Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00074

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00732/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

             Хариуцагч *******, *******-д холбогдох

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 8,280,000 төгрөг гаргуулах, *******, *******ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь *******-д 26 жил ажилласан ахмад ажилтан. Өмнө нь бас 2019 онд *******-аас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлөлт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаад үүнийг шийдвэрлэж 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 1113 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 03 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ажилгүй байсан хугацааны цалин 2,370,450 төгрөгийн нөхөн олговор гаргуулах магадлал гаргасан. Хяналтын шатны шүүхээс мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдсан. Ингээд ажилгүй байсан хугацааны цалин болох 2.370.450 төгрөгийг үнийн дүн нь ажлаас халсан өдөр буюу 2019 оны 6 сарын 17-ны өдрөөс Давж заалдах шатны магадлал хүртэл 2020 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаад ажилд томилсон тушаал 2021 оны 6 сарын 30-ны өдөр 50 дугаартай захирлын тушаалаар *******ыг ажилд томилдог. Гэхдээ ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ 2021 оны 06 сарын 30-ны өдөр гарсан боловч ажил хүлээн авч ажилдаа орсон өдөр нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр албан ёсоор ажилдаа орсон.

Ажилгүй байсан хугацааны цалингаа давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс буюу 2020 оны 01 сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 8.280.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаар шаардлага бол *******-ийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж *******ыг сахиулын ажил эргүүлэн томилуулах, 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.630.908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Ажилтан *******ыг ажилд томилохдоо 2021 оны 06 сарын 30-ны өдөр ажилд томилсон шийдвэр гарсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 2021 оны 07 сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Ингээд ажилд орсноос 3 хоногийн дараа буюу 2021 оны 07 сарын 05-ны өдөр ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. 2020 оны 09 сард дээд шүүхийн тогтоол гаргасан. Үүнээс хойш 10 сарын дараа ажилд томилсон хэдий ч ажилд орсноос хойш 3 хоногийн дараа ажлаас халсан нь шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үздэг.

Сахиулын ажил нь тухайн газраа байрлаж ажиллах шаардлагатай байдаг. Тийм учраас ажил олгогч нь ажилтныг байрлах газраар хангах үүрэгтэй.

Ажил олгогчийн хууль бус шаардлага гаргасны улмаас талуудын хооронд үл ойлголцол үүсдэг. Комиссын гишүүд Энхбаярыг гэрээ бариад өөрөө бай гэдэг шаардлага тавиад байсан. Энхбаяр нь сарын 460.000 төгрөгийн цалинтай бөгөөд байр түрээслэх ямар нэг боломжгүй байсан. Ингээд Энхбаяр дүүгээ дуудаж майхан барихаар болсон боловч ажил хүлээлцэх үед маргаан гарсан бөгөөд ажил олгогч талаас цагдаа дуудаж танхайрсан асуудлаар зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр шалгуулсан боловч эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжгүй байна гэсэн хариу өгсөн. Гэтэл зөрчлийн шинжгүй байхад ажил олгогч ажилтны ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэгдүгээрт ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, хоёрдугаарт 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа нэмэгдүүлж 2021 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.630.908 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. *******ын 1 сарын үндсэн цалин 460.000 төгрөг. ******* нь 24 цагаар амралтгүй ажилладаг тул үүнийг ажиллаагүй өдрөөр үржүүлж тооцсон. Нийт ажилгүй байсан хугацааны цалин 9.910.908 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн эхний шаардлага бол ойлгомжтой байгаа. Хариуцагч тал яриад байна. Бид 1 сард тушаал гаргасан боловч ажилтан ажилдаа ирээгүй дахин ирэхэд нь захирал хот руу томилолтоор явсан байсан гэх мэтээр тайлбарлаж байна. Гэхдээ 3 шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Өмнө нь ажилд томилсон гээд байгаа тушаалууд нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тушаал байна гэж үзээд шаардлага хүргүүлсэн. Хамгийн сүүлийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн тушаал гарснаар шүүхийн шийдвэр биелэгдлээ гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 06 сарын 30-ны өдрийн тушаалаар ажилд томилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсан тул шүүхэд энэ тушаалыг гаргаж өгсөн байна.

******* нь хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарладаг. Ажилтны эрх ашгийг удаа дараа зөрчсөн зөрчлүүд харагдаад байна.

Хариуцагч тал 2 дахь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой тайлбар хэлсэнгүй. *******-ийн даргын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаал гарган *******ыг ажлаас халсан бөгөөд энэ тушаалын хууль зүйн үндэслэл дээр манай тал маргаж байгаа. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг барьсан, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 12, хөдөлмөрийн гэрээний 4.6, 4.8 дахь заалтыг бариад 1 дэх заалтаар байгууллагын ажилтныг бүлэглэн зодож ноцтой зөрчил гаргасан тул 07 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа юм.

Өнөөдөр хүнийг зодох эрүүл мэндэд халдах асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг. Байгууллага тухайн үед гомдол гаргаад эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудсаар зөрчлийн шинжгүй байна гэж үзсэн байдаг. Гэтэл Цагдаагийн байгууллага буюу Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжгүй байна гээд зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад байгууллага захирлын зөвлөл өөрсдөө хийсвэрлэн төсөөлөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоож чадаагүй байж ажилтны эрх ашгийг зөрчиж ажлаас халсан байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаас халагдсантай холбоотой дагалдах нэхэмжлэлийн шаардлагууд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгаланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажилтан *******ыг 2020 оны 12 сарын 22-ны өдөр ажилд орохтой холбоотой мэдэгдэл өгсөн. 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 6 дугаартай ажилд томилсон захирлын тушаал гарсан. Энэ хугацаанд 2021 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд иргэн ******* нь ажил дээрээ 1 удаа ирсэн байдаг. Ингээд ирэхэд нь захирал ажилтай хот руу явсан байсан. 2021 оны 06 сарын 30-ны өдөр *******-ийн 50 дугаартай тушаал гарсан. 2021 оны 01 сарын 11-ний өдрийн захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гээд гомдол гаргасан. Мөн ковидтой холбоотой ирж чадахгүй байна гэсэн тайлбар өгсөн. Тэгээд 2021 оны 07 сарын 02-ны өдөр ажил хүлээлцэх комисс гарсан. Тус бүрэлдэхүүнд миний бие өөрөө байсан. Ажил хүлээлцэж дуусах үед Энхбаярын дүү гэх хүн ирсэн. Ингээд явсны дараа үл ойлголцол, маргаан, зодоон, цохион гарлаа гээд манай байгууллагын зүгээс Цагдаагийн байгууллагад шалгуулсан. Манай компанийн ажлын байрны тодорхойлолт дээр амьдрах байр, гэрээр хангана гэсэн заалт байхгүй. Сахиулын байр засвартай байгаа тул түр гэр бариад байчих гэж ярьж тохирсон байсан боловч ажил хүлээлцэх үед ингэж тохироогүй гэж яриад асуудал үүсгэсэн. Иймд иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******, *******ийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******, *******иас 9.889.965 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *******, *******ид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******, *******иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 243.389 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дугаартай Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гүмдол гаргаж байна.

Иргэн, ахмад настан ******* өндөр настны тэтгэвэр 2019 онд тогтоолгосон бөгөөд хугацаатай ажиллах хүсэлтийн дагуу ажиллуулсан ба ажлын хугацаа дууссаны дараа тухайн ажлын байртай холбоотой гомдол гарган шүүхээр шийдвэрлүүлэн буцаан ажилд авах шийдвэр гарсан болно.

*******-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай ажилд томилсон боловч ажилдаа ороогүй цар тахлын улмаас ирж чадаагүй гэсэн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж дахин ажилд авах тушаал гаргаж 2021 оны 6 дугаар сарын 30-ны 50 дугаартай ажилд томилох тушаал гарган ажилд авсан.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцэх комисс бүрэлдэхүүнээрээ очиж ажил хүлээлцсэн. Ажилд орохын өмнө сахиулын байранд засвар хийж байгаа тул нөхцөл байдлаас үүдэн *******ыг өөрөө гэр бариад түр ажиллахыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Манай байгууллага нь сахиулын амьдрах орон сууцыг ажлын байрны тодорхойлолт болон, дотоод журам дээрээ хариуцна гэсэн нөхцөл байхгүй.

Ажил хүлээлцээд дууссаны дараа ******* нь ажлын байран дээрээ гадны хүн болох дүү гэх *******ыг ажлын байранд дуудаж авчирч танхайрах шинжтэй үйлдэл гаргасан боловч тухайн үед ойлголцон ажил хүлээлцэх комисс Хөтлийн шуурхай хэсгээс явсны дараа мөн төрсөн охиноо дуудаж тэр хоёр нь тухайн үед байсан Хөтлийн шуурхай хэсгийн дарга руу дайрч бүлэглэн танхайрч хэл амаар доромжилж, тохуурхаж, биед нь хүрэх зэргээр танхайрсан учир орон нутгийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгч үйлдлийг зогсоосон, улмаар Цагдаагийн байгууллагад хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгч зодуулсан гэх зөрчилгүй бөгөөд эрүүгийн шинжгүй байна. Иймд дахин албан байгууллага дээр танхайрахгүй талаар Цагдаагийн хэлтсээр сануулга өгч шийдвэрлүүлсэн.

Дээрх явдал болсны дараа 2021-07-05-ны өдөр байгууллагын Захирлын зөвлөл хуралдан ******* нь ажлын байранд гадны хүн дуудан авчирч танхайрсантай холбоотойгоор асуудлыг хурлаар хэлэлцэж ажлаас чөлөөлөхөөр зөвлөлийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Иймд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дугаартай Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хариуцагч *******-ний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* *******-нд холбогдуулж тус компанийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан агаад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуучин эрхэлж байсан ажилд нь томилоход өөрөө ажилдаа ирээгүй, цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүйг харгалзан үзэж дахин 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажилд томилсон бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа авахаар ирж, ажлаа хүлээлцэхдээ ажлын байран дээр гадны хүн дагуулж ирэн танхайрсан үйлдэл гаргасан тул захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ******* нь өмнө нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 8.280.000 төгрөг гаргуулах, хариуцагч байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажилд авсан атлаа 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үндэслэлгүйгээр дахин ажлаас халсанд гомдолтой байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч *******-ий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ыг Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар 2021 оны 04 дүгээр сарын 11 хүртэлх хугацаагаар томилж, дахин 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тушаалаар өмнө гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, мөн өдрөөс Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар томилж, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 10 дугаар сард өндөр настны тэтгэвэр тогтоолгосон өндөр настан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар хөдөлмөр эрхэлж болно. *******ыг тушаал гаргаж авсан ажил болох Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажил нь байнгын ажлын байр байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулжээ.

Хариуцагч нь 2021 оны 07 дугаар 05-ны өдрийн 55 дугаартай тушаалыг ******* нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлын байран дээр гадны иргэд авчирч, бүлэглэн танхайрч, байгууллагын ажилчдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг нь гутааж, айлган сүрдүүлж, улмаар дүү, хүүхдээрээ байгууллагын ажилтанг бүлэглэн зодуулж ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн гаргажээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч *******т сахилгын шийтгэл ногдуулсан болон арга хэмжээ авсан талаарх 2011-2017 оны хооронд гарсан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч *******ыг тухайн ажлын байранд ажиллуулах нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл талаасаа тохиромжгүй байх, түүний хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор сахилгын зөрчил гаргадаг зэрэг нь бодитой байж болох ч тушаалын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааг өмнөх давж заалдах шатны магадлал гарсан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилд орох хүртэлх хугацаа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх, сүүлд ажлаас халсан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар тус тус тооцож, ажилтны байнгын ажлын байр нь 24 цагаар ажилладаг гэж үзээд үндсэн цалин 460.000 төгрөгийг ажлын өдрийн 30 хоногт хувааж, нэг өдрийн цалинг 15.333 төгрөгөөр тооцон ажилгүй байсан бүх хугацаа болох 645 өдрөөр тооцон 9.889.965 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.389 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.389 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                                                                 Л.АМАРСАНАА