Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00299/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... аймгийн ....... сумын ....  баг, .....  хороолол, .... тоотод оршин суух ....  овогт Л.Э- /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... хот, ....... дүүрэг, .... хороо, ...., ....... тоотод оршин суух ..... овогт Б.Х-/РД:ПЮ77100261/-д холбогдох,

 

........ аймгийн ...... сумын .... баг, ..... хороололд баригдаж буй “МТ-”-ийн барилгын газарт байрлах ..... тоот, 18 мкв талбай бүхий автомашины гражийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, хариуцагч Б.Х-, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа нар îðîëöîâ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Л.Э- нь талийгаач Г.Б-тай 2012 оны 4 сарын 16-ны өдөр .....аймгийн ..... сумын ... дүгээр баг, .... дугаар хороололд баригдаж буй “МТ-”-ийн барилгын газарт байрлах .... тоот, 18 мкв талбай бүхий автомашины гражийг худалдаж авахаар тохиролцож бичгээр хэлцэл хийсэн байдаг. Тухайн үед гражийн үнэ 4.000.000 төгрөгийг Б-т бэлнээр хүлээлгэн өгч, барилга болон гражийг улсын комисс хүлээн аваагүй байсан учраас улсын комисс хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан даруйд Л.Э-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр гэрээ байгуулж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ гэрээг шүүхэд эх хувиар өгсөн.

Худалдах, худалдан авах хэлцэл хийх үед гражийн барилга нь баригдсан боловч бүрэн баригдаагүй Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байсан тул энэ хоёр хүн болзол тавьж гэрээ хийсэн. Талийгаач Б- 2011 онд өөрийн өмчлөлд бүртгүүлсэн.  Энэ гражийг улсын комисс хүлээн аваад Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэсний дараа өмчлөх эрхийг Э-д шилжүүлэх болзол биелэгдсэн эсэхийг Э-д мэдэгдээгүй. Э- гадаад улс руу явсан байсан. Хааяа нэг утсаар холбоо барьдаг байсан. Үүрэг хүлээсэн этгээд болох Б- нь үүрэг биелсэн эсэх талаар Э-д мэдэгдээгүй. Б- нь Э-д мэдэгдэлгүй тус гражийг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээд Х- банкны барьцаанд тавиад зээл авсан баримт гарч ирсэн.

Эдгээр хүмүүсийн хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Болзол биелэгдсэн эсэхийг мэдэгдээгүй. Ингээд Б- 2019 оны 10 сарын 19-ний өдөр нас барсан талаар сүүлд надад итгэмжлэл өгөхдөө мэдэж би шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний бие итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ болзол тавьж хийсэн хэлцэл биелэгдээгүй, хэлцэл хийгч нас барсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу түүний хууль ёсны өв залгамжлагч Б.Х-г хариуцагчаар татсан. Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нас барсан тул Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар түүний эхнэр Х-г хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 535.1, 536.1-д зааснаар өвлөгчийн үүргийг өвлөж авсан этгээд хариуцна гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзээд болзол биелэгдсэн эсэх талаараа худалдагч нь худалдан авагчид мэдэгдээгүй. Улсын бүртгэлээс материал татаж авсны дагуу гражийг бүртгэгдсэнийг мэдсэн үеэс шаардах эрх үүссэн.

Иймд .....аймгийн ..... сумын 11-р багийн ....... хороололд байрлах 3м*6м хэмжээтэй ....... автомашины гражийн өмчлөгчөөр Л.Э-ийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Эвлэрэх талаар хариуцагчтай утсаар яриад одоогийн ханшаар мөнгийг төлөх талаар ярилцсан боловч хариуцагч татгалзсан. Тийм учраас шинжээч томилуулж гражийн үнийг тогтоолгоход 6,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч гражийн үнийг гаргуулах сонирхолтой байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд гражийн үнэ болох 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Б.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний нөхөр талийгаач Г.Б- 2019 оны 10 сарын 19-ний өдөр нас барсан. Талийгаач амьд сэрүүндээ Э-тэй гэрээ байгуулсан болохыг сүүлд  мэдсэн. Албан ёсны гэр бүл ч гэсэн бид эдийн засгийн хувьд тусдаа санхүүгээ зохицуулдаг байсан. Би гражийг өвлөж аваагүй. Би энэ хүнтэй гэрээ хэлцэл хийж мөнгө төгрөг аваагүй. Миний дансанд орсон мөнгө төгрөг байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байгаа. Хэлцэл хийгдсэн гээд байгаа боловч гарын үсгийг л нотариат баталсан байсан. Ямар хэлцэл хийсэн болохыг мэдэхгүй. Энэ барилга нь бүхэлдээ Х- банкны барьцаанд байгаа. Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар болсон. Л.Э-тэй мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдсэн, нотариатаар гарын үсгийн баталгаа гаргуулсан хүн би биш, Л.Э-ийн өмнө болзол тавьж үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд орсон этгээд биш, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан энэ заалтаас үзвэл мөнгө хүлээлцсэн тухай баримтыг талуудын бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг гэж үзвэл хууль зүйн тодорхой үр дагаврыг өөрсдөө л хариуцна, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, үүргээ гүйцэтгэхийг талууд бие биенээсээ шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно. Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөх эрхийн гэрчилгээний дагуу эд хөрөнгө миний өмчлөлд шилжин ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Б.Х-д холбогдуулан “.....аймгийн ..... сумын .......баг, ....... хороололд баригдаж буй “МТ-”-ийн барилгын газарт ......., 18 мкв талбай бүхий автомашины гражийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “КЗ-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 6,000,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн байна.      

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “дээрх гражийг худалдан авахаар тохиролцож тухайн үеийн үнэ ханш болох 4.000.000 төгрөгийг Г.Б-т бэлнээр хүлээлгэн өгч барилга болон гражийг улсын комисс хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан даруй өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож бичгийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн. Л.Э-, Г.Б- нарын хооронд хийсэн хэлцэл 2012 оны 04 дүгээр сард хийгдсэн байгаа боловч хэлцлийн агуулгаас харахад худалдан авсан авто граж нь хэлцэл хийх үед улсын комисс хүлээн аваагүй, улсын бүртгэлд бүртгээгүй байсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан даруй шууд шилжүүлэхээр тохиолцсон тул Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзнэ” гэж, хариуцагч Б.Х- “Л.Э-тэй мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдсэн, нотариатаар гарын үсгийн баталгаа гаргуулсан хүн би биш, Л.Э-ийн өмнө болзол тавьж үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд орсон этгээд биш, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан энэ заалтаас үзвэл мөнгө хүлээлцсэн тухай баримтыг талуудын бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг гэж үзвэл хууль зүйн тодорхой үр дагаврыг өөрсдөө л хариуцна, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, үүргээ гүйцэтгэхийг талууд бие биенээсээ шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно. Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөх эрхийн гэрчилгээний дагуу эд хөрөнгө миний өмчлөлд шилжин ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарладаг болно.

 

            Хэрэгт 2012 оны 04 сарын 16-ны өдрийн Л.Э-, Г.Б- нарын байгуулсан мөнгө өгсөн баримт авагдсан байгаа бөгөөд тус баримтаар Г.Б-ийн барьж буй    .....аймгийн ..... сумын .......байрны ....... хороолол, “МТ-”-ийн барилгын газарт ......., 18 м.кв хэмжээтэй авто машины гражийг 4.000.000 төгрөгөөр бодож худалдан авахаар тохирч, Г.Б-т төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан гэсэн агуулга бүхий тохиролцоог талууд бичгээр хийсэн байна.

            Энэхүү гэрээний агуулгаас үзэхэд Л.Э- нь Г.Б-аас автомашины граж худалдан авахаар тохирч, үнийг бүрэн төлж, тус гражийг улсын комисс хүлээж аваад, улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шилжүүлж өгөхөөр тохиролцсон болох нь дээрх гэрээ, төлбөр төлсөн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй боловч Г.Б- нь автомашины гражийг Л.Э-ийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000....... дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл энэхүү гэрчилгээгээр .....аймгийн ..... сумын 9 дүгээр баг, .......хороолол, ......., автомашины гражийн хууль ёсны өмчлөгч нь Г.Б- байна.

 

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.

 

            Гэтэл Л.Э-, Г.Б- нарын хооронд байгуулагдсан гэх хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дээрх хуульд зааснаар Л.Э-д өмчлөх эрх үүсээгүй байна.

            Нэхэмжлэгч Л.Э- нь автомашины гражийн үнийг бүрэн төлсөн тул хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үнэ төлснөөр өмчлөх эрх үүсэхгүй, харин дээрх хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг тул түүний энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

            Нөгөө талаас тус автомашины гражийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болохыг Л.Э- нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэдэг нь хэрэгт авагдсан Ү-........ дугаарт бүртгэж 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0............. тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

            Мөн хэрэгт авагдсан Х- банкны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбараас үзэхэд маргаан бүхий автомашины граж барьцааны зүйл болсон гэдэг нь тогтоогдож байна.

            Хариуцагч Х- банкны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө хураагдсан, энэ үндэслэлээр өв хүлээн авах боломжгүй гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул дүгнэлт хийгээгүй болно.

 

            Г.Б- нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 465/000....... дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагч нь эхнэр Б.Х- болох нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 465/000....... дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

            Хэдий хариуцагч Б.Х- хууль ёсны өв залгамжлагч мөн боловч маргаан бүхий автомашины гражийн өмчлөх эрх Г.Б-т байна.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэжээ. Автомашины гражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гарсан байснаас үзэхэд шаардах эрх Л.Э-, Г.Б- нар 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөнгө өгсөн баримт үйлдэх үед шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Л.Э- гадаад улсад амьдардаг гэрчилгээ хэзээ гарсныг мэдэхгүй, Г.Б- нас барах үед мэдээд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ гадаад улс руу гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээргүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Л.Э-ийн автомашины гражийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т тус тус заасныг баримтлан Л.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох “Автомашины гражийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,950 төгрөгөөс 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЖАВХЛАНТӨГС