Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2018/02344

 

 






 

2018 оны 09 сарын 20 өдөр

      Дугаар 184/ШШ2018/02344

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... тоот хаягт байрлах “Б-” ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ тоот хаягт байрлах, “М-” ХК /РД:........../-д холбогдох,

 

77.351.602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-, Ч.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Төгс-Амьдрал нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б-” ХХК нь “Ц-” ХК-д бараа материал нийлүүлсний төлбөрт төлбөрөө бартер буюу цементээр тооцож авсан. Энэхүү “Ц-” ХК-иас авсан Хөтөл нэрийн цементээ “Бу-” ХХК-иар дамжуулан “М-” ХК-д 2017 оны 03 сарын 27-ны өдөр 494,550 тонн буюу 71.808.660 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Нийт нийлүүлсэн 71.808.660 төгрөгийн цементийг “Ц-” ХК-ийн талбайгаас шууд “М-” ХК-д хүргэсэн. Цементийг хүргэхэд 7 вагоны тээврийн хөлс 3.500.000 төгрөг, вагон таталт, тавилтын хөлс 922.975 төгрөг, вагон ашиглалтын хөлс 560.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Нийт 76.792.335 төгрөг болсон. Манай компани “Бу-” ХХК-иар дамжуулан цементийг нийлүүлсэн бөгөөд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг манай байгууллагын ажилтан И.Ш-д төлөхөөр тусгайлан гэрээнд заасан байгаа болно. Үүнээс “М-” ХК нь “Б-” ХХК-ийн ажилтан, төлөөлөгч И.Ш-д бэлэн ба бэлэн бусаар нийт 25.624.000 төгрөгийг төлсөн. Дээрх тооцоог “М-” ХК-ийн нягтлан бодогч Я.Г-, манай компанийн төлөөлөгч И.Ш- нарын тооцоогоор тооцоо нийлсэн байдаг. “М-” ХК нь 2017 оны 03 сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 14.624.000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр манай ажилтанд өгсөн. Үүн дээр 2017 оны 09 сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөг нэмж өгч, нийт 25.624.000 төгрөгийг “М-” ХК-иас авсан. Одоо үлдэгдэл 51.168.335 төгрөг болно. Үлдэгдэл 51.168.335 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч гэрээний дагуу хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэн 0,3 хувийн алдангийг 1 өдрийн 154.703 төгрөгөөр 166 хоногт тооцож, нийт 25.680.698 төгрөгийн алданги болно. Үлдэгдэл 51.168.335 төгрөг дээр 25.680.698 төгрөгийн алдангийг нэмж, нийт 77.248.433 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр тодруулаад ярьж байна. Хариуцагч компаниас манайд төлөгдсөн төлбөрийг дутуу бодсон байснаа залруулсан. Манай компанийн төлөөлөгч И.Ш- тухайн компанитай тухай бүрт тооцоо нийлж, бэлэн болон бэлэн бусаар авч байсан баримтууд хавтаст хэрэгт байгаа. Мөн “Бу-” ХХК-ийн зүгээс бид нар 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Б17/09 тоот гэрээний төлбөрийг авах эрхгүй. “Б-” ХХК-тай тооцоо нийлэхийг зөвшөөрсөн албан бичгүүд хэрэгт хавсаргагдсан. “М-” ХК-ийн захирал н.М- манай компанид албан 2018 оны 04 сарын 15-ны дотор төлж барагдуулах тухай албан бичгээ хүргүүлж байсан. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. “М-” ХК нь “Бу-” ХХК-тай 2016 болон 2017 онд тус бүр нэг, нийт хоёр бэлтгэн нийлүүлэх гэрээнүүд зөвхөн тус хоёр компанийн хооронд байгуулагдан ажилласан. Тус гэрээнүүдийн дагуу бэлтгэн нийлүүлэгдсэн түүхий эд, түүнд төлөгдсөн төлбөр тооцоо бүрэн барагдсан тул “М-” ХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани “Б-” ХХК-тай ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй. Нэхэмжилж байгаа гэрээний дагуу тооцсон төлбөр болон алдангийг төлөх боломжгүй. Манайх “Бу-” ХХК-тай гэрээ байгуулж цемент худалдан авсан. “Бу-” ХХК-тай гэрээ хийж авсан болохоор бизнесийн зарчмынхаа хувьд гэрээ хийсэн компанитайгаа төлбөр тооцоогоо ярих ёстой. “Бу-” ХХК-д төлбөрөө төлөөд явж байсан. Энэ гэрээний төлбөр тооцоог ярихын тулд зайлшгүй 2016, 2017 оны 2 гэрээг ярих шаардлага гарч байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Бу-” ХХК-тай Б16/75 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр 78.499.200 төгрөгийн түүхий эдийг худалдан авч төлбөрт нь Сонгинохайрхан дүүргийн Шинэ толгойт хороололд 102 дугаар байрны 13 тоотод байрлах 54.04 м2 2 өрөө орон өгөхөөр тохиролцсон. Тус байрыг албан бичгийн дагуу “Бу-” ХХК-д шилжүүлж өгсөн. Гэрээний хуваарийн дагуу 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 сарын 15-ны дотор манайд түүхий эд нийлүүлэх ёстой байсан боловч 48.625.690 төгрөгийн түүхий эдийг дутуу нийлүүлсэн байсан. Ингээд манайд авлага үүссэн. Энэ үед “Бу-” ХХК-тай 2017 оны 03 сарын 27-ны өдөр цемент бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 50.336.000 төгрөгийн үнэ бүхий 320 тонн цемент авах, мөн үлдэгдэл төлбөрт нь элс, хайрга нэмж авахаар байгуулсан. Түүхий эдийн үнэ бартерийн үнэтэй тэнцсэн тохиолдолд бартерийн зүйлийг нийлүүлэгчийн нэр дээр шилжүүлж, төлбөр тооцоог барагдуулна гэсэн хэлцэл байгуулсан. “Бу-” ХХК-иас 2017 оны 03 сарын 27-ны өдөр 7 вагон, 494,550 тонн буюу 71.808.660 төгрөгийн үнэ бүхий цементийг манайд нийлүүлсэн. Түүний мөнгийг шилжүүлэх гэсэн боловч “Бу-” ХХК-ийн захирал маань нас барсан. Үүнээс болоод И.Ш-тэй холбогдож эхэлсэн. Манайх энэ гэрээний дагуу төлбөрөө төлсөн. “Бу-” ХХК-д 4.500.000 төгрөг, И.Ш-д 25.224.600 төгрөг өгсөн. Гэрээний дагуу албан бичгээр харилцаж эхэлсэн. Гэвч “Бу- ХХК”-иас нэг ч удаа хариу өгөөгүй. Тэгээд “Бу-” ХХК-ийг олоод өгөөч гэж “Б-” ХХК-иас хүссэн. Гэвч түүнээс хойш алга болсон. “Бу-” ХХК нь хаягаасаа нүүсэн байсан. Ингээд манай компани “Бу-” ХХК-тай байгуулсан 2 гэрээний дагуу 3.451.000 төгрөгийн өглөгтэй байгаа юм. “Б-” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Төлөх төлбөр  тооцоо  байхгүй  учраас  нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”

гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “М-” ХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ, алдангид 77.351.602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тооцооллын хувьд тодруулан 77.248.433 төгрөг гаргуулахаар шаардав.

 

Хариуцагч “М-” ХК нь “...нэхэмжлэгч байгууллагатай эрх зүйн харилцаанд ороогүй, 2017 оны 03 сарын 27-ны өдөр “Бу-” ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ” байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 

“М-” ХК нь 2017 оны 03 сарын 27-ны өдөр Б17/09 дугаартай “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-г “Бу-” ХХК-тай байгуулсан байна. Энэхүү гэрээгээр худалдан авагч болох “М-” ХК нь 2017 оны 04 сарын 02-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 494.5 тонн, 71.808.660 төгрөгийн үнэ бүхий цементийг хүлээн авсан ба хүлээн авсан цементийн хэмжээ, үнийн дүнд талууд маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

2017 оны 03 сарын 27-ны өдрийн Б17/09 дугаартай “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний Хавсралт 1-ээр гэрээний ерөнхий нөхцөлийг талууд тохиролцсон байх 3 дугаар заалтаар төлбөрийн нөхцөлийг тодорхойлжээ. Гэрээнд “...нийлүүлсэн бүтээгдэхүүн, бартерийн үнийн дүнтэй тэнцсэн тохиолдолд бартерийн зүйлийг бэлтгэн нийлүүлэгчийн хүсэлтийн дагуу И- овогтой Ш- /РД:.../-ийн нэр дээр шилжүүлнэ” гэж заажээ. /хх-34,35х/

 

И.Ш- нь нэхэмжлэгч “Б-” ХХК-д менежерээр ажилладаг талаар тус компанийн захирлын “Ажилд томилох тухай” 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 16/06/20 дугаарын тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтыг нэхэмжлэгчээс ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн байгууллагын менежер И.Ш-гээр дамжуулан цементийн төлбөрийг хүлээн авах байснаас 25.624.000 төгрөгийг хүлээн авсан талаар тайлбарлаж “М-” ХК болон “Б-” ХХК-ийн тооцоо нийлсэн баримтыг нотлох баримтаар хавсаргажээ. /хх-41х/

 

Хэдийгээр “М-” ХК нь “Б-” ХХК-тай худалдах, худалдан авах болон бэлтгэн нийлүүлэлтийн гэрээг байгуулаагүй боловч Б17/09 дугаартай “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-гээр төлбөрийг И.Ш-д төлөхөөр тохиролцсон. 71.808.660 төгрөгийн үнэ бүхий цементийг “Б-” ХХК нь “Ц-” ХК-иас хүлээн авсан болох нь тогтоогдов. /хх-9, 27, 30, 34,35,41х/

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компанитай хийх төлбөр тооцоогүй хэмээн маргах боловч “М-” ХХК-ийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн Б/007 дугаар “Б-” ХХК-д ирүүлсэн албан тоот, 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 17/199 дугаар “Бу-” ХХК-д ирүүлсэн албан тоот,  “Бу-” ХХК-ийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн албан тоот, “Б-” ХХК-ийн цементийн тооцооны дэлгэрэнгүй” гэх баримт зэргээс хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, хариуцагч төлбөр төлөх үүргээ “Б-” ХХК-д гүйцэтгэж 25.624.000 төгрөгийг төлсөн нь нотлогдов. /хх-9,11,38,41, 44/

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж заасан ба “Бу-” ХХК нь “М-” ХК-тай байгуулсан “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний шаардах эрхээ “Б-” ХХК-д шилжүүлсэн болох нь “Бу-” ХХК-ийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн албан тоотуудаар тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нь 2017 оны 03 сарын 27-ны өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний үүргийг шаардах эрхтэй байна. Хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” хэмээн заасан тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон торгууль шаардах эрх мөн шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Б-” ХХК-д шилжинэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 71.808.660 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлж, бараа бүтээгдэхүүнийг “М-” ХК-д хүргэхэд 7 вагоны тээврийн хөлс 3.500.000 төгрөг, вагон таталт, тавилтын хөлс 922.975 төгрөг, вагон ашиглалтын хөлс 560.000 төгрөг, нийт 76.792.335 төгрөг болсон талаар тайлбарлаж, үүнээс 25.624.000 төгрөгийг “М-” ХК-иас төлсөн тул үлдэгдэл 51.168.335 төгрөг, уг мөнгийг хугацаандаа төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн алдангид 25.680.698 төгрөг, нийт 77.248.433 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцах”-аар заасан ба 2017 оны 03 сарын 27-ны өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-нд барааг тээвэрлэхтэй холбогдон гарсан зардлыг хэрхэх талаар тусгаагүй байна. Нэхэмжлэгчээс “Ц-” ХК-тай тооцоо нийлсэн актыг үндэслэж бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхтэй холбоотой гарсан зардалд 4.982.975 төгрөг шаардсан боловч энэхүү баримтаар тухайлан “М-” ХК-д цемент нийлүүлэхэд “Б-” ХХК-иас гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх тооцоо нийлсэн актаар “Б-” ХХК нь “Ц-” ХК-тай тооцоотой болохыг нотолно./хх-9х/

 

Иймд хариуцагч “М-” ХК-иас 2017 оны 03 сарын 27-ны өдрийн “Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-ний үүрэг 71.808.660 төгрөгөөс төлөгдсөн 25.624.000 төгрөгийг хасч тооцон үндсэн үүрэг 46.184.660 төгрөг, хамгийн сүүлд 2017 оны 09 сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөг төлсөн хугацаанаас хойш хугацаа хэтрүүлсэн хоногийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаагаар тооцвол 246 хоног, гүйцэтгээгүй үүрэг 46.184.660 төгрөгөөс хоногт 0.3 хувиар алданги тооцож өдрийн 138.553 төгрөг байхаар байна.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” хэмээн заасан тул 46.184.660 төгрөгийн 50 хувь 23.092.330 төгрөгийг анзад тооцон хариуцагчаас нийт 69.276.990 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.971.443 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /71808660-25624000=46184660, 46184660x50%=23092330, 46184660+23092330=69276990, 77248433-69276990= 7971443/

 

Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу зохигчдод хувиарлан хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч “М-” ХК-иас 69.276.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.971.443 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 544.708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М-” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 504.334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ