Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 929

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00732/и

            Д--Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... аймгийн ........ сум, ..... баг, ..... тоотод оршин суух ..... овогт Д.Э- /РД:.......... /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... аймгийн .... сум, .... баг, ... байранд байрлах “ДАЗЗА ТӨХК” /РД:2051028/-д холбогдох,

 

"2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 8,280,000 төгрөг гаргуулах, ДАЗЗА ТӨХКйн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгаланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Э- нь Д- АЗЗА ТӨХК-д 26 жил ажилласан ахмад ажилтан. Өмнө нь бас 2019 онд Д- АЗЗА ТӨХК-аас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлөлт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаад үүнийг шийдвэрлэж 2019 оны 11 сарын   29-ний өдрийн 1113 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Д--Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 03 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ажилгүй байсан хугацааны цалин 2,370,450 төгрөгийн нөхөн олговор гаргуулах магадлал гаргасан. Хяналтын шатны шүүхээс мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдсан. Ингээд ажилгүй байсан хугацааны цалин болох 2.370.450 төгрөгийг үнийн дүн нь ажлаас халсан өдөр буюу 2019 оны 6 сарын 17-ны өдрөөс Давж заалдах шатны магадлал хүртэл 2020 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаад ажилд томилсон тушаал 2021 оны 6 сарын 30-ны өдөр 50 дугаартай захирлын тушаалаар Д.Э-ыг ажилд томилдог. Гэхдээ ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ 2021 оны 06 сарын 30-ны өдөр гарсан боловч ажил хүлээн авч ажилдаа орсон өдөр нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр албан ёсоор ажилдаа орсон.

Ажилгүй байсан хугацааны цалингаа давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс буюу 2020 оны 01 сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 8.280.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаар шаардлага бол “Д- АЗЗА” ТӨХК-ийн даргын 2021 оны 07 сарын   05-ны өдрийн 55 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж Д.Э-ыг сахиулын ажил эргүүлэн томилуулах, 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.630.908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Ажилтан Д.Э-ыг ажилд томилохдоо 2021 оны 06 сарын 30-ны өдөр ажилд томилсон шийдвэр гарсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 2021 оны 07 сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Ингээд ажилд орсноос 3 хоногийн дараа буюу 2021 оны 07 сарын 05-ны өдөр ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. 2020 оны 09 сард дээд шүүхийн тогтоол гаргасан. Үүнээс хойш 10 сарын дараа ажилд томилсон хэдий ч ажилд орсноос хойш 3 хоногийн дараа ажлаас халсан нь шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үздэг.

Д.Э-т ажил хүлээлгэн өгөхдөө 5 хүний бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцэх комисс томилж ажил хүлээлцсэн. Комиссын гишүүд нь сахиулын ажил хийхдээ өөрөө гэрээ бариад байрла гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл ажилтан нь сахиулын ажилд томилогдсон. Сахиулын ажил нь тухайн газраа байрлаж ажиллах шаардлагатай байдаг. Тийм учраас ажил олгогч нь ажилтныг байрлах газраар хангах үүрэгтэй. Ажлын байрны 2 давхар контор байдаг бөгөөд тухайн конторт Э-ыг байрлуулах боломжтой байсан боловч завсартай байгаа гэсэн үндэслэлээр зориудаар оруулахгүй байдаг. Э-ыг тухайн конторт байрлуулахгүй байгаа хэр нь Бадамгарав гэх хүнд тэр ажилчдын байранд байлгаад байгаа нь ажилчдыг ялгаварлан гадуурхаад байгаа мэт ойлголт төрүүлдэг.

Ажил олгогчийн хууль бус шаардлага гаргасны улмаас талуудын хооронд үл ойлголцол үүсдэг. Комиссын гишүүд Э-ыг гэрээ бариад өөрөө бай гэдэг шаардлага тавиад байсан. Э- нь сарын 460.000 төгрөгийн цалинтай бөгөөд байр түрээслэх ямар нэг боломжгүй байсан. Ингээд Э- дүүгээ дуудаж майхан барихаар болсон боловч  ажил хүлээлцэх үед маргаан гарсан бөгөөд ажил олгогч талаас цагдаа дуудаж танхайрсан асуудлаар зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр шалгуулсан боловч эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжгүй байна гэсэн хариу өгсөн. Гэтэл зөрчлийн шинжгүй байхад ажил олгогч ажилтны ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэгдүгээрт ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, хоёрдугаарт 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа нэмэгдүүлж 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.630.908 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Д.Э-ын 1 сарын үндсэн цалин 460.000 төгрөг. Д.Э- нь 24 цагаар амралтгүй ажилладаг тул үүнийг ажиллаагүй өдрөөр үржүүлж тооцсон. Нийт ажилгүй байсан хугацааны цалин 9.910.908 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн эхний шаардлага бол ойлгомжтой байгаа. Хариуцагч тал яриад байна. Бид 1 сард тушаал гаргасан боловч ажилтан ажилдаа ирээгүй дахин ирэхэд нь захирал хот руу томилолтоор явсан байсан гэх мэтээр тайлбарлаж байна. Гэхдээ 3 шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир нэхэмжлэгч Д--Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Өмнө нь ажилд томилсон гээд байгаа тушаалууд нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тушаал байна гэж үзээд шаардлага хүргүүлсэн. Хамгийн сүүлийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн тушаал гарснаар шүүхийн шийдвэр биелэгдлээ гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан байдаг.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 06 сарын 30-ны өдрийн тушаалаар ажилд томилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсан тул шүүхэд энэ тушаалыг гаргаж өгсөн байна.

Д- АЗЗА ТӨХК нь хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарладаг. Ажилтны эрх ашгийг удаа дараа зөрчсөн зөрчлүүд харагдаад байна.

Хариуцагч тал 2 дахь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой тайлбар хэлсэнгүй. “Д- АЗЗА” ТӨХК-ийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаал гарган Д.Э-ыг ажлаас халсан бөгөөд энэ тушаалын хууль зүйн үндэслэл дээр манай тал маргаж байгаа. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх  заалтыг барьсан, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 12, хөдөлмөрийн гэрээний 4.6, 4.8 дахь заалтыг бариад 1 дэх заалтаар байгууллагын ажилтныг бүлэглэн зодож ноцтой зөрчил гаргасан тул 07 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа юм.

 

Өнөөдөр хүнийг зодох эрүүл мэндэд халдах асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг. Байгууллага тухайн үед гомдол гаргаад эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсаар зөрчлийн шинжгүй байна гэж үзсэн байдаг. Гэтэл Цагдаагийн байгууллага буюу Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжгүй байна гээд зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад байгууллага захирлын зөвлөл өөрсдөө хийсвэрлэн төсөөлөөд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоож чадаагүй байж ажилтны эрх ашгийг зөрчиж ажлаас халсан байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаас халагдсантай холбоотой дагалдах нэхэмжлэлийн шаардлагууд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Д- АЗЗА” ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгаланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажилтан Д.Э-ыг 2020 оны 12 сарын 22-ны өдөр ажилд орохтой холбоотой мэдэгдэл өгсөн. 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 6 дугаартай ажилд томилсон захирлын тушаал гарсан. Энэ хугацаанд 2021 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд иргэн Д.Э- нь ажил дээрээ 1 удаа ирсэн байдаг. Ингээд ирэхэд нь захирал ажилтай хот руу явсан байсан. 2021 оны 06 сарын 30-ны өдөр “Д- АЗЗА” ТӨХК-ийн 50 дугаартай тушаал гарсан. 2021 оны 01 сарын 11-ний өдрийн захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гээд гомдол гаргасан. Мөн ковидтой холбоотой ирж чадахгүй байна гэсэн тайлбар өгсөн. Тэгээд 2021 оны 07 сарын 02-ны өдөр ажил хүлээлцэх комисс гарсан. Тус бүрэлдэхүүнд миний бие өөрөө байсан. Ажил хүлээлцэж дуусах үед Э-ын дүү гэх хүн ирсэн. Ингээд явсны дараа үл ойлголцол, маргаан, зодоон, цохион гарлаа гээд манай байгууллагын зүгээс Цагдаагийн байгууллагад шалгуулсан. Манай компанийн ажлын байрны тодорхойлолт дээр амьдрах байр, гэрээр хангана гэсэн заалт байхгүй. Сахиулын байр засвартай байгаа тул түр гэр бариад байчих гэж ярьж тохирсон байсан боловч ажил хүлээлцэх үед ингэж тохироогүй гэж яриад асуудал үүсгэсэн. Иймд иргэн Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Э- нь ДАЗЗА ТӨХКд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 8,280,000 төгрөг гаргуулах, Д- авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2019 онд үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж Д--Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1113 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д--Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 2,370,450 төгрөгийн нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэж ажилдаа эргүүлэн тогтоогдсоноос буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилд эргүүлэн томилсон өдөр болох 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх аваагүй цалин, мөн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж ажилд эргүүлэн тогтоолгох, гарснаас хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан гэж тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь ДАЗЗА ТӨХКйн Х-ийн шуурхай хэсгийн сахиулаар ажиллаж байгаад ДАЗЗА ТӨХКйн даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу түүнийг Д--Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Д- АЗЗА” ТӨХК-ийн Х-ийн шуурхай хэсгийн сахиулийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,370,450 төгрөгийг хариуцагч Д- АЗЗА ТӨХК-иас гаргуулж, Д.Э-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу ДАЗЗА ТӨХКйн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тушаалаар мөн өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл тус компанийн Х-ийн шуурхай хэсгийн салиулаар томилж, мөн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тушаалаар 06 дугаартай тушаалыг хүчингүй болгож мөн өдрөөс Х-ийн шуурхай хэсгийн сахиулаар томилж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилохдоо хугацаа зааж түр ажиллуухаар заасан тул ороогүй, улмаар дахин тушаал гаргаж ажилд аваад 5 өдрийн дараа дахин ажлаас чөлөөлсөнийг зөвшөөрөхгүй байна гэж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан бөгөөд Д.Э-ын сахиулын ажлын байр нь байнгын ажлын байр байхад 3 сарын хугацаа зааж тушаал гаргасан нь хариуцагчийн буруу байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

            ДАЗЗА ТӨХКйн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалд Д.Э- нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлын байран дээрээ гадны иргэд авчирч, бүлэглэн танхайрч, байгууллагын ажилчдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг нь гутааж, айлган сүрдүүлж, улмаар дүү, хүүхэд гэх иргэдэд байгууллагын ажилтанг бүлэглэн зодуулж ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэн ажлаас чөлөөлсөн байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаа дугаар зүйлийн 14-т гэм буруутай эсэх нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байхад гэмт хэрэг эсвэл зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн нь буруу болжээ.

            Өөрөөр хэлбэл хариуцагч зөрчил гэж үзсэн бол эрх бүхий албан тушаалтны шийтгэл, гэмт хэрэг гэж үзсэн бол шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарсны дараа дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх ёстой байтал үндсэн хуульд заасан үндсэн эрхийг зөрчиж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Дээрх зөрчилтэй холбоотой Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс шалгаад 2021 оны 07 дугаар сарын 19, 29-ний өдрүүдэд эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсаар зөрчлийн шинжгүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг хариуцагчид мэдэгдэж байсан нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр ДАЗЗА ТӨХКйн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.Э-ыг тус компанийн Х-ийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь ажилгүй байсан хугацааны цалингаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс буюу өмнөх Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж, тушаал гарч ажилдаа орох хүртэл, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаас ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар нэхэмжилж байгаа бөгөөд өмнөх ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж дүгнэн шийдвэр гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай тушаалаар ажилд томилох тухай тушаал гарч ажилдаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр очсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ өдөр хүртэлх, сүүлд ажлаас халах тухай шийдвэр 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан байх тул түүний ажилгүй байсан хугацааг 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Э-ын сарын цалин 460,000 төгрөг, сахиул байнгын буюу 24 цагаар ажилладаг байх тул 30 хоногт хувааж өдрийн цалин 15.333 төгрөг /15,333 * 540 өдөр = 8,280,000, 15,333 * 105 өдөр = 1,609,965 төгрөг/ гэж тооцож, нийт 645 хоногийн хугацааны цалин 9,889,965 төгрөгийг хариуцагч ДАЗЗА ТӨХКас гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ДАЗЗА ТӨХКйг нэхэмжлэгч Д.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

     Нэхэмжлэгч Д.Э-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолоос үзэхэд 2020 оны 02 дугаар сараас хойш төлөгдөөгүй байх тул дээрх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг 2020 оны 03 дугаар сараас эхлэн хийх нь зүйтэй болохыг дурдаж байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ДАЗЗА ТӨХКйн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай    тушаалыг хүчингүйд тооцож, Д.Э-ыг тус компанийн Х-ийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ДАЗЗА ТӨХКас 9,889,965 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

 

            3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ДАЗЗА ТӨХКд даалгасугай. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ДАЗЗА ТӨХКас улсын тэмдэгтийн хураамжид нийт 243,389 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор            Д--Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЖАВХЛАНТӨГС