Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2021/00077

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/01041/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 930 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн,

             Хариуцагч *******,

             Хариуцагч *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8.000.000 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, өмгөөлөгч Т.Баярдалай нар онлайнаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******-аас:

******* нь өөрийн тусгай үйл ажиллагаа явуулахад ажлын байр хэрэгтэй болсон тул 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч *******, *******-ийн хооронд зоорийн давхрыг худалдах, худалдан авах хэлцэл хийгдээд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 2 дугаар орцонд 25 метр квадрат бүхий зоорийн талбайг 8.000.000 төгрөгөөр үнэлээд, худалдаж байгаа байдлаар мөнгийг бэлнээр хүлээлгэн өгч гэрээ хийгдэж худалдан авсан.

Ингээд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд тухайн зоорийн давхрыг харьяалах 14 гэдэг СӨХ-өөс *******-тай зоорийн давхрын түрээсийн гэрээ байгуулж ажиллах ёстой, жил бүр гэрээ хийгдэж явдаг гэх шаардлага тавьсны дагуу өнөөдрийг хүртэл жил болгон түрээсийн гэрээ хийгээд тодорхой төлбөр мөнгийг 14 СӨХ-д төлөөд үйл ажиллагаагаа явуулсан.

2017 оноос энэ талаар Захирагчийн албаны ажилтантай уулзаж асуухад орон сууцны зоорийн давхар бол дундын өмчлөлийн зүйл хэн нэгэн, худалдаж, зарж борлуулах, дамжуулан түрээслэх, түрээсийн эрхийг бусдад худалдах, зохих этгээдийн зөвшөөрөлгүй шилжүүлэх эрхгүй зөвхөн СӨХ болон Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсны үндсэн дээр эзэмшиж ашигладаг болохыг мэдсэн.

*******-ийн дээрх хууль бус үйлдэлд Дархан-УУл аймгийн Захирагчийн алба журмын дагуу хяналт тавих байтал ямар ч хяналт тавиагүйгээр хууль бус үйлдэл гаргах боломжийг олгосон гэж үзэж байна.

Иймд худалдан борлуулах эрхгүй зүйлийг борлуулаад 8.000.000 төгрөгийн ашиг орлого олчихсон байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч байгууллагаас 8.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-ийн төлөөлөгч Б.Энхтуяагийн тайлбар:

Тухайн үед ******* гэх хүнээс 4.500.000 төгрөгөөр уг зоорийн давхрыг худалдаж авсан. Мөн СӨХ-той түрээсийн гэрээ хийгээд явдаг, гэхдээ би энд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарж тохижуулсан учраас тэрийг чамаас авна... гэж хэлж байсны үндсэн дээр би 4,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэндээ 2-3 жил цүнхний худалдаа явуулж байхдаа их засвар хийсэн. Агуулгын өрөө гаргасан, тоолуур, нойлын суултуур хийсэн гээд орон сууцанд хийгддэг бүх зүйлийг хийсэн. Надаас 8,000,000 байтугай төгрөг гарсан.

Манайх 2013 онд шилжих болоод СӨХ-ны даргатай уулзаад хэлэхэд хамаагүй эзэнгүй орхиж болохгүй гэсэн. Тухайн үед ******* гэдэг хүн ирж уулзаад ...сүлжээний бизнес хийдэг, бас бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гээд сонирхоод байсан учраас би энд маш их хөрөнгө оруулалт хийсэн учраас чи тодорхой хэмжээний засварын мөнгө өгөөд тэгээд түрээсийн гэрээг шилжүүлээд аваарай гэж хэлсэн. Тэр үед СӨХ-ны даргад хэлэх гэтэл утас нь болохгүй байсан, яг шилжүүлэхэд СӨХ-ны дарга байгаагүй юм. Тухайн үед н.*******д би хэдэн жилээр хийсэн СӨХ-ны гэрээ, засвар хийж байх үеийн явцын фото зураг, анх ямар байсан, засвар хийгээд дараа нь ямар болсон гээд бүх баримт, схем зураг, гэрээ гээд бүгдийг хүлээлгэж өгсөн.

Тухайн үед шилжүүлэхдээ би түрээсийн гэрээ СӨХ-той байгуулж явдаг юм гээд бүх учир явдлыг хэлээд өгсөн. 2014 онд надаас худалдаж авахдаа СӨХ-ны даргатай шинэчилсэн гэрээ хийгээд явсан байдаг. Гэрээ хийгээд явдаг гэдгийг мэдсэний үндсэн дээр гэрээ хийгээд явсан байдаг. Яагаад 2014 онд намайг шүүхэд өгөөд явахгүй 2018 онд шүүхэд өгсөн юм, намайг СӨХ-той түрээсийн гэрээ хийж явдаг байх үед Захирагчийн алба гэж байгаагүй. Н.******* миний засаад тохижуулсан ажлын байрыг авчхаад, хэдэн он хүртэл ашиглачхаад, дээр нь миний зассан байранд үйл ажиллагаа явуулчхаад өөрөө л хөрөнгөжсөн. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёстой, үгүйг мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч Очир үйлс ХХК-ийн төлөөлөгч Б.Энхтуяагийн өмгөөлөгч Т.Баярдалайн гаргасан тайлбар:

Засан тохижуулалтыг нь үнэлж, түрээсийн эрхийг нь шилжүүлээд авсан болохоос тэр байрыг худалдаад авсан зүйл байхгүй.

2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ хийж, төлбөртэй шилжүүлж авсны дараагаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 СӨХ-той түрээсийн гэрээ байгуулаад явсан. Үнэхээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан, миний нэр дээр шилжих ёстой гэж бодож байсан бол түрээсийн гэрээ байгуулах хугацаанд л миний эрх зөрчигдөж байна гэдгийг мэдэнгүүтээ заргалдаж байсан байх, гэтэл бүхэл бүтэн 2018 оны 08 дугаар сар хүртэл тэр түрээсийн гэрээг ашиглаад явж байсан.

*******-тай тохиролцож түрээсийн зүйлийг төлбөртэй шилжүүлж авсан.

2018 оны 06 сард анхны гэрээг баталгаажуулсан. Журам өөрөө хуульд нийцэх ёстой, иргэний хууль дээр түрээсийн эрхийг зөвшөөрсний дагуу дамжуулан түрээслэх эрхтэй гэж заагдсан байдаг. Гэтэл даргаас нь зөвшөөрөл аваад, найдвартай хүн олоорой гэсний үндсэн дээр эд нарт засварын мөнгөө гаргаад шилжүүлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар засан тохижуулалтыг худалдаж зарсан үйлдэл, үл хөдлөх хөрөнгийг угаасаа зарж борлуулж болохгүй тул зааргүй. Тийм учраас түрээсийн гэрээг хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэгч өөрөө тухайн эрхийг зөрчигдсөн үеэс, мэдсэн буюу мэдэх ёстой байсан, мэдсээр байж хүлээж авсан бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гээд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасныг бариад байна үүн дээр үл хөдлөх хөрөнгө зарагдаагүй. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Тоолбол эрх нь зөрчигдсөн буюу мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.1, 76.2.2-т заасан байна. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан *******-ийн гаргасан *******, *******наас 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдах гомдол:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, мөн холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хүчингүй болгох өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Чин Бум аривжих ХХК нь *******, Очир үйлс ХХК-аас 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ 2018 оны 8 сарын 29-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зарж борлуулах эрхгүй зоорийн давхрыг худалдан борлуулсан үнэ болох мөнгийг гаргуулах гэж, 2020 оны 8 сарын 21-нд шүүхэд дахин гаргасан нэхэмжлэлдээ дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, ашиглах эрхийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч ******* ХХК нь түрээсийн байрыг засан тохижуулж засвар үйлчилгээ хийсэн тул засан сайжруулалт хийсэн зардлаа ашиглах эрхийн хамт худалдсан гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа ...хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, мөн холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон, шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан удаа дараагийн нэхэмжлэл түүнтэй холбогдуулан гаргасан тайлбарууд болон бүрдүүлсэн нотлох баримтын агуулгаас ******* ХХК- тай байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, худалдагч тал өөрийн өмчлөлийн бус захиран зарцуулах эрхгүй хөрөнгийг бусдад зарж ,худалдсан мөнгөөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгатай байна.

Хэрэгт талуудын хэлцэл хийснийг гэрчлэх нотлох баримт болох гэрээ /хх-10/ авагдсан үүгээр, 8 сая төгрөгийг өгч авалцсан талаарх үйл баримт тодорхой болсон байна.

Харин үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хуульд нийцүүлэн хэлбэрийн болон бүртгэлийн шаардлага хангаж байгуулсан гэхэд учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмчлөх эрхгүй этгээд худалдах худалдан авах гэрээ байгуулж хуульд нийцээгүй гэрээ нь хүчин төгөлдөр бус тул үр дагаврыг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг буцаан гаргуулах гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэргийн 5-9 дүгээр хуудаснуудад авагдсан түрээсийн гэрээнүүдийг баримтаар үнэлбэл худалдан авагч тал худалдаж авсан эд хөрөнгийг түрээслэх гэрээг сууц өмчлөгчдийн холбоотой байгуулж байсан энэхүү гэрээг 2018 онд мөн байгуулсан одоо ч гэрээгээр эзэмшиж ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг үйл баримтууд нь үл хөдлөх эд хөрөнгө биш засвар тохижилтын зардал, ашиглах эрхийг талууд тохиролцон худалджээ гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлд заасан эрх, шаардлагыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг / тухайлбал СӨХ- ийн/ зөрчөөгүй хуульд харшлаагүй байна.

2013 онд үнэ тохиролцон худалдан авснаас хойш нэхэмжлэгч тал уг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэн нэгэн гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн шаардлага гаргаагүй байна.

Мөн түрээслэгч талтай түрээсийн гэрээг тогтмол байгуулж ирсэн нөхцөл байдлаас харвал худалдан авагч өмчлөлдөө шилжих хөрөнгө худалдаж аваагүй гэдгийг худалдаж авсан даруйд мэдэх боломжтой байсан бөгөөд энэ үеэс эрхээ зөрчигдөж байна гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж маргасан хариуцагчийн татгалзал, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд хэргийн дээрх нөхцөл байдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ,эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байх хуулийн заалтад нийцэж байна гэж үзэхээргүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдийг хэлэх бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд түүнтэй орсон этгээдийн үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас зөрчигдсөн эрхийг шүүх сэргээх, хамгаалах үүрэгтэй.

Тухайн маргааны тухайд талууд худалдах худалдан авах гэрээний зүйлийг гэрээ хийх үедээ ойлголцсон, тохиролцсон бөгөөд талууд гэрээгээ зохих ёсоор биелүүлсэн шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд уг гэрээтэй холбоотой худалдан авагчийн ямарваа нэгэн эрх зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж байна.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан уул аймгийн Захирагчийн ажлын албанд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА

                                                           ШҮҮГЧ                                Г.ДАВААРЕНЧИН

                                                           ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ