Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Нгийн Мид холбогдох эрүүгийн 2035000000115 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн 8-23 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б ургийн овогт Нгийн М. Регистрийн дугаар: ОК 95040819.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Д.Үг байнга буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тарчлаасан, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үед мөн тарчлаасан, 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнө зодсон, мөн Д.Үг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 27-ны шилжих шөнө зодохдоо түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000115 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Д.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 01-р сард Н.М бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Н.М архи уусан согтуу байсан. Уг маргалдааны явцад Н.М миний гэдэс рүү гараараа цохисон боловч биед өөрчлөлт ороогүй, гэмтэл учраагүй тул хоорондоо ярилцаад учраа олж эвлэрч байсан. 2019 оны 4-р сард Н.М бас архи уусан согтуу байхдаа надтай хэрүүл маргаан үүсгэж миний хөл, гар хэсэгт гараараа цохисон боловч биед өөрчлөлт ороогүй, гэмтэл учраагүй тул хоорондоо ярилцаад бас л учраа олж эвлэрсэн. 2019 оны 10-р сард Н.М бас архи ууж согтсон байхдаа хэрүүл маргаан үүсгээд өдөж хоргоогоод байсан ба намайг “аав, ээж рүү залгаад намайг яриулчих” гээд байсан. Тэгээд би ээж рүүгээ залгасан чинь Н.М миний утсыг булааж авч, бид хоёр үргэлжлүүлэн маргалдсан ба тэр хооронд миний утас тасраагүй байсан тул ээж Н.М бид хоёрын маргалдаж орилж байгааг сонсоод аймгийн цагдаад дуудлага өгсөн байсан. Уг асуудал тухайн үед цагдаагийн байгууллагад шалгагдаад өнгөрсөн. 2019 оны 11-р сард Н.М гэртээ согтуу байдалтай ирээд хэрүүл маргаан хийж байгаад миний аав руу утсаар ярьж “надтай холбоотой зүйлийн талаар ярьж, охиноо ав” гэсэн зүйл хэлсэн. Үүнийхээ дараа гэртээ агсам согтуу тавиад байхаар нь би шөнө 02 цагийн үед охиноо аваад манай гэрийн урд байх Т.Л гэх айлд орж хонож байсан. Уг үйл явдал болж байхад Н.М намайг цохиогүй. Үүнээс хойш Н.М бид хоёр хэрэлдэж маргалдахгүй хэвийн байж байтал 2020 оны 4-р сарын 10-ны үеэр Н.М гэртээ согтуу байдалтай надтай хэрүүл маргаан хийх гээд шөнөжин үглээд хоносон ба 2020 оны 4 дүгээр сарын 10-ны 23 цагт үглэж эхлээд 2020 оны 4 дүгээр сарын 11-ний 04 цаг хүртэл үглэж юм ярьсан. Ингэж ярихдаа намайг унтуулахгүйгээр надаас юм асуух, надтай ярь, босоод ир гэх зэргээр намайг унтуулж амраахгүйгээр өглөөний 04 цаг хүргэсэн. ...2020.06.26-ны өдөр охин бид хоёрын төрсөн өдөр болж гэртээ тэмдэглэсэн. ...Манай гэрт байсан хүмүүс манайд 04 цаг хүртэл сууж ууцгааж байгаад явсан. Гэнэт сэрсэн чинь Н.М миний нөмөрч унтаж байсан хөнжлийг аваад плитка дээр тавиад шатаах гэж байсан ба би сандраад боссон. Тэгсэн чинь Н.М намайг сумын цагдаатай хардсан шинжтэй зүйл ярьж байснаа намайг орон дээрээс татаж унагаагаад миний хоолойг гараараа боосноо гэдэс рүү өшиглөсөн. Би тэгэнгүүт Н.Мөөс өөрийгөө холдуулаад зугтаагаад хадам аавын гэр лүү орж болсон зүйлийн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8-р хуудас/,

Мөн хохирогч Д.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би өнгөрсөн үйл явдлуудыг эргүүлж бодоход миний нөхөр Н.М нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр надтай маргалдаж байгаад миний гэдэс рүү гараараа цохисон, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр надтай маргаж байгаад хөл, гар луу гараараа цохисон, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг зодож цохилгүйгээр хэрүүл маргаан хийсэн, мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг хэл амаар доромжлоод унтуулахгүй болохоор нь би айлд очиж хоносон байна. ...Миний өмнө өгсөн мэдүүлэгт нэг зөрж байгаа зүйл байна. Тэр нь би өмнөх мэдүүлэгтээ 2019 оны 11 дүгээр сард нөхөр Н.М надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь айлд очиж хоносон гэж хэлсэн. Гэтэл өнгөрсөн үйл явдлуудыг санахад ... 2019 оны 11 дүгээр сар биш 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байна. Би тэр өдөр цагдаагийн газарт дуудлага өгсөн бөгөөд дуудлагыг н.Лхагвасүрэн нэртэй цагдаа шалгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-203-р хуудас/,

2. Гэрч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний охин Д.Ү, Н.М хоёр маань хамт амьдраад 1 охинтой болсон ба охин нь одоо 1 настай. Охин маань 2019 онд хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, сумынхаа цагдаа нар ажилтай явж байх хойгуур Н.М охиныг маань зодсоныг анх мэдсэн. Тэгэхээр нь Н.Мтэй утсаар ярьж хоорондоо эв зүйтэй байгаарай гэдгийг нь хэлж байсан. Н.М нь үүнээс хойш архи уусан үедээ охинд минь агсам согтуу тавиад байдаг юм шиг байдалтай байсан. Яг нүдээр үзсэн зүйл байхгүй. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр охин маань сумаасаа өвчтөн аваад аймгийн төвд ирсэн. Охинтойгоо уулзсан чинь биеийн хэсгүүдэд хөхөрч няцарсан, зодуулсан байдалтай байхаар нь юу болсныг асуусан чинь Н.М согтуу ирээд намайг зодлоо гэж хэлсэн... Мөн 2019 оны 10-р сард байх намайг гэртээ байж байтал орой хэдэн цагийн үед залгасан талаар санахгүй байна. Над руу охин Д.Ү залгаж “Н.М согтуу ирчихээд агсам тавиад байна” гэж хэлээд цаана нь хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрыг хэрэлдэж байгаа юм байна гээд сонсож утсыг нь тасалсан юм. Тэгээд маргааш нь би охинтойгоо “юу болоод байгаа юм бэ” гэж ярьж асуухад “М архи уухаар нь маргалдсан юм, одоо зүгээрээ” гэхээр нь би “та нар дахиж ингэж хэрэлдэж болохгүй шүү” гэж хэлж байсан. ...2019 оны 11-р сар биш 12 сарын 15-нд байхаа намайг гэрт байж байтал орой 22 цагийн үед байх миний утас руу хүргэн М залгасан ба би авсан чинь М нь согтуу байх шиг байсан “энэ охинтой чинь амьдарч чадахгүй, охиноо ирж ав, мөн надад өгсөн Зил 30 машинаа бас ирж ав” гэх зэргээр над руу утсаар ярихаар нь би шууд аймгийн цагдаад дуудлага өгч шалгуулсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13, 198-р хуудас/, 

3. Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэзээ билээ, цаг хугацаа, өдрийг нь сайн санахгүй байна, шөнийн 02 цагт охин маань аав руугаа утсаар ярьсан ба нэлээн айж цочирдсон байдалтай, “Н.М цохиод байна” гэж уйлж хэлсэн. ...Ингээд хэвийн байж байгаад 2020 оны 6 дугаар сарын 26-нд Д.Ү, Н.М нарын хүүхэд буюу миний зээ Эий төрсөн өдрийн баяр болсон. Гэтэл уг баярын төгсгөлд нь М охиныг маань цохисон байсан. Уг асуудлыг Ү бидэнд хэлээгүй. Бид нар ч мэдээгүй байсан. Тэгсэн чинь 2020 оны 6 дугаар сарын 28-нд охин маань сумаасаа өвчтөн авч аймгийн төвд шөнө дунд ирсэн ба охин өвчтөнөө эмнэлэгт хүргэчхээд гэрт ирсэн. Тэгээд охиноо харсан чинь нүүрэнд нь маажигдсан, гарынх нь булчин хэсэгт хөхрөлт үүссэн байхаар нь гайхаад юу болсныг асуусан чинь охин маань Н.Мөөр зодуулсан гэдгээ хэлсэн... Мөн манай нөхөр Ч.Д нь 2019 оны 11-р сард эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд би цай чанаж хүргэж өгөх гээд байж байтал хэдэн сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна нэг өглөө нөхөр Ч.Д нь над руу утсаар ярьж “наад охиноо очиж ав, тэр залуу над руу шөнөжин залгаж охиноо ав, би энэ охинтой чинь амьдарч чадахгүй гэж надтай ярилаа” гэхээр нь би охин Ү руу “юу болоод байгаа юм” гэж асуусан чинь “манай нөхөр М нь агсам тавиад байхаар нь айлд хоночихоод одоо ажил дээрээ байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгийн хамт Өндөрхангай орж охиноо авах бодолтой байж байтал манай охин дахиж залгаад “манай нөхөр надаас уучлалт гуйгаад байна. Та ирэх хэрэггүй, одоо бид нар энд учраа олчихноо” гээд болиулсан. Тэрнээс хойш дахиад 2019 оны 12 дугаар сарын 14-нд байх өвөл хүйтэн байсан. Тэр орой манай охин Ү нь манай нөхөр Дашнамжил руу шөнө дунд залгаж уйлж “ааваа, намайг аллаа” гэж хэлээд утас нь тасарсан. Дахин холбогдохгүй болохоор нь манай нөхөр аймгийн цагдаад мэдэгдсэн.Тэгээд сүүлд сонсоход сумын хэсгийн төлөөлөгчид шалгагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15, 199-р хуудас/,

4. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед Д.Ү залгаж “та хаана байна, би биеэ үзүүлэх гэсэн юм” гээд манайд хадам ээжийнхээ хамт ирж гэрийн гадна машиндаа биеэ үзүүлсэн юм. Тэгээд Д.Ү “та миний хавиргыг үзээд өгөөч” гэхээр нь би гадна талаас нь тэмтэрч үзэхэд 7 дугаар хавирга хугаралтай байсан. Тэгээд би наалт аваад ир гээд наалтыг авч ирүүлж нааж өгсөн бөгөөд өөр баруун талын мөрний дээд хэсэгт мах нь тасралттай, баруун шанаа хэсэгт хумсны шархтай байсан. Би юу болсон талаар асуухад нөхөртөө зодуулчихсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-р хуудас/

5. Гэрч Ш.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр намайг гэрт байж байхад манайд Д.Ү ганцаараа гэрийн гадаа ирээд намайг дуудаж уулзаад “биеэ үзүүлэх гэсэн юм, манай нөхөр намайг зодчихсон” гээд би цээжин хэсгийг гаднаас нь тэмтэрч үзэхэд зөрүүтэй хугарал байгаагүй эмзэглэл өвчтэй байсан. Тэгээд би “аймаг руу явж зураг авхуулж үзүүлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед ирэхэд Д.Ү цээжний доод хэсэгтээ өвчин намдаах наалт наачихсан байдалтай, хүзүү, шанаандаа шалбарсан байдалтай байсан. Тэр өдөр асуудалтай төрсөн нярай хүүхдийг аймаг авч явах ажилтай байсан тул Д.Үтай аймаг руу явуулсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-р хуудас/,

6. Гэрч Д.Игийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө намайг унтаж байхад Д.Ү над руу залгаж “Н.М намайг цохичихлоо” гэхээр нь “яагаад цохисон юм” гэж асуухад “бид хоёр маргалдсан юм, та хүрээд ирээч” гэхээр нь очиход манай бэр Д.Ү байшингийн хажууд дугуйн дээр сууж байсан юм. Би очоод “ээжийн охин яасан” гэхэд “өглөө үүрээр Н.Мтэй хэрэлдээд намайг зодсон би цагдаад өгсөн” гэж хэлэхээр нь “яадаг хүүхэд вэ, өг өг” гэж хэлсэн. Тэгээд Д.Ү намайг хамт яваад Б.А эмчид үзүүлмээр байна миний цээж, зүрх өвдөөд байна гээд Б.А эмчид гэрээр нь үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Д.Игийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2019 оны 10 дугаар сард хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Н.М, Д.Ү хоёр хэрэлдээд ороод ирсэн. Тухайн үед манай хүү Н.М нь архи уучихсан байсан болохоор архи уусан байна гээд хэрэлдээд байх шиг байсан. Манайд тэр хоёр хэрэлдээд тэгээд манай бэр Д.Ү гал тогооны өрөөний сандал дээр сууж байтал М сууж байсан сандлыг нь очоод өшиглөсөн чинь манай бэр Д.Ү сандлаасаа унаад хөл рүү чи өшиглөчихлөө гээд дахиад хоорондоо хэрэлдээд эхэлсэн тэгээд гэр лүүгээ тэр хоёр яваад орсон. Тэгэхээр нь би гэрийн гаднаас нь чагнаад яаж байгаа бол гээд хэсэг ажиглаж байгаад чимээгүй байгаад байхаар нь би гэртээ орж амарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-196-р хуудас/,

7. Гэрч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...шөнө намайг унтаж байхад 04 цагийн үед байхаа Д.Ү, Н.М хоёр манайд орж ирээд хоорондоо хэрэлдэж Н.М эхнэрээсээ уучлалт гуйгаад хайраа гээд хэлээд байсан. Тэгээд би сэрээд “яав юу болов” гэхэд М “ааваа би зүгээр бид хоёр жаахан ууцан хоорондоо маргалдсан юм би эхнэрээсээ уучлалт гуйж байна” гэж хэлэхээр нь би гэрээс гараад гадаа үхрийн баас түүж байгаад үхрээ туугаад гол руу яваад өгсөн... эхнэр өчигдөр орой Н.М, Д.Ү хоёр муудалцсан гэсэн Д.Үгийн хавирга өвдөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...2019 оны 10 дугаар сарын дундуур байсан байх тэр үед гэртээ байж байтал Н.М нь хоорондоо маргалдаад байхаар нь яваад ортол хүү Н.М архи уусан хоорондоо маргалдаж байсан. Намайг гэрт нь байж байтал Д.Ү гэр лүүгээ аавтайгаа ярихаар утсаа аваад аав руугаа залгасан чинь Н.М утсыг нь булааж авсан чинь Д.Ү аллаа гээд орилохоор нь хүү Н.М утсыг нь ор луу шидчихсэн юм. ...2019 оны 12 дугаар сарын 15-нд намайг гэртээ байж байтал Н.М, Д.Ү нар нь хоорондоо хэрэлдээд манайд ороод ирсэн юм. Тэгээд би яасан юу болсон гэсэн чинь Д.Ү нь “Н.М архи уучхаад надтай хэрэлдээд цохиод авлаа” гэхээр нь би “чи яагаад хүүхэд цохиж байгаа юм” гэж Н.Мөөс асуухад “би цээж рүү нь гараараа түлхсэн цохисон юм байхгүй” гээд хоорондоо хэрэлдээд би та хоёр юунаас болоод хэрэлдээд байгаа юм гэхээр надад хэлдэггүй юм. Би тэр үед /2020 оны 04 дүгээр сарын 10-ны/ гэртээ байж байтал Н.Мийн гэрт дуу чимээ гараад хоорондоо хэрэлдээд байхаар нь би ганцаараа гэр лүү нь 20 цагийн үед ороход Н.М согтуу, бэр Д.Ү, охин Э нар байсан. Тэгээд би юу болсон, та хоёр яав, хаана архи уусан юм гэж асуусан чинь Н.М “гадуур найз нартайгаа пиво уусан юм, бид хоёр одоо зүгээр, аав та ор” гэхээр нь би гэрт нь хэсэг сууж байгаад гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-194-р хуудас/,

 8. Гэрч Т.Лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр манайд орой болсон байхад 23 цагийн үед байх өөрийнхөө хүүхэдтэйгээ орж ирээд манай нөхөр согтуу ирчхээд гэрээ шатаачих гээд байна гээд орж ирж байсан. Тухайн үед Д.Ү уйлсан нимгэн хувцастай орж ирж байсан. Тэгээд манай нөхөр Галсайхан буюу Ганаа нь гэрээс гарч Н.Мийн гэр лүү явсан. Хэсэг хугацааны дараа орж ирээд “би гадна талаас хашааны цаанаас харлаа гайгүй юм шиг байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 30-р хуудас/,

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн “...1. Үзүүлэгч Д.Ү-н биед гэмтэл учирсан байна. 2. Зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй далд цуурсан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. 5. Зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй далд цуурсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 458 дугаартай дүгнэлт 1-р хх-ийн 40-41-р хуудас/,

10. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай “...4. Гэмтлийн хөнгөн зэргийн шалгуурт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэж заасан байдаг. Нэг хавирга ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл нь цээжний хөндийд цус, агаар хуралдалт үүсгээгүй, уушги шалчийлт болоогүй, амьсгалын дутагдалд оруулаагүй байгаа тохиолдолд дөрвөн долоо хоногоос доош хугацаанд бороолж эдгэх боломжтой гэж үздэг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 232-235-р хуудас/,

11. Шүүгдэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд хүмүүсээ явуулсныхаа дараа орон дээр манай эхнэр Д.Ү хэвтэж байхаар нь би очоод татаад “чи Юндэндоржтой утсаар ярьсан юм уу” гэсэн чинь манай эхнэр “би утсаар яриагүй” гээд бид хоёр шууд хоорондоо барьцалдаж аваад хэрэлдэж намайг манай эхнэр гараас бариад хумсаараа хатгахаар нь би шууд хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөхөд арагшаа орон дээр унасан юм. Тэгэхээр нь би орон дээр байсан хөнжлийг нь авч гэрт байсан плитка дээр тавьж би энэ гэрийг чинь шатаачхлдаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57-р хуудас/,

Мөн шүүгдэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар дахин өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сард байх сайн санахгүй байна гадуур ууж байгаад гэртээ ирсэн чинь манай эхнэр Д.Ү, охин Ү.Э хоёр гэрт хоёулхнаа байсан. ...Тэгээд би эхнэр Д.Үд охин Ү.Эийг миний нэр дээр яагаад болгохгүй байгаа юм бэ? гээд эхнэртээ үглэж хоорондоо хэрэлдэж маргаан эхэлсэн юм. Би эхнэр Д.Үд уурлаад “надтай амьдарч чадахгүй бол гэр лүүгээ яваад өг, би ээж, аавд чинь би хэлээд өгөх үү” гээд байж байтал Д.Үгийн аав нь утсаар залгаад ороод ирэхээр айгаад утсыг нь булааж аваад ор луу шидчихсэн юм. Тэр үед утас нь дарагдаад аав руу нь залгагдчихсан байсан болохоор аав нь бид хоёрын хэрэлдэж байхыг бүгдийн сонссон байсан. ...Би 2019 оны 11 дүгээр сар биш 12 дугаар сарын 15-нд байх гадуур архи ууж байгаад гэртээ орж ирсэн чинь Д.Ү, Ү.Э нар байсан юм. Тэгээд би орж ирэнгүүт эхнэр Д.Үд “чи урьдын нөхрөөсөө гэрлэлтээ хурдан салгаж миний хүүхдийг миний нэрээр овоглуул” гэсэн чинь эхнэр Д.Ү “согтуу байж дандаа балай юм ярьж байх юм” гээд хэрэлдэж байсан чинь гаднаас манай аав Н.Н орж ирээд “та нар одоо боль яагаад байгаа юм” гээд хэлээд байж байтал гаднаас цагдаа ирээд намайг хэсгийн байр луу аваад явсан юм. ...Би тухайн үед 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би төрсөн өдрөө нөхөж тэмдэглэх гээд мөн гадуур архи ууж байгаад гэртээ ирсэн чинь гэрт эхнэр Д.Ү, Ү.Э хоёр байсан ба би уучихаараа их үглэдэг гомдоллодог юм. Тэгээд охин Ү.Э надтай унтахгүй болохоор би эхнэр Д.Үд гомдож шөнөжин үглэж байтал эхнэр Д.Ү нь хэвтээд байхаар нь татаж босгоод яагаад надтай миний хүүхэд унтдаггүй юм гэх шалтгаанаар шөнөжин ярилцаад өглөөний 04 цаг хүргээд би унтаад өгсөн юм. Би 2020 оны 4 дүгээр сарын 10-ны тэр орой үглэж байхдаа би ус уух гэж байгаад уурандаа гал тогооны шкафны нэг хаалгыг гараараа цохиод хагалсан юм. ...Хоол хийж байхдаа, хувцас угааж байхдаа дандаа утсаар найз нөхөдтэйгөө яриад таг болчихдог тэрэнд нь би дургүй хүрээд байдаг юм. Тэгээд тухайн үед би найз нөхөдтэйгөө ярихыг болиулсан. 2019 оны 10-р сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Би бас гадуур ууж байгаад гэртээ оройхон ирсэн чинь эхнэр Д.Ү намайг архи уулаа гээд үглээд байсан болохоор нь хэрэлдээд байж байтал манай эхнэр Д.Ү нь чамаас саллаа гээд гэрээс гараад явахаар нь би явуулахгүй гээд Д.Үгийн хувцаснаас нь татаад хар өнгийн куртикийг нь урчихсан юм. Маргааш нь би шинэ куртик авч өгсөн юм...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэртээ хамтран амьдрагч Д.Үг охин Ү.Эийг миний нэрээр овоглуулсангүй гэж шалтаглан 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тарчлаасан, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үед мөн тарчлаасан, 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнө зодсон, мөн Д.Үг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 27-ны шилжих шөнө зодохдоо хохирогчийн биед “зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй далд цуурсан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамтран амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлжээ. Тодруулбал шүүгдэгч Н.М, хохирогч Д.Ү нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Шүүгдэгч Н.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, 1.2-т заасан тарчлаасан гэх шинжтэй байна. Тодруулбал шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Үг 2019 оны 12 дугаар сарын 15-ны шөнө хэрүүл маргаан үүсгэж, гутаан доромжилсон үйлдлээ удаан хугацааны туршид үргэлжлүүлж, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж тарчлаасан, мөн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үед тарчлаасан, 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнө зодсон байх бөгөөд эдгээр нь хохирогчид сэтгэл санаа, бие махбодын шаналал зовуурь байнга үүсгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар давхар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх шинж болгон хуульчлаагүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Мийн хохирогч Д.Үг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 27-ны шилжих шөнө зодохдоо түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.М нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирогчид байнга сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлан гаргажээ.  

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Мийн сүүлчийн үйлдэл нь 2020 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө байх тул түүний үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг..., яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.М нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Н.Мид холбогдох эрүүгийн 2035000000115 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн 2021/ШЗ/185 дугаартай захирамжаар гэм буруугийн шүүх хуралдааныг хийхээр товлосон, мөн шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэргүүдэд хамаарахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар: Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Д.Ү “...надад учирсан хохирол байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт, гомдол байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” /1-р хх-ийн 11-р хуудас/ гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Нгийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Мид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан 2035000000115 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Н.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХСАЙХАН