Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00325

 

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 114 дүгээр магадлалтай,

“Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Сд холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 23.376.503,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Базар гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Х Б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Б.С зээлийн гэрээ байгуулж, 19 994 849,07 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл өвсөн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээл 684 072,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 522 527,67 төгрөг, нийт 1 206 600 төгрөгийг төлсөн байна. Банк зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 357 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 23 376 503,35 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 274 833 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл шаардлага нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 357 хоног хугацаа хэтрүүлсэн гэж банкны зүгээс үзэж хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Сд зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч зээлээ төлөхгүй байсан. Гэрээнд зааснаар үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Эрх зүйн харилцаа үүсгээд хуульд заасан үндэслэл нь иргэний хуулийн 241 буюу 242 дугаар зүйлүүдэд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэгтэй нийцэж байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул уг асуудлаар ахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дурдсан байна. Энэ нь үндэслэлгүй юм. Тус өдрийн 1843 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг татан авах тухай нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хуульчилсан байдаг. Гэтэл энэ нь татгалзаагүй шүүхэд төлөөлөх эрхгүй субъект шүүхэд хандсан байна гэдгийг талууд гаргасан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй харин нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул шүүхэд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс зээлдэгчийн дансанд гүйлгээ хийснээр зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олгогдсон гэж үзэх үндэслэлтэй болно. “Х Б”хариуцагч Б.Сгийн дансанд гүйлгээ хийж зээл олгосон зүйл байхгүй. Зээлдүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5088102404 тоот дансанд 9.800.000 төгрөг шилжүүлсэн байна. Тус данс нь хариуцагч Б.Сгийн данс биш байх тул “Х Б”түүнд зээл олгосон, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн зээлийн ямар хэсгийг хамтран зээлдэгч төлөх ёстойг “Х Б”зээлийн гэрээндээ тодорхой заагаагүй байна. “Х Б”2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 22 426 384,93 төгрөгийн зээл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээ татан авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсантай холбоотой шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргасан бол зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Базар шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэсэгт өмнө нь нэхэмжлэлээ татан авсныг баталсан гэж үзэж байна. “Х Б”өмнө зээл төлүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан тул тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Хариуцагч Б.Сгийн нэр дээр зээлийн гэрээ байгуулагдаад 19 000 000 төгрөгийг зээлсэн гэж үзэхийн тулд зээлийн гэрээ байгуулагдсан байх нь хангалтгүй юм. Зээлийн гэрээ байгуулагдсан хэр нь дансанд шилжүүлээгүй бол зээл буцаан төлөх эрх үүсэхгүй. Энэ зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Сд ямар ч зээл ороогүй байдаг. Тэгэхээр энэ зээлийн гэрээнд дурдсан 5088102404 тоот данс үндсэн зээлдэгчийн данс үндсэн зээлдэгчийн данс болох нь шүүх хуралдаанаас өмнө, сүүлд ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна. Хамтран зээлдэгч Б.С зээлийн гэрээнд зааснаар зээлийг төлөх ёстой гэж үзэх юм бол зээлийн 50%-ийг төлөх үүрэгтэй. Хэдий хэмжээний төгрөгийг үндсэн зээлдэгч, хэдий хэмжээний төгрөгийг хамтран зээлдэгч төлөх вэ гэдгийг тодорхойлох ёстой. “Х Б”шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 19 000 000 төгрөг гэж тодорхойлж байгаа. Энд 19 000 000 төгрөг зээлсэн баримт байхгүй, хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг харвал зээлдүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5088102404 тоот дансанд 9.800.000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс зээлийн хэмжээ 19 000 000 төгрөг биш 9 800 000 төгрөг гэж харагдаж байна. Зээлийн гэрээнд өмнөх зээл 11 000 000 төгрөг гэж тусгасан. Энэ зээлийг үндсэн зээлдэгчид олгосон юм уу хамтран зээлдэгчид олгосон уу гэдэг баримт байхгүй байна. ХААН банкны зүгээс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ цуцлагдаж хүү зогсоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. ХААН банкнаас зээлийн гэрээг цуцалсан учир зээлийн үлдэгдлийг бүхэлд нь шаардаж байна. Хэрвээ хамтран зээлдэгч зээлийг бүрэн төлөх үндэслэлтэй гэж үзвэл зээлийн гэрээ хэзээ цуцлагдсан гэдгийг шүүх дүгнэж, зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзээд энэ өдрөөс хойших хүүг төлөхгүй гэдэг дүгнэлтийг хийх үндэслэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-201742980934 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Б.Сгаас 23.376.503,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х Б”ХХК-ний Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ХААН банк, төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 274.833 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 114 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-201742980934 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Б.Сгаас 23.376.503,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х Б”ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ-201742980934 тоот гэрээг цуцалж, хариуцагч Б.Сгаас 23.376.503,35 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х Б”ХХК-ний Дархан салбарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274.833 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Базар хяналтын гомдолдоо: Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Нэг: Хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг хэрэглээгүй тухай: Бид хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тухай давж заалдах шатны шүүхэд тайлбар хүргүүлсэн. Гэвч давж заалдах шатны шүүх бидний тус үндэслэлд дүгнэлт хийгээгүй байна. Шүүхийн магадлалын 5 дахь талд “...уг захирамж нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхэд саад болохгүй, ИХШХШТХ-ийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байхгүй” гэсэн боловч тийнхүү тайлбарлах болсон бидний тайлбарыг хүлээж аваагүй үндэслэлээ тайлбарлаагүй. Бид дараах учир шалтгааны улмаас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Үүнд: нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ татан авч байсан тул тус асуудлаар дахин маргах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн ...65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь хуулийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр, ...түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хучин төгөлдөр ...шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсантай холбоотой 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлээ татан авах тухай” 1765 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Шүүгчийн тус захирамжийг хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасан ойлголтод хамааруулж тайлбарлах үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасан бөгөөд 106.5 дахь хэсэгт “хуулийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэлээ татан авсан бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд тус тогтоол, захирамжид хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарах” тухай заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан. Хуулийн тус зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсантай холбоотой шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргасан бол зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм. “Х Б”ХХК өмнө зээл төлүүлэх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан тул тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Хоёр. Хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус хэрэглээгүй тухай: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Зээлийн гэрээнд үндэслэж буй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд зохигчдын хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Иймд шүүхээс талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөх учиртай билээ. Давж заалдах шатны шүүхийн зүгээс зохигчдын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн үндэслэлээ тайлбарлахдаа “...Зээлийн гэрээ байгуулж, ...19 944 849,7 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогдож байна” гэжээ. Гэвч, шүүхийн тус дүгнэлт нь тодорхой бус байна. Иргэний хуулийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заасан. Иймд Зээлийн гэрээний бусад гэрээнүүдээс ялгагдах нэг онцлог нь гэрээнд гарын үсэг зурагдсанаар бус Зээлийн гэрээнд гарын үсэг зурагдаж, зээлэх мөнгө буюу хөрөнгийг зээлдэгчид бодитой шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй болдог. Хуулийн тус заалтын ач холбогдол нь “Зээлийн гэрээ байгуулагдсан ч бодитой зээл олгоогүй тохиолдолд зээл төлүүлэхээр үндэслэлгүйгээр шаардах эрхийг хязгаарлах” явдал билээ. Бидний энэхүү тайлбар шүүхийн практик дахь хуулийн албан ёсны тайлбар болон шинжлэх ухааны тайлбарт нийцэж байгаа. Тухайлбал, Ё.Кают нарын Монгол Улсын Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт Иргэний хуулийн тус заалтыг тайлбарлахдаа “282.4-т зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг нэмж шаардаж байна. Ингэснээр зээлдүүлэгч зээлийн гэрээ бодитоор олгоогүй байхдаа зээл, эсхүл хүүг төлөхийг шаардахаас сэргийлж байна” гэж тайлбарласан байна. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар магадлалын “хянавал” хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ...банк нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг ...шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон гэрээгээр тохирсон бол хүү төлөх үүрэгтэй. Иймд ... зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь банк зээлийн хөрөнгийг хариуцагчид бодитой шилжүүлсэн. хариуцагч байгууллага уг мөнгийг өөртөө захиран зарцуулсан байх явдал юм” гэж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00550 дугаар тогтоолын (Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй В ХХК-д холбогдох) “Хянавал” хэсгийн 2.2 дахь хэсэгт “В ХХК нь нэхэмжлэгч Г банкнаас зээлсэн 20 600 000 000 төгрөгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан, ...болох нь тогтоогдсон ...байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог” гэж тус тус тайлбарласан байна. Шүүхийн шийдвэрт тусгагдсан тус тайлбаруудаас дүгнэхэд шүүхийн практикт хуулийн дээрх заалтуудыг бидний тайлбарлаж буй байдлаар шүүх тайлбарлаж байна. Иймд зохигчдын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд банкнаас хариуцагчид мөнгө шилжүүлсэн байх шаардлагатай. Нэхэмжлэгч нь “хариуцагч Б.Сд 19 944 949,07 төгрөгийн зээл олгосон” гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгыг харвал нэхэмжлэгч нь зээлдэгч Цогтсайханы данс руу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9.8 сая төгрөг олгосон. Харин үлдэгдэл 10 144 849 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт байдаггүй. Зээлийн гэрээний 2.1.1.1 дэх хэсэгт “Зээлийн үлдэгдэл 10 144 849.07 төгрөг” гэж, 2.1.1.2 дахь хэсэгт Олгох зээлийн хэмжээ: “9 800 000 төгрөг” гэж тусгаснаас үзвэл “Х Б”компани нь Зээлийн гэрээ байгуулагдсаны дараа бодитой шилжүүлсэн зээлийн дүн нь 9.8 сая төгрөг тул тус хэмжээнд л Зээл байгуулагдсан эсэхийг цааш нь шалгах үндэслэлтэй. Харин өмнөх Зээлийн үлдэгдэл гэх 10 сая төгрөгийн хувьд мөнгө шилжүүлсэн баримт байхгүй тул тус хэмжээнд зээл байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээгээр олгох байсан 9.8 сая төгрөгийн хувьд хэргийн 13 дахь талд авагдсан Зээлийн дансны хуулга, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгөн шилжүүлсэн баримтаас харвал зээлдэгч Д.Цогтсайханы 5088102404 дугаар данс руу шилжүүлсэн. Тус данс нь хэний нэр дээрх дансны дугаар болохыг тодруулах зорилгоор бид шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэгчээс баримт гаргуулахад тус данс нь зөвхөн зээлдэгч Д.Цогтсайхан нэр дээрх данс болох нь баримтаар тогтоогдсон. Иймд 9.8 сая төгрөгийг хариуцагч Б.Сд бодитоор шилжүүлээгүй тул түүнтэй Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Гагцхүү, нэхэмжлэгч болон зээлдэгч Д.Цогтсайхан нарын хооронд 9.8 сая төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй болно. Түүнчлэн, Б.С нь Зээлийн гэрээний дагуу зээлийг авч ашиглах эрх эдлээгүй болох нь Зээлийн гэрээний 4.3 дахь заалтаас тодорхой ойлгогддог. Гэрээний тус заалтад “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх (энэхүү гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад)-ийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний 4.1.1 болон 4.1.4-т заасан эрхүүдийг эдлэхгүй. Гэрээний 4.1.1 дэх хэсэгт заасан эрх бол “зээлийг авч ашиглах эрх” билээ. Иймд анх Зээлийн гэрээ байгуулагдахад зээлийг авч ашиглах эрх эдлэхгүйгээр оролцсон “хүнд зээл олгосон, Зээлийн гэрээ байгуулагдсан” гэж тайлбарлах нь үндэслэлгүй зүйл юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар маргахдаа “Зээлийн гэрээний 2.1.2-т зээлийг өрхийн хэрэглээнд ашиглах тухай заасан. Зээл нь өрхийн хэрэглээнийх тул зээлдэгчийн эхнэр Б.С төлөх үүрэгтэй” гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүхийн Магадлалын 5 дахь хэсэгт (6 дахь догол мөр) “... Зээлийн гэрээний 2.1.2-т Зээлийг өрхийн хэрэглээнд зориулалтаар ашиглана ...гэжээ” хэмээн тусгаснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус тайлбарыг дэмжсэн гэж ойлгогдож байна. Гэвч дээрх дүгнэлтийг хариуцагчаас зээл төлүүлэх үндэслэл болгох нь хууль зүйн үндэслэлгүй хэрэг юм. Хариуцагчаас зээлийн төлбөр шаардахын тулд зохигчдын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Харин Б.С нь зээлдэгчийн эхнэр болох нь банк түүнтэй зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэхэд хүргэх учиргүй. Гэрээний эрх зүй нь “харьцангуй” шинжтэй тул зөвхөн гэрээний талуудад эрх, үүрэг үүсгэнэ. Хэрэв шүүх “зээлдэгч нь өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан бөгөөд Б.С нь түүний эхнэр тул зээл төлөх үүрэг хүлээнэ” гэж үзвэл Гэрээний эрх зүйн харьцангуй байх шинжийг зөрчиж, “Банк зээлдэгчид олгосон зээлийг түүний гэр бүлийн гишүүдээс нэхэмжлэх эрхтэй байх” эрх зүйн үр дагаварт хүргэнэ. Хариуцагч Б.С нь зээлдэгчийн эхнэр болох хувьд нь зээлдэгчийн хүлээсэн үүргийг Б.Сгаас шаардахын тулд тэрээр өв залгамжлагч байх шаардлагатай. Мөн Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч ...нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу зөвхөн өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Гэвч “Х Б”ХХК нь түүнийг зээлдэгчээс хөрөнгө өвлөн авсан гэж үзэж, зээлийн төлбөр нэхэмжлээгүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэхийн тулд энэ талаар дүгнэлт хийх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй. Хэрэв “Х Б”ХХК хариуцагчийг “зээлдэгчийн эхнэр учир зээлийн төлбөр төлөх үүрэгтэй” гэж үзэж байгаа бол тийнхүү агуулгаар нэхэмжлэл гаргах, хариуцагч зээлдэгчийн хөрөнгийг өв залгамжлан авсан болохыг нотлох шаардлагатай. Давж заалдах шатны шүүхийн зүгээс “Б.С нь зээлдэгчийн эхнэр тул зээлийг төлөх үүрэгтэй” гэж дүгнэж байгаа бол өвлөгч нь зөвхөн өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцлага хүлээх зарчмыг зөрчиж байна. Б.С нь хөрөнгө өвлөж аваагүй юм. Энэ талаар шүүх хуралдааны явцад нэмж тайлбарлах болно. Банк зээлдэгчид олгосон зээлийг Зээлийн гэрээнд “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж гарын үсэг зурсан хүнээс нэхэмжлэх эрхтэй эсэх асуудлыг Улсын дээд шүүхийн зүгээс удаа шийдвэрлэж, нэхэмжлэх эрхгүй гэдэг агуулгаар дүгнэлт хийж байжээ. Тухайлбал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01267 дугаар Тогтоолын (Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэг) “хянавал” хэсгийн 1-д “Нэхэмжлэгч нь Т.С-д зээл олгохдоо ...Б.Ц-р гэрээнд гарын үсэг зуруулсан үйл баримтыг зохигч нар үгүйсгээгүй, 1 140 000 төгрөгийг Б.Ц-д хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй тул Б.Ц нь Т банкны Орхон салбараас мөнгө зээлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Б.Ц-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй юм” хэмээн дүгнэж, Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Анхбаярт холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт хяналтын шатны шүүхийн зүгээс мөн адил дүгнэлтийг хийж, Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээл нэхэмжилсэн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0005 дугаар Магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш тул Улсын дээд шүүхийн зүгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 зэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг дээрх маргаануудыг шийдвэрлэхэд тайлбарласан агуулгаар тайлбарлана гэдэгт итгэж байна. Иймд шүүхийн зүгээс хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 зэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж бид үзэж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдийг тус тус хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэрэг юм. Банк нь хариуцагчид бодитоор мөнгө шилжүүлээгүй буюу тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул шүүх дээрх хуулиудыг хэрэглэх үндэслэлгүй. Гурав: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242.1, 242.3 дахь хэсгүүдийг хэрэглэсэн нь үндэслэлгүй тухай: Давж заалдах шатны шүүхийн зүгээс хуулийн дээрх заалтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болгож хэрэглэсэн. Хуулийн тус заалтуудыг хэрэглэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу хариуцагчийг Зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхийг тулд нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Сгаас шаардах эрхтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 242.1 дэх хэсэг дангаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл болохгүй. Харин нэхэмжлэгчид шаардах эрх олгосон хуулийн зохицуулалт байх шаардлагатай. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөр шаардах эрхтэй байхын тулд тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. “Х Б”ХХК нь хариуцагчид бодитоор мөнгө шилжүүлээгүй буюу тэдгээрийн хооронд Ззэлийн гэрээ байгуулагдаагүй тухай бид дээр тайлбарласан. Иймд хариуцагчийг Зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “бид зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон нөхцөлд зээлийн төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй тухай Зээлийн гэрээнд тусгагдсан” гэж тайлбарладаг. Гэвч тийнхүү шаардах эрхтэй байхын тулд зохигчдын хооронд Батлан даалтын гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Гэвч “Х Б”ХХК нь хариуцагчтай Батлан даалтын гэрээ байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн Батлан даалттай холбоотой заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргаагүй. Арилжааны банкууд иргэдээр Зээлийн гэрээнд “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж гарын үсэг зуруулах замаар “бодитой зээл олгоогүй ч зээлийн төлбөр нэхэмжлэх” буюу “бодитоор зээл олгосон нөхцөлд л Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх” хуулийн зохицуулалтаас бултах, Батлан даалтын гэрээ байгуулаагүй мөртлөө Батлан даалттай ижил эрх зүйн үр дагавар үүсгэж төлбөр төлүүлж, нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Хэрэв арилжааны банкууд зээлдэгч биш, зээл аваагүй иргэн, хуулийн этгээдээс зээлийн төлбөр нэхэмжлэх бол тэдгээртэй Батлан даалтын гэрээ байгуулж, Зээлийн гэрээнд Батлан даалт гаргуулж байх хэрэгтэй. Дөрөв: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлтэй тухай: Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтын дагуу зээлдэгчийн Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай тайлбарласан. Бид ч үүнтэй санал нэг байгаа. Анхан шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн тус заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд “...зээлдэгч Д.Цогтсайхан нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-т зааснаар үүрэг дуусгавар болсон” гэж дүгнэсэн. Иймд анхдагч үүрэг болох зээлдэгчийн Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул хоёрдогч шинжтэй үүрэг болох хамтран гүйцэтгэх үүрэг мөн адил дуусгавар болох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Б”ХХК-ийн Дархан салбар, хариуцагч Б.Сд холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үүрэгт 23 376 503 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...нэхэмжлэгч өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авснаар нэхэмжлэлээсээ татгалзсан тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээж аваагүй, зээл олгосон данс нь миний данс биш тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй...” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх “...цалингийн зээлийн гэрээний үүрэг зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой, зээлдэгч Д.Цогтсайхан нас барсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлийн үүрэг дуусгавар болсон...” гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, талуудын хүлээсэн үүрэг, үүргийн хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл журамын талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Х Б”ХХК-ийн Дархан салбар болон Д.Цогтсайхан, Б.С нарын хооронд байгуулагдсан  зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээнд зааснаар өмнөх зээлийн үлдэгдэл  10 144 849 төгрөг дээр нэмж 9 800 000 төгрөгийг шилжүүлэхдээ зээлдэгч нараас гэрээнд тусгасан дансанд шилжүүлсэн байна. Зээлдэгч нар гэрээний дагуу 19 944 849,07 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлж авсан ба гэрээгээр тохирсон хугацаанд буцааж төлөлт хийгээгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь тогтоогджээ.

Зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т заасан зохицуулалтыг баримтлах бөгөөд “Х Б”ХХК-ийн Дархан салбарын зүгээс зээлдэгч нарт үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Д.Цогтсайхан, Б.С нар гэр бүл бөгөөд өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгохыг хүсч, зээлийг хамтран хариуцах, аль аль нь цалингийн орлогоо барьцаалах тухай хүсэлт гаргаж, гэрээг байгуулсан байх тул зээлдэгч Д.Цогтсайхан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан хэдий ч зээлийг  Б.С хариуцах үүрэгтэй талаарх давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад нийцсэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зээлдэгч нь үндсэн зээлд 684 072 төгрөг, зээлийн хүүд 522 527 төгрөг нийт 1 206 600 төгрөгийг төлсөн, гэрээг цуцлах хүртэл хугацаанд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 23 376 503 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 114 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА