Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 930

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/01041

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: .......... аймгийн ........ сум, ..... баг, ........байр, ....... тоотод байрлах “ЧА-” ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... аймгийн ........ сум, ...... баг, ....... тоотод байрлах   “ОҮ-” ХХК /РД:........./,

 

Хариуцагч: ........ аймгийн ........ сум, ....... баг, ....... аймгийн .........байрлах ЗА- /РД:9025391/-д тус тус холбогдох,

 

“8,000,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагч “ОҮ-” ХХК-ийн төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “ЧА-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...хариуцагч ОҮ- ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу маргаан бүхий зоорийн давхрыг худалдсан 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч ОҮ- ХХК, ЧА- ХХК-ийн хооронд зоорийн давхрыг худалдах, худалдан авах хэлцэл хийгдээд 8,000,000 төгрөгөөр үнэлээд, худалдаж байгаа байдлаар гэрээ хийгдсэн байдаг. Яагаад ингэж худалдаж авах болсон гэхээр ЧА- ХХК нь өөрөө тусгай үйл ажиллагаа явуулахад ажлын байр хэрэгтэй болсон. Тэгээд ОҮ- ХХК-тай холбогдоод 8,000,000 төгрөг шилжүүлж, бэлэн мөнгөний баримт дээр гарын үсэг зураад 8,000,000 төгрөгөөр .... аймаг, ... сум, ........ баг, 3 дугаар хороолол, ........ байрны 2 дугаар орцонд 25 метр квадрат бүхий зоорийн талбайг худалдаж авсан байдаг. Ингээд 20А- оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд тухайн зоорийн давхрыг харьяалах А- гэдэг СӨХ-өөс ЧА- ХХК-тай зоорийн давхрын түрээсийн гэрээ байгуулж ажиллах ёстой, жил бүр гэрээ хийгдэж явдаг гэх шаардлага тавьсны дагуу өнөөдрийг хүртэл жил болгон түрээсийн гэрээ хийгээд тодорхой төлбөр мөнгийг А- СӨХ-д төлөөд үйл ажиллагаагаа явуулсан. ...-Уул аймгийн ЗА СӨХ-үүд болон зоорийн давхрыг хариуцах эрх бүхий субъект юм билээ. 2017 онд хяналт тавьж ажилладаг эрх бүхий байгууллага дээр ЧА- ХХК-г төлөөлж н.Б- очиж уулзахад “...Зоорийн давхар бол ЗА болон СӨХ-ны зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээслэх, бусдад худалдахыг хориглосон. СӨХ болон ЗАнаас зөвшөөрөл авсны дагуу түрээсийн гэрээ байгуулан эзэмшдэг. Түүнээс ямар нэг байдлаар бусдад түрээслэх, худалдах гэдэг агуулгаар бусдад шилжүүлэх ийм боломжгүй. Ийм байдлаар шилжүүлж байгаа тохиолдолд тухай зоорийн давхрыг хариуцсан СӨХ болон ЗА-ын албанд мэдэгдсэний үндсэн дээр шилжүүлдэг учиртай...” гэж хэлсний үндсэн дээр 8,000,000 төгрөгөөр худалдан авах үндэслэлгүй, хууль бусаар зоорийн давхар олж авсан гэдгийг мэдсэн.

Ингээд шүүхэд 2018 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргаад энэ хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлүүлээд дахин хэлэлцэхээр буцаагдаад сүүлд нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн дагуу буцаагдаад 2020 онд дахин нэхэмжлэл гаргасан.

Бид хамтран хариуцагчаар .... аймгийн ЗА-ын албыг татсан байсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Зөвхөн ОҮ- ХХК-аас 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Дээрх зоорийн давхар нь ямар нэг байдлаар худалдах, шилжүүлэх, бусдад худалдах байдлаар мөнгө төгрөг авч шилжүүлэх боломжгүй юм билээ. 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №070 дугаартай журам батлах тухай ...-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” батлагдсан. Энэ журмаар бусдад худалдах, бусдад түрээслэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ журмын дагуу зоорийн давхрын эзэмшигчийн асуудлыг нарийвчлан зохицуулсан асуудлыг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчид баталсан. Үүнийг нарийвчлаад харах юм бол ямар нэг байдлаар зоорийн давхрыг бусдад дамжуулан түрээслэх, худалдах, худалдан авахыг хориглоно гээд тухайн журмын 2.4.5 дээр заагаад өгчихсөн. Гэтэл хариуцагч талаас татгалзаад байгаа үндэслэл нь тухайн зоорийн давхарт хийсэн засвар үйлчилгээг хийгээд түрээслэх эрхээ шилжүүлсэн, түүнийхээ төлбөр 8,000,000 төгрөг авсан гэдэг агуулгаар яриад байгаа ч гэсэн худалдсан ч бай, засвар үйлчилгээ хийгээд бусдад түрээслэх эрхээ шилжүүлсэн ч бай ямар нэг зөвшөөрөлгүйгээр зоорийн давхрыг худалдах, дамжуулан түрээслэхийг хориглосон. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам дээр энэ талаар тодорхой заагаад өгчихсөн байна. Ямар нэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан нотлох баримтаар СӨХ-өөс, эсхүл ЗАнаас зөвшөөрөл авсан байлаа ч ЧА- ХХК-аас 8,000,000 төгрөг аваад шилжүүлж болно гэсэн нотлох баримт байхгүй. Тиймээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой болох байх, нэгэнт зарж борлуулах эрхгүй, бусдад шилжүүлэх эрхгүй зүйл дээр бусдад шилжүүлээд түүнээсээ 8,000,000 төгрөгийн ашиг орлого олоод авчихсан байгаа тохиолдолд энэ бол иргэний хуулийн зохицуулалтын дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг асуудал үүснэ.

Тиймээс худалдан борлуулах эрхгүй зүйлийг борлуулаад 8,000,000 төгрөгийн ашиг орлого олчихсон байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч байгууллагаас 8,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хариуцагч “ОҮ-” ХХК-ийн төлөөлөгч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2010 онд хамгийн анхны жижиг дунд үйлдвэрлэл явагдах үед төсөлд хамрагдаад 20,000,000 төгрөгийн зээл авч байсан. Тэгээд н.Лхагваа гэх хүнээс 4,500,000 төгрөгөөр уг зоорийн давхрыг худалдаж авсан. Яагаад гэхээр энэ хүн надад шилжүүлэхдээ тодорхой хэмжээний тохижуулсан байсан. Тэгээд надад хэлэхдээ “...за ингээд СӨХ-той түрээсийн гэрээ хийгээд явдаг юм, гэхдээ би энд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарж тохижуулсан учраас тэрийг чамаас авна...” гэж хэлж байсны үндсэн дээр би 4,500,000 төгрөгийг шилжүүлж авч байсан. Тэнд 2-3 жил цүнхний худалдаа явуулж байхдаа маш их засвар хийсэн. Агуулгын өрөө гаргасан, тоолуур, нойлын суултуур хийсэн гээд орон сууцанд хийгддэг бүх зүйлийг хийсэн. Надаас 8,000,000 байтугай төгрөг гарсан. Тэгээд манайх 2013 онд шилжих болоод СӨХ-ны даргатай уулзаад бид хот руу шилжих боллоо, яах вэ гэдгээ хэлсэн. Тухайн үеийн СӨХ-ны захирал С- гэж хүн байсан, яаж мэддэг болсон бэ? гэхээр тэр үед байранд сангийн гэмтэл гараад бид түүнд хандив өгч байсан юм, тэгээд намайг түрээсийн төлбөрөөс хөнгөлөөд 2 жилийн хугацаатай, 2015 он хүртэл гэрээ хийж байсан. Ингээд уулзахад ингэж хамаагүй эзэнгүй орхиж болохгүй гэж хэлж байсан. Тухайн үед олон хүмүүс асууж байхад н.Б- гэдэг хүн ирж уулзаад “...сүлжээний бизнес хийдэг, бас бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэсэн юм аа, танай энэ байр үнэхээр засвар тохижилт бүх зүйл нь гоё юм...” гэж хэлсэн, угаасаа зоорийн давхар нэртэй болохоос биш яг 3 өрөө байр шиг л байсан. Тэгээд би “...энд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Тийм учраас чи тодорхой хэмжээний засварын мөнгө өгөөд тэгээд түрээсийн гэрээг шилжүүлээд аваарай...” гэж хэлсэн. Тэр үед  СӨХ-ны даргад хэлэх гэтэл утас нь болохгүй байсан, яг шилжүүлэхэд СӨХ-ны дарга байгаагүй юм. Тухайн үед н.Б-д би хэдэн жилээр хийсэн СӨХ-ны гэрээ, засвар хийж байх үеийн явцын фото зураг, анх ямар байсан, засвар хийгээд дараа нь ямар болсон гээд бүх баримт, схем зураг, гэрээ гээд бүгдийг хүлээлгэж өгсөн. Дараа нь тэр хүнээс эдгээр баримтуудыг нэхэхэд байхгүй гээд гаргаж өгөөгүй. Түрээсийн гэрээгээ авъя гэхэд гаргаж өгөхгүй байсаар байгаад хамгийн сүүлд хийсэн түрээсийн гэрээг л гаргаж өгсөн. Би 2010 онд СӨХ-ны дарга байсан н.Д- эгчид баримтуудаа нэг хувь өгсөн, дараа нь тэрийг гаргуулах гэтэл байдаггүй юм билээ. Энэ хүнд шилжүүлэхдээ би түрээсийн гэрээ СӨХ-той байгуулж явдаг юм гээд бүх учир явдлыг хэлээд өгсөн. Энэ хүн чинь 20А- онд надаас худалдаж авахдаа СӨХ-ны даргатай шинэчилсэн гэрээ хийгээд явсан байдаг. Гэрээ хийгээд явдаг гэдгийг мэдсэний үндсэн дээр гэрээ хийгээд явсан байдаг. Яагаад 20А- онд намайг шүүхэд өгөөд явахгүй 2018 онд шүүхэд өгсөн байдаг юм, намайг СӨХ-той түрээсийн гэрээ хийж явдаг байх үед ЗА гэж ерөөсөө байгаагүй. Сая л тийм юм гарч ирсэн болохоос миний үед ерөөсөө тийм юм байгаагүй, хэзээ ингэж ЗА гэж орж ирснийг би ерөөсөө мэдэх юм алга. Н.Б- миний засаад тохижуулсан ажлын байрыг авчхаад, хэдэн он хүртэл ашиглачхаад, дээр нь миний зассан байранд үйл ажиллагаа явуулчхаад өөрөө л хөрөнгөжсөн хүн юм биш үү. Дээр нь надаас мөнгө төгрөг авна гээд шүүхэд өгөөд өчнөөн олон жил явж байна. Тэрнээс гадна хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёстой юм уу, үгүй юм уу” гэв.

 

Хариуцагч “ОҮ-” ХХК-ийн төлөөлөгч Б.Э-гийн өмгөөлөгч Т.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч талаас СӨХ-ны өмчийн эд хөрөнгийг 8,000,000 төгрөгөөр худалдсан гэдэг нэхэмжлэл гаргаад 8,000,000 төгрөгийг буцааж авъя, СӨХ-ны өмчийг зарж худалдан борлуулж болохгүй юм байна гэдгийг 2018 онд мэдсэн гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Урьд нь энэ хэрэг 3 шатны шүүхээр дамжаад ороод ирсэн. Хэргийн материал болон шүүхэд ирсэн шинэчилсэн баримтуудаас харахад, талуудын тайлбараас үзэхэд ерөнхийдөө засан тохижуулалтын буюу тухайн ажлын байранд тохирсон засан тохижуулалт байсан учир цаашид бариа засал, сүлжээний бизнесийн үйл ажиллагаа явуулах тэр үйл ажиллагаанд тохирч байсан учир цаашид түрээслээд явъя, харин таны оруулсан хөрөнгө оруулалт, засварыг чинь буцаагаад төлөөд СӨХ-тойгоо түрээсийн гэрээ байгуулаад явъя гэж тохироод 8,000,000 төгрөг шилжүүлээд явсан. Өөрөөр хэлбэл засан тохижуулалтыг нь үнэлж, түрээсийн эрхийг нь шилжүүлээд авсан болохоос тэр байрыг худалдаад авсан зүйл байхгүй. Тэр нь гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад явахад харагдах байх, мөн дээрээс нь нэхэмжлэгч талаас н.Э-гийн өгсөн 20А- оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2 жилийн хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг гаргаж өгсөн. Хаанаас ч гарч ирдэггүй, СӨХ-ны архиваас ч гарч ирдэггүй баримтыг нэхэмжлэгч тал 2 дахь удаагийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. 2010 оноос хойш 2015 он хүртэл түрээсийн гэрээ гээд бүх бичиг баримтаа н.Б- гэдэг хүнд хүлээлгэж өгсөн байдаг. Тэгээд явцын дунд ерөнхий байдлаас нь ажиглахад түрээсийн зүйлийг төлбөртэй шилжүүлсэн гэдэг нь харагддаг. Яагаад гэхээр 20А- оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ хийж, төлбөртэй шилжүүлж авсны дараагаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А- СӨХ-той түрээсийн гэрээ байгуулаад явсан. Үнэхээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан, миний нэр дээр шилжих ёстой гэж бодож байсан бол түрээсийн гэрээ байгуулах хугацаанд л миний эрх зөрчигдөж байна гэдгийг мэдэнгүүтээ заргалдаж явах байсан байх, гэтэл бүхэл бүтэн 2018 оны 08 дугаар сар хүртэл тэр түрээсийн гэрээг ашиглаад явж байсан. Ерөнхийдөө үйл ажиллагаанд нь тохирч байсан учраас төлбөртэй шилжүүлж авсан гэдэг нь харагддаг. Мөн н.Э- гуайг зөвшөөрөлгүй бусдын эд хөрөнгийг зарсан гэж бичиг бичиж авснаа далимдуулаад тэгээд дайраад байдаг. Ер нь бол н.С- гэж тухайн үеийн СӨХ-ны захирал байсан хүн нь “...найдвартай түрээслэгч олж үлдээнэ шүү, тийм өчнөөн олон засан тохижуулалт хийчхээд, наад мөнгийг чинь СӨХ гаргаж өгч чадахгүй шүү, тийм учраас наад зардлаа найдвартай хүнээс гаргуулж аваад, найдвартай хүн орхиж явна шүү, байрыг эзгүй хаяад явчихдаг шүү...” гэж хэлж байсан. Тухайн үед подвалын эзэнгүй орхичихдог байсан хэцүү үе байсан. Тийм учраас заавал эзэмшүүлээч ээ гэж, зөвшөөрөл өгсний үндсэн дээр бүтэн сар гаруй сурч, зарна барина гэж болгож, түрээслэх хүн байна уу, үгүй юу гэдгийг нь тэр захирлынх нь зөвшөөрлийн дагуу судалсны үндсэн дээр ЧА- ХХК-тай тохиролцож, төлбөртэйгөөр шилжүүлсэн байдаг. Ер нь байрыг бол үл хөдлөх хөрөнгийн хувьд зараагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийг зарсан байсан бол тэгж түрээсийн гэрээнүүдийг өгөөд байх ч шаардлага байхгүй. Ёстой гуйя гэсэн болохоор нь өгөөд явсан. Гэтэл тийм зүйл болоогүйгээс нь харахад ерөнхийдөө түрээсийн зүйлийг төлбөртэй шилжүүлж авсан байна гэж үзэх үндэслэл байна.

Баримтуудыг бид нар үнэхээр цуглуулах гэж, бүрдүүлэх гэж үзсэн. Яг тухайн оны, н.С- гэх захирлын байх үед А- СӨХ-ны бичиг баримт байхгүй, устаж үгүй болсон нөхцөл байдал хэргийн явцад хараад байхад илэрсэн, нэг ч баримт шүүхээр шаардаад ирдэггүй. Одоо захирал н.Г- гэж хүн н.Э-гийн түрээсийг шилжүүлэхэд даалгавраар нь шилжүүлсэн. Гэтэл н.Г- гэж хүн 20А- оны 01 сард томилогдсон юм шиг байна лээ, өөрийнх нь яриагаар бол, хаягаа өг шүүх дээр дуудуулъя гэхээр ирэхгүй маягтай тийм хүн шиг байна. Тэгээд өөрөө ЗАн хүсэлт өгсөн гэж ЗА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Г- тайлбар өгсөн нь хэрэг дотор харагдаж байдаг. Тийм байдлаар явсан. Тухайн үед ЗА-ны гэрээ нь хуульд заагдсан гэрээний дагуу батлагддаггүй байсан. 2018 оны 06 сард анхны гэрээг баталгаажуулсан байдаг. Тэгэхээр тухайн журам хэдийгээр эрт бий болсон ч гэсэн, журам өөрөө хуульд нийцэх ёстой, иргэний хууль дээр түрээсийн эрхийг зөвшөөрсний дагуу дамжуулан түрээслэх эрхтэй гэж заагдсан байдаг. Гэтэл захирлаас нь зөвшөөрөл аваад, найдвартай хүн олоорой гэсний үндсэн дээр эд нарт засварын мөнгөө гаргаад шилжүүлсэн. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар засан тохижуулалтыг худалдаж зарсан үйлдэл байж болохоор байна, үл хөдлөх хөрөнгийг угаасаа зарж борлуулж болохгүй, зараа ч үгүй. Тийм учраас түрээсийн гэрээг хүлээлгэж өгсөн үйл баримтууд харагдаж байна. Дээрээс нь хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна.

Гомдол гаргах шаардах эрх дууссан гэж үзэж байна, энэ эрхээ алдсан. Яагаад гэхээр тодорхой хэмжээний тийм зүйл худалдаж авчхаад эрх зөрчигдсөн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох ёстой, үүн дээр үл хөдлөх эд хөрөнгө яригдахгүй. Яагаад гэхээр тэрийг зараагүй. Дээрээс нь нэхэмжлэгч өөрөө тухайн эрхийг зөрчигдсөн үеэс, мэдсэн буюу мэдэх ёстой байсан, мэдсээр байж хүлээж авсан бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гээд Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гээд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасныг бариад байх шиг байна. Үүн дээр үл хөдлөх хөрөнгө зарагдаагүй гэдгийг дахин давтан хэлье. Дээрээс нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Тоолбол эрх нь зөрчигдсөн буюу мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.1, 76.2.2-т заасан байна. Тэгэхээр үүнээс харахад үнэхээр эрх нь зөрчигдсөн гэх хугацааг харахад 4 жил гаруй, бараг 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байдаг. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа бас дууссан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ер нь бол Б.Э-гаас засан тохижуулалтын төлбөр авсан гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЧА-” ХХК нь “ОҮ-” ХХК, ЗА-нд тус тус холбогдуулан зоорийн давхрыг худалдаж авсан үнэ болох 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Т.Б- нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зоорийг худалдсан зүйл байхгүй, харин засан сайжруулалт хийсэн зардлаа ашиглах эрхийн хамт худалдсан гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт ... сумын ........ баг, ...... хороолол, ........ байрны ....... орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг Б.Б-д 8,000,000 төгрөгөөр худалдсан талаар нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд заажээ.

Уг гэрээнд “...25 м.кв бүхий зоорийн давхрыг ...Б.Э-гаас ...Б.Б-д...2013-12-17-ны өдөр 8,000,000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно...” гэж дурдсан хэдий ч гэрээнд дарагдсан тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зохигчийн тайлбараар Б.Э- “ОҮ-” ХХК-ийг, Б.Б- нь “ЧА-” ХХК-ийг тус тус төлөөлж хийсэн нь тогтоогдсон байна.

Б.Б-, Б.Э- нарыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ, мөн хуулийн 260 дугаар зүйлд заасан эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, хуралдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь ЧА- ХХК нь 20А- оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн А- СӨХ-той түрээсийн гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл гэрээг жил бүр байгуулж, маргаан бүхий зоорийн давхрыг ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон байх тул дээрх гэрээг хийгдээгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан болохыг илэрхийлж байна.

“ЧА-” ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн мөнгийг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг буцааж авахаар нэхэмжлэл гаргасан боловч дээрх гэрээ нь түрээсийн зүйлийг бусдад шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл А- СӨХ, “ОҮ-” ХХК-ийг төлөөлж Б.Э- нар 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нийтийн зориулалттай орон сууцны байрны зоорийн давхрыг түрээслүүлэх тухай гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний 3.2-т сарын 10,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр заасан байна.

“ОҮ-” ХХК-ийн захирал Б.Э- түрээсийн зүйлийг “ЧА-” ХХК-д шилжүүлэн өгөхдөө Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.7-д заасан зөвшөөрлийг аваагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг болно. Б.Э-, Б.Б- нарыг гэрээ байгуулах үед А- СӨХ-ны дарга хэн байсан нь тодорхойгүй, шүүх энэ талаарх баримтыг хариуцагчийн төлөөлөгч Б.Э-гийн хүсэлтээр Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ...... аймаг дахь салбараас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус байгууллагаас холбогдох бичиг баримт олдоогүй талаар албан бичиг ирүүлсэн байна.

Иймд хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр эд хөрөнгийг гуравдагч этгээд буюу ЧА- ХХК-д шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Гэхдээ энэхүү маргаанд шаардах эрх 20А- оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн гэж үзэхээр байна. А- СӨХ-той нэхэмжлэгч түрээсийн гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс шаардах эрх үссэн байна. Өөрөөр хэлбэл тухайн түрээсийн зүйлийг худалдаж болохгүй, түрээсийн эрхийг худалдаж болохгүй гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан байх тул шаардах эрх 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжилж буй шаардлагын тухайд ЗА- хариуцан төлбөр төлөх боломжгүй юм. ...-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр 11-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор баталсан журамд заасны дагуу зохих хяналтыг тавьж байсан нь хэрэгт авагдсан ЧА- ХХК, А- СӨХ-ны хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнээс харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар .... аймгийн ЗА-ын албыг татан оролцуулах тухай хүсэлт, шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г- нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзахгүй талаар тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А- СӨХ ямар нэгэн эрх ашиг зөрчигдсөн талаар хүсэлт ирүүлээгүй, хэрэгт авагдсан ЧА- ХХК, А- СӨХ-той байгуулсан түрээсийн гэрээгээр маргаан бүхий зоорийн давхарт нэхэмжлэгч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа зэргээс үзэхэд СӨХ-ны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр ОҮ- ХХК, ...-Уул аймгийн ЗА-нд тус тус холбогдуулан гаргасан 8,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан ЧА- ХХК-ийн гаргасан ОҮ- ХХК, ЗА-наас 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЧА- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн А-2,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар А- хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЖАВХЛАНТӨГС