ирүүлсэн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хэсэг болон мөнгөн шилжүүлгийн баримт, Э.Э-н Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй болно. (хх 47, 86-94 тал)

Гэвч нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь М.Н-г Солонгос улс руу явуулан түүний хугарсан яснуудын хэсэгт дахин хагалгаа хийж, буруу бороолсон хэсгийг засах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж энэхүү эмчилгээний зардалд 26 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч энэ талаарх холбогдох баримтаа “...Солонгос улс руу явахад гарах эмчилгээний зардлын баримтыг урьдчилсан байдлаар гаргаж өгөх боломжгүй гэсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар яг эмчлүүлсэн тохиолдолд баримт гаргаж өгнө, ирээдүйд гарах зардлын баримтыг гаргаж өгөхгүй болсон юм байна. Тиймээс бид эмчлүүлэхэд шаардагдах зардлын нотлох баримт гаргаж өгч чадахгүй гацчихаад байна...” гэж тайлбарлан шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Н Солонгос улс руу явж хагалгаа хийлгэн буруу бороолсон ясыг засах эмчилгээний зайлшгүй зардалд 26 000 000 төгрөгийг урьдчилан төлүүлэхээр шаардаж байгаа боловч энэ байдлаа хуульд заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Харин нэхэмжлэгч М.Н нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Эм Би Жи Мед” эмнэлэгт 30 000 төгрөгөөр эмчид үзүүлж, 26 000 төгрөгөөр рентген зураг авахуулсан байх тул энэ 56 000 төгрөгийг хариуцагч Э.Э-с гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Эдийн бус гэм хорын хохирол буюу Д.П-н амь насыг хохироосон сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч М.Н нь өөрийн нөхөр Д.П-н зам тээврийн ослын улмаас нас барснаас үүдэн гарсан хохирлыг хариуцагч Э.Э-с нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч Э.Э нь амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 8 500 000 төгрөгийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө хохирогч талд төлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэж маргаагүй, харин тэд 20 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...Бүхэл бүтэн хүний алтан амь хохирсон асуудал яригдаж байна. Д.П-н амь нас хохирсонд 20 000 000 сая төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд гэм хорыг арилгуулах эрхтэй...” гэж тайлбарладаг.

Гэвч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл хуульд гэмт хэргийн улмаас нас барсан хохиролд түүний өв залгамжлагч нь гэм буруутай этгээдээс эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх талаар нарийвчлан хуульчлаагүй тул хариуцагч Э.Э-с эдийн бус гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Эрдэнэбат “хариуцагч Э.Э нь нэхэмжлэгчид нэхэмжилсэн мөнгийг нь боломжоороо төлөх нь зүйтэй” гэж дүгнэдэг боловч хууль зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.Э-с эмчилгээний зардалд 56 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 944 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Э-с бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 56 000 /тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 944 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 4 550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА

                                                  ШҮҮГЧИД                         С.ГАНЧИМЭГ

                                                                                       Т.БАЙГАЛМАА