Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/02883

 

2021 оны 12 сарын 08 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02883                             Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, М овогтой О.Г /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............. байрлах НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О овогтой Г би эхнэрийн хамт 2011 онд өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт байрлах, 134 м.кв талбай бүхий орон сууцаа барьцаанд тавьж Голомт банкнаас 86 000 000 төгрөгийн зээл авсан боловч бүрэн төлж чадаагүйн улмаас банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01513 тоот шийдвэр гарч эхнэр бид хоёроос 82 700 000 төгрөг гаргуулж, Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд НШШГГ-ын Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.О шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч бидний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оролцуулахаар шийдвэрлэж талуудаас санал авсан болно. Би өөрийн орон сууцаа 603 000 000 төгрөгөөр үнэлэхээр үнийн санал өгсөн боловч Голомт банк миний өгсөн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон болно. Гэтэл шинжээч миний орон сууцыг миний өгсөн саналаас бараг 2 дахин бага үнээр буюу 335 900 000 төгрөгөөр хэтэрхий доогуур үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч ******* гэгч 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг дуудсаны дагуу очиход Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-ийн гарын үсэгтэй 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-190/21314 тоот дугаартай мэдэгдлийг гардуулсан болно. Уг мэдэгдэлд миний орон сууцыг 335 790 000 төгрөгөөр үнэлсэн тухай дурдсан байсан. Иймд дараах үндэслэлээр бид шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэгт манай орон сууц нь 134 м.кв талбайтай 4 өрөө 2 ариун цэврийн өрөөтэй, баруун зүүн харсан цонхтой, тагттай, карказан барилга. Ийм орон сууцанд нэг битгий 2 айл ч амьдрах боломжтой том орон сууц юм. Хоёрт манай орон сууц нь ХААИС-ийн баруун талд байрлалтай агаар сайтай, дуу чимээ багатай, тусдаа хашаатай, харуул хамгаалалттай, хөл хөдөлгөөн багатай, байршил сайтай, орчин үеийн орон сууц юм. Гуравт сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд орон сууцны зах зээлийн ханш огцом өсөж миний байр шиг орон сууцны үнэ 300 000 000 төгрөг битгий хэл 400 000 000 төгрөгөөр тогтохгүй болсон байна. Дөрөвт би тухайн орон сууцыг анх ашиглалтад ороход нь 200 000 доллароор худалдаж авч байсан болно. Одоогийн ханшаар бол бараг 600 000 000 төгрөг болно Манай орон сууц байршил сайтай, цэвэр агаартай, том талбайтай, ус дулаан хангамж сайтай, орчин үеийн чанар сайтай барилга юм. Гэтэл манай орон сууцыг миний өгсөн саналаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлж банканд маш доогуур үнээр өгөх гэж байгаад туйлын гомдолтой байна. Манай орон сууц шиг талбайтай орон сууцын зэх зээлийн үнэ 500 000 000 төгрөгөөс буухгүй байгаа. Иймд миний орон сууцыг үнэлүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянан үзэж, манай орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шинжээч томилж миний үл хөдлөх хөрөнгийг шударгаар үнэлж өгөхийг хүсье. Манай орон сууцны үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шуудангаар надад явуулсан гэх боловч энэхүү дүгнэлт манай хаягаар ирээгүй байгаа болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1513 дугаар захирамжаар О.Г, Э.Б нараас 82 476 023 төгрөг гаргуулж, Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан О.Г-ын өмчлөлийн Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн .......... тоот хаягт байрлах 134 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 180/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21290066/03 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд 600 320 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч үнийн санал гаргаагүй мөн төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгээр хандаж талууд харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд тус орон сууцыг 335 965 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тухайн үнэлгээг мэдэгдэхэд маргааш өглөө ирж танилцана гэсэн боловч ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудан ирүүлэхээр баталгаат шуудан хүргүүлсэн талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээг хэт бага гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй. Нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаандаа ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Г хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүрэг, ............. тоотод байрлах, 134 м.кв талбайтай Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байх ба нэхэмжлэгч О.Г дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн болно.  

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01513 дугаар шүүгчийн захирамжаар, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Г, Э.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 82 476 023,07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нар 82 476 023,07 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд, тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч О.Г, Э.Б нар нь 82 476 023,07 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ............. тоотод байрлах, 134 м.кв талбайтай Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг НШШГГ-ын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 180/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21290066/03 дугаар тогтоолоор тус тус хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч О.Г нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнийн саналыг ирүүлсэн боловч төлбөр авагчтай үнийн санал нийлээгүй шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/299 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор В ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Виннэр вэй ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ш-11/3 тоот дүгнэлтээр тус орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, өртөгийн хандлагын аргуудыг ашиглаж, орон сууцыг 335 965 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4-190/21314 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь В ХХК-ийн үнэлсэн үнэлгээ нь байршил сайтай, цэвэр агаартай, том талбайтай, ус дулаан хангамж сайтай, орчин үеийн чанар сайтай барилга байхад өөрийн үнэлсэн үнэлгээ болон зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй болно.

Иймд хариуцагч нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн, ... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Түүчнлэн, нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуульд заасан журмын дагуу мэдэгдэхэд хөдөө ажилтай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь: 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, ............. тоотод байрлах, 134 м.кв талбайтай Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ