Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/260

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Бийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Хын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б, Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б, ........ овогт Х нарт холбогдох эрүүгийн 1921008170278 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 1.000.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг хураах нэмэгдэл ял хэрэглэн, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ...... овогт Б. /РД: ................../

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын ............... багт оршин суух үндсэн хаягтай, Хэрлэн сумын 1 дүгээр баг, .....................тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ............ овогт Х. /РД: .............../

Шүүгдэгч Б, Х нар нь бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “............” гэх газраас 2019 оны 11 дүгээр сард иргэн Х-ын 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2019 оны 11 сард Х-ыг дагуулж гараад Хэрлэн сумын 8 дугаар баг “...............” гэх газарт бэлчиж байсан үхэрнүүдээс хоёр үхэр авсан нь үнэн. Манай охины эмчилгээнд мөнгө хэрэг болоод хулгай хийсэн. Гэхдээ хулгайлсан үхрээ зарж чадаагүй тул бид 2 нэг нэгээр нь идшиндээ хэрэглэсэн. Хохирлоо төлсөн...гэв.

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2019 оны 11 дүгээр сард Х ах манайд ирээд “ахтайгаа хамт яваад өгчих” гэсэн. Тэгээд Б ах бид хоёр хамт яваад “.........” гэх газраас үхэр хулгайлсан. Би гэм бруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн...гэв.

Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн эзэмшлийн 2 тооны үхрээ бэлчээрт нядлуулж хохирсон. ...Миний хоёр тооны үхэр нь одоогоор байсан бол Хязаалан насны эр үхэр, шүдлэн насны эр үхэр болох байсан юм. Одоогийн зах зээлийн ханшаар бодож хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 29-32 тал/

Гэрч Н.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Х гэх хүний 50 гаруй тооны адуу, 130 тооны үхрийг маллаж байгаа юм. Манай үхэр, адуу хол явдаггүй юм. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөөний 09 цагийн орчим үхрээ бүртгээд гаргахад тоо бүрэн байсан. Тухайн оройгоо үхрээ хураагаагүй. 17-ноос 18-нд шилжих шөнө цас шуурсан ба 18-ны өглөөний 11 цаг өнгөрөөгөөд үхрээ хураахад манай үхэр төмөр зам даваад урд нь гарчихсан, төмөр замын урд талын нуурны урд хэсэгт оччихсон байсан. Би үхрээ хураагаад тухайн газартаа үхрээ бүртгэхэд шүдлэн насны цавь цагаан  сартай, имийг нь сайн мэдэхгүй эр үхэр, улаан халзан том биетэй эр бяруу байхгүй байсан тул манай үхэртэй хамт байсан төмөр замын үхэр дунд хайгаад явж байхад үхрийн захад 2 ширхэг үхрийн сэвс болон сэвсний ойр хавьд 3 ширхэг шийр байсан юм. Мөн тухайн газарт арзгар хээтэй, давхар дугуйтай тээврийн хэрэгслийн мөр байсан юм...” гэжээ. /хх-ийн 40-41 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 тал/

- Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4/61 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 18-19 тал/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /хх-ийн 25, 33 тал/

- “Hyundai Porter” маркийн 57-96 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 26 тал/

- Б, Х нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35, 36-39, 49, 51 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ..... овогт Б, ...... овогт Х нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “........” гэх газраас хохирогч Х-ын 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х, гэрч Н.Эрдэнэбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4/61 тоот “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээнүүд, “Hyundai Porter” маркийн 57-96 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б, Х нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б, Х нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б, Х нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдэхэд шүүгдэгч Б нь өөрийн хамаатны дүү болох шүүгдэгч Х-ыг уруу татан дагуулж явсан болох нь:

Шүүгдэгч Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Хишгээ ах хамт яваад өгчих гэхээр нь явсан...” гэх,

Шүүгдэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Х-ыг уруу татаж авч явсан нь үнэн...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б, Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х-т 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б, Х нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х-т 2 тооны үхрийн үнэ болох 1700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирлоо төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт /задгай 1 ширхэг/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б, Х нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 57-96 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б-ийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 26 тал/-аар тогтоогдож байх тул Прокрурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4/61 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б-ийн өмчлөлийн “Hyundai Porter” маркийн 57-96 ДОА улсын дугаартай 3000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл шүүгдэгч Бт хадгалагдаж байгаа болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн .............. тоот, шүүгдэгч Х-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............ овогт Б, .................. овогт Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Х-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Прокрурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4/61 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Бийн өмчлөлийн “HYUNDAI PORTER” маркийн 57-96 ДОА улын дугаартай 3000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х-ын ........... тоот, шүүгдэгч Б-ийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ