Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2161

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2018/00224 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч М.Н-ын хариуцагч “Б” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5 580 330 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ОНӨААТҮГ-т операторчоор ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдаж, шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр намайг ажилд авсан. Би шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 124 хоног ажилгүй байсан. Миний нэг өдрийн цалингийн хэмжээ 45 002.66 төгрөг, үүнийг 124 хоногоор тооцвол 5 580 330 төгрөг болж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 580 330 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авахаар тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түүний гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлсэн боловч манай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээж аваагүй учраас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи олговрыг олгохгүй. Мэдэгдлийг хуульд зааснаар ар гэрийнх нь хүнд өгөх гэсэн боловч нөхөр нь бас хүлээж аваагүй байсан. М.Н нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэг хоногийн цалин 45 002.66 төгрөг, 87 хоногийн 3 915 174 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5 580 330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.Н-ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган авч, дэвтрүүдэд бичилт хийхийг “Б” ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104 235 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.Н нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн байгууллагад 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд түүнийг байгууллага 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажлаас нь чөлөөлж, улмаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчийн зүгээс ажилд эгүүлэн авах шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн ажилд эгүүлэн авах шийдвэр гаргасан. Тухайлбал, ажилтан М.Н урьд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч “Б” ОНӨААТҮГ-т ажиллаж байсан бөгөөд М.Н-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан харилцааг шүүх үндэслэлгүй гэж сэргээсэн тул талуудын урьдын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хэвийн үргэлжлүүлэх бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч, ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах, шинээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын зүгээс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах мэдэгдэл хүргүүлснээр талуудын урьдын хөдөлмөрийн гэрээний харилцаа дахин үргэлжлэх бөгөөд энэ тохиолдолд заавал ажилд авах тушаал гаргасны үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүснэ гэх хуулийн зохицуулалт байхгүй юм. Нөгөө талаараа М.Н нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд орох ёстой байтал ороогүй ч хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн хариуцлага тооцоогүй, харин ч өөрийг нь ажилд орно гээд ирсэн өдөр ажилд нь томилсон юм. Энэ тохиолдолд хариуцагч байгууллага М.Нын ажил хийгээгүй үеийн цалин хөлсийг олгох үндэслэл байхгүй.

Хэрэгт хариуцагч байгууллагаас М.Н-д 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажилд эргэж орно уу, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүй улмаас ажилд эргэн ороогүй тохиолдолд ажилд тасалсанд тооцох болно гэх албан тоотыг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Гэтэл М.Н нь манай байгууллагаас ирүүлсэн албан тоотыг санаатай хүлээж аваагүй, хүлээж авахаас татгалзсан, нөхөр Э.Бат-Эрдэнэд гардуулах гэсэн боловч нэр зааж ирсэн илгээмжийг авахгүй гэж татгалзсан үйл баримт Багануур дүүргийн шуудангийн үйлчилгээний газрын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн албан тоот, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжуудаар нотлогдох юм. Энэ тохиолдолд ажилтан М.Н нь ажил олгогчоос тогтоосон хугацаанд ажилд ороогүй гэж үзэх бөгөөд ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогч хариуцах үндэслэл байхгүйгээс гадна ажилтан М.Н 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тогтоосон хугацаанд ажилд ороогүйд байгууллагаас шалтгаалсан зүйлгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 915 174 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Н нь “Б” ОНӨААТҮГ-т холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5 580 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны хариуцагч зарим хэсгийг буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгохыг зөвшөөрч, үлдэх хэсгийг гаргах үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч М.Н-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 460 дугаар хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байх бөгөөд “Б” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар М.Н-ыг Ус шахах станцын операторчноор эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ч ажилд томилогдсон өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргээгдээгүй, цалин хөлсөөр хохирсон гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй, шүүх Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д “...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно...” гэж зааснаар нэхэмжлэгч М.Нын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаас тооцож 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу 124 хоногийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт хариуцагчаас 5 580 330 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

 

Хариуцагч “Б” ОНӨААТҮГ-аас шүүхэд гаргасан 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг М.Н-ыг ажилд эргүүлэн томилсон шийдвэр, тушаал гэж үзэхгүй тул 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгохгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, шүүх хэргийн уг нөхцөл байдлыг зөв үнэлсэн, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2018/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 77 592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ