Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 224

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цэцэгдулам  даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19................ онд ................... аймгийн ..................... суманд  төрсөн, ................. настай, эмэгтэй, ................. дунд боловсролтой, ..................мэргэжилтэй, ам бүл .........., нөхөр ............... хүүхдийн хамт ................. дүүргийн ................ дугаар  хороо, ..............дүгээр байрны ................. тоотод оршин суух, Х.....овогт  М........... Н............н нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................. дүүргийн .................. дугаар хороо, ................ хэсэгт байрлах, Б-У-т /Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ холбогдох ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5.580.330 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б-У-т операторчнаар ажиллаж байгаад үндэслэлгүй ажлаас халагдаж, шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.16-ны өдрийн 103/ШШ2017/00460 дугаар шийдвэрээр  ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2018.05.15-ны өдөр намайг ажилд авсан. Энэ үеийг хүртэл ажилгүй байсан  хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж авмаар байна. Би шүүхийн шийдвэр гарсан 2017.11.16-ны өдрөөс хойш 2018.05.15-ны өдрийг хүртэл нийт 124 хоног ажилгүй байсан. Миний нэг өдрийн цалингийн хэмжээ 45.002.66 төгрөг, үүнийг 124 хоногоор үржүүлбэл 5.580.330 төгрөг болж байна. Иймд Б-У г-с-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.580.330 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2018 оны 5 сарын 14-ний өдөр хүртэлх цалингаа авна. Би 2018 оны 3 сарын 5-нд өмгөөлөгч Ц-г дагуулаад даргатай уулзахаар очсон, дарга дээр гадны хүмүүс байсан учраас хүний нөөцийн мэргэжилтэн Н-тай уулзахад даргатай л уулз гэсэн хариу өгсөн. Маргааш нь би ганцаараа очиж даргатай уулзсан, намайг хүлээж бай гэж хэлсэн, дахин би 2018.03.07-нд бас очсон байгаа, надад 2018.02.20-нд мэдэгдэл хүргүүлсэн гэж худлаа, би тэр үед Багануурт байгаагүй, худал баримт бүрдүүлж ирсэн байна, надыг 2018.05.14-ний өдөр тушаал гаргаж ажилд авсан, тиймээс энэ өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа авна гэв.

              Хариуцагч Б-У шүүхэд ирүүлсэн  тайлбартаа: М.Н нь тус шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөх олговорт 5.580.330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг ажил олгогчийн зүгээс эс зөвшөөрч байгаа бөгөөд Н нь  байгууллагаас дуудсан хугацаанд ажилдаа ороогүй, ажил хөдөлмөр эрхлээгүй тул түүнд дээрх нэхэмжилж буй цалин хөлсний нөхөх олговрыг олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2018.11.16-наас 2018.02.21 хүртэлх хугацааны цалин хөлсийг олгоход татгалзах зүйлгүй, нэхэмжлэгч чөлөө зөвшөөрөлгүй аялал зугаалганд явсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдсон. Бид Давж заалдах болон Хяналтын шатанд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан, бид ярилцаад Н-ыг ажилд нь эгүүлэн авахаар тохиролцож 2018.02.20-ны өдөр хаягаар нь мэдэгдэл хүргүүлсэн, ингээд Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан, манай мэдэгдлийг Н хүлээж аваагүй учраас 2018.02.21-нээс хойшхи цалинг олгохгүй. Мэдэгдлийг хуульд зааснаар ар гэрийнх нь хүнд өгөх гэсэн боловч нөхөр нь бас хүлээж аваагүй байсан. Хяналтын шатны шүүх 2018.02.21-ний өдөр манай гаргасан хүсэлтийг 4 сарын 6-ны өдөр шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргаж гомдол гаргаагүйд тооцсон. Н нь 2018.02.21-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй,  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэг хоногийн цалин 45.002.66 төгрөг,  87 хоногийн 3.915.174 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажилдаа ор гэж дуудахад өөрөө ороогүй ажил тасалсан, 3 сард ирж уулзаагүй, 4 сард ирж уулзсан, өөрөө 3 сард 3 удаа ирж уулзсан гэж байна  энэ талаарх нотлох баримт ч байхгүй, өмгөөлөгч нь 02 сарын 21-нд над руу утасдаад танайх гомдлоо татаж авч байгаа юм уу гэхээр нь тиймээ гэж хэлсэн чинь Дээд шүүхээс албан ёсны шийдвэр гарахаар больё гэж хэлж байсан. Дээд шүүхийн шийдвэр 5 сар гаргаад манайд ирсэн учраас 2018.05.14-ний өдөр тушаал гаргасан. 2018.02.20-ны өдрийн мэдэгдэл бол тушаалын шаардлагыг хангахгүй ч гэсэн энэ мэдэгдлээр ажилд нь эгүүлэн авсан гэдгийг илэрхийлж байгаа. 2018.02.21-ний өдөр ажилд авсан  тушаал гарсан үгүйг мэдэхгүй байна, энэ хүн мэдсээр байж ирж ажилдаа ороогүй гэж үзэж байгаа, 4 сард ирж уулзсан , ирж уулзахад нь дарга 2018.02.21-ний өдөр ажилдаа эргэж орохоор танд мэдэгдэл хүргүүлсэн, та ирээгүй, энэ 2 сарын цалин хөлсийг яах вэ гэхэд Дээд шүүхийн албан ёсны шийдвэрийг гарсны дараа болно гэж хэлсэн байсан. 2018.02.21-ний өдрийн мэдэгдлээр ажилд авсан гэж манай байгууллага үзэж байгаа учраас 2018.02.21-ний өдрөөс хойшхи цалин хөлсийг зөвшөөрөхгүй байгаа гэв.

      Шүүхээс хариуцагч байгууллагын хүсэлтээр Улсын дээд шүүхийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 001/ШЗ2018/00174 дугаар захирамж, Б-У-ын даргын 2018 оны 02 сарын 20-ны өдрийн мэдэгдэл,  Монгол Шуудан ХК-ийн Багануур дүүргийн Шуудангийн үйлчилгээний газрын 2018 оны 08 сарын 28-ны өдрийн 6/47 дугаар тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч М.Н  нь Б-У-т холбогдуулан 2017.11.16-ны өдрөөс  2018.05.14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт  5.580.330 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Б-У нь  нэхэмжлэгч нь заасан хугацаанд ажилдаа ороогүй учраас 2018.02.21-ний өдрөөс хойшхи цалин хөлсийг олгох боломжгүй, 2017.11.16-ны өдрөөс 2018.02.21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгоно гэж маргаж байна.

Нэхэмжлэгч М.Н, хариуцагч Б-У-тай 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ус шахах  станцын операторчоор томилогдон ажиллаж байгаад Б-У-ын даргын  2017 оны 8 дугаар  сарын 24-ний өдрийн Б/72 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ажил олгогч байгууллагын даргын  2017 оны 8 дугаар  сарын 24-ний өдрийн шийдвэрийг ажилтан М.Н нь эс зөвшөөрч  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага гаргаж 2017 оны 11 сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд хандсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Ныг  ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 08 сарын 24-ний өдрөөс 11 сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.610.154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 103/ШШ2017/00460 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 210/МА2018/00166 дугаартай  магадлал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч байгууллага нь анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан ба 2018 оны 02 сарын 21 ний өдөр гаргасан гомдлоосоо татгалзсан учраас Дээд шүүхийн 2018 оны 04 сарын 06 ны өдрийн шүүгчийн захирамжаар гомдол гаргаагүйд тооцжээ.

Ажил олгогч нь ажилтныг  2018 оны 05 сарын 14-ний өдрийн Ө/65 тушаалаар ус шахах станцын операторчоор эгүүлэн авч ажиллуулсан байна.

Нэхэмжлэгч М.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 үгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй .

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаас тооцон 21.5-д хуваахад нэг өдрийн цалин хөлс 45.002.66 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажлын 124 хоногоор үржүүлж 5.580.330 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь 2018 оны 02 сарын 20-ны өдөр ажилд орох тухай мэдэгдэл хүргүүлсэн, өөрөө ажилдаа ороогүй учраас 2018.02.21-2018.05.14-ний өдөр хүртэлх цалинг олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч 2018.02.20-ны өдрийн мэдэгдлийг ажилтныг ажилд авсан гэж үзэх, ажилд томилох тухай байгууллагын даргын тушаалтай адилтган үзэх боломжгүй, 2018.02.20-ны өдөр  ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон  талаар эрхийн акт гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, 2018.05.14-ний өдөр ажилд авсан тушаалаас харахад өмнө нь буюу 2018.02.21-ний өдөр М.Н-ыг ажилд авсан тушаал гаргаагүй гэж үзэхээр байх тул хариуцагч байгууллагын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч М.Н нь 2018.05.14-ний өдөр ажилдаа эргэж тогтоогдсоноос хойш 2018.07.09-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гомдлоо гаргасан, хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон 

ТОГТООХ  нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б-У-аас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5.580.330 / таван сая, таван зуун наян мянга, гурван зуун гучин / төгрөгийг гаргуулж Х.... овогт  М...........Н-д олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.Н-ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган авч, дэвтрүүдэд бичилт хийхийг Б-У-т даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Б-У-аас улсын тэмдэгтийн хураамжид 104.235 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ЦЭЦЭГДУЛАМ