Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02906

 

2021 оны 12 сарын 10 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02906                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .......... тоот хаягт байрлах З ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ хаягт байрлах Д ХХК /000000/-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу манай өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............... дугаар давхарт байрлах 1 007,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-аас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Манай З ХХК нь Ө ХХК-тай 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 000000 дугаартай гэрээ байгуулан тус компанийн хийж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн ............ дугаар давхрын тус бүр нь 503,6 м.кв, нийт 1 007,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв тутмын үнэлгээг 1 200 ам доллароор тооцож нийт 1 208 640 ам доллароор худалдан авсан. Улмаар захиалагч Ө ХХК нь тус барилгын ажлаа улсын комисст хүлээлгэн өгөх, гүйцэтгэлийн явцад банкны барьцаанд оруулсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж, өмчлөх эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдох ажиллагаа удааширч эцэстээ З ХХК-ийн зүгээс шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдэж 000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож хууль ёсны өмчлөгч болсон. Дээрх байдлаар захиалагч, гүйцэтгэгч нарын дунд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх талаарх маргаан 2014 оноос 2020 оныг хүртэл хугацаанд явагдах үед тус барилгыг иргэн Ц овогтой Б нь манай З ХХК-аас худалдан авна гэж 2017 оны 8 дугаар сард тохиролцон үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар худалдан авсан зүйл байхгүй атлаа Д ХХК гэх гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлэн өгч тус компани нь 2017 оноос эхлэн манай компанийн өмчлөл бүхий үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласаар ирсэн. Одоогийн байдлаар хөрөнгийг ресторан, билльяард, тоглоомын газрын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд дээрх үйл ажиллагааг дагасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэх мэт хууль бус үйл ажиллагаанууд явагдаж байгаа талаар тодорхой мэдээллүүд манай компанид ирсээр байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д ХХК-д дээрх хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлдээ дүгнэлт хийж таслан зогсоох, компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээн авч тодорхой хариуг манай З ХХК-д ирүүлсэн зүйл байхгүй. Маргаан бүхий асуудлын талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй хаягаар биечлэн очиж хариуцагч Д ХХК-ийн захиралтай удаа дахаа уулзахад Ц.Б ахад дамжуулаад хэлье гэх мэтээр тайлбар тавьж үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлж өгөхийг хүссэн З ХХК-ийн шаардлагыг хүлээн авалгүй удаашруулсаар ирсэн. Манай компанийн зүгээс хариуцагч компанитай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, хөлслөх гэх мэт байдлаар гэрээ, хэлцэл байгуулан эрх зүйн харилцаа үүсгэсэн зүйл огтоос байхгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч З ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн зохицуулалтын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэгч З ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............... дугаар давхарт байрлах 1 007,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д ХХК-д холбогдуулан З ХХК-ийн өмчлөлийн Б Хан-Уул дүүргийн ............... дугаар давхарт байрлах 1 007,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Д ХХК нь Ц.Б-тэй 2019 оны 11 дүгээр сард компани нээдэг. Түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үндсэн дээр 2019 оноос хойш эзэмшиж байгаа. Засвар үйлчилгээ хийж, зоогийн газрын зориулалтаар ашиглаж байгаа болно. Нэхэмжлэгч З ХХК-аас дээр хорон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэ гэрээний дагуу Ц.Б-т шилжүүлэн өгч, Ц.Б 2017 оны 8 дугаар сараас хойш гэрээний үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан. Манай компани гэрээ хэлцлийг харж танилцсаны үндсэн дээр Ц.Б-ийг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэж гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үндсэн тээр түр хугацаанд эзэмшиг байна. Гэвч өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан байсан. Нэхэмжлэгчээс 106 дугаар зүйлийн 106.1 зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэж хүссэн байна. Хэдийгээр өмчлөх эрхийн гэрчилгээ З ХХК-ийн нэр дээр байгаа боловч Д ХХК хууль бусаар эзэмшигч биш юм. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ хэмээн заасан байна. Тодруулбал Д ХХК нь Ц.Б-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хууль ёсны эзэмшигч мөн. 1 007,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Б гэх хүн 2017 оноос хойш эзэмшиж, ашиглаж, засвар үйлчилгээ хийж байсан. З ХХК өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авчхаад хууль ёсоор эзэмших эрхгүй байна гэж шүүхэд өгч байгаа нь нийцэхгүй гэж үзэж байна. Хууль ёсны өмчлөгч эзэмшигч Ц.Б тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэх үндэслэлийн дагуу З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч З ХХК улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000000000 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн ............... дугаар давхар хаягт байрлах 1007.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр  шаардаж, уг газрын хууль ёсны өмчлөгч мөн тул шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Д ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Ц.Б-тэй орон сууц захиалгын гэрээг үндэслэн түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа шударга эзэмшигч гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/01387 дугаар захирамжаар З ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн ............ дугаар давхрын тус бүр 503.6 мкв, нийт 1007.2 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч шаардлагатай баримтуудыг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж өгөхөөр, нэхэмжлэгч дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал 27 929 900 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тус тус тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Улмаар З ХХК 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000000000 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн .............. дугаар давхар хаягт байрлах 1007.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ө ХХК, Ц.Б нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн түрээсийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаад уг гэрээг, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Б-тэй байгуулсан түрээсийн гэрээ, дансны хуулганы хамт хэрэгт ирүүлж, гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа шударга эзэмшигч гэж маргасан.

Улмаар иргэн Ц.Б нь нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/01387 дугаар захирамжид гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлээр гомдол гаргасан гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иймд хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан шударга эзэмшигчид хамаарахгүй юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан тул шүүх хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх бүртгэлийг үнэн зөв гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг баримтлан Д ХХК-ний хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000000000 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн .......... дугаар давхар хаягт байрлах 1007.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000000000 гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн ........... дугаар давхар хаягт байрлах 1007.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ