Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2022/00006

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00774 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Гэм хорын хохиролд 46 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч А.Ганбат, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Дашнямын *******гийн хамт 2020 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Зүрх гэх газарт Иж планет-5 маркийн 75-58 ЧОЗ улсын дугаартай мотоцикльтой явж байхад Тоёота чейзер маркийн 00-27 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Энх-Амар овогтой Энх-Амгалан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт буюу Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.2 дахь Харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоцикль жолоодож явсан Дашням овогтой *******гийн амь насыг хохироож, Мөнх овогтой Нарантуяа миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнссэн. Уг тогтоолд ******* миний цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иймд бид бүхэн үр хүүхдүүд нь бүгд зөвлөлдөөд хайрт ханийхаа алтан амийг 20 000 000 төгрөг, ******* миний цаашид гарах эмчилгээнд 26 000 000 төгрөгийн зардал гарна гэж тооцож, нийт 46 000 000 төгрөгийг *******гаас нэхэмжилж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч А.Ганбат нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Хариуцагч тайлбартаа эрүүгийн хэрэгт барагдуулсан хохирол, төлбөрийн талаар ярьж байх шиг байна. Өнөөдөр бид Иргэний хуулийн дагуу гэм хорын хохирол нэхэмжилж байгаа. Тэр арван хэдэн сая төгрөг төлснөөрөө хүний амь төлөгдсөн гэж үзэх үү. Бүхэл бүтэн хүний алтан амь хохирсон асуудал энд яригдаж байна. Бид нотлох баримтыг гаргаж өгөх гэж үзсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар яг эмчлүүлсэн тохиолдолд баримт гаргаж өгнө, ирээдүйд гарах зардлын баримтыг гаргаж өгөхгүй болсон юм байна. Тиймээс бид эмчлүүлэхэд шаардагдах зардлын нотлох баримт гаргаж өгч чадахгүй байна.

Ер нь миний үйлчлүүлэгч ******* Солонгос улс руу явж эмчлүүлэх хүсэлтэй байгаа. Энэ эмчилгээний зардалд нэхэмжилсэн 26 000 000 төгрөг нь Солонгос улс руу явж эмчлүүлэхэд шаардагдах зардал юм. ******* нь одоо хөл дээрээ тогтож чадахгүй байгаа шүү дээ. Тиймээс хариуцагчийн зүгээс гэм хорын хохирол дээр тайлбар өгсөнгүй гэж ойлгож байна. Энэ бол эрүүгийн хэрэг биш, иргэний хэргийн асуудал. Солонгос улс руу явж ямар эмчилгээ хийлгэх талаар бид судалсан. Хугарсан яснууд нь буруу бороолсон учир 7 газар дахин хагалгаа хийж, буруу бороолсон хэсгийг засах шаардлагатай гэсэн. Монголд хийхэд хүндрэлтэй, тиймээс Солонгос улс руу явж хийлгэх нь зүйтэй гэж мэргэжлийн эмч зөвлөсөн.

Солонгос улс руу явахад гарах эмчилгээний зардал нь хэд болох вэ гэхэд урьдчилсан байдлаар баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд гэм хорыг арилгуулах эрхтэй гэж заасны дагуу 46 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хэдийгээр өнөөдөр нотлох баримт хангалттай биш ч гэсэн, бид нэхэмжлэл гаргах эрхээ эдэлж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ. Шүүхийн шийдвэрт хуульд заасан үндэслэлийн дагуу хандах болно. Иймд бидний гаргасан гэм хорын хохирлыг хуулийн дагуу шийдэж өгнө гэдэгт итгэж байна. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө өөрийн санамсар болгоомжгүйн улмаас зам тээврийн осол гаргаж, Д.*******гийн амь насыг хохироож, ******* гуайн биед хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед би өөрийн боломж бололцоогоор оршуулгын болон Нарантуяа гуайн Улаанбаатар хот руу тээвэрлэх, эмчилгээнд гэх мэт зардалд тодорхой хэмжээний мөнгө төлж ирсэн. Хайрт ханийхаа алтан амийг 20 000 000 төгрөгөөр үнэлнэ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд ямар эмчилгээг хэзээ, хэдэн төгрөгөөр хийлгэсэн болохыг мэдсэний дараа албан ёсны баримтад үндэслэн холбогдох зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно. гэжээ.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: Миний бие шүүх хуралдаанд орохын өмнө 1 000 000 төгрөг,  оршуулгын зардалд 8 500 000, эмчилгээний зардалд 2 400 000, буяны ажлын бусад зардалд 5 000 000 төгрөг төлж барагдуулсан. ******* гуайн зүгээс 46 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр төрлийн шаардлага яригдаж байна. Эхний шаардлага сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг гэсэн. Үүнийг эдийн бус хохирол юм болов уу гэж бодож байна. Иргэний хуулийн 230.1-д эдийн бус гэм хорыг шаардах эрхтэй гэж заасан. Харин тус хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид гэмт хэргийн улмаас нас барсан хохиролд түүний өв залгамжлагч нь гэм буруутай этгээдээс мөнгөн төлбөр төлнө, төлбөр шаардах эрхтэй гэж заасан зүйл байхгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч талаас шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 228.4-т заасныг баримталж тайлбарладаг. Гэсэн хэдий ч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талаас зайлшгүй зардал гэж юуг хэлэх, энэ нэхэмжилсэн мөнгө нь зайлшгүй зардал мөн эсэх талаар нотлох баримтаа ирүүлсэнгүй. Хохирогчийн хувьд 14 сарын өмнө осолд орсон. Үүний улмаас ******* гуайн зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, тархи доргилт гэсэн гэмтэл учирсан байдаг. Энэ 14 сарын хугацаанд эдгээр ясны хугаралт, эдгэрэлт ямар байгаа талаар тодорхой нотлох баримт ирүүлсэнгүй. Мөн эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь аюул учрахаар нөхцөл байдал үүссэн үү, үгүй юу гэдэг дээр ч нотлох баримт алга байна. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтыг үндэслэн хохирлыг төлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар хэрэгт 56 000 төгрөгийн зардлын баримтаас өөр баримт байхгүйг анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч талаас Солонгос улсад эмчилгээ хийлгэнэ гэж ярьж байна. Гэтэл тухайн эмчилгээг Монгол улсад хийх боломжтой, боломжгүй эсэх талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт алга байна. Мөн Солонгос улсад хийгдэх эмчилгээний задаргаа, урьдчилсан байдлаар гаргасан эмчилгээний зардлын задаргаа зэрэг нотлох баримт мөн алга. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Хойшид хийлгэсэн эмчилгээний зардлын баримтаа ирүүлээд заавал шүүх гэхгүйгээр ийм, ийм зардал гарсан, төлөх шаардлагатай гэсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ хэлж байгаа. гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 56 000 /тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 944 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдолдоо: ... хариуцагч *******г Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож. 2 жилийн хугацаагаар тэнссэн. Уг тогтоолд ******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжилж болно гэсэн тодорхой үйл баримт байсаар атал бүхэл бүтэн эрдэнэт хүний амь насыг хэрэгсэхгүй, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй гээд тоохгүй байгаа явдалд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх санаачлага гаргаж Д.*******гийн амь насыг Улаанбаатар хотод байдаг тусгай эрх бүхий байгууллагаар шинжилгээ томилж үнэлүүлэн гаргуулж болох байсан боловч эрх зүйн зохицуулалт байхгүй гэдэг урьдны үеэ өнгөрөөсөн ажлын практикт тулгуурлан шийдвэрээ гаргасан байдаг. Одоо нийгэм болон хууль зүйн зохицуулалт хөгжин дэвшиж өндөр хөгжилтэй орнуудад энэхүү асуудлыг шийдвэрлэх арга зам шинээр гэрч байгаа гэдгийг хэлэхэд илүүдэхгүй буйзаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан сэтгэл санааны хохирол болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 46 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч дийлэнх хэсгийг төлөхийн эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 61 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... хайрт ханийхаа алтан амийг 20 000 000 төгрөг, ******* миний цаашид гарах эмчилгээнд 26 000 000 төгрөгийн зардал гарна гэж тооцож, нийт 46 000 000 төгрөгийг *******гаас нэхэмжилж байна. гэж,

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ: Эхний шаардлага сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг гэсэн. Иргэний хуулийн 230.1-д эдийн бус гэм хорыг шаардах эрхтэй гэж, 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид гэмт хэргийн улмаас нас барсан хохиролд түүний өв залгамжлагч нь гэм буруутай этгээдээс мөнгөн төлбөр төлнө, төлбөр шаардах эрхтэй гэж заасан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж,

Хоёр дахь шаардлагын тухайд: Эмчилгээний зардалд 26 000 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч талаас шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 228.4-т заасныг баримталж тайлбарладаг боловч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талаас зайлшгүй зардал гэж юуг хэлэх, энэ нэхэмжилсэн мөнгө нь зайлшгүй зардал мөн эсэх талаар нотлох баримтаа ирүүлээгүй. Хохирогчийн хувьд 14 сарын өмнө осолд орсон. Үүний улмаас хохирогчид зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, тархи доргилт гэсэн гэмтэл учирсан байдаг. Энэ 14 сарын хугацаанд эдгээр ясны хугаралт, эдгэрэлт ямар байгаа талаар тодорхой нотлох баримт ирүүлээгүй.

Мөн нэхэмжлэгч талаас Солонгос улсад эмчилгээ хийлгэнэ гэж ярьж байна. Гэтэл тухайн эмчилгээг Монгол улсад хийх боломжтой, боломжгүй эсэх талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт байхгүй. Солонгос улсад хийгдэх эмчилгээний задаргаа, урьдчилсан байдлаар гаргасан эмчилгээний зардлын задаргаа зэрэг нотлох баримт хэрэгт байхгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Зүрх гэх газарт Toyota Chaser маркийн 00-27 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн, мөн дүрмийн 12.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Иж планет-5 маркийн 75-58 ЧОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, уг мотоциклтой зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мотоцикл жолоодож явсан Д.*******гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдэж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнссэн, ... хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 7-11 дэх тал/

Нэхэмжлэгч *******, түүний төлөөлөгч Д.Баярмаа нар нь:

1.Гэмт хэргийн улмаас хань Д.*******гийн амь нас хохирсон тул сэтгэл санааны хохиролд 20,0 сая төгрөг нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй., 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан бөгөөд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх талаар нарийвчлан хуульчлаагүй тул хариуцагч *******гаас эдийн бус гэм хорын хохиролд 20,0 сая төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

2.Гэмт хэргийн улмаас хохирогч болсон ******* нь одоо хөл дээрээ тогтож чадахгүй байгаа, Солонгос улс явж хагалгаанд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэж эмчилгээний зардалд 26,0 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх тухайлбал: *******гийн биеийн байдал одоо ямар байгаа, ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай, *******д хийх мэс ажилбар, хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй /улсын болон хувийн эмнэлэгт/, Солонгос улсын аль эмнэлэгт хэдий хэмжээний зардлаар хийлгэх зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь *******гийн эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед гаргаж өгсөн *******гийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, хөлний ясны хугарлын зурагнууд, цээжний зураг, шинжилгээний баримт, ГССҮТөвийн өвчтөний картан дээр бичсэн эмчийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. /хх-ийн 20-32 дахь тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЭМ БИ ЖИ гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлсэн 30 000 төгрөг, 26 000 төгрөг, нийт 56 000 төгрөгийн баримтыг үндэслэн уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 45 944 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. /хх-ийн 33-34 дэх тал/

Нэхэмжлэгч *******д ЭМ БИ ЖИ гэмтэл согогийн эмнэлгийн эмчийн үзлэгийн хуудасны үзлэгт гэсэн хэсэгт хөдөлгөөн дасгал хийх, явах, физик эмчилгээ, хөдөлгөөн засал-ын эмчилгээнд явах талаар зөвлөсөн байх ба хэрэв эдгээр эмчилгээг хийлгэсэн тохиолдолд гарсан зардлын баримтуудыг шүүхэд ирүүлэх боломжтой байсан байна. /хх-ийн 33 дахь тал/

Иймд дээр дурдсан байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ