Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 215/МА2022/00004

 

 

Г.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00608 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Жинст баг, 33- ... тоотод оршин суух, Е овгийн Г.Х-ийн /РД: ШЕ851005.../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Хөгжил хороолол 1- ... б тоотод оршин суух, Б овгийн Д.П /РД: ТИ830915.../ холбогдох

үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий объектын үнэнд шилжүүлсэн 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

 

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2019 оны 01 дүгээр сард Д.П-ээс “Монгол гоёл”-д байрлах 24м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй объектыг худалдан авахаар 13.500.000 төгрөгийг 53154751... эхнэр Н, 50990883... Д.П-ийн дансанд хувааж хийсэн. Тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй. Амаар ярьж тохиролцсон. Уг объектод үйл ажиллагаа явуулах гэтэл “Шинэ-Алтай” захын захирал Ч.Б нь Д.П надад 4.500.000 төгрөгийн өртэй учраас чи үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн. Үйл ажиллагаа явуулах гэтэл тог тасалж, цоож эвдэж түлхүүр сольсон байгаа. Мөн Д.П-д объектын гэрчилгээг гаргаж өгөх талаар удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл Ч.Б-ийн гарын үсэг дутуу гэсэн шалтаг хэлж гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Цаашид уг объектод үйл ажиллагаа явуулах боломжгүй тул 13.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.П-ээс уг объектыг худалдаж авахын тулд 13.500.000 төгрөгийг хэсэгчилж хувааж өгсөн. Уг объектыг худалдаж авахад үл хөдлөхийн гэрчилгээг нь өөрт чинь гаргаж өгнө, санаа зоволтгүй гэж хэлээд худалдаж авахаар болсон. Үйл ажиллагаа явуулах гэхэд уг байрны халаалтын зардал гарч эхэлсэн. Бид нар үйл ажиллагаа явуулаагүй, мөн түлхүүр байхгүй, тог байхгүй байсан. Үйл ажиллагаа явуулаагүй байж яагаад халаалтын мөнгө төлөх болов, мөн уг газарт үйл ажиллагаа явуулах гэхээр Д.П чинь надтай тооцоотой. Д.П-ийн тооцоо дууссаны дараа чиний асуудлыг шийднэ. Д.П чинь надад олдохгүй байна. Би Д.П-тэй уулзсаны дараа энэ объектыг чамд ашиглуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж захын эзэмшигч хэлсэн. Уг маргаан гарах болсон шалтгаан нь Ч.Б гэдэг хүнд энэ Д.П гэдэг хүн таньтай тооцоогүй юм байна. “Уран-Охид”-ын Р.Д эгчийн барилгыг бариад өөртөө авсан юм байна. Тэгэхээр таньд холбоогүй юм байна гэсэн чинь тийм юм байхгүй. Тэр газар нь минийх. Үл хөдлөхийн гэрчилгээ гарах эсэх нь ч гэсэн миний асуудал гээд уг газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Уг асуудлыг олон удаа хэлж дээрээс нь Д.П-ийг гэрчилгээгээ гаргахад анхаар гэж 3 жил гуйсан. Тэгээд энэ хавраас эхлээд чи Ч.Б-тэй уулзаж энэ асуудлаа шийдэж өгөөч ээ. Би үйл ажиллагаа явуулмаар байна гэхээр Д.П чинь надтай уулзахгүй байна гээд үйл ажиллагаа явуулахгүй бараг 3 жил болж байна. Тухайн үед надад мөнгө байгаагүй. 13.500.000 төгрөгийг эгч болон дүү нараасаа мөнгө зээлээд энэ мөнгийг хувааж хийсэн байдаг. Энэ объектыг надад бүрэн эзэмшүүлэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тал дээр Д.П гэдэг хүн ажиллаагүй. Дээр нь утсаа авахгүй, уулзахгүй зугтаад байсан болохоор аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байгаа юм гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

Хариуцагч Д.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д овогтой П нь 2018 онд “Шинэ-Алтай” ХХК-д байрлалтай “Монгол гоёл” дэлгүүрийн 2 давхарт байрлаж байгаа 25 м.кв үйлчилгээний зориулалттай объектыг одоогоор “Оюу бэйкери” /түрээслэн ажиллуулдаг/ байрыг “Уран охид” компанитай харилцан зөвшилцөн өрлөг, шавар, дээврийн хучилт, таазны хучилт зэрэг ажлуудыг өөрийн зардал буюу мэргэжлийн болон туслах ажилчдын цалин өдрийнх нь хоолыг бүрэн дааж хийж гүйцэтгэсэн юм. Үүнийхээ ажлын хөлсөнд 25 м.кв байрыг ямар нэгэн асуудалгүйгээр хүлээлцэн авсан юм. Одоогоор уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол гоёл”, “Уран охид”-ын “Оюу бэйкери” болон миний зарсан 25 м.кв объектын үл хөдлөхийн гэрчилгээ гарч амжаагүй байгаа. Уг объектоо Г.Х-д зарахдаа захаас тог тавиулах зөвшөөрлийг нь авч өөрийнх нь нэр дээр тоолуур худалдан авч захын цахилгаанчинаар тогийг нь тавиулж, тогтой, халаалттай, цэвэр усны оруулгатай бүрэн бүтэн объектыг ерөөлийн үгээр бэлгийн хадаг сүүн дээр түлхүүрийг нь тавьж хүлээлгэн өгсөн билээ. Объектыг зарсан мөнгөө цувуулж авсан болно. /2018 оны 11 сард/ Объектоо зарахдаа Г.Х-тэй аман гэрээ хийсэн. Тэр хугацаанаас хойш /2018 оны 11 сараас/ чимээгүй байж байгаад 2019 оны хавар захын даргын эхнэр болох Г эгч надтай утсаар холбогдож объектын чинь халаалт, үйл ажиллагааны зардал мөнгийг яах юм бэ, хэн өгөх юм бүтэн хэдэн сар цоожтой байлаа. Өөрсдөө үйл ажиллагаа явуулахгүй юм бол хүнд ч болсон түрээслээд манайд мөнгийг нь өгч тооцоогоо дуусгамаар байнаа гэдэг асуудлыг ярьсан. Би Г.Х-д зарсан. Тэр хүн л тооцоо мөнгөний асуудлыг шийднэ гэж хэлсэн. Дараа нь сонсоход тооцоо мөнгөний асуудлаас болж тогийг нь захын зүгээс таслах арга хэмжээ авсан байна лээ. Ингээд чимээгүй хэсэг явсаар 2021 оны хавар Г.Х холбогдон объектоо буцааж аваа, би мөнгөө авъя, Ч.Б-тэй таарч тохирохгүй юм байна. Тогийг нь ч холбож өгсөнгүй, хаалгыг нь эвдээд орчихсон байнаа гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Яагаад тэгдэг юм чиний авсан объектыг би Ч.Б-ээс аваагүй, хашаа ч байхгүй, би “Уран охид” компаниас ажлын хөлсөндөө авсан гэж хэлэхэд Ч.Б гуай П бид хоёрын хооронд асуудал байгаа гэж хэлж байна гэсэн. Ингээд удалгүй Ч.Б гуайтай энэ асуудлаар уулзаад та одоо хоёрын хооронд миний хүнд зарсан объектыг хааж боогоод тэрнийхээ оронд учир начраа олж болдоггүй юм уу гэхэд тэр Г.Х чинь захын үйл ажиллагааны тооцоо халаалтын мөнгөө одоо болтол хийгээгүй байгаа. Тэгэхдээ би ажиллуул гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр хүн чинь би жижиг наймаа хийдэггүй авах гээд байгаа юм бол ав л даа. Би чамд бэлэглэчихье гэж хэлж аархаж байна лээ гэж ярьсан. Тэгээд муудалцаад салсан юм байна лээ. Үүнээс харахад энэ хоёр нэг намын хүмүүс мөртлөө дотроо хувийн өш хонзонтой, гэр бүлийн асуудалтай гэж дуулдсан. Уг объект 2018 онд баригдаж би 11 сард нь Г.Х-д зарсан. Тэр үед Г.Х авчихаад бүтэн 3 жил өнгөрчихөөд байхад /м.кв-ыг нь тэр үед 540.000-аар зарсан байна лээ/ одоо буцаая мөнгөө авъя гэдэг байж боломгүй асуудлыг ярьж байгаа нь надад энэ хүн эргэн бодууштай санагдаж байна. Тэр үед энэ хүний одоо “Буудай төв” дотор м.кв-ыг 1.400.000-д бодож объектыг авч ажиллуулж байгаа гэж дуулдсан. Миний зарсан байрны ялгаа зөрүү 2 даанч их байна. 2018 онд “Буудай төв” ашиглалтанд ороогүй байсан болохоор миний объект бүрэн зарагдах боломжтой байсан. Би хувиараа ажил эрхэлдэг, бэлэн мөнгөний эргэлт байхгүй улирлын чанартай ажил эрхэлдэг. Махаа идэж олсон хэдэн төгрөг байрны зээл, амьдрал ахуйд дөнгөж хүрэлцдэг. Тухайн үед Г.Х-ээс гуйвуулж авсан мөнгөө ажилчдын цалин хөлсөнд өгөөд л дууссан. Иймд иргэн Г.Х-д зарсан объектоо буцааж худалдаж авах ямар ч мөнгө санхүү надад байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.П-ээс үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий объектын үнэнд шилжүүлсэн 13.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-ээс 225.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

 

Хариуцагч Д.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00608 дугаар шийдвэрээр Г.Х нэхэмжлэлээр хариуцагч Д.П надаас 13.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Х, Д.П бид хоорондоо “Шинэ-Алтай” захын “Монгол гоёл”-д байрлах үйлчилгээний зориулалттай объектыг худалдах, худалдан авахаар тохиролцож миний бие Г.Х-д объектоо суллаж өгсөн болно. Гэтэл иргэн надаас шалтгаалахгүйгээр гуравдагч хүн болох Ч.Б надад өртэй гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь явуулахгүй байгаагаас бидний хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Д.П-д холбогдуулан үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий объектын үнэнд шилжүүлсэн 13.500.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Д.П-д тухайн үйлчилгээ явуулах зориулалт бүхий 24м2 объектын үнэ болох 13.500.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, анх худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй амаар тохиролцож хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээ, хэлцлийн хэлбэрийн тухайд талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Х уг 13.500.000 төгрөгийг хариуцагч Д.П-д шилжүүлээд буцаан шаардах болсон үндэслэлээ: “...Уг объектод үйл ажиллагаа явуулах гэтэл “Шинэ-Алтай” захын захирал Ч.Б Д.П надад 4.500.000 төгрөгний өртэй учраас чи үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн. Үйл ажиллагаа явуулах гэтэл цахилгаан /тог/ тасалж, цоож эвдэлж, түлхүүр сольсон байгаа. Мөн Д.П-д уг объектын гэрчилгээг гаргаж өгөх талаар удаа дараа шаардсан боловч Ч.Б-ийн гарын үсэг дутуу гэсэн шалтаг хэлж гэрчилгээг гаргаж өгөөгүй...” гэж тодорхойлжээ.

 

Гэтэл хариуцагч Д.П нь объектын үнийг шилжүүлэн авсан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Х-д хуульд заасан журмын дагуу шилжүүлээгүй мөртлөө нэгэнт зарсан объектыг буцаан авах боломжгүй гэж маргаж байгаа нь түүнийг зөвтгөх боломжгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.   

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгаа нь тэдний хооронд байгуулагдсан гэх тухайн объектыг худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Ийнхүү Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, буцаах боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Д.П нь уг объектын үнэнд шилжүүлсэн 13.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Х-д, нэхэмжлэгч нь 24 м2 талбай бүхий объектыг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс  шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж Д.П-ээс 13.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Х-д олгож шийдвэрлэсэн нь зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2021/00608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.П-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.П-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

 

           ШҮҮГЧИД                            Ч.Э

 

                                                                      Т.Ж