Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 114

 

ХААН банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00760/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХААН банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С-д холбогдох

          “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 23.376.503,35 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд онлайнаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Соёлоос:

2017 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Б.С- зээлийн гэрээ байгуулж, 19.994.849,07 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл өвсөн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээл 684.072,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 522.527,67 төгрөг, нийт 1.206.600 төгрөгийг төлсөн байна. Банк зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 357 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 23.376.503,35 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 274.833 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохоос:

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл шаардлага нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 357 хоног хугацаа хэтрүүлсэн гэж банкны зүгээс үзэж хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С-д зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч зээлээ төлөхгүй байсан. Гэрээнд зааснаар үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Эрх зүйн харилцаа үүсгээд хуульд заасан үндэслэл нь иргэний хуулийн 241 буюу 242 дугаар зүйлүүдэд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэгтэй нийцэж байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул уг асуудлаар ахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дурдсан байна. Энэ нь үндэслэлгүй юм. Тус өдрийн 1843 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг татан авах тухай нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хуульчилсан байдаг. Гэтэл энэ нь татгалзаагүй шүүхэд төлөөлөх эрхгүй субъект шүүхэд хандсан байна гэдгийг талууд гаргасан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй харин нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзулаас:

Банкны зүгээс зээлдэгчийн дансанд гүйлгээ хийснээр зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олгогдсон гэж үзэх үндэслэлтэй болно. ХААН банк хариуцагч Б.С-гийн дансанд гүйлгээ хийж зээл олгосон зүйл байхгүй. Зээлдүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5088102404 тоот дансанд 9.800.000 төгрөг шилжүүлсэн байна. Тус данс нь хариуцагч Б.С-гийн данс биш байх тул ХААН банк түүнд зээл олгосон, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн зээлийн ямар хэсгийг хамтран зээлдэгч төлөх ёстойг ХААН банк зээлийн гэрээндээ тодорхой заагаагүй байна. ХААН банк 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 22.426.384,93 төгрөгийн зээл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээ татан авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсантай холбоотой шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргасан бол зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Базараас:

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэсэгт өмнө нь нэхэмжлэлээ татан авсныг баталсан гэж үзэж байна. ХААН банк өмнө зээл төлүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан тул тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Хариуцагч Б.С-гийн нэр дээр зээлийн гэрээ байгуулагдаад 19.000.000 төгрөгийг зээлсэн гэж үзэхийн тулд зээлийн гэрээ байгуулагдсан байх нь хангалтгүй юм. Зээлийн гэрээ байгуулагдсан хэр нь дансанд шилжүүлээгүй бол зээл буцаан төлөх эрх үүсэхгүй. Энэ зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С-д ямар ч зээл ороогүй байдаг. Тэгэхээр энэ зээлийн гэрээнд дурдсан 5088102404 тоот данс үндсэн зээлдэгчийн данс үндсэн зээлдэгчийн данс болох нь шүүх хуралдаанаас өмнө, сүүлд ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна. Хамтран зээлдэгч Б.С- зээлийн гэрээнд зааснаар зээлийг төлөх ёстой гэж үзэх юм бол зээлийн 50%-ийг төлөх үүрэгтэй. Хэдий хэмжээний төгрөгийг үндсэн зээлдэгч, хэдий хэмжээний төгрөгийг хамтран зээлдэгч төлөх вэ гэдгийг тодорхойлох ёстой. ХААН банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 19.000.000 төгрөг гэж тодорхойлж байгаа. Энд 19.000.000 төгрөг зээлсэн баримт байхгүй, хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг харвал зээлдүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5088102404 тоот дансанд 9.800.000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс зээлийн хэмжээ 19.000.000 төгрөг биш 9.800.000 төгрөг гэж харагдаж байна. Зээлийн гэрээнд өмнөх зээл 11.000.000 төгрөг гэж тусгасан. Энэ зээлийг үндсэн зээлдэгчид олгосон юм уу хамтран зээлдэгчид олгосон уу гэдэг баримт байхгүй байна. ХААН банкны зүгээс 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ цуцлагдаж хүү зогсоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. ХААН банкнаас зээлийн гэрээг цуцалсан учир зээлийн үлдэгдлийг бүхэлд нь шаардаж байна. Хэрвээ хамтран зээлдэгч зээлийг бүрэн төлөх үндэслэлтэй гэж үзвэл зээлийн гэрээ хэзээ цуцлагдсан гэдгийг шүүх дүгнэж, зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзээд энэ өдрөөс хойших хүүг төлөхгүй гэдэг дүгнэлтийг хийх үндэслэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-201742980934 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Б.С-гаас 23.376.503,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ХААН банк, төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 274.833 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох давж заалдсан гомдолдоо:

            Д.Ц- нь ХААН банкны Дархан салбараас зээл авахад Б.С- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Хариуцагч нарын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй гарын үсэг зурахгүй эрх нь байсан, өөрсдөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Б.С- зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн уг зээлийг Д.Ц-, Б.С- нарт олгосон бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, талуудын тайлбараар нотлогддог. Зээлдэгч Д.Ц- нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул ХААН банк Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасны дагуу шаардах эрхтэй байна. Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд байхгүй. Зээлдэгч Д.Ц- нь өмнө нь цалингийн зээл авч байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өмнөх зээлийн үлдэгдэл 10.144.849,07 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 9.800.000 төгрөгийн зээлийг авахад хариуцагч Б.С- өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхээс зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгогдсон зээл болохыг анзаараагүй бөгөөд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч А.Базар хариу тайлбартаа:

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч Д.Ц-ы зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг дуусгавар болсон хэмээн үзэж тус шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүх хуралдааны явцад тайлбарласан учир шүүх хууль буруу тайлбарлаагүй. Давж заалдах гомдолдоо хариуцагч Б.С- хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч, цаашид зээл төлөгдөж дуусах эрсдэлийг бүрэн хүлээнэ гэж тайлбарласан байна. Үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн, биелүүлээгүй нөхцөлд гуравдагч этгээд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүрэг хүлээх харилцаа нь батлан даалтын гэрээний үндсэн дээр үүсдэг бөгөөд хариуцагч Б.С- нь зээлийн төлбөр төлөлтөд батлан даалт гаргаагүй, ХААН банктай батлан даалтын гэрээ байгуулаагүй байна. Хэрэв ХААН банк үндсэн зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд гуравдагч этгээдээр төлбөр төлүүлэхийг хүссэн бол зээлийн гэрээтэй хамт батлан даалтын гэрээ байгуулах шаардлагатай. Харин зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулахаар нэхэмжлэхийн тулд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Нэхэмжлэгч ХААН банк зээлдэгч Д.Ц-д түүний харилцах дансаар 9.800.000 төгрөг олгосон тул тус хэмжээнд, түүнтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч Б.С-гийн дансанд мөнгө шилжүүлээгүй тул түүнтэй зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний 4.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийг авч ашиглах эрхтэй. Хариуцагч Б.С- анхнаасаа зээл авч ашиглах эрхгүй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсантай холбогдуулан шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргасан бол зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм. ХААН банк өмнө зээл төлүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан тул тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дархан салбар хариуцагч Б.С-д холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 23.376.503,35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.С- нэхэмжлэгч нь өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрөө татан авсан, гэрээний дагуу зээлийн мөнгийг миний дансанд шилжүүлээгүй, зээл олгосон данс нь миний данс биш тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ, зээлдэгч Д.Ц- нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн иргэний эрхийн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

ХААН банк ХХК-ийн Дархан салбар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч Д.Ц-, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С- нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 19.944.849,07 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, цалингийн орлого барьцаалан өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогдож байна.

Зээлдэгч Д.Ц- өмнө нь тус банкнаас цалингийн зээл авч байсан бөгөөд өмнөх зээлийн үлдэгдэл 10.144.849,07 төгрөг дээр нэмж 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр 9.800.000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С- гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Зээлдэгч Д.Ц-, Б.С- нар албан ёсны гэр бүл бөгөөд тус зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон, үндсэн зээлдэгч Д.Ц- 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байна.

Анх зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С- үндсэн зээлдэгчийн нэг адил баримт бичгийг бүрдүүлж, гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр дээрх гэрээний оролцогч болсон гэж үзнэ.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ХААН банк ХХК-ийн Дархан салбарт  зээлийн хүүг зогсоолгох тухай өргөдөл гаргахдаа хамтран зээл авсан талаараа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд зээлдэгч Д.Ц-, Б.С- нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С-гаас зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний 2.1.2-т “Зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болно” гэж заасан бөгөөд зээлийг хамтран зээлдэгчид өрхийн хэрэглээний зориулалтаар авсан тул хариуцагч Б.С- хамтран хариуцах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Б.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ хуульд нийцээгүй итгэмжлэлтэй холбогдуулан татан авсан байх бөгөөд хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй, хариуцагч Б.С-гийн гаргасан татгалзал үндэслэлгүй буюу анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөв тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-201742980934 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Б.С-гаас 23.376.503,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ-201742980934 тоот гэрээг цуцалж, хариуцагч Б.С-гаас 23.376.503,35 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-ний Дархан салбарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274.833 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     Л.АМАРСАНАА