Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0981/З |
Дугаар | 128/ШШ2018/0158 |
Огноо | 2018-03-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2018/0158
2018 оны 03 сарын 12 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2018/0158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ё.Н
Хариуцагч: С Б Д З Д Т Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн В/253, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн албаны тухай 39.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.” гэж заасан.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 47.4-т “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” 48.1. Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.” гэж заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 39.4-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч гомдлоо нэг сарын дотор гаргана гэж заасан хэдий ч Захиргааны ерөнхий хуульд илт хууль бус, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахад хугацаа хамаарахгүй байхаар заасан тул Ё.Н миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гэвч Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц нь гомдол гаргах хугацаа хэтэрсэн, шүүхэд хандах нь зүйтэй гэж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1197 тоотыг хариу ирүүлсэн. Гомдол гаргагч энэхүү хариуг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...” гэсний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/166 тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар тогтоосон баталгааг зөрчсөн гэж үзэн Ё.Н миний бие захиргааны хэргийн дагнасан шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Ё.Н миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/166 тушаалаар Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.
Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоо “цоо шинэ”-ээр батлагдсан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасныг баримтлан намайг төрийн албанаас чөлөөлж, төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөнд гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар төрийн байгууллага нь татан буугдсан, өөрчлөн байгуулсан, ажилтны тоо цөөрсөн, албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан үндэслэл байхгүй бол тухайн төрийн албан хаагч эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдөх, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болох үндэслэл болдог.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 захирамжаар дүүргийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд “Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс”-ийн нэрийг “Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс” гэж өөрчилсөн бөгөөд хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/ хэвээр хадгалагдан үлдсэн.
Ийнхүү Ё.Н миний эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Ё.Нг эрхэлж буй ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл байхгүй байхад ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн В/253, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Н нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 247 хоног ажилгүй байсан. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар өгөөд байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д илт хууль бус захиргааны актад гомдол гаргах хугацаа хамаарахгүй гэж заасан. Хоёрдугаарт, Ё.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэж бичсэн байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуульд зааснаар өмнө нь өргөдлөө өгөх, дараа нь мэдэгдэл гаргах өөр ойлголт гэсэн тайлбаруудыг өгдөг.
Тэгэхээр тухайн хүнээр гомдол гаргахгүй гэсэн тайлбар бичүүлснээр тухайн хүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлахгүй. Гуравдугаарт, илт хууль бус акт байхын тулд дараах нөхцөлийг хангасан байхыг шаардана: хууль бус болон зорилгодоо нийцээгүй. Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх энэ тушаалаар томилсон байгаа юм. Энэ тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 17.1, 28.2.2-д заасныг тус тус үндэслэсэн байна. Тэгэхээр эдгээр хуулиуд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах үндэслэл байгаагүй юм гэж үзээд байгаа юм. Яагаад гэхээр энэ тушаал дээрээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 33.4-д заасныг үндэслээгүй байгаа юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт уг асуудал хамааралгүй байдаг. Үнэхээр хүнийг түр орлон гүйцэтгэгчээр тавьж байгаа юм бол Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл хамаарах байсан. Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам’’-ыг үндэслээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж заасан байдагтай холбогдуулан өмнөх түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь илт хууль болчихоор дараагийн тэрхүү халсан тушаал дагаад илт эрх зүйн үйлчлэлгүй болно гэж харж байгаа юм.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өмнөх хүнээ халаагүй байж н.Б гэдэг хүнтэй үр дүнгийн гэрээ байгуулчихсан байдаг. Үндсэндээ Ё.Н нь үр дүнгийн гэрээний биелэлтээ 90-ээс дээш хувьтай биелүүлж байсан, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтдаа тэнцчихсэн, болзол шаардлагаа бүрэн хангачихсан байсаар байхад н.Б гэдэг хүнийг томилохын тулд л Ё.Нг халсан. Гэтэл н.Б нь төрийн албан хаагчийн тангарагаа ч өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш хүн байсан. Дээрх үндэслэлээр Ё.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн Засаг даргын Тамгын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/65 дугаар тушаал нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/401 дүгээр захирамжийг үндэслэсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагууг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтанд “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4. дэх заалтанд “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл юм.
3ахиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж нэхэмжлэгчээс гомдол саналгүй гэсэн тайлбар бичгээр авсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байна.
Иймд дээрх маргаан бүхий Тамгын газрын даргын 2017 оны Б/65 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбаруудаа дэмжиж байна. Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Дүүргийн Засаг даргын ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамж гаргасан байдаг. Уг захирамжийг удирдлага болгон дүүргийн Засаг даргын Б/01 дүгээр захирамж гарсан. Үүнтэй холбогдуулаад Тамгын газрын даргын тушаал гарсан бөгөөд Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс маань Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс болж, өөрчлөгдөн байгуулсан байгаа. Ингээд нэхэмжлэгчийг Тамгын газрын даргын 2016 оны Б/253 дугаар тушаалаар Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Сая нэхэмжлэгч талаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг үндэслээгүй байна гэж байна. Энэ бол зайлшгүй үндэслэх ёстой хуулийн заалт мөн. Зүгээр техникийн алдаа болгоод тавиагүй юм болов уу гэж бодож байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Эхлээд Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгуулъя гэж байснаа дараа нь илт хууль бус болохыг тооцуулъя, дараа нь Б/253 дугаар тушаал орж ирээд, тэгээд эгүүлэн томилуулах зэргээр байнга өөрчилж байсан. Хэрвээ илт хууль бусад тооцуулах гэж байгаа юм бол хуульд заасан үндэслэлийн яг алинаар нь маргаж байгаа нь тодорхойгүй, хэрвээ хүчингүй болгуулах гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байсан гэсэн хариу тайлбаруудыг өгч байсан.
Б/253 дугаартай холбогдуулан ярихад Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх журмаар 1 сарын дотор хандсан байх ёстой байдаг. Нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөлөөс өгсөн 2017 оны 1197 дугаар хариу албан бичиг Б/65 дугаар тушаалтай холбоотой тайлбарыг өгсөн болохоос биш Б/253 дугаар тушаалтай холбоотой асуудлыг огт дурдаагүй байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч, үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэж бичсэн байдаг хэдий ч үнэхээр үүнийг бичих шаардлагагүй байж гэж бодсон бол тухайн акт гарснаас хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд хандаад, хариугаа аваад шүүхэд хандах боломж нь байсан.
Түүнчлэн, н.Б гэдэг хүнийг бол нэхэмжлэгчийн ажлаас халсны маргааш нь буюу Б/66 дугаар тушаалаар томилсон байдаг. Үр дүнгийн гэрээний огнооны хувьд хэлэхэд хуучин байсан хүмүүсийн үр дүнгийн гэрээг ч өгсөн юм уу, түүнийгээ засаагүй өгснөөс болоод нэг иймэрхүү техникийн алдаа яригдаад байгаа юм. Түүнээс биш нэхэмжлэгчийг ажлаас нь халаагүй байж тухайн хүнтэй үр дүнгийн гэрээ байгуулсан зүйл огт байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Нгоос Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн В/253, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар[1] тушаалаар Ё.Нг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар[2] тушаалаар уг хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгчээс ” ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй.
...Төрийн албаны тухай хуулийн 39.4-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч гомдлоо нэг сарын дотор гаргана гэж заасан хэдий ч Захиргааны ерөнхий хуульд илт хууль бус, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахад хугацаа хамаарахгүй байхаар заасан” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан.
Захиргааны ерөнхий хуульд 47 дугаар зүйлд “захиргааны актыг илт хууль бусад тооцох” талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж зааснаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилтныг томилж, чөлөөлөх эрхийг хуулиар олгосон байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга дээрх хуулиар олгогдсон дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилж, чөлөөлөхийг эрхийнхээ хүрээнд Ё.Нг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар уг хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй юм.
Хэрвээ дээр дурдсан тушаалуудыг эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус гэж үзсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.”Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.” гэж заасан хугацаанд гомдлоо гаргах боломжтой.
Гэтэл нэхэмжлэгч Ё.Н нь ийнхүү төрийн албанаас чөлөөлсөн тушаалын талаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн талаар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1197 дугаар[3] албан бичгээр хариу өгсөн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад “... ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан шүүхэд ямар нэгэн гомдол гаргахгүй” гэсэн тайлбарыг[4] гарган өгснөөс үзэхэд төрийн албанаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн В/253, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.Нгийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн В/253, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН