Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00179

 

 

 

 

 

 

 

 

 

О.Гхын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02883 дугаар шийдвэртэй,

О.Гхын нэхэмжлэлтэй Нгазарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01513 тоот шийдвэрээр О.Гх, Э.Батцэрэн нараас 82,700,000 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Шийдвэр гүйцэтгэгч эхнэр бид хоёрын өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оролцуулахаар шийдвэрлэж, талуудаас үнийн санал авсан. Би өөрийн орон сууцаа 603,000,000 төгрөгөөр үнэлэхээр үнийн санал өгсөн боловч “Г” ХХК уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон. Гэтэл шинжээч орон сууцыг зах зээлийн үнээс 2 дахин бага үнээр буюу 335,900,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгчээс гардуулсан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-190/21314 тоот мэдэгдэлд орон сууцыг 335,790,000 төгрөгөөр үнэлсэн байсан.

Манай орон сууц 134 м.кв талбай бүхий, 4 өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй, баруун, зүүн тийш харсан цонхтой, тагттай, карказан барилга бөгөөд ХААИС-ийн баруун талд байрлалтай, агаар сайтай, дуу чимээ багатай, тусдаа хашаатай, харуул хамгаалалттай, хөл хөдөлгөөн багатай, байршил сайтай, орчин үеийн орон сууц юм.

Түүнээс гадна сүүлийн 1-2 жилийн хугацаанд орон сууцны зах зээлийн ханш огцом өсөж байгаа бөгөөд би уг орон сууцыг анх ашиглалтад ороход нь 200,000 ам.доллар буюу одоогийн ханшаар бараг 600,000,000 төгрөгөөр худалдан авсан. Манай орон сууц шиг талбайтай орон сууцны зэх зээлийн үнэ 500,000,000 төгрөгөөс буухгүй.

Иймд орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шинжээч томилж үл хөдлөх хөрөнгийг шударгаар үнэлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1513 дугаар захирамжаар О.Гх, Э.Батцэрэн нараас 82,476,023 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан, О.Гхын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХД 53 дугаар байр, 2 тоот хаягт байрлах 134 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 180/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21290066/03 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд 600,320,000 төгрөгөөр үнэлсэн ба талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Шинжээч тус орон сууцыг 335,965,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тухайн үнэлгээг мэдэгдэхэд маргааш өглөө ирж танилцана гэсэн боловч ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудан ирүүлэхээр баталгаат шуудан хүргүүлсэн.

Нэхэмжлэгч орон сууцны үнэлгээг хэт бага гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17029/ ХД-53 дугаар байрны 02 тоотод байрлах, 134 м.кв талбайтай Ү-2206017979 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлсэн “Виннэр вэй” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Гхын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Билгүүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэг талыг барьсан, миний гаргасан гомдлыг харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч О.Гх хариуцагч Нгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01513 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн нэхэмжилсэн 82,476,023 төгрөгийг О.Гх, Э.Батцэрэн нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нгазарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 26-27/

3.б Шүүгчийн 183/ШШ2020/01513 дугаар захирамжийг гүйцэтгэх баримт бичигт үндэслэн хариуцагч байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, О.Гх, Э.Батцэрэн нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17029/ ХД-53 дугаар байрны 02 тоотод байрлах, 134 м.кв талбай бүхий орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж /хх 30/, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хураан авчээ. /хх 35-36/

3.в Төлбөр төлөгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах орон сууцны санал болгох доод үнийг 600,320,000 төгрөгөөр тохиролцох саналыг /хх38, 39/ төлбөр авагч “Г” ХХК эс зөвшөөрсөн /хх 40/ байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Виннэр Вэй” ХХК-ийг уг орон сууцны зах зээлийн үнэ тогтоолгохоор шинжээчээр томилсон нь /хх 41/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

3.г Шинжээч “Виннэр Вэй” ХХК нь уг орон сууцыг өртөгийн хандлагын аргаар 149,341,000 төгрөг, орлогын хандлагын аргаар 265,058,000 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар 335,965,000 төгрөг гэж үнэлсэн байх ба дээрх аргыг харьцуулан орон сууцны зах зээлийн үнийг нийт 335,965,000 төгрөгөөр тогтоожээ. /хх42-62/

 

4. Нэхэмжлэгч орон сууцны зах зээлийн үнийг буруу тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Н.БАТЗОРИГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА