Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2018/02320

 

2018 оны 09 сарын 19 өдөр Дугаар 184/ШШ2018/02320 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д-и ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-ё ХХК холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.420.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д-и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч М-ё ХХК-ийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д-и ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 100 кг элсэн чихрийг 1 кг-ийг 1.780 төгрөгөөр тооцон М-ё ХХК-д худалдсан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 900 кг элсэн чихрийг 1 кг-ийг нь 1.780 төгрөгөөр тооцон тус компанид худалдсан юм. М-ё ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 180.000 төгрөг, нийт 360.000 төгрөг төлсөн боловч үлдэх 360.000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч М-ё ХХК-иас 1.420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М-ё ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Т ХХК-иас ярьж байна та 1 шуудай сахарыг 89.000 төгрөгөөр бодож авах уу гэхээр нь бэлэн мөнгө байхгүй гэхэд хамаагүй ээ та зээлээр авчих гээд манай хаягийг асуугаад хүргэж өгсөн. Би манай компани жижиг шүү 5 тонныг буулгаж болохгүй шүү гээд 1 тонн элсэн чихрийг 1.780.000 төгрөгөөр авсан. Би 7 хоногийн дараа залгаад дансаа өгөөч, бага багаар мөнгө хиймээр байна гэхэд 7 хоногийн дараа дансаа явуулсны дагуу 2 удаагийн төлөлтөөр нийт 360.000 төгрөг төлсөн. Би 3 дахь удаагийн ярилтаар сахарын үнэ маш хурдан унаж байна, 2017 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн сахарын үнэ буурна гэдгийг мэдээгүй, та нар үүнийг мэдсээр байж өөрсдөө өгчихөөд бүтэн 1 жил чимээгүй явчсан, одоо сахар 1 шуудай нь 55.000 төгрөг болсон тул өгсөн 360.000 төгрөгөө буцаан авч 20 шуудай сахар захаас аваад өгье гэхэд зөвшөөрөөгүй. Том компаниуд үнийн үнийн бууралтаас сэргийлэх зорилгоор бараагаа жижиг компаниудад шахдаг, үүнээс болж олон компани дампуурахад хүрдэг юм. Нэхэмжлэгч нь үнэ буурахыг мэдсээр байж манай компанийг залилан мэхлэж, хүчээр 1000 кг элсэн чихэр худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д-и ХХК нь худалдан борлуулсан 1000 кг элсэн чихэрийн үлдэгдэл төлбөрт 1.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч М-ё ХХК нь хууран мэхлэж гэрээ байгуулсан, худалдан борлуулсан элсэн чихрийн үнэ буурсан эрсдлийг худалдагч хариуцах ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Талууд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, Бараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах-худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, гэрээний дагуу Д-и ХХК нь худалдан авагчийн захиалгын дагуу, тухайн үеийн харилцан тохиролцсон үнээр элсэн чихэр нийлүүлэх, худалдан авагч нь сар бүрийн 25-ны дотор төлбөр тооцоог төлөхөөр харилцан үүрэг хүлээж, иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээг бичгээр байгуулжээ. /хх 7-9 дүгээр тал/

Худалдагч Д-и ХХК нь худалдан авагч М-ё ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн захиалгын дагуу 100 кг элсэн чихэрийг, 1 кг-ийг 1.780 төгрөгөөр тооцон М-ё ХХК-д хүлээлгэж өгсөн, мөн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн захиалгын дагуу 900 кг элсэн чихрийг, 1 кг-ийг 1.780 төгрөгөөр тооцон М-ё ХХК-д хүлээлгэж өгсөн, улмаар М-ё ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 180.000 төгрөг, нийт 360.000 төгрөгийг элсэн чихрийн үнэд төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх 10 дугаар тал/

Худалдагч Д-и ХХК-ийн худалдан борлуулсан 1000 кг элсэн чихрийн үнэ 1.780.000 төгрөг болсон бөгөөд үүнээс худалдан авагч Монгол ёотон ХХК нь 2 удаагийн төлөлтөөр нийт 360.000 төгрөг төлсөн байх тул үлдэх 1.420.000 төгрөгийг нэхэмжлэгч Д-и ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй ба шаардах эрхийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

Хариуцагч талаас, зах зээлд худалдан борлуулж буй элсэн чихрийн үнэ буурахыг мэдсээр байж нэхэмжлэгч нь хүчээр, хуурч мэхлэх замаар элсэн чихэр худалдан борлуулсан гэх боловч 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах-худалдан авах гэрээ-г хийхэд хүч хэрэглэсэн, хууран мэхэлсэн гэх тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлож чадаагүй.

Нөгөө талаас, зах зээлд худалдан борлуулж буй элсэн чихрийн үнэ буурсан эрсдлийг худалдагч тал хариуцах ёстой гэх үндэслэлээр хариуцагч нь гэрээнээс татгалзаж, элсэн чихрийг худалдагчид буцааж өгнө гэх боловч, талууд энэ үндэслэлээр гэрээг цуцлах талаар харилцан тохиролцоогүй, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн дараа тооцоогоор худалдан борлуулсан эд хөрөнгийн үнэ буурах эрсдлийг худалдагчид хариуцуулж болох хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна элсэн чихрийн бөөний худалдаа эрхэлдэг хуулийн этгээдүүд зүй бусаар зах зээлийг хувааж өрсөлдөөнийг хязгаарласан, үгсэн хуйвалдах замаар бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, үнийг бууруулж Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан М-ё ХХК-иас 1.420.000 төгрөгийг гаргуулж Д-и ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ё ХХК-иас 37.670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-и ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР