Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 900

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00386/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: ........ аймгийн ..... сум, ..... баг, ....... байрлах “ЦЦ-” ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... аймгийн .......сум, ..... баг, .... хэсэг, .... гудамж, .... тоотод оршин суух ..... овогт Т.Л- /РД:......../-д холбогдох,

 

“1,200,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...урдаас манай бараа ирсэн, ковидын үе учраас өөрсдөө явах боломжгүй. Тэгээд зараас ачдаг хүн хайгаад Т.Л-г олоод ачуулсан. ЦЦ- ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх товчооны каргоны хашаанд 88 ширхэг ачаа ирснээс 70 ширхэг ачааг Т.Л- 00-00 ДАР дугаартай “HINO PROFIA” маркийн авто машинаар тээвэрлүүлж, өөрийн ЦЦ- ХХК-ийн байранд буулгаж тоолж авахад 69 ширхэг бараа буусныг бүртгэж авсан бөгөөд бараанаас 298 литрийн багтаамжтай, дэлгүүрийн зориулалттай 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шилэн лангуу дутсан учир тээвэр хийсэн жолооч Т.Л-гээс гаргуулж өгнө үү, цаад каргоны бараа ачуулсан хүмүүс 70 ширхэг бараа явуулсан байдаг. Тэгээд маргаан үүсээд бичлэгийг нь гаргаж өгөөд нөгөө хүмүүстэйгээ уулзаад ир гэсэн уулзаагүй байсан. Тэгээд би Т.Л-гээс мөнгийг нь төлөх юм уу? гэхэд үгүй гэсэн тэгээд шүүхэд хандсан. Иймд түүнээс 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Т.Л- шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Ө.Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ингээд 88 ширхэг ачааг ачих болсон чинь багтахгүй 69 ачаа машины тэвшинд багтсан, би тэр дор нь 69 багтлаа гэж хэлээд 69 ширхэг ачааны үнийг 650,000 төгрөгөөр тохирч ачааг тоо ёсоор нь хүлээлгэж өгөөд төлбөрөө аваад Цогтбаатар надад баярлалаа гэж хэлээд салсан. Бусад ачаагаа өөр хүмүүсээр авахуулсан байх, сайн мэдэхгүй байна. Маргааш нь Цогтбаатар залгаад та нэг хүрээд ирээч нөгөө каргоны хүмүүс ачааг дахиж нэг тоолоод өгөөч гэж хотоос ярьж байна гэсэн. Очоод тоолоход миний буулгасан 69 хэвээрээ байсан. Би 70 ачаа аваагүй, 69 ачаа авсан. Миний машины чиргүүлгүй амбаар нь урт нь 9х60, өргөн нь 2х35 хэмжээтэй байсан ба зайг нь шахаад ачихад амбаар дотор 46 ачаа, амбаар дээрээ 2 эгнээгээр цувуулж 23 ачаа ачсан, ачааны хэмжээ ойролцоогоор 1,5х2 метр орчимтой хөргөгч, хөлдөөгч, шилэн лангуу зэрэг овогтой том хайрцаг баглаатай ачаанууд байсан. Надад 69 болон 70 ачаа хүлээлгэн өгсөн баримт өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь яг 70 ширхэг бараа явуулсан гэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Өмнөх хуралдаан дээр эвлэрэх санал гарсан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй. Гэтэл яг 70 ширхэг бараа ачуулсан гэх нотлох баримт байхгүй, хуульд нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагад хандахдаа хүртэл үнэхээр 70 ширхэг бараагаа ачуулсан гэх баримт байхгүй. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЦЦ-” ХХК нь Т.Л-д холбогдуулан тээвэрлэхэд дутаасан барааны үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Л- шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Ө.Ө- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “би 70 ширхэг хөргүүр аваагүй 69 авсан. Надад 69 болон 70 ачаа хүлээлгэн өгсөн баримт өгөөгүй. Миний машины чиргүүлгүй амбаар нь урт нь 9х60, өргөн нь 2х35 хэмжээтэй байсан ба зайг нь шахаад ачихад амбаар дотор 46 ачаа, амбаар дээрээ 2 эгнээгээр цувуулж 23 ачаа ачсан, ачааны хэмжээ ойролцоогоор 1,5х2 метр орчимтой хөргөгч, хөлдөөгч, шилэн лангуу зэрэг овортой том хайрцаг баглаатай ачаанууд байсан. Иймд 1,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тодорхойлолт тайлбар гэж авагдсан бөгөөд энэхүү тайлбарт “...нийт 69 ширхэг хөргүүр хүлээлгэн өгсөн, үүнээс 1 ширхэг хөлдөөгч дутаж миний бичиг баримтыг хурааж авсан. Төлбөр тооцоо бүрэн хийгдсэн /ачааны хөлс/, 2021 оны 4 дүгээр сарын 06-нд хот руу ажил гарсан учир цаад каргоны хүмүүстэй энэ тухай учраа олж ирэхээр тохирч машины гэрчилгээг хүлээн авлаа” гэж Т.Л- гарын үсэг зуржээ.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулахаар хуульд заасан бол талууд гурван хувь үйлдэж, ачаа илгээгч, ачаанд, тээвэрлэгчид баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу дагалдах бичиг үйлдээгүй нь ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулахад саад болохгүй гэдгийг 386.4-т заасан боловч ачааны тоо ширхэгийн хувьд маргаантай байгаа тохиолдолд дээрх баримт бичгийг ачаа илгээгч хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.

Дээрх Т.Л-гийн бичгээр өгсөн тайлбар, тодорхойлолт нь ачаа тээвэрлэлт хийгдсэний дараа ачаа дутсан гэх маргаан гарсны дараа бичиг баримтаа авч тээвэрлэлтийн үйлчилгээгээ үргэлжлүүлэх, ачаа илгээгчтэй уулзаж маргаантай асуудлаа шийдвэрлэх зорилгоор бичиж өгсөн баримт гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ЦЦ-” ХХК, хариуцагч Т.Л-, ачаа илгээгч нар дээрх гэрээг байгуулаагүй бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7-д зааснаар илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй бол хуулийн 388.9-т заасны дагуу баримт, бичиг мэдээллийн дутуу болон буруугаас шалтгаалан учирсан хохирлыг нөхөн төлөхөөр заажээ.

Өөрөөр хэлбэл ачаа илгээгч карго хэдэн ширхэг хөлдөөгч өгч явуулсан талаар дагалдах бичиг үйлдээгүйн улмаас хариуцагч Т.Л-, нэхэмжлэгчид 69 ширхэг хөлдөөгч хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 70 ширхэгийг хүлээн авах ёстой гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Т.Л-д холбогдуулан гаргасан 1,200,000 төгрөг гаргуулах тухай “ЦЦ-” ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан “ЦЦ-”             ХХК-ийн Т.Л-гээс 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ЦЦ-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.ЖАВХЛАНТӨГС