Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2021/00608

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2021/00608

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Г.Х-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: Д.П-д холбогдох

үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий объектын үнэнд шилжүүлсэн 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2019 оны 01 дүгээр сард Д.П-с Монгол гоёлд байрлах 24м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй объектыг худалдан авахаар 13,500,000 төгрөгийг эхнэр Н, Д.П-н дансанд хувааж хийсэн. Тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй. Амаар ярьж тохиролцсон. Уг объектод үйл ажиллагаа явуулах гэтэл Шинэ-Алтай захын захирал Ц.Б нь Д.П надад 4,500,000 төгрөгийн өртэй учраас чи үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн. Үйл ажиллагаа явуулах гэтэл тог тасалж, цоож эвдэж түлхүүр сольсон байгаа. Мөн Д.П-д объектын гэрчилгээг гаргаж өгөх талаар удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл Ц.Б-н гарын үсэг дутуу гэсэн шалтаг хэлж гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Цаашид уг объектод үйл ажиллагаа явуулах боломжгүй тул 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.П-с уг объектыг худалдаж авахын тулд 13,500,000 төгрөгийг хэсэгчилж хувааж өгсөн. Уг объектыг худалдаж авахад үл хөдлөхийн гэрчилгээг нь өөрт чинь гаргаж өгнө, санаа зоволтгүй гэж хэлээд худалдаж авахаар болсон. Үйл ажиллагаа явуулах гэхэд уг байрны халаалтын зардал гарч эхэлсэн. Бид нар үйл ажиллагаа явуулаагүй, мөн түлхүүр байхгүй, тог байхгүй байсан. Үйл ажиллагаа явуулаагүй байж яагаад халаалтын мөнгө төлөх болов, мөн уг газарт үйл ажиллагаа явуулах гэхээр Д.П чинь надтай тооцоотой. Д.П-н тооцоо дууссаны дараа чиний асуудлыг шийднэ. Д.П чинь надад олдохгүй байна. Би Д.П-тэй уулзсаны дараа энэ объектыг чамд ашиглуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж захын эзэмшигч хэлсэн. Уг маргаан гарах болсон шалтгаан нь Б гэдэг хүнд энэ Д.П гэдэг хүн тантай тооцоогүй юм байна. Уран Охидын Д эгчийн барилгыг бариад өөртөө авсан юм байна. Тэгэхээр танд холбоогүй юм байна гэсэн чинь тийм юм байхгүй. Тэр газар нь минийх. Үл хөдлөхийн гэрчилгээ гарах эсэх нь ч гэсэн миний асуудал гээд уг газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Уг асуудлыг олон удаа хэлж дээрээс нь Д.П-г гэрчилгээгээ гаргахад анхаар гэж 3 жил гуйсан. Тэгээд энэ хавраас эхлээд чи Б-тэй уулзаж энэ асуудлаа шийдэж өгөөч ээ. Би үйл ажиллагаа явуулмаар байна гэхээр Д.П чинь надтай уулзахгүй байна гээд үйл ажиллагаа явуулахгүй бараг 3 жил болж байна. Тухайн үед надад мөнгө байгаагүй. 13,500,000 төгрөгийг эгч болон дүү нараасаа мөнгө зээлээд энэ мөнгийг хувааж хийсэн байдаг. Энэ объектыг надад бүрэн эзэмшүүлэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тал дээр Д.П гэдэг хүн ажиллаагүй. Дээр нь утсаа авахгүй, уулзахгүй зугтаад байсан болохоор аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байгаа юм гэв.

Хариуцагч Д.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д овогтой П нь 2018 онд Шинэ-Алтай ХХК-д байрлалтай Монгол гоёл дэлгүүрийн 2 давхарт байрлаж байгаа 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг одоогоор Оюу бэйкери /түрээслэн ажиллуулдаг/ байрыг Уран охид компанитай харилцан зөвшилцөн өрлөг, шавар, дээврийн хучилт, таазны хучилт зэрэг ажлуудыг өөрийн зардал буюу мэргэжлийн болон туслах ажилчдын цалин өдрийнх нь хоолыг бүрэн дааж хийж гүйцэтгэсэн юм. Үүнийхээ ажлын хөлсөнд 25 м.кв байрыг ямар нэгэн асуудалгүйгээр хүлээлцэн авсан юм. Одоогоор уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол гоёл, Уран охидын Оюу бэйкери болон миний зарсан 25 м.кв объектын үл хөдлөхийн гэрчилгээ гарч амжаагүй байгаа. Уг объектоо Х-д зарахдаа захаас тог тавиулах зөвшөөрлийг нь авч өөрийнх нь нэр дээр тоолуур худалдан авч захын цахилгаанчнаар тогийг нь тавиулж, тогтой, халаалттай, цэвэр усны оруулгатай бүрэн бүтэн объектыг ерөөлийн үгээр бэлгийн хадаг сүүн дээр түлхүүрийг нь тавьж хүлээлгэн өгсөн билээ. Объектыг зарсан мөнгөө цувуулж авсан болно. /2018 оны 11 сард/ Объектоо зарахдаа Хурцгэрэлтэй аман гэрээ хийсэн. Тэр хугацаанаас хойш /2018 оны 11 сараас/ чимээгүй байж байгаад 2019 оны хавар захын даргын эхнэр болох Г эгч надтай утсаар холбогдож объектын чинь халаалт, үйл ажиллагааны зардал мөнгийг яах юм бэ, хэн өгөх юм бүтэн хэдэн сар цоожтой байлаа. Өөрсдөө үйл ажиллагаа явуулахгүй юм бол хүнд ч болсон түрээслээд манайд мөнгийг нь өгч тооцоогоо дуусгамаар байнаа гэдэг асуудлыг ярьсан. Би Х-д зарсан. Тэр хүн л тооцоо мөнгөний асуудлыг шийднэ гэж хэлсэн. Дараа нь сонсоход тооцоо мөнгөний асуудлаас болж тогийг нь захын зүгээс таслах арга хэмжээ авсан байна лээ. Ингээд чимээгүй хэсэг явсаар 2021 оны хавар Х холбогдон объектоо буцааж аваа, би мөнгөө авъя, Б-тэй таарч тохирохгүй юм байна. Тогийг нь ч холбож өгсөнгүй, хаалгыг нь эвдээд орчихсон байнаа гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Яагаад тэгдэг юм чиний авсан объектыг би Б-с аваагүй, хашаа ч байхгүй, би Уран охид компаниас ажлын хөлсөндөө авсан гэж хэлэхэд Б гуай П бид хоёрын хооронд асуудал байгаа гэж хэлж байна гэсэн. Ингээд удалгүй Б гуайтай энэ асуудлаар уулзаад та одоо хоёрын хооронд миний хүнд зарсан объектыг хааж боогоод тэрнийхээ оронд учир начраа олж болдоггүй юмуу гэхэд тэр Х чинь захын үйл ажиллагааны тооцоо халаалтын мөнгөө одоо болтол хийгээгүй байгаа. Тэгэхдээ би ажиллуул гэж хэлсэн штээ. Тэгсэн чинь тэр хүн чинь би жижиг наймаа хийдэггүй авах гээд байгаа юм бол ав л даа. Би чамд бэлэглэчихье гэж хэлж аархаж байна лээ гэж ярьсан. Тэгээд муудалцаад салсан юм байна лээ. Үүнээс харахад энэ хоёр нэг намын хүмүүс мөртлөө дотроо хувийн өш хонзонтой, гэр бүлийн асуудалтай гэж дуулдсан. Уг объектыг 2018 онд баригдаж би 11 сард нь Х-д зарсан. Тэр үед Х авчихаад бүтэн 3 жил өнгөрчихөөд байхад /м.кв-ыг нь тэр үед 540,000-аар зарсан байна лээ/ одоо буцаая мөнгөө авъя гэдэг байж боломгүй асуудлыг ярьж байгаа нь надад энэ хүн эргэн бодууштай санагдаж байна. Тэр үед энэ хүний одоо Буудай төв дотор м.кв-ыг 1,400,000-д бодож объектыг авч ажиллуулж байгаа гэж дуулдсан. Миний зарсан байрын ялгаа зөрүү 2 даанч их байна. 2018 онд Буудай төв ашиглалтанд ороогүй байсан болохоор миний объект бүрэн зарагдах боломжтой байсан. Би хувиараа ажил эрхэлдэг, бэлэн мөнгөний эргэлт байхгүй улирлын чанартай ажил эрхэлдэг. Махаа идэж олсон хэдэн төгрөгөө байрны зээл, амьдрал ахуйд дөнгөж хүрэлцдэг. Тухайн үед Хурцгэрэлээс гуйвуулж авсан мөнгөө ажилчдын цалин хөлсөнд өгөөд л дууссан. Иймд иргэн Х-д зарсан объектоо буцааж худалдаж авах ямар ч мөнгө санхүү надад байхгүй ээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Х нь Д.П-д холбогдуулан үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий объектын үнэнд шилжүүлсэн 13,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Харин хариуцагч Д.П нь 3 жилийн өмнө худалдсан объектыг буцаан авах боломжгүй гэж маргадаг болно.

Хариуцагч Д.П нь 2018 оны 11 сард Шинэ-Алтай ХХК-д байрлалтай Монгол гоёл дэлгүүрийн 2 давхарт байрлах 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг нэхэмжлэгч Д.Х-д амаар тохиролцож худалдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 11 дүгээр сард үйлчилгээний зориулалттай 25 м.кв объектыг амаар тохиролцон худалдан авсан, худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй гэдэг дээр маргадаггүй болно.

Шүүх нэхэмжлэгч Д.Х болон хариуцагч Д.П нарын хооронд байгуулагдсан 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж,

109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэж,

110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Х болон хариуцагч Д.П нарын хооронд 2018 оны 11 сард амаар байгуулагдсан 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг худалдах худалдан авах гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаа тул хуульд зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай байжээ.

Нэхэмжлэгч Д.Х нь дээрх 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектын гэрчилгээ одоо болтол гараагүй, цаашид уг объектод үйл ажиллагаа явуулах боломжгүй тул 13,500,000 төгрөгийг гаргуулна хэмээн маргаж байна.

Хариуцагч Д.П нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Одоогоор уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол гоёл, Уран охидын Оюу бэйкери болон миний зарсан 25 м.кв объектын үл хөдлөхийн гэрчилгээ гарч амжаагүй байгаа... гэж тайлбарлаж, гэрчилгээ гараагүй, Д.Х тухайн объектод үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг болно.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Д.Пүрэвсүх нь үл хөдлөх хөрөнгийн үнэнд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч Д.Х-д, нэхэмжлэгч Д.Х нь 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг хариуцагч Д.П-д харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.Х нь уг объектыг худалдан авахаар 13,500,000 төгрөгийг эхнэр Н,  Д.П-н дансанд хувааж хийсэн гэж тайлбарлаж 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 /2 сая төгрөг/, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 /найман сая/ төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулгыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч нь Д.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийн шаардаж буй 13,500,000 төгрөгийн үнийн дүнтэй маргадаггүй, харин нэгэнт 3 жилийн өмнө худалдсан объектыг буцаан авах боломжгүй гэж маргадаг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад маргаан бүхий объектын өмчлөгч нь Д.П гэдэг нь нотлох баримтаар тогтоогддоггүй, түүнчлэн хариуцагч Д.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Одоогоор уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол гоёл, Уран охидын Оюу бэйкери болон миний зарсан 25 м.кв объектын үл хөдлөхийн гэрчилгээ гарч амжаагүй байгаа... гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч Д.Х нь уг объектыг худалдан авснаас хойш 3 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж чадаагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Гэтэл хариуцагч Д.П нь 3 жилийн өмнө объектын үнийг шилжүүлэн авсан боловч одоог хүртэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Х-д хуульд заасан журмын дагуу шилжүүлэн өгөөгүй, уг объект нь түүний өмчлөлийнх гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхад нэгэнт зарсан объектыг буцаан авах боломжгүй гэж маргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу талуудын хооронд үүссэн үүрэг нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Д.П-с шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хариуцагч Д.П нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.П-с үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий объектын үнэнд шилжүүлсэн 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.П-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Д.Х нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-с 225,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.П-с үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий объектын үнэнд шилжүүлсэн 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-с 225,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ