Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 42

 

   Н.М-ид холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 389 дүгээр шүүгчийн захирамжтай, Н.М-д холбогдох, 2035000000115 дугаартай, эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Б.Баярмагнай нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Ө суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй Увс аймгийн Өндөрхангай сумын ... оршин суудаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Н-гийн М /РД:../.

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б ургийн овогт Н-гийн М-д холбогдох 2035000000115 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Прокуророос Н.М-ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн бус бөгөөд эрх бүхий албан тушаалтан шинжилгээний байгууллагад шинжилгээний объектыг бүрэн хүргүүлээгүй байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокурорын зүгээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь эрх бүхий албан тушаалтан шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэхдээ “ШО” 1 маягт болон эмчлүүлэгчийн картыг бүрэн хүргүүлсэн бөгөөд шинжээч эмч нь хохирогчид үзлэг хийж, түүнд учирсан гэмтлүүдийн байрлалыг дүгнэлтдээ тодорхой дурьдсан.

Хохирогч Д.Ү-гийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлтэд “2 талын уушгинд нэвчдэс болон голомтот өөрчлөлтгүй, 2 уушигны агааржуулалт хоёр талдаа жигд, зүүн талын 7 дугаар хавирганы урд үзүүр хэсэгт цуурсан, бусад цээжний хэнхэрцэг буюу ясанд гэмтэлгүй, цагаан мөгөөрсөн хоолой болон хоёр уушигны голд бронхит сегментийн хөндий чөлөөтэй, хоёр уушигны угийн байрлал, тунгалагийн булчирхай томроогүй, зүрх хөндийгөөр бага зэрэг томорсон, хөндийд сул шингэнгүй, сээрний нугаламууд өөрчлөлтгүй, сээрний 1-11 дүгээр нугалам их биений баруун талруу бага зэрэг муруйлттай, сээрний нугаламуудын нугасны хөндий чөлөөтэй, бамбай булчирхайн хэлбэр хэмжээ хэвийн, нийт голомтот өөрчлөлтгүй” гэж хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэгчийн карт дээр тодорхой дурьдсан байна.

Анхан шатны шүүхээс хохирогчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн томографийн шинжилгээний хариу болон тус өдрийн мэс заслын эмчийн үзлэг оношлогоо нь “ШО” 1 маягтад тусгагдаагүй байхад шинжээч эмч ямар баримтыг үндэслэн хохирогчид дээрх гэмтлүүд учирсан гэж үзсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Гэтэл дээрх шинжилгээний хариу болон мэс заслын эмчийн үзлэг оношлогоо нь шинжээч эмчид хүргэгдсэн хохирогчийн эмчлүүлэгчийн картад тусгагдсан байсан.

Иймд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл байх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлсон.

Уг дүгнэлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт “Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж заасантай нийцэж байна гэж үзэж байна. Уг шинжээчийн дүгнэлтэд тодорхой бус, эргэлзээтэй зүйл огт байхгүй.

Шүүгдэгч Н.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Үг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Н.Мийн дээрх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн Прокурорын газраас Н.М-ийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Үг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Н.Мид холбогдох хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна “ гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна.        

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам зөрчсөн, шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлагад нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны хууль ёсны байх зарчмыг хангуулах үүднээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасан эрхийн дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байна гэж үзлээ.Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Ү-гийн өгсөн “Мөнгөндөш бид хоёр 2018 оны 6 дугаар сард анх танилцаж, харилцаж байгаад 2 сарын дараа нэг гэрт орж хамт амьдрах болсон. 2018 оны 11-р сард би жирэмсэн болсон. Бид 2 хамт байх хугацаанд хэвийн сайн харилцаатай байж байгаад 2019 оны 1 дүгээр сард хоорондоо маргалдсан, тухайн үед Мөнгөндөш архи уусан согтуу байсан. Уг маргалдааны явцад Н.М миний гэдэс рүү гараараа цохьсон боловч биед өөрчлөлт ороогүй, гэмтэл учраагүй тул хоорондоо ярилцаад учраа олж эвлэрч байсан. 2019 оны 04 дүгээр сард Н.Мөнгөндаш мөн л согтуу байхдаа надтай хэрүүл маргаан үүсгэж миний хөл, гарны хэсэгт гараараа цохьсон боловч мөн эвлэрсэн. 2019 оны 10 дугаар сард бас л архи ууж согтсон байхдаа надтай хэрүүл маргаан үүсгээд өдөж хоргоогоод байсан ба намайг аав, ээж рүү залгаад намайг яриулчих гээд байсан.Тэгээд ээж рүүгээ залгасан чинь Н.М миний утас булаан авч, бид хоёр үргэлжлүүлэн маргалдсан ба тэр хооронд миний утас тасраагүй байсан тул ээж Мөнгөндөш бид хоёрын маргалдаж орилж байгааг сонсоод аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан. Уг асуудал тухайн үед цагдаагийн байгууллагад шалгагдаад өнгөрсөн.

2019 оны 11 дүгээр сард Н.М гэртээ согтуу байдалтай ирээд хэрүүл, маргаан хийж байгаад миний аав руу утсаар ярьж “надтай холбоотой зүйлийн талаар ярьж, охиноо ав” гэж хэлсэн. Үүнийхээ дараа гэртээ агсам согтуу тавиад байхаар нь би шөнө 2 цагийн үед охиноо аваад манай гэрийн урд байх Лхагважав гэх айлд орж хонож байсан. Уг үйл явдал болж байхад Н.М намайг цохиогүй. Үүнээс хойш Н.М бид хоёр хэрэлдэж маргалдахгүй хэвийн байж байтал 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр Н.М гэртээ согтуу байдалтай ирж, хэрүүл хийж, шөнөжин үглээд хоносон, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагт үглэж эхлээд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өглөөний 04 цаг хүртэл үглэж, ингэхдээ надаас юм асуух, мөн надтай ярь, босоод ир гэх зэргээр намайг унтуулахгүйгээр 04 цаг хүрсэн. ....Энэ үед миний зүүн талын хөл рүү өшиглөсөн боловч гэмтэл учраагүй. Үүний дараа 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнө Н.М намайг сумын цагдаатай хардсан шинжтэй зүйл ярьж байснаа намайг орон дээрээс татаж унагаагаад миний хоолойг гараараа боосноо хөлөөрөө гэдэс рүү өшиглөсөн...”/ хх-ийн 8 дугаар тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Оюунцэцэгийн “ ..сар, өдрийг нь сайн санахгүй байна, шөнийн 02 цагийн үед охин маань аав руугаа утсаар ярьсан ба нэлээн айж цочирдсон байдалтай, Мөнгөндөш намайг зодоод байна” гэж уйлаад ярьж байтал утас нь тасарчихсан. Тэгээд нөхөр маань сумынх нь цагдаад дуудлага өгсөн. Тэр үйл явдлаас хойш М-ийг архи уудаг, архи уусан үедээ охиныг маань дарамталдаг гэдгийг мэдсэн. Дараа нь нөхөр эмнэлэгт хэвтэж байхад шөнө орой болсон хойно М согтуу байдалтай нөхөр лүү утсаар залгаж, агсан тавьж “ охиноо ав, авч ирсэн эд зүйлсийг нь ирж ав” гэх зэрэг зүйл ярьсан байсан. Энэ асуудлыг би маргааш өглөө нь нөхөртөө цай хүргэж өгөх үедээ нөхрөөс сонсож мэдээд охинтойгоо ярьж “очиж авъя” гэж хэлэхэд охин “М эрүүл болсон, одоо гайгүй байна, та нар ирэх хэрэггүй, бид 2 эндээ учраа олчихно” гээд байхаар нь очоогүй юм. Энэ асуудлыг би өөрийн дүүд хэлж, сумын цагдаа нарт нь дамжуулж хэлүүлсэн. Ингээд гайгүй, хэвийн байж байгаад 2020 оны 6 дугаар сарын 26-нд зодуулсныг нь мэдсэн. Нөхөр маань цагдаад өргөдөл бичиж өгсөн” гэх мэдүүлэг зэргээр Н.М нь хамтран амьдрах хугацаандаа архи ууж хохирогчтой хэрүүл маргаан үүсгэх, улмаар удаа дараа бие махбодид нь халдаж байсан нь нотлогдож байна.

Н.М-ийн дээрхи үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоохгүйгээр прокурор яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтдээ “ ... 2019 оны 4-р сард зодсон, 2019 оны 10, 11 дүгээр сард хэл амаар доромжилсон, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үед зодсон болох нь тогтоогдож байгаа ба энэ үйлдэл нь тооны хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон шинжийг хангаж байгаа боловч 2019 оны 11 дүгээр сарын үйлдэл болон 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Зөрчлийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Н.М-ийн энэ удаагийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй байна.

Учир нь, прокуророос Н.М-ийг 2019 оны 10, 11-р сарын хэд, хэдний өдөр зөрчил гаргасныг тогтоогоогүй, энэ талаархи нотолгоо, баримт хэрэгт авагдаагүй байхад зөрчлүүдийн хоорондох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн.

Аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн хугацааг тогтоох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад зайлшгүй тогтоох, нотолвол зохих байдлуудын нэг бөгөөд цаашлаад уг үйлдэлд холбогдуулан зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болох эсэх, зөрчилд шийтгэл ногдуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх нөхцөл болдог тул хугацааг зайлшгүй тогтоох ёстой.

Түүнчлэн хохирогч болон гэрч Ц.Оюунцэцэг нар “Н.М-ийн үйлдлийн талаар аймгийн болон сумын цагдаад мэдэгдэж байсан, цагдаагийн газар шалгагдаад өнгөрсөн” гэж тус тус мэдүүлсэн байгаа боловч шалгагдаж байсан эсэх талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.           

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэрэг байнгын шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд энэ гэмт хэргийн шинжийг илэрхийлэх “байнга” гэсэн ойлголт нь үйлдлийн хувьд тооны давтамжийг агуулж байгаа бөгөөд гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байвал тухайн 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлийг нэгтгэн дүгнэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцох үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан аль нэг үйлдлийг гурав, түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх бөгөөд Н.Мийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй ямар ямар үйлдлийг хэзээ, хэрхэн гаргасан зэргийг нарийвчлан шалгахгүйгээр түүний гэм бурууг тогтоох боломжгүй юм.

Иймд прокурорын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай“ 389 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Н.М-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ