Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2266

 

 

 

 

 

 

 

 

 

 

     “БА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/02344 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “БА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХК-д холбогдох

Бараа бүтээгдэхүүний үнэ, алдангид 77 351 602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “БА” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, Ч.Болормаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БА” ХХК нь “Цемент шохой” ХК-д бараа материал нийлүүлсний төлбөрт төлбөрөө бартер буюу цементээр тооцож авсан. Энэхүү “Цемент шохой” ХК-иас авсан Хөтөл нэрийн цементээ “Буурлын ар булаг” ХХК-иар дамжуулан “М” ХК-д 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 494.550 тонн буюу 71.808.660 төгрөгийн үнэ бүхий цементийг “Цемент шохой” ХК-ийн талбайгаас шууд “М” ХК-д хүргэсэн. Цементийг хүргэхэд 7 вагоны тээврийн хөлс 3.500.000 төгрөг, вагон таталт, тавилтын хөлс 922.975 төгрөг, вагон ашиглалтын хөлс 560.000 төгрөгийг, нийт 76.792.335 төгрөг болсон. Манай компани “Буурлын ар булаг” ХХК-иар дамжуулан цементийг нийлүүлсэн бөгөөд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг манай байгууллагын ажилтан И.Шагдарсүрэнд төлөхөөр тусгайлан гэрээнд заасан байгаа болно. Үүнээс “М” ХК нь “БА” ХХК-ийн ажилтан, төлөөлөгч И.Шагдарсүрэнд бэлэн ба бэлэн бусаар нийт 25.624.000 төгрөгийг төлсөн. Дээрх тооцоог “М” ХК-ийн нягтлан бодогч Я.Гүндээ, манай компанийн төлөөлөгч И.Шагдарсүрэн нарын тооцоогоор тооцоо нийлсэн байдаг. “М” ХК нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 14.624.000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр манай ажилтанд өгсөн. Үүн дээр 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөг нэмж өгч, нийт 25.624.000 төгрөгийг “М” ХК-иас авсан. Үлдэгдэл 51.168.335 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч гэрээний дагуу хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэн 0.3 хувийн алдангийг 1 өдрийн 154.703 төгрөгөөр 166 хоногт тооцож, нийт 25.680.698 төгрөгийн алданги болно. Үлдэгдэл 51.168.335 төгрөг дээр 25.680.698 төгрөгийн алдангийг нэмж, нийт 77.248.433 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн “Буурлын ар булаг” ХХК-ийн зүгээс бид нар 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б17/09 тоот гэрээний төлбөрийг авах эрхгүй. “М” ХК-ийн захирал н.Мөнхзолбоо манай компанид албан 2018 оны 04 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах тухай албан бичгээ хүргүүлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М” ХК нь “Буурлын ар булаг” ХХК-тай 2016 болон 2017 онд тус бүр нэг, нийт хоёр бэлтгэн нийлүүлэх гэрээнүүд зөвхөн тус хоёр компанийн хооронд байгуулагдан ажилласан. Тус гэрээнүүдийн дагуу бэлтгэн нийлүүлэгдсэн түүхий эд, түүнд төлөгдсөн төлбөр тооцоо бүрэн барагдсан. Манайх “Буурлын ар булаг” ХХК-тай гэрээ байгуулж цемент худалдан авсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Буурлын ар булаг ХХК-тай Б16/75 дугаартай гэрээгээр 78.499.200 төгрөгийн түүхий эдийг худалдан авч төлбөрт нь Сонгинохайрхан дүүргийн Шинэ толгойт хороололд 102 дугаар байрны 13 тоотод байрлах 54.04 м2 2 өрөө орон өгөхөөр тохиролцсон. Тус байрыг албан бичгийн дагуу “Буурлын ар булаг” ХХК-д шилжүүлж өгсөн. Гэрээний хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор манайд түүхий эд нийлүүлэх ёстой байсан боловч 48.625.690 төгрөгийн түүхий эдийг дутуу нийлүүлсэн байсан. Ингээд манайд авлага үүссэн. Энэ үед “Буурлын ар булаг” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цемент бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 50.336.000 төгрөгийн үнэ бүхий 320 тонн цемент авах, мөн үлдэгдэл төлбөрт нь элс, хайрга нэмж авахаар байгуулсан. Түүхий эдийн үнэ бартерийн үнэтэй тэнцсэн тохиолдолд бартерийн зүйлийг нийлүүлэгчийн нэр дээр шилжүүлж, төлбөр тооцоог барагдуулна гэсэн хэлцэл байгуулсан. “Буурлын ар булаг” ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 7 вагон, 494,550 тонн буюу 71.808.660 төгрөгийн үнэ бүхий цементийг манайд нийлүүлсэн. Түүний мөнгийг шилжүүлэх гэсэн боловч “Буурлын ар булаг” ХХК-ийн захирал маань нас барсан. Үүнээс болоод И.Шагдарсүрэнтэй холбогдож эхэлсэн. Манайх энэ гэрээний дагуу төлбөрөө төлсөн. “Буурлын ар булаг” ХХК-д 4.500.000 төгрөг, И.Шагдарсүрэнд 25.224.600 төгрөг өгсөн. Гэрээний дагуу албан бичгээр харилцаж эхэлсэн. Гэвч “Буурлын ар булаг” ХХК-иас нэг ч удаа хариу өгөөгүй. Тэгээд “Буурлын ар булаг” ХХК хаягаасаа нүүсэн байсан тул олоод өгөөч гэж “БА” ХХК-иас хүссэн. Гэвч түүнээс хойш алга болсон. Ингээд манай компани “Буурлын ар булаг” ХХК-тай байгуулсан 2 гэрээний дагуу 3.451.000 төгрөгийн өглөгтэй байгаа юм. “БА” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Төлөх төлбөр тооцоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч “М” ХК-иас 69.276.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Багануур абсолют ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.971.443 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 544.708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 504.334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БА” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “М” ХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас анхан шатны шүүхэд удаа дараа гэрчээр “Буурлын ар булаг” ХХК-ийг шүүх хуралд оруулцуулахаар хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүх нь татзалзаж шийдвэрлэсэн. Гэрч нь уг хэрэгт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх байсан. Анхан шатны шүүх нь “Буурлын ар булаг” ХХК-ийг гэрч эсхүл гуравдагч этгээдээр татах байсан. “Бууралын ар булаг” ХХК-ийг гэрчээр дуудаж, тайлбар авах гэхэд хаяг тодорхойгүй гэдэг шалтгааныг дурддаг атал “Буурлын ар булаг” ХХК-иас хэрэг үүсгэснээс хойш удаа дараа албан тоотуудыг эх хувиар нь нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн байдаг. Гэрчээр дуудагдаж байгааг нэхэмжлэгч мэдэж байсан боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг мэдэж байгаа гэрч болох “Буурлын ар булаг” ХХК-иас удаа дараа бичиг авч байсан нь гэрчийг санаатайгаар нуун дарагдуулсан үйлдэл байна. Бид гэрчийг дуудах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд гэрчээс татгалзаагүй. Гэрчийг албадан дуудан ирүүлэх ёстой байсан. Манай компани нь нэхэмжлэгчийн шаардсан цементийн төлбөрийг “Буурлын ар булаг” ХХК-д мөнгөөр болон бартер /орон сууцаар/ төлж, одоо үлдэгдэл 3.458.100 төгрөгийн тооцоотой байгаа. Бид нар тус гэрээний төлбөрийг давхардуулан төлөх нь үндэслэлгүй гэдгийг "Мерекс" ХК 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17/199 дүгээр "Буурлын ар булаг" ХХК-д ирүүлсэн албан тоотоор мэдэгдсэн. Шүүх “БА” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд И.Шагдарсүрэн мөн эсэх, уг гэрээний харилцаанд оролцох үед И.Шагдарсүрэн нь “БА” ХХК-ийг төлөөлөн оролцсон эсэхэд үнэлэлт өгөөгүй, И.Шагдарсүрэнгийн эрх зүйн байдлыг тогтоогоогүй. И.Шагдарсүрэнгийн эрх зүйн байдлыг тогтооход “Буурлын ар булаг" ХХК-ийн ажилтан эсэх, “БА” ХХК-ийн ажилтан эсэх, түүний нийгмийн даатгалын шимтгэл ямар байгууллага дээр төлөгдөж байсныг нотлох баримтаар цуглуулах ёстой байсан. Учир нь хавтаст хэргийн 5 хуудас буюу нэхэмжлэлд И.Шагдарсүрэн нь “БА” ХХК-ийн захирал, төлөөлөгч, түүний дараа менежер ажилтай гээд яг аль албанд ажиллаж байгаа нь эргэлзээтэй баримтууд байхад үүнийг шалгаагүй байна. И.Шагдарсүрэн нь цагдаагийн цолтой, цагдаад албан үүрэг гүйцэтгэдэг хүн нь тус компанид давхар ажиллаж байсан эргэлзээтэй юм. "Ажилд томилох тухай" 2016 оны 06 сарын 20-ний өдрийн 16/06/20 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ нь тухайн байгууллагын ажилтан гэдгийг нотолж байгаа болохоос бус маргаан бүхий гэрээний харилцаанд “БА” ХХК-ийг төлөөлж оролцож байгааг нотлохгүй. Компаний тухай хуульд зааснаар Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал бөгөөд бусад этгээдэд төлөөлөх эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр олгодог. Гэтэл “БА” ХХК нь И.Шагдарсүрэнд итгэмжлэл олгоогүй бөгөөд харин ч И.Шагдарсүрэн нь маргаан бүхий гэрээний төлбөрийг хувийн дансаараа авч байсан байдаг. Хариуцагч нь шүүх хуралдааны үед И.Шагдарсүрэнгийн эрх зүйн байдлыг тогтоолгохыг хүссэн боловч шүүгч энэхүү хүсэлтийг гаргах эрх дууссан гээд хүсэлтийг хүлээн аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх боломжтой байсан. Иймд И.Шагдарсүрэнгийн хувийн данс, нийгмийн даатгалын шимтгэлийн, хувь хүний орлогын албан татварын шалгуулах хүсэлтэй байна. 2017 оны 10 дугаар сарын 27 ны одрийн 17/199 дугаар "Буурлын ар булаг" ХХК-д ирүүлсэн албан тоотод "иргэн" Шагдарсүрэнд мөнгийг шилжүүлсэн тухай дурдсан болохоос “БА” ХХК-д төлбөр төлсөн талаар дурдаагүй бөгөөд Шагдарсүрэн уг компанийг төлөөлөн гэрээний харилцаанд оролцож буйгаа илэрхийлээгүй, энэ талаар талууд харилцан тохиролцоогүй. “БА” ХХК-ийн цементийн тооцооны дэлгэрэнгүй" гэх баримтад "Мерекс" ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, компанийн тамга тэмдэггүй, хэн хэний өмнөөс хэзээ уг баримтыг үйлдээд байгаа нь тодорхойгүй нотлох баримтыг шүүх шийдвэртээ үндэслэжээ. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөр болон анзыг нэхэмжлэх эрхгүй этгээд тул "Мерекс"  ХК  хариуцагч биш. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар гэрээний үндсэн дээр шилжих байтал шүүх "Буурлын ар булаг" ХХК-н албан тоотууд болох мэдэгдлээр гэрээний шаардах эрх шилжсэн байна гэж үндэслэсэн нь хууль бус байна. Мэдэгдэл нь гэрээ болохгүй бөгөөд гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн авч, түүнийгээ хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурдаг. Мэдэгдлийг "Мерекс" ХК нь биетээр болон шуудангаар хүлээн аваагүй, хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй, байхад энэхүү мэдэгдлийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн алдаатай байна. Нэхэмжлэгч нь энэхүү мэдэгдлийн эх хувийг шүүхэд өгсөн байдаг. Захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд 2016 он болон 2017 оны аль ч гэрээнд туслан гүйцэтгүүлэгч хамааралтай эсэхийг тогтоогоогүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б16/75 тоот гэрээгээр “Буурлын ар булаг” ХХК-ийн 38.625.960 төгрөгний илүү төлөлтэй, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б17/09 тоот гэрээгээр 29.724.600 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Гэтэл уг гэрээний төлбөрийг авахдаа өөр хүний нэрээр авчихаад тэр хүн нь гэнэт өөр нэгэн компани болж хувирах замаар арга заль хэрэглэн татвараас зайлсхийж, санхүүгийн залилан хийж байгааг бид эрх бүхий байгууллагаар нь шалгуулах болно. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөр болон анзыг нэхэмжлэх эрхгүй этгээд тул гэрээний төлбөр болон анзыг шаардах эрхгүй. Анзыг тогтооход талууд гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл талуудын хооронд ийм гэрээ байгуулагдаагүй. Нэгэнт шаардах эрх шилжүүлэх үндэслэл болсон гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг дугуу, буруу үнэлж, оролцогчдийн тэгш эрхийг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч “БА” ХХК нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан нийлүүлсэн цементний үнэ, алдангид  77 248 433 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 “М” ХК нь “Буурлын ар булаг” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б17/09 дугаартай Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулж уг гэрээгээр худалдан авагч болох “М” ХК нь Р4.25 маркын Хөтөлийн шуудайтай 1 тн цементийг 157 300 төгрөгөөр худалдан авах,  нийлүүлсэн бүтээгдэхүүн бартерийн үнийн дүнтэй тэнцсэн тохиолдолд бартерийн зүйлийг бэлтгэн нийлүүлэгчийн хүсэлтийн дагуу Идэш овогтой Шагдарсүрэн /РД:ПЮ71062510/-ийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 494.5 тонн,           71 808 660 төгрөгийн үнэ бүхий цементийг хариуцагч хүлээн авсан, гэрээнд заасны дагуу  И.Шагдарсүрэнгээр дамжуулан цементийн төлбөрт 25 624 000 төгрөгийг хариуцагч төлсөн үйл баримт тогтоогджээ.

 “М” ХК нь “БА” ХХК-тай худалдах, худалдан авах болон бэлтгэн нийлүүлэлтийн гэрээг байгуулаагүй, хариуцагч нь нэхэмжлэгч компанитай хийх төлбөр тооцоогүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч “Мерекс” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/007 дугаар “БА” ХХК-д ирүүлсэн албан бичгээр үлдэгдэл төлбөрийг “БА” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. /хх-ийн 10/

Түүнчлэн “М” ХК-ийн нягтлан бодогч Я.Гүндээ нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч И.Шагдарсүрэнтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн байх бөгөөд уг актад нийт        71 808 660 төгрөгийн цемент хүлээн авсан, 14 624 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 57 184 660 төгрөг болсон талаар тусгагджээ. /хх-ийн 41/

Анхан шатны шүүх дээрх баримтыг болон  “Буурлын ар булаг” ХХК-ийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгүүдэд  үндэслэн “Буурлын ар булаг” ХХК-ийн шаардах эрх “БА” ХХК-д шилжсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт заасантай нийцэх бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дах хэсэгт “шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасны дагуу хариуцагч “М” ХК-иас 71 808 660 төгрөгөөс төлөгдсөн 25 624 000 төгрөгийг хасч тооцон үндсэн үүрэг 46 184 660 төгрөг, алданги         23 092 330 төгрөгийг нийт 69 276 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

Хариуцагч “М” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзолбоо нь гэрчээр “Буурлын ар булаг” ХХК-ийн захирал Д.Цэцэгдарийг оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан болохоо бичгээр мэдэгдсэн байхаас гадна шүүх гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хангах, эсэхийг тухайн маргааны зүйл, хэргийн нөхцөл байдлыг үндэслэн өөрөө шийдвэрлэх бөгөөд “Буурлын ар булаг” ХХК-ийн шаардах эрх “БА” ХХК-д шилжсэн нь тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэр  “Буурлын ар булаг” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй.

Гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтээр шүүх уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “оролцуулж болно” гэж заасан хуулийн зохицуулалтыг “оролцуулах үүрэгтэй”, “зайлшгүй оролцуулна” гэж ойлгох үндэслэлгүй болно.

Иймд хариуцагч “М” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/02344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 504 334 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ТУЯА

                                           ШҮҮГЧИД                                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                                             Н.БАТЗОРИГ