Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0674

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Б.Наранцэцэг, нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энхжаргал, хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.******* нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор А.*******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, Засаг даргын орлогчид тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.******* 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Н.*******ны 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичиг, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.*******гийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан Байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүсчээ. 

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.*******ны 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4-т заасныг баримтлан Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.*******гийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

1.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4-т заасныг баримталж, нэхэмжлэгч А.*******гийн төрийн жинхэнэ албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилуулахыг даалгах, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохдоо маргаантай харилцааг зохицуулаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж уг хуулиар зохицуулагдах нийгмийн харилцааг тодорхойлжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Булган сумыг хариуцсан байгаль хамгаалагч нэртэй төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай харилцаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулагдахгүй.

Харин Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид төрийн алба гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино”, 11 дүгээр зүйлийн 11 4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.*******гийн Булган сумыг хариуцсан байгаль хамгаалагч нэртэй төрийн жинхэнэ албан тушаалд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргаантай харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна. Ийм байхад анхан шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4-т заасныг баримталж“...Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь Булган сумын байгаль хамгаалагчийг томилох эрхгүй этгээд гэсэн” дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, 43.4-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Төрийн мэдээлэлд нийтлэгдсэн хуулийг л албан ёсны гэж үзэж нийтлэгдсэн тэр байдлаар нь ойлгож, хэрэгжүүлэх учиртай. Түүнд үг үсэг нэмж, утга найруулгыг нь өөрчлөх эрх хэнд ч үгүй. Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4-т “Байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга” гэсний ард “томилж, чөлөөлнө” гэсэн 2 үг нэмж ойлгосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдана.

Анхан шатны шүүхийн шүүгчид хууль зохиох, үг үсэг нэмж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эрх огтхон ч байхгүй. Энэ нь хууль тогтоогчийн эрх мэдэлд халдсан хэрэг. Төрийн мэдээлэл сэтгүүлийн 1995 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 5-6 дугаарт нийтлэгдсэн Байгаль орчны хамгаалах тухай хуулийн анхны шинэчилсэн найруулгын 26 дугаар 4-т “улсын байцаагчийг дараах байдлаар томилж, чөлөөлнө” гэж тодорхой заажээ

Үүнээс үзэхэд Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь хууль тогтоогчоос батлагдан гарахаасаа эхлэн улсын байцаагчийг томилж чөлөөлөх харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байжээ. Үүнээс хойш уг хуульд нийтдээ 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон байх бөгөөд “улсын байцаагчийг дараах байдлаар томилж, чөлөөлнө” гэсэн хуулийн текст огтхон ч өөрчлөгдөөгүй байна.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна” гэжээ. Үүнд:

17.1.1.хуулийн төслийн гарчиг;

17.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

17.1.3.зүйлийн доторхи хэсэг;

17.1.4 хэсгийн доторхи заалт;

7.1.5.заалтын доторхи дэд заалт;

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна” Үүнд:

28.1.1.хуулийн төслийн гарчиг;

28.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

28.1 З.зүйлийн доторх хэсэг;

28.1.4 хэсгийн доторх заалт;

28.1 б.заалтын доторх дэд заалт;

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх заалт 4 дэх хэсгийнхээ агуулгад багтаж, түүгээр тодорхойлогдох юм. Учир нь хэсгийн дотор заалт байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-т “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ болон байгаль хамгаалагч тус тус ажиллана” гэжээ.

Үүнээс үзэхэд хууль тогтоогч улсын байцаагч гэдэг ойлголтод байгаль хамгаалагчийг хамааруулаагүй байх бөгөөд улсын байцаагчийг томилох тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь байгаль хамгаалагчийг томилоход хамаарахгүй юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т сум дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд байгаль хамгаалагчийг сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй талаар дурьдаагүй.

Нэгтгэн дүгнэлт хийвэл сумын Засаг дарга нь байгаль хамгаалагчийг томилох ямар ч эрх олгогдоогүй. Ийм байхад анхан шатны шүүхийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй юм.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй үндэслэлээр Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.*******ны 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрчээ.

Ингэсэн атлаа мөн л Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.*******гийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12, 2 дугаар сарын 3-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хоорондоо зөрчилтэй, утга агуулгын хувьд ойлгомжгүй болжээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх тухай харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулагддаг тул нэхэмжлэгч А.*******г Булган сумын Байгаль хамгаалагчаар томилуулах талаарх Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлах учиртай болно.

Хуулийн энэхүү шаардлага нэхэмжлэгч А.*******гийн маргаж, илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.*******гийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12, 2 дугаар сарын 3-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдэд нэгэн адил тавигдах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх эдгээр албан бичгийн илт хууль бус байдалд нь анхаарал хандуулахгүйгээр нэхэмжлэгч А.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчөөгүй гэсэн буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.*******гийн албан бичгүүдийн улмаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчим зөрчигдөн нэхэмжлэгч А.*******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлагдсан.

Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад 1 дүгээр байрт тэнцсэн нэхэмжлэгч А.******* нь одоог хүртэл өрсөлдөн шалгарсан Булган сумын байгаль хамгаалагчаар одоог хүртэл томилогдоогүй байгаа нь нэхэмжлэгч А.*******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдсөн байгааг нотолно.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Булган сумын байгаль хамгаалагчийг тус сумын Засаг дарга томилно...” гэсэн дүгнэлт хийсэн. Хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.******* нь өөрийгөө Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийг томилох эрх бүхий субъект биш гэсэн тайлбар гаргасантай холбогдуулан няцаалт хийе.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл.баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч”, 11 4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх тухай харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах тухай зохицуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.******* нь 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 167 дугаар албан бичгээр Булган сумын байгаль хамгаалагчийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байдаг.

Энэ нь хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.******* нь Булган сумын байгаль хамгаалагчийг томилох эрх бүхий этгээд гэдгийн нотолгоо юм. Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс томилох эрх бүхий этгээдийн захиалгаар Булган сумын байгаль хамгаалагчийн орон тоонд сонгон шалгаруулалтад зарлан явуулахад нэхэмжлэгч А.******* 1 дүгээр байрт шалгарсан байна. Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаар албан бичгээр нэхэмжлэгч А.*******г Булган сумын байгаль хамгаалагчаар томилуулах тухай санал, дүгнэлтийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.*******д хүргүүлжээ.

Энэхүү албан бичгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр дардас дарж, 4 дүгээр бүртгэж авсан байх бөгөөд улмаар дарга З.******* нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Б.Цогзолмаад сумын Засаг даргад шилжүүлье” гэж цохолт хийжээ. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 3 ******* 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар албан бичгээр А.*******гийн материалыг Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Д.Баатарсүрэнд хүргүүлжээ.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.*******н 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгээр “...А.*******г байгаль хамгаалагчаар томилон ажиллуулах боломжгүй” гэсэн хариу өгчээ. Хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.******* нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхгүй байсан тул Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан.

Улмаар Ховд аймаг Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 38 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж, А.*******г байгаль хамгаалагчаар томилохыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 3 *******гээс шаардсан нь түүнийг томилох эрх бүхий этгээд гэдгийн бас нэг нотолгоо.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 4.18-т “Төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч” байхаар зааснаас үзэхэд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 3 ******* нь төсвийн шууд захирагч болно.

Нэгэнт хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.******* төсвийн шууд захирагч, доод шатны төрийн жинхэнэ албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг үнэлж дүгнэдэг, байгаль хамгаалагчийн цалин хөлсийг Булган сумын Засаг дарга бус Байгаль орчин, аялал жуулчлалын газар олгодог зэрэг үйл баримтуудаас үзэхэд ч Булган сумын байгаль хамгаалагчийг томилох эрх бүхий субъект яахын аргагүй мөн.

Энэ нь хэрэгт авагдсан Булган сумын байгаль хамгаалагчийн үр дүнгийн гэрээ, ажилд томилсон тушаал, цалин хөлсний цэс зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдоно. Булган сумын төсөвт байгаль хамгаалагчийн цалин хөлс тусгагдаагүй байгаа нь давхар нотолгоо.

Хэрэгт авагдсан баримт, нотолгоо ийм байхад анхан шатны шүүх Булган сумын байгаль хамгаалагчийг тус сумын Засаг дарга томилно гэсэн хууль бус дүгнэлтээр Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгааг харуулна.

Хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг хүлээн авсан өдрөө буюу 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч А.*******г Булган сум хариуцсан байгаль хамгаалагчаар томилсон бол өдийг хүртэлх хугацаанд цалин хөлс авахгүйгээр хохирохгүй байсан.

Иймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Булган сумын байгаль хамгаалагч албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 354 дүгээр Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар төрийн захиргааны туслах түшмэл ТЗ-2-1 ангилал, зэрэглэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг баталжээ.

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтад сумын Байгаль хамгаалагч ТЗ-2-1-ээр 435050 төгрөгийн үндсэн цалинтай. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн санхүүгийн анхан шатны хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчийг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй, хэдийгээр нэхэмжлэгчээс “...Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулах...” шаардлагыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулж гаргасан байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих, эсхүл уг зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулах зэрэг ажиллагааг явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байх тул энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах боломжгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4/-т “...байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга томилох”-оор заасан, шүүхээс шаардсаны дагуу А.*******гийн оронд байгаль хамгаалагчаар томилогдсон Э.*******ыг ажилд томилсон Булган сумын Засаг даргын захирамж хэрэгт авагдсан байгаагаас гадна А.*******г сонгон шалгаруулалтаар шалгарсан тухайн албан тушаалд томилох эрх бүхий этгээд биш гэдгээ Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.*******гээс шүүхэд гаргасан бичгийн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсанаар байхад уг шаардлагад холбогдох хариуцагчийг зөв тодорхойлоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

Шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 89 дүгээр захирамжаар Ховд аймгийн Булган сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татсан байх ч энэ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус харин маргаан бүхий захиргааны актын нэг болох тус сумын Засаг даргын орлогч Н.*******ны 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийг Засаг даргын албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр үйлдсэнтэй холбогдуулан, мөн Засаг даргын орлогч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас хальж Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн А.*******г томилохоос татгалзсан” гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд үндэслэгджээ.

Анхан шатны шүүхээс “А.*******г байгаль хамгаалагчаар ажиллуулах бололцоогүй” гэж үзсэн Булган сумын Засаг даргын орлогч Н.*******ны аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ байгаль хамгаалагчийг томилох эрхгүй гэж Засаг дарга болон түүний орлогчийг буруутгаагүй, харин Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, Засаг дарга Д.Баатарсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй, огцроогүй, ар гэрийн чөлөөтэй байсан тул түүний орлогч Н.*******н нь дээрх шийдвэрийг гаргах эрх хэмжээгүй байсан гэж дүгнэсэн байна. 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт А.*******гийн Ховд аймгийн Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад ийнхүү томилох эрх хуулиар олгогдоогүй, томилох эрхгүй этгээд гэж дүгнэснээс үзэхэд энэхүү шаардлагатай холбогдуулан Булган сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татаагүй болох нь батлагдана.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчийг зөв тодорхойлж, жинхэнэ хариуцагчаас нь холбогдох тайлбарыг гаргуулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн нь нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэлийн бусад шаардлагад хамаарах шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг давж заалдах гомдлын хүрээнд хянах боломжгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН