Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2239

 

 

 “ДИ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02320 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч  “ДИ” ХХК -ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч “МЁ” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч “МЁ” ХХК-ийн  төлөөлөгч Д.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч  “ДИ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 100 кг элсэн чихрийг 1 кг-ийг 1.780 төгрөгөөр тооцон “МЁ” ХХК-д худалдсан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 900 кг элсэн чихрийг 1 кг-ийг нь 1.780 төгрөгөөр тооцон тус компанид худалдсан юм. “МЁ” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 180.000 төгрөг, нийт 360.000 төгрөг төлсөн боловч үлдэх 1.420.000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч “МЁ” ХХК-иас 1.420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МЁ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Тесо” ХХК-иас ярьж байна та 1 шуудай сахарыг 89.000 төгрөгөөр бодож авах уу гэхээр нь бэлэн мөнгө байхгүй гэхэд хамаагүй ээ та зээлээр авчих гээд манай хаягийг асуугаад хүргэж өгсөн. Би манай компани жижиг шүү 5 тонныг буулгаж болохгүй шүү гээд 1 тонн элсэн чихэрийг 1.780.000 төгрөгөөр авсан. Би 7 хоногийн дараа залгаад дансаа өгөөч, бага багаар мөнгө хиймээр байна гэхэд 7 хоногийн дараа дансаа явуулсны дагуу 2 удаагийн төлөлтөөр нийт 360.000 төгрөг төлсөн. Би 3 дахь удаагийн ярилтаар сахарын үнэ маш хурдан унаж байна, 2017 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн сахарын үнэ буурна гэдгийг мэдээгүй, та нар үүнийг мэдсээр байж өөрсдөө өгчихөөд бүтэн 1 жил чимээгүй явчсан, одоо сахар 1 шуудай нь 55.000 төгрөг болсон тул өгсөн 360.000 төгрөгөө буцаан авч 20 шуудай сахар захаас аваад өгье гэхэд зөвшөөрөөгүй. Том компаниуд үнийн бууралтаас сэргийлэх зорилгоор бараагаа жижиг компаниудад шахдаг, үүнээс болж олон компани дампуурахад хүрдэг юм. Нэхэмжлэгч нь үнэ буурахыг мэдсээр байж манай компанийг залилан мэхлэж, хүчээр 1000 кг элсэн чихэр худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “МЁ” ХХК-иас 1.420.000 төгрөгийг гаргуулж  “ДИ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МЁ” ХХК-иас 37.670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “ДИ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “МЁ” ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ДИ компанийн боруулагч нь утсаар яриад сахарын үнэ буурахыг нь мэдсэн атлаа зээлдэгч хүчээр тулган сахараа өгснийг мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн өгсөн үнийн саналд 1 сарын дараанаас үнэ огцом буурсаар байсныг шүүх анхаарч үзээгүй. Анх өгөхдөө 1 шуудай сахарыг 89.000 төгрөгөөр өгсөн боловч сахар үнэ буурсаар байгаад 55.000 төгрөг болсон. Нэхэмжлэгчид борлуулагчаас нь зарж байгаа хямд үнээр нь 20 шуудай сахар аваад өгье гэхэд зөвшөөрөхгүй байсан. Том компаниуд үнэ буурах сургаар бараагаа жижиг компаниудад хүчээр шахаад эцэст нь шүүхээр мөнгөө авдаг учираас жижиг компанид гарсан хохирлыг эс тооцон дээрэлхүү зан гаргаж байгааг өөгшүүлсэн шйдвэр гаргасан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч  “ДИ” ХХК нь хариуцагч “МЁ” ХХК-д холбогдуулан худалдан борлуулсан 1000 кг элсэн чихэрийн үлдэгдэл төлбөрт 1.420.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 12-DMG-XУ-76 дугаартай Бараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр  “ДИ” ХХК нь худалдан авагчийн захиалгын дагуу, тухайн үеийн харилцан тохиролцсон үнээр элсэн чихэр нийлүүлэх, худалдан авагч нь сар бүрийн 25-ны дотор төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-9/

Дээрх гэрээний дагуу   “ДИ” ХХК нь худалдан авагчид 1 кг-ийг нь 1.780 төгрөгөөр тооцон 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 100 кг элсэн чихэр, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 900 кг элсэн чихрийг “МЁ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн нь тогтоогдсон. /хх-ийн 10/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлыг зөв дүгнэж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь өөрийн өмчлөлд хүлээн авсан элсэн чихрийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 360 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Зарлагын падаанаар талууд барааг хүлээлцэх үед үнийг тохиролцож, харилцан гарын үсэг зурсан байхаас гадна 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар         180 000 төгрөг төлсний дараа тооцооны үлдэгдлийг хариуцагч 1 600 000 төгрөгөөр баталгаажуулсан байна. /хх-ийн 11-12/

Хариуцагч “МЁ” ХХК-ийн төлөөлөгч Д.Нямсүрэн нь гэрээний дагуу 1000 кг элсэн чихрийг хүлээж авсан эсэх талаар маргаагүй, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсан үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах, эсхүл гэрээнээс татгалзсан шаардлага нөгөө талдаа хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нь үнэ буурахыг мэдсээр байж манай компанийг залилан мэхлэж, хүчээр 1000 кг элсэн чихэр худалдсан гэж маргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснааар баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч  “ДИ” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч “МЁ” ХХК-иас шаардах эрхтэй. Түүнчлэн, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эрх чөлөөний зарчмаар гэрээг шударга бус гэж үзэх, гэрээтэй тулгасан гэх хариуцагч төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Ийм учраас гэрээний үлдэгдэл төлбөр болох 1.420.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 37 670 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                              Н.БАТЗОРИГ