Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/43

 

У.Б, Г.Х нарт   холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Улсын яллагч                                                 Э.Хосбаяр

Өмгөөлөгч                                                       М.Энхтуяа

                                                                           Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                          У.Б

                                                                           Г.Х нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х, У.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Х, У.Б нарт холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Д овогт У.Б. Урьд

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 1 000 000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг хураах нэмэгдэл ял хэрэглэн, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1996 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, С овогт Г.Х. Урьд

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн.

Шүүгдэгч У.Б, Г.Х нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “..................” гэх газраас 2019 оны 11 дүгээр сард иргэн Д.Хын 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр шүүгдэгч шүүгдэгч У.Б, Г.Х нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Довогт У.Б, С овогт Г.Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Х-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Хт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Прокрурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4/61 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч У.Бийн өмчлөлийн “HYUNDAI PORTER” маркийн ................. улын дугаартай 3000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авч,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Хын ............... тоот, шүүгдэгч У.Бийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б, Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Г.Х би Б ахтай нийлж 2019 оны 11 дүгээр сард иргэн Д.Хын 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1 700 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн үйлдэлдээ үнэн сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд ар гэртээ их санаа зовж байна. Учир нь манай эхнэр 8 сартай жирэмсэн өнөө маргаашгүй төрөх болсон мөн охин минь одоо 1 настай. Манай хоёрыг харж хандаад байх хүн байхгүй. Би хар бор ажил хийж хүн амьтанд туслаж ар гэрээ авч явдаг байсан. Өмнө нь ганц бие байхдаа алдаж онож явсан. Одоо бол намайг гэх үр хүүхэд, хань ижилтэй болохоор алдах эрхгүй гэж боддог байсан боловч Б ахынд өвс татаж өгөх ажилд нь туслах гэж байгаад хэрэгт холбогдлоо. Тухайн үед Б ахын хүүхэд нь эмнэлгээс эмчилгээгүй гэж гэртээ ирсэн байсан, байнга уйлж хүчтэй эм ууж, тариа тариулсныхаа дараа нэг хэсэг тайвширч унтаж амардаг байдалтай болсон байсан. Тухайн үед хулгай хийнэ гэж бодолгүй “Баян нуур”-ын хойно явж байгаад Б ахыг гуйхаар нь хараад үнэхээр үгүй гэж хэлж чадаагүй. Тухайн үед үгүй хэрэггүй гэж хэлээд болихгүй яав даа гэж харамсаж амаа барьж байна. Манай эхнэр хүүхэд хүнд байдалтай байгааг минь харгалзаад миний ялыг тэнсэж өгнө үү. Тэнсэх боломжгүй гэж үзвэл хорих ялыг минь нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгч У.Бийн өмгөөлөгч М.Энхтуяа 2020 оны 9 дүгээр сарын 04-ниы өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...өмгөөлөгч М.Энхтуяа миний бие ял хүндэдсэн, шүүх хэт нэг талыг барьсан гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

У.Б хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хэргийн улмаас учирсан хохиролд 1 700 000 төгрөг төлөх байсан ч хохирогчийн хохиролд 2 000 000 төгрөгийг хүссэнээр нь шилжүүлсэн. Тухайн үед ой гаран настай хүүхэд нь тархины хавдрын улмаас бүтэн жил гаран эмнэлгээр явж хагалгаа шинжилгээ хийлгэсэн боловч дээрдээгүй. Дахин явах гэж байсан, мөнгө хэрэгтэй болсон. Банкнаас их зээлтэй, ах дүү нараасаа дэмжлэг авч байсаар өгөх ч хүн олдохгүй болсон, өөрөө ч гуйхаасаа санаа зовдог болсон. Хийдэг ажлаа ч хийж ажиллуулж чадахгүй болсон байсан болохоор мөнгөтэй болох зорилгоор хэнийх нь мэдэхгүй 2 үхэр авч нядалсан. Гэвч хүүхэд нь нас барсан. Тэгээд борлуулж ч чадсан юмгүй хэрэглээд дууссан байдаг. Амьдрал ядуу орлого гэхээр юмгүй залуучууд үнэхээр хөл алдаж, хэцүү байдаг. Ялангуяа өвдсөн зовсон үед дэмжлэг байхгүй. Хүний амьдралд нэг удаа тохиолдсон зовлон няслан ийм байдалд хүргэсэн. Хувийн байдлын хувьд амьдралд нухлуулж л яваа залуу, архи дарс хэрэглэдэггүй, нийгмийн идэвхитэй. Алдсан алдаагаа сайн мэдэж байгаа, буруугаа ухаардаг хэргийн улмаас учруулсан хор аюулыг арилгасан. Одоо 1 нас 4 сартай хүүтэй. Эхнэр нь төрөх гэж байна.

Хувийн байдлыг шүүхээс хэт өрөөсгөл дүгнэсэн. Өмнө нь ял шийтгүүлснээс хойш 6 жил болж, төлөвшиж өрх толгойлж, үр хүүхэдтэй болсон. Үүнийг нь засаршгүй хэрэгтэй мэтээр дүгнэж заавал ял эдлэх ёстой гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 7 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу тодорхой ял оногдуулж, тэнсэж болохоор байна. Иймд шүүгдэгчийн ар гэрийн амьдрал, хувийн байдал, хохирлоо төлсөн зэрэг байдлыг харгалзан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч У.Б 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... ял хүндэдлээ гэх үндэслэлээр гомдол бичиж байна. Миний бие 2014 онд Сум дундын 10 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилээр тэнсэж хянан харгалзсан юм. Б би тэр үед эхнэр хүүхэдгүй, нутгийн залуустай дарвиж явж л шийтгүүлж шүүхээс ялыг тэнсэж, тэнссэн хугацаанд хэрэг хийвэл ялыг эдлүүлнэ гэж шийдсэн. Тэр үед хэрэг хийсэндээ гэмшиж буруугаа ойлгож, ийм алдаа гаргахгүй гэж байсан. Тэгээд ч эхнэр хүүхэдтэй болж 2 хүүхдийн эцэг болж тэднийхээ төлөө амьдарч байсан. Гэтэл хүү Г маань тархины хавдар өвчин тусаж бүтэн жил гаран бүх юм аа барж, ах дүү төрөл төрөгсдөөс дэмжлэг туслалцаа авч, мөнгө зээлж 30 гаран сая төгрөг зарцуулсан. Сайжралыг олохгүй унаж татаж, ухаан алддаг нь нэмэгдэж дахин Улаанбаатар явах гэж байсан. Эцсийн найдвараа тавьж хот явах гэсэн ч мөнгө бүтэхгүй өндөр зээлтэй байсан. Ингээд үнэхээр ядчихсан шийдвэр гаргаж зардалд хэрэглэе гэж 2 үхэр хулгайлан энэ хэргийг хийчихсэн. Болохгүй гэж бодсон ч аргаа барж байсан. Хүүхэд маань тэр үед их сандаргаж байсан. Хэрэг хийсэндээ санаа зовж, төрөл садан гэр орныхноосоо нууж зарах гэсэн ч гарал үүсдийн бичиггүй болохоор зарж чадаагүй. Хажуугаар нь хүү байнга сандаргаж эмнэлэг, гэрт 6 сартай хүүтэй эднийхээ дунд шогшсоор хэдэн төгрөг ч болгож амжаагүй байтал хүү маань 2019 оны 12 сард нас барсан. Тэгээд өнгөрсөн, нөгөө махыг нь ажил явдалд ч хэрэглэсэн үлдсэнийг нь хэрэглээд л дуусч байна. Зээлдээ ч бас хэрэглэсэн. Үүнийгээ зөвтгөх гээгүй. Аргагүй л ийм юм болсон. Уг нь машин тэрэг засаж, гагнуур, мужаан, засвар, юм юмыг л хийдэг боловч эдгээрийгээ ч хийж чадахгүй завдахгүй болсон байсан. Тэгээд ч удалгүй цагдаад шалгагдсан. Өөрөөсөө болж хийсэн хэрэгт өрөөл бусдыг чирэхгүй гэж хичээсэн боловч хуулийн дагуу шийдэгдэж шүүхэд ирж шийтгэгдлээ. Үнэндээ харамсаж байна. Одоо 1 нас 4 сартай хүү Г үлдэж эхнэр Г маань 2020 оны 9 сарын 20-ны үед төрөх юм. 2018 онд хүүг өвдөж Улаанбаатарт эх нялхаст болон хавдрын эмнэлэгт үзүүлж байх үед миний бие 18 сая төгрөгийн зээл авч хуваарийн дагуу төлж явсан. Одоо 12.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй сард 50 000 гаран төгрөг төлдөг барьцаанд орон гэрээ тавьчихсан байгаа. Одоо энэ хэргээс ял авч хоригдож нялх хүүхэдтэй, жирэмсэн эхнэрээ үлдээж байгаадаа харамсаж байна. Үнэхээр хүнд байна. Машин тэргээ улсын орлого болгохоор шийдүүлсэн. Одоо орон байраа алдахад хүрэх нь байна. Амьдралын хэсэгхэн бэрхшээлийг давж туулах чадвар, эдийн засгийн боломж муутай, зөв шийдэл шийдвэр гаргаж чадахгүйгээсээ ар гэрээ, үр хүүхдээ хохироож ханиа, эхийгээ зовоож байгаадаа үнэхээр харамсаж байна. Залуу гэр бүл бидний гачигдал зовлонг харгалзан төрийн уучлалыг үзүүлж ялыг минь хөнгөрүүлэн өөрчилж хорих ялыг тэнсэж өгнө үү. Би дахин хэзээ ч ийм муу юм хийхгүй байж чадна. Миний амлалтанд итгэж нялх үрсийн минь заяаг бодож ялыг өөрчилж өгнө үү гэж чин сэтгээлээсээ гуйя.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар саналдаа: Хын зүгээс хэргийн хувьд маргасан зүйл байхгүй. Өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан. Хамгийн гол нь энэ хүний ар гэр хүнд байдалтай байгаа. Эхнэр нь одоо 20 гаруй хоногийн дараа төрнө. Мөн бага насны /ой гарантай/ хүүтэй. Хөдөлмөр эрхэлдэг ганц хүн нь Х байсан. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай. Иймд энэ хүний ар гэрийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Хосбаяр гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...машин механизм ашиглан хулгайлсан...” нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч 2019 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуульд өөрчлөлт ороогүй байсан учир тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хохирогч нь Х гэж малчин хүн байгаа. Малчид малаа өсгөх гэж зовдог. Гэтэл шүүгдэгч нар мөнгөгүй болсон гэдэг шалтгаанаар бүлэглэн, машин механизм ашиглаж хохирогчийн 2 тооны үхрийг хулгайлсан нь буруу. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч У.Бт 1 жилийн, Г.Хт 6 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон учир тус анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлттэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Х, шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч У.Б, Г.Х нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “...............” гэх газраас, У.Бийн өмчлөлийн Хьюндай Портер маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогч Д.Хын хоёр үхрийг хулгайлсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Х, гэрч Н.Э нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч У.Б, Г.Х нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг  баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч У.Б, Г.Х,  түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг судлан үзээд давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд гаргасан мэдүүлгүүд, түүнчлэн давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн эмчийн тодорхойлолт, зээлийн гэрээ зэрэг тэдний хувийн байдалтай холбоотой баримтуудаас үзвэл, “тухайн үед У.Бийн бага насны хүүхэд тархины хавдрын эмчилгээтэй байсантай холбоотойгоор уг гэр бүлийн хувьд эдийн засгийн хүнд байдалд байсан, энэ нь У.Бийг гэмт хэргийг санаачилж үйлдэх  сэдэл болсон, Г.Хын хувьд У.Бийн үйлдэлд татагдан орсон” гэх нөхцөл байдлуудыг үнэн гэж үзэж болохоор байна. Түүнчлэн У.Б, Г.Х нарын аль алиных нь хувьд бага насны хүүхэдтэй, эхнэр нь одоо хөл  хүндтэй, амаржих хугацаа нь ойртсон байна.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор ял оногдуулсан боловч, давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс  оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Ингэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод харшлахгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх хуулийн шаардлагыг илүү сайн хангана гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Харин прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал бий болоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу юм. Хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн, шинээр гарсан хууль нь хуучин үйлчилж байсан хуультай харьцуулахад, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд, шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үед гарсан хэрэгт буцаан хэрэглэх явдал юм. Энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал байхгүй бөгөөд, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан хуулиар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш юм. Одоо энэ хуулийг дагаж мөрдөж байгаа боловч энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн мал хулгайлах хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн нийтлэг хэм хэмжээний дагуу шийдвэрлэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний болон ял хөнгөрүүлэхтэй холбоотой өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад:

“1.Шүүгдэгч Д овогт У.Б, С овогт Г.Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Хыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг 

“1.Шүүгдэгч, Д овогт У.Б, С овогт Г.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /2020 оны 02 сарын 23-наас өмнө үйлчилж байсан зүйл заалтаар/ шүүгдэгч У.Бийг долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Хыг таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчлөн; тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож; тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч У.Б, Г.Х нарын 2020 оны 08 дугаар сарын 19-нөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон тус бүрийн дөчин хоёр хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус бүр гурван зуун гучин зургаан цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцсугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                 Л.НАРАНБАЯР