Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/41

 

Б.Б, Ц.Н нарт   холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран

Прокурор                                                         Д.Нямдэлэг

Өмгөөлөгч                                                       З.Нямсүрэн

Шүүгдэгч                                                    Ц.Н нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Ц.Н нарт холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1980 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, А овогт Ц.Н, урьд

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1975 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, Й овогт Б.Б.

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 12 дугаар сард ....................... сумын ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6 500 000 төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр буюу 13 500 000 төгрөгөөр худалдан авсан, мөн дээрх автомашинд төсөвлөгдсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1 800 000 төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Б.Бгаас авч гэртээ хадгалж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймгийн ................... сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа уг сургуульд автомашин худалдан авах ажиллагааг яллагдагч Ц.Нтэй хамтран зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6 500 000 төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр буюу 13 500 000 төгрөгөөр худалдан авсан, худалдан авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төсвийн мөнгөнөөс 17 000 000 төгрөгийг зориулалтын бус данс руу шилжүүлснээр 1 700 000 төгрөгийг татварт үргүй зарцуулсан, мөн өөрийн данс руу төсвийн мөнгөнөөс бусдаар дамжуулан 3 750 000 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1 800 000 төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Ц.Нд өгч бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч Ц.Нг зохион байгуулан Б.Бтай хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Бг гүйцэтгэн, Ц.Нтэй хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч А овогт Ц.Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч Й овогт Б.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Н, Б.Б нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Н, Б.Б нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Нгийн ................. тоот, шүүгдэгч Б.Бгийн ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “Istana” маркийн ........................ улсын дугаартай 6.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч,

 - Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Н, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Н 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ц.Н миний бие тус хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэснээс тус шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүхээс Ц.Н намайг буруутгахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай. Дээрх зүйлийн Эрүүгийн хуулийн тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Уг гэмт хэргийн шинж нь:

Объектын хувьд: Нийтийн албаны эрх ашиг зөрчигдсөн байх,

Объектив талын хувьд: Албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан идэвхитэй үйлдэл, эсхүл хийх ёстой үүргээ хийхгүй байх эс үйлдлийн улмаас өөрт нь болон бусдад давуу байдал бий болсон байх хор уршиг,

Субъектын хувьд: Нийтийн албан тушаалтан байх,

Субъектив талын хувьд: Шууд санаатай байх бөгөөд үндсэн шинжүүдийг агуулж байна. Миний хувьд хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй.

Мөн авлигын гэмт хэргийн үндсэн шинж болох албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан идэвхитэй үйлдэл байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж юм. Өөрөөр хэлбэл энэхүү үйлдийг хийхдээ өөртөө болон бусдад давуу байдал олгох зорилготой байх ёстой юм байна. Ц.Н миний хувьд:

1. Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой субъект биш юм. Зөвхөн сумын ИТХ-ын даргын хувьд хурлаас гарсан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах үүднээс сумын санхүүгийн албанд хандаж “боломжтой бол энэ гүйлгээг хийчих, гэрээ баримт нь ирэх юм байна лээ” гэж хэлсэн л үйлдэл байгаа. Хамгийн гол нь энэ үйлдэл хийх зорилго маань өөртөө болон бусдад ашигт байдал бий болгоё гэсэн ямар ч зорилгогүй, зөвхөн олон жил яригдсан машины асуудал шийдэгдчихвэл сум орон нутагт хэрэгтэй, нөгөө талаас сумын ИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах нь Хурлын байгууллагын өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг тул энэ чиг үүргийнхээ дагуу асуудалд хандсан.

2. Энэ хэргийн улмаас өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй, мөн давуу байдал олж авсан гэх “....................” ХХК, иргэн Б.М нарыг би танихгүй, мэдэхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барьж мэдээлэл солилцсон зүйл ч байхгүй. Энэ тухай Б.Бгийн тайлбарт ч харагдана.

3. Тухайн автомашиныг худалдан авах ажлыг зохион байгуулах эрх, чиглэлийг сургуульд өөрт нь буюу Б.Бд олгосон тухайгаа, яагаад ийнхүү эрх олгож байгаа талаар сумын эрх бүхий албан тушаалтнууд болох Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар хэрэгт удаа дараа мэдүүлсэн.

Энэ асуудалд Б.Б ч өөрөө маргаагүй байхад яагаад заавал намайг хамтран оролцогч бүр зохион байгуулагчаар зүйлчилж, ял оногдуулж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 “Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээдийг зохион байгуулагч гэнэ” гэж заасан байна.

Дээрх худалдан авах ажиллагаанд оролцоогүй, худалдсан этгээдүүд болон компанийг танихгүй, хөндлөнгийн миний хувьд яахаараа энэ бүхнийг анхнаасаа зохион байгуулсан хүн болчихов гэдгийг ойлгохгүй байна. Энэ талаар гарсан шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний хувьд хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа эхлэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл өөрийгөө гэм буруугүй, энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарласаар ирсэн. Харин 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болсон шүүх хуралдаанаас Ц.Н, Б.Б биднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, улсад учирсан гэм хорыг ямартай ч барагдуулъя гэж санаачилж, шүүх хуралдааныг завсарлуулан хохирол барагдуулсан юм.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан үзэж, Ц.Н надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Н гаргасан тайлбартаа: Миний хувьд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлдэг субъект биш. ...Нөгөө талаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах нь Хурлын байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг тул энэхүү чиг үүргийнхээ дагуу асуудалд хандсан. ...Намайг “...1 800 000 төгрөг хадгалсан...” гэж буруутгаад байгаа. Энэ мөнгийг машин авснаас хойш сарын дараа буюу Авилгатай тэмцэх газарт гомдол хүргэгдэж, Аудитын байгууллагаас шалгалт орсны дараа, цагаан сарын өмнөхөн намайг эзгүйд “...Н даргад өгөөрэй...” гээд гэрт авчирсан асуудал байгаа. Ажлаа тараад орой гэртээ ирэхэд эхнэр маань “...мөнгө авчирч өгсөн...” гэсэн мэдээллийг надад өгсөн. ...Мөнгө хүлээн авсныхаа маргааш нь Засаг даргад мэдэгдсэн гэдгээ нотлуулахын тулд Засаг даргаас энэ талаар асуух хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэтэл энэ талаар асуугаагүй. ...Миний хувьд хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаас эхлэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл гэм буруугүй, энэ хэрэгт хамааралгүй гэдгээ тайлбарлаж ирсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж үзээд, Ц.Н надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.    

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар саналдаа: Энэ хэрэг нь албан тушаалын хэрэг дотроос их онцлогтой, хуулиар зохицуулсан хэрэг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад хэн оролцох вэ, удирдлага нь хэн байх вэ, захиалагч нь хэн байх вэ, үнэлгээг нь хэн хийх вэ гэдгийг хуулиараа зохицуулж өгсөн. Хуулиндаа “...захиалагч заавал гэрээ байгуулна...” гэж заасан байгаа. Удирдлагын тухайд “...захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер байна...” гэж зааж өгсөн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийж байгаа бол захиалагч нь тухайн сумын Засаг даргын Тамгын газар байна. ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “үнэлгээний хороо гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ” гэж заасан. Бүх тендерийн хэргийг шийдвэрлэхдээ энэ хуульд зааснаар шийдвэрлэж байгаа. ...Сая Ц.Нгийн 1 800 000 төгрөгийн асуудлаар ярьсан зүйл нь үнэн. Энэ хүн “...Засаг даргад маргааш нь хэлсэн байна уу, үгүй юу гэдгийг асуулгая...” гэхэд мөрдөн байцаагч яг энэ асуудлыг нь асуугаагүй, тойруулаад асуусан байдаг. ...Субъектүүдийг зөв олж тогтоох хэрэгтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуульд заасан субъектүүдийг татаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: ...Ц.Нгийн хувьд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй “...гэмт хэрэг үйлдээгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдол гаргасан байна. Энэ гомдол нь үндэслэлгүй. ... Ц.Н “...би энэ хуулийг хэрэгжүүлэх эрхтэй субъект биш...” гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хэн ямар үүрэгтэй, энэ үйл ажиллагааг хэн зохион байгуулахыг тусгайлан заагаад өгчихсөн байгаа шүү дээ. “...Би Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулахын тулд ярьсан...” гэж байна. Гэтэл сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдэд нөлөөлөх эрхтэй хүн мөн юм уу. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ ажиллагаатай холбоотой бүх хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа шүү дээ. ...Б.Б сумын Санхүүгийн албаны дарга, Тамгын газрын дарга, мэргэжилтэнд үүрэг өгөх эрхтэй субъект мөн үү. Ц.Нгийн оролцоо байгаа учраас энэ ажиллагаа хийгдээд явсан. Хэрвээ асуудал үүсээгүй байсан бол 1 800 000 төгрөг хаачих байсан юм бэ. Асуудал үүсээд ирэнгүүт шударга хүн болж Засаг даргадаа “...энэ мөнгийг яахав...” гээд явж байгаа юм. Зохих журмын дагуу явагдах ёстой байсан тендерийн ажилд дундуур нь орж ийм байдалд хүргэсэн. Энэ ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй нь Ц.Н, Б.Б нарын гэм буруутай үйлдэл мөн гэж үзэж байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Н, Б.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Нгийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Нг 2018 оны 12 дугаар сард .................. сумын ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6 500 000 төгрөгийг үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр буюу 13 500 000 төгрөгөөр худалдан авсан, мөн дээрх автомашинд төсөвлөгдсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1 800 000 төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Б.Бгаас авч гэртээ хадгалж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх,

Шүүгдэгч Б.Бг Дорнод аймгийн ...................... сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа уг сургуульд автомашин худалдан авах ажиллагааг яллагдагч Ц.Нтэй хамтран зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6 500 000 төгрөгийг үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр буюу 13 500 000 төгрөгөөр худалдан авсан, худалдан авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төсвийн мөнгөнөөс 17 000 000 төгрөгийг зориулалтын бус данс руу шилжүүлснээр 1 700 000 төгрөгийг татварт үргүй зарцуулсан, мөн өөрийн данс руу төсвийн мөнгөнөөс бусдаар дамжуулан 3 750 000 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1 800 000 төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч Ц.Нд өгч бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Н, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Ц.Нг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон; шүүгдэгч Б.Бг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч Ц.Н, Б.Б нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул шүүгдэгч Ц.Нгийн гаргасан “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Н, Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Н, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                  Ж.ДОЛГОРМАА