Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00070

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00386/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 900 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...урдаас манай бараа ирсэн, ковидын үе учраас өөрсдөө явах боломжгүй. Тэгээд зараас ачдаг хүн хайгаад *******г олоод ачуулсан. ******* нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх товчооны каргоны хашаанд 88 ширхэг ачаа ирснээс 70 ширхэг ачааг ******* ******* дугаартай HINO PROFIA маркийн авто машинаар тээвэрлүүлж, өөрийн *******-ийн байранд буулгаж тоолж авахад 69 ширхэг бараа буусныг бүртгэж авсан бөгөөд бараанаас 298 литрийн багтаамжтай, дэлгүүрийн зориулалттай 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шилэн лангуу дутсан учир тээвэр хийсэн жолооч *******гээс гаргуулж өгнө үү,

цаад каргоны бараа ачуулсан хүмүүс 70 ширхэг бараа явуулсан байдаг. Тэгээд маргаан үүсээд бичлэгийг нь гаргаж өгөөд нөгөө хүмүүстэйгээ уулзаад ир гэсэн уулзаагүй байсан. Тэгээд би *******гээс мөнгийг нь төлөх юм уу? гэхэд үгүй гэсэн тэгээд шүүхэд хандсан. Иймд түүнээс 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...ингээд 88 ширхэг ачааг ачих болсон чинь багтахгүй 69 ачаа машины тэвшинд багтсан, би тэр дор нь 69 багтлаа гэж хэлээд 69 ширхэг ачааны үнийг 650.000 төгрөгөөр тохирч ачааг тоо ёсоор нь хүлээлгэж өгөөд төлбөрөө аваад ******* надад баярлалаа гэж хэлээд салсан. Бусад ачаагаа өөр хүмүүсээр авхуулсан байх, сайн мэдэхгүй байна. Маргааш нь ******* залгаад та нэг хүрээд ирээч нөгөө каргоны хүмүүс ачааг дахиж нэг тоолоод өгөөч гэж хотоос ярьж байна гэсэн. Очоод тоолоход миний буулгасан 69 хэвээрээ байсан. Би 70 ачаа аваагүй, 69 ачаа авсан. Миний машины чиргүүлгүй амбаар нь урт нь 9х60, өргөн нь 2х35 хэмжээтэй байсан ба зайг нь шахаад ачихад амбаар дотор 46 ачаа, амбаар дээрээ 2 эгнээгээр цувуулж 23 ачаа ачсан, ачааны хэмжээ ойролцоогоор 1,5х2 метр орчимтой хөргөгч, хөлдөөгч, шилэн лангуу зэрэг овогтой том хайрцаг баглаатай ачаанууд байсан. Надад 69 болон 70 ачаа хүлээлгэн өгсөн баримт өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь яг 70 ширхэг бараа явуулсан гэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Өмнөх хуралдаан дээр эвлэрэх санал гарсан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй. Гэтэл яг 70 ширхэг бараа ачуулсан гэх нотлох баримт байхгүй, хуульд нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагад хандахдаа хүртэл үнэхээр 70 ширхэг бараагаа ачуулсан гэх баримт байхгүй. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 900 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан *******-ийн *******гээс 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

******* ХХК нь 2021 оны 03 сарын 27-нд Улаанбаатар хот, Баянзүрхийн товчооны эрээний бараа тараадаг газраас ******* улсын дугаартай ******* гэх жолоочоор ачаа бараагаа Дархан руу ачуулахад 1ш бараа дутаж, компанид 1.200.000 төгрөгийн хохирол учирсан билээ. Анхан шатны шүүх 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 900 дугаартай шийдвэр гаргахдаа нотлох баримтыг сайн судалж үзээгүй, гэрч Сэлэнгэ, Цахиур нараас мэдүүлэг аваагүй, хэт нэг талыг барьж яаруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Уг шийдвэрээс хойш ******* миний бие Улаанбаатар хот руу өөрөө ажил болгон хөөцөлдөн явж уг хүмүүстэй уулзаж тодорхойлолт баримт авч ирсэн болно.

Иймд энэ хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, дахин хэргийг судлан үзэж, буруутай этгээдээс компани зүгээс хохироод байгаа 1.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн өөрчлөх хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэн *******гээс дутагдуулсан барааны үнэ 1.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тээвэрлэлтийн гэрээгээр ачсан ачаанаасаа 1.200.000 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг барааг дутагдуулсан гэжээ.

Талууд 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр утсаар холбогдож үнэ хөлсөө тохиролцон ачаа тээврийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй. Харин нийт ачуулсан барааны тоо ширхгийг 70 хайрцаг гэж нэхэмжлэгч тал хариуцагч 69 гэж маргасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Тээвэрлэлтийн гэрээний тээвэрлэгч талын хүлээх хариуцлагыг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заажээ.

Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулж түүнийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж гурав дахь хувийг тээвэрлэгчид өгөх Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386.2-д заасан шаардлагыг нэхэмжлэгч тал буюу тээвэрлүүлэгч биелүүлээгүй нь хариуцагчийг ачаа дутаасан гэж буруутгах үндэслэл болж чадахгүй байна.

Бичгээр үйлдээгүй дагалдах бичиггүй хэдий ч тээвэрлэлтийн гэрээ нь хүчин төгөлдөр байх бөгөөд тээвэрлүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм.

Нэхэмжлэгч бусад байдлаар тээвэрлэгчийг ачаа дутаасныг шүүхэд нотолж чадаагүй байна.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн дүрс бичлэгт зохих журмын дагуу үзлэг хийж хэргийн баримтаар бэхжүүлсэн атлаа нотлох баримтаар үнэлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Харин хууль хэрэглээний хувьд шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлоогүй хуулийг оновчтой бус хэрэглэсэн байх тул хуулийн хэрэглээг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 900 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан *******-ийн *******гээс 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг, Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг баримтлан *******-ийн *******гээс 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА

                                                      ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                      О.НАРАНГЭРЭЛ