Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00298

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00298

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02906 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: З ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу манай өмчлөлийн  1 007,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-аас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. З ХХК нь Ө ХХК-тай 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тус компанийн гүйцэтгэсэн  503,6 м.кв, нийт 1 007,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв тутмын үнэлгээг 1 200 ам.доллароор тооцож нийт 1 208 640 ам.доллароор худалдан авсан. Улмаар захиалагч Ө ХХК нь тус барилгын ажлаа улсын комисст хүлээлгэн өгөх, гүйцэтгэлийн явцад банкинд барьцаалсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж, өмчлөх эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдох ажиллагаа удааширч З ХХК-ийн зүгээс шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн шийдвэрээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож хууль ёсны өмчлөгч болсон. Дээрх байдлаар захиалагч, гүйцэтгэгч нарын дунд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх талаарх маргаан 2014 оноос 2020 оныг хүртэл хугацаанд явагдах үед тус барилгыг иргэн Ц.Б нь З ХХК-аас худалдан авна гэж 2017 оны 08 дугаар сард тохиролцон үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар худалдан авсан зүйл байхгүй атлаа Д ХХК гэх гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлэн өгч тус компани нь 2017 оноос эхлэн манай компанийн өмчлөл бүхий үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласаар ирсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Д ХХК-д мөрийтэй тоглоом зохион байгуулж буй үйлдэлдээ дүгнэлт хийж таслан зогсоох, компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээн авч тодорхой хариуг ирүүлээгүй. Хариуцагч Д ХХК-ийн захиралтай удаа дараа уулзахад Ц.Б ахад дамжуулаад хэлье гэх мэтээр тайлбар тавьж үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлж өгөхийг хүссэн З ХХК-ийн шаардлагыг хүлээн авалгүй удаашруулсаар ирсэн. Манай компанийн зүгээс хариуцагч компанитай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах, түрээслэх, хөлслөх гэх мэт байдлаар гэрээ, хэлцэл байгуулан эрх зүйн харилцаа үүсгэсэн зүйл огтоос байхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэгч З ХХК-ийн өмчлөлийн   1 007,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д ХХК нь Ц.Б тэй 2019 оны 11 дүгээр сард компани нээж, түрээсийн гэрээ байгуулж 2019 оноос хойш эзэмшиж байна. Засвар үйлчилгээ хийж, зоогийн газрын зориулалтаар ашигладаг болно. Нэхэмжлэгч З ХХК-аас дээрх орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэ гэрээний дагуу Ц.Б т шилжүүлэн өгч, Ц.Б 2017 оны 08 дугаар сараас хойш гэрээний үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан. Манай компани гэрээ хэлцлийг харж танилцсаны үндсэн дээр Ц.Б ийг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэж гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үндсэн дээр түр хугацаанд эзэмшиж байна. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан байсан. Нэхэмжлэгчээс 106 дугаар зүйлийн 106.1 зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэж хүссэн байна. Өмчлөх эрхийн гэрчилгээ З ХХК-ийн нэр дээр боловч Д ХХК хууль бусаар эзэмшигч биш юм. Д ХХК нь Ц.Б тэй байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн хөрөнгийг эзэмшиж буй хууль ёсны эзэмшигч. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Б 2017 оноос хойш эзэмшиж, ашиглаж, засвар үйлчилгээ хийж байсан. З ХХК нь хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж аваад хууль ёсоор эзэмших эрхгүй гэж шүүхэд хандсан нь хуульд нийцэхгүй. Хууль ёсны өмчлөгч эзэмшигч Ц.Б тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны эзэмшигчээс шаардахгүй. Иймд З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 1007.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Д ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласан гэж үзэхгүй, тус компани шударга эзэмшигч тул хэрэгт авагдсан нэхэмжлэгч З ХХК-ийн иргэн Ц.Б тэй байгуулсан гэрээ хэлцэл, З ХХК болон Ц.Б , Ө ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, төлбөр барагдуулах гэрээ, төлбөрийн талаарх баримт, Ц.Б ийн Д ХХК-тай байгуулсан гэрээ зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

а/ Анхан шатны шүүх З ХХК-ийн  1007.2 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчиж шийдвэрлэсэн. Д компани нь иргэн Ц.Б тэй 2019 онд байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж засвар үйлчилгээ хийж, ресторан, зоогийн газрын зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглаж байна.

Шүүх шийдвэртээ үл хөдпөх эд хөрөнгийн өмчлөгч биш этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан тул шудрага эзэмшигчид хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан З ХХК болон Ц.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан №08ТЮ01 дугаар бүхий Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, З" ХХК, Ц.Б , Ө ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан №17/0810-01 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт гэх эрх шилжүүлэх гэрээнүүдээр манай компанитай түрээсийн гэрээ байгуулсан иргэн Ц.Б т З ХХК нь орон сууц захиалагчийн эрхээ шилжүүлж өгсөн байдаг бөгөөд эдгээр гэрээ өнөөдрийг хүртэл хугацаанд цуцлагдаагүй, дуусгавар болоогүй хүчин төгөлдөр гэрээ хэвээрээ байна. Энэхүү гэрээний дагуу иргэн Ц.Б нь 2 тэрбум орчим төгрөгийг З ХХК-д төлсөн, мөн Ө ХХК-нд төлбөрийг төлж дуусгасан байдаг бөгөөд биднийг иргэн Ц.Б тэй түрээсийн гэрээ байгуулах үед өмчлөх эрхийн гэрчилгээ дээрх үл хөдлөх хөрөнгө дээр гараагүй, барилгын ажил гүйцэтгэгч буюу Ө ХХК-ийн нэр дээр тухайн баригдаж байсан нийт барилгын өмчлөх эрх гарсан байсан. Манай Дайчин бэм" ХХК-ийн хувьд дээрх бүр баримтуудыг үзэж танилцсаны үндсэн дээр иргэн Ц.Б гэх хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд З ХХК-ийн хувьд бид өөрсдийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна. Бид хүний үл хөдлөх хөрөнгөд их хэмжээний түрээс төлж, засвар үйлчилгээ хийж хууль бусаар эзэмшинэ гэж байхгүй. Гэтэл шүүх дээрх гэрээний харилцаа буюу нэхэмжлэгч З ХХК-ийн иргэн Ц.Б тэй хийсэн гэрээ, хэлцлийн талаар эрх зүйн нэг ч дүгнэлт өгөхгүй, эрх зүйн мэдлэггүй бүдүүлэг байдлаар зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээнд дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2020 онд З ХХК нь дуусгавар болсон буюу эрхээ шилжүүлж өгөхөөс өмнөх Ө ХХК-тай байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 03-ны №03ТЮ01 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтийн гэрээгээ барьж очиж Ц.Б гэх хүнд мэдэгдэхгүйгээр Ө ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, өөрсдийн нэр дээр хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан талаар орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргах үед Ц.Б нь мэдсэн байдаг бөгөөд түүний З ХХК болон Ө ХХК нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан талаар нь шүүх хуралдааны хүсэлтийн шатанд хэлсэн боловч шүүх энэ талаар тодруулаагүй, холбогдох баримтыг гаргаж өгөх хугацаа олгоогүй. Бидний зүгээс тэр баримтыг шүүхэд хүсэлт гаргасан тал нь биш учир шүүхэд энэ талаар баримт өгч чадаагүй.

Иргэн Ц.Б нь энэ үл хөдлөх эд хөрөнгийг цементэн хана байхаас эхлээд 2017 оноос хойш өөрийн хөрөнгө мөнгөөр засварлаж, эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд манай байгууллагын хувьд холбогдох гэрээ, хэлцлийг харж танилцсаны үндсэн дээр Ц.Б гэж хүнтэй гэрээ байгуулж, эзэмшиж байгааг шүүх харгалзан үзнэ үү.

б/ Шүүх З ХХК-ийн иргэн Ц.Б тэй байгуулсан гэрээ хэлцэл, өмчлөх эрх гарсан үндэслэл, цаг хугацаанд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн өмчлөгч гэж үзэж нэхэмжлэгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцэл, тэр гэрээ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бүх гэрээг үгүйсгэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж байна. Энэ хэрэгт Ц.Б ийг гуравдагч этгээдээр оролцуулж бүх гэрээ хэлцлүүдийн талаар тодруулж асуухгүйгээр шууд шүүх хуралдааныг хийж манай компанийг хохироож байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу ч бай, хууль бус ч бай өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс л шаардаж болох хуулийн зохицуулалттай гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх маргаан бүхий асуудлыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь тус хөрөнгийн өмчлөгч байх эрхийг тодорхойлсон бичгийн баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн. Гомдлын хүрээнд З ХХК-ийн өмчлөгч биш болохыг харуулсан үйл баримт тогтоогдоогүй, өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэлтэй хүчин төгөлдөр хэвээр байгаа тул гомдолд дурдагдсан үйл баримт бүрэн үгүйсгэгдэнэ. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан  1007.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч компани нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  1007.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-10 дахь тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан ба анхан шатны шүүх уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Уг хуулийн заалтыг хэрэглэхэд шаардлагатай урьдчилсан нөхцөл болох нэхэмжлэгч нь өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус гэх байдлын талаар зохигчид мэтгэлцэх эрх хангагдаагүй байна. /4б/

 

3. Хариуцагч Д ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж буй талаар маргаагүй. Харин хариуцагч нь өөрийн эзэмшлийг хууль ёсны буюу гэрээний үндсэн дээр олж авсан болохоо нотлох зорилгоор Ц.Б , Д ХХК-ийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 20-06/01 тоот түрээсийн гэрээ, уг гэрээний нэмэлт гэрээнүүд, Ө ХХК, Ц.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан OST10D1 тоот орон сууц захиалагчтай хийж хөрөнгө оруулалтын гэрээ, уг гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, Ц.Б , М.С нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ. Дээрх баримтуудыг анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэргийн оролцогчид танилцуулж, шүүх хуралдааныг явуулсан байна.

 

4. Хариуцагч Д ХХК нь Ц.Б тэй 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 20-06/01 тоот түрээсийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах эрхтэй буюу Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл бий эсэхийг тодруулахын тулд хэргийн оролцогч нараас Ц.Б , Ө ХХК-тай гэрээний харилцаанд оролцсон компани болон иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлага, үндэслэл бий эсэхийг тодруулах шаардлагатай. /4а/

 

5. Мөн дээрх иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзвэл нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны хувьд уг маргаантай холбоотой асуудлыг иргэн Ц.Б , Ө ХХК мэдэж байсан эсэх, цаашилбал Ц.Б тэй байгуулсан түрээсийн гэрээний харилцаа хэзээ дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай. /4а/

 

Учир нь хариуцагч Д ХХК нь бусад этгээдүүдтэй, бусад этгээдүүд нь нэхэмжлэгч компанитай ямар нэгэн өр төлбөр үүргийн харилцаа бий эсэх, хариу шаардлага гаргах эрхтэй эд хөрөнгийн эзэмшигчийг хамгаалсан Иргэний хуулийн зохих зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар шүүх дүгнэлт хийх учиртай.

 

Дээрх маргаанд хамааралтай асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй тул тодруулах ажиллагаа, мэтгэлцээн явагдсан гэж үзэх боломжгүй байна./4а/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02906 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ