Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00071

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00299/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 792 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар хороололд баригдаж буй *******-ийн барилгын газарт байрлах 2 тоот, 18 мкв талбай бүхий автомашины гражийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч ******* онлайнаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ын *******тай 2012 оны 4 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар хороололд баригдаж буй *******-ийн барилгын газарт байрлах 2 тоот, 18 мкв талбай бүхий автомашины гражийг худалдаж авахаар тохиролцож бичгээр хэлцэл хийсэн байдаг. Тухайн үед гражийн үнэ 4.000.000 төгрөгийг *******т бэлнээр хүлээлгэн өгч, барилга болон гражийг улсын комисс хүлээн аваагүй байсан учраас улсын комисс хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан даруйд *******ийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр гэрээ байгуулж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ гэрээг шүүхэд эх хувиар өгсөн.

Худалдах, худалдан авах хэлцэл хийх үед гражийн барилга нь баригдсан боловч бүрэн баригдаагүй Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байсан тул энэ хоёр хүн болзол тавьж гэрээ хийсэн. Талийгаач Г.******* 2011 онд өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. Энэ гражийг улсын комисс хүлээн аваад Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэсний дараа өмчлөх эрхийг *******д шилжүүлэх болзол биелэгдсэн эсэхийг *******д мэдэгдээгүй. ******* гадаад улс руу явсан байсан. Хааяа нэг утсаар холбоо барьдаг байсан. Үүрэг хүлээсэн этгээд болох ******* нь үүрэг биелсэн эсэх талаар *******д мэдэгдээгүй. Г.******* нь *******д мэдэгдэлгүй тус гражийг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээд Хаан банкны барьцаанд тавиад зээл авсан баримт гарч ирсэн.

Эдгээр хүмүүсийн хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Болзол биелэгдсэн эсэхийг мэдэгдээгүй. Ингээд Г.******* 2019 оны 10 сарын 19-ний өдөр нас барсан талаар сүүлд надад итгэмжлэл өгөхдөө мэдэж би шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний бие итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ болзол тавьж хийсэн хэлцэл биелэгдээгүй, хэлцэл хийгч нас барсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу түүний хууль ёсны өв залгамжлагч *******г хариуцагчаар татсан. Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нас барсан тул Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар түүний эхнэр Хишгээг хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 535.1, 536.1-д зааснаар өвлөгчийн үүргийг өвлөж авсан этгээд хариуцна гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзээд болзол биелэгдсэн эсэх талаараа худалдагч нь худалдан авагчид мэдэгдээгүй. Улсын бүртгэлээс материал татаж авсны дагуу гражийг бүртгэгдсэнийг мэдсэн үеэс шаардах эрх үүссэн.

Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багийн 12 дугаар хороололд байрлах 3м*6м хэмжээтэй 2 тоот автомашины гражийн өмчлөгчөөр *******ийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Эвлэрэх талаар хариуцагчтай утсаар яриад одоогийн ханшаар мөнгийг төлөх талаар ярилцсан боловч хариуцагч татгалзсан. Тийм учраас шинжээч томилуулж гражийн үнийг тогтоолгоход 6.000.000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч гражийн үнийг гаргуулах сонирхолтой байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд гражийн үнэ болох 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний нөхөр талийгаач Г.******* 2019 оны 10 сарын 19-ний өдөр нас барсан. Талийгаач амьд сэрүүндээ *******тэй гэрээ байгуулсан болохыг сүүлд мэдсэн. Албан ёсны гэр бүл ч гэсэн бид эдийн засгийн хувьд тусдаа санхүүгээ зохицуулдаг байсан. Би гражийг өвлөж аваагүй. Би энэ хүнтэй гэрээ хэлцэл хийж мөнгө төгрөг аваагүй. Миний дансанд орсон мөнгө төгрөг байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байгаа. Хэлцэл хийгдсэн гээд байгаа боловч гарын үсгийг л нотариат баталсан байсан. Ямар хэлцэл хийсэн болохыг мэдэхгүй. Энэ барилга нь бүхэлдээ Хаан банкны барьцаанд байгаа. Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар болсон. *******тэй мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдсэн, нотариатаар гарын үсгийн баталгаа гаргуулсан хүн би биш, *******ийн өмнө болзол тавьж үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд орсон этгээд биш, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан энэ заалтаас үзвэл мөнгө хүлээлцсэн тухай баримтыг талуудын бие биеийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж үзвэл хууль зүйн тодорхой үр дагаврыг өөрсдөө л хариуцна, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, үүргээ гүйцэтгэхийг талууд бие биеэсээ шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно. Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөх эрхийн гэрчилгээний дагуу эд хөрөнгө миний өмчлөлд шилжин ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 792 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т тус тус заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох Автомашины гражийн үнэ 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.950 төгрөгөөс 110.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 792 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсгийн 1 дэхь заалтаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дүгаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т заасныг тус тус баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг "Автомашины гражийн өмчлөгчөөр тогтоолгох тухай" гэж гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаас "Авто машины гражийн одоогийн зах зээлийн үнэ болох 6.000.000 төгрөг гаргуулах " гэж өөрчилсөн юм.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэр нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй дүгнэлт болсон. Нэхэмжлэгч нь анх шатны шүүхэд гаргасан "Автомашины гражийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж "Капитал зууч" ХХК-аас автомашины гражийн одоогийн зах зээлийн үнэлгээг тогтоосон 6 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчилсөн байхад анхан шатны шүүх өмчлөх эрхийн талаар маргасан мэтээр нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй хуулийн заалтыг буруу тайлбарлан Иргэний хуулийн 101.1, 110.1 дэх заалтыг баримталж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмчлөлийн асуудлаар маргаагүй харин Г.*******т автомашины үнэнд төлсөн мөнгийг одоогийн зах зээлийн үнэ ханшаар тооцож нэхэмжилсэн байхад энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй орхиж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэсэн үндэслэл заажээ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар шүүхийн хийсэн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай нийцээгүй огт үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтдээ: "Нөгөө талаас тус авто машины гражмйн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болохыг ******* нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэдэг нь хэрэгт авагдсан У-2003014977 дугаарт бүртгэж 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 000132633 тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан Хаан бакны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбараас үзэхэд маргаан бүхий автомашины граж барьцааны зүйл болсон гэдэг нь тогтоогдож байна" гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан *******, Г.******* нарын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлийн агуулгатай зөрчилдөж байна.

Хэлцлийн агуулга, автомашины гражийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн огнооноос харахад Г.******* нь хэлцэл хийхээс өмнө буюу 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр маргааны зүйп болж буй автомашины гражийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авснаа мэдсээр байж түүнээс хойш 4 сарын дараа уг гражийг ******* худалдахдаа өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй, улсын комисс уг гражийг хүлээж аваагүй гэж *******д ойлгуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан Үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн байхад шүүх үүнд дүгнэлт хийлгүй хэлцлийн агуулгыг буруу тайлбарлан дүгнэлт хийжээ.

Хэрэв ******* хэлцэл хийх үед уг хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэнийг мэдэж байсан бол Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан журмаар тухайн хөрөнгийг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэх байсан. Гэтэл худалдагч тал худалдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн талаар худалдан авагчид буруу ташаа мэдээлэл өгч худалдан авагчийг хууран мэхэлж хэлцэл хийсэн байхад шүүх худалдан авагч *******ийг хэлцэл хийх үед уг хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэнийг мэдэж байсан гэсэн огт үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хөөм хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг тогтоохын тулд Г.******* нь *******д маргааны зүйл болж буй хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар хэзээ мэдэгдсэн талаар хариуцагч тал өөрөө нотлох үүрэгтэй байжээ.

******* уг граж улсын бүртгэлд бүртгэгдсэнийг мэдсэн өдрөөс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан шаардах эрх үүсэх байсан. Гэтэл хариуцагч талаас энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх хэлцэл хийх үед ******* гражийг улсын бүртгэлд бүртгэгдсэнийг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэсэн хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эдгээр үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дараах үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 18 м.кв бүхий автомашины гражийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 6.000.000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа болон түүний үндэслэлийг өөрчлөх эрхтэй.

Энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө түүний үндэслэлийг нэхэмжлэлдээ дурдах энэ талаар тайлбар гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн шаардлагыг хангахаас гадна тус хуулийн 25, 6, 38, 107.2 зэрэгт заасанчлан энэ талаараа нэхэмжлэгч тайлбар гарган мэтгэлцэх, хариуцагч энэ талаар хариу тайлбар гаргах, татгалзлаа нотлох үүрэгтэй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байснаар шүүхээс тухайн маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөх, хуулийг оновчтой зөв хэрэглэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл бүрдэх юм.

Иймд нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагын үндэслэл тодорхойгүй байгаа нь хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөлд хүргэж байна.

Анхан шатны шүүх талуудын дунд маргаан үүсээгүй үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар хариу тайлбар гарган маргаж мэтгэлцээгүй.

Хариуцагч татгалзалдаа энэ талаар дурдаагүй байхад шүүх санаачлагаараа хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь талуудын маргааны зүйлээс ангид бөгөөд мэтгэлцээгүй зүйлээр гаргаж буй гэнэтийн шийдвэр болох юм.

Маргаан гарсан тохиолдолд маргааны зүйлээ талууд нотлох, тогтоогдсон нөхцөл байдалд шүүх эрх зүйн дүгнэлт хийж Иргэний хуулийн 74-82 дүгээр зүйлүүдийг маргаантай харилцаанд хэрэглэж болох хуулийн зохицуулалттай.

Хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа,түүнийг тоолох журмыг өөрчилж болно, 82 дугаар зүйлийн 82.4-д Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж , зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэх зохицуулалт нь хөөн хэлэлцэх хугацаа нь үүргийн гүйцэтгэл түүнийг шаардах эрхтэй холбоотой талуудын шаардах эрхэд хамааралтай эрх зүйн ойлголт байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг шүүхэд тодорхойлж түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тохиолдолд шүүхэд нас барсан этгээдийн өв залгамжлагч, үүрэг гүйцэтгэгчээр эрх залгамжлан орж ирж буй этгээдийн эрх зүйн байдал , мөн маргааны зүйл болох эд хөрөнгө өвлөгчид шилжсэн эсэх нь тодорхойгүй хариуцагч энэ талаар баримтууд шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодорхой болгож талуудыг маргааны зүйлийн талаар хангалттай мэтгэлцүүлээгүй байна гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дээрх байдлуудыг тодорхой болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зөв гэж үзлээ.

Хэргийг агуулгын дагуу шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 792 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                                                        О.НАРАНГЭРЭЛ