Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 27

 

        Д.Гд  холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                       С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                С.П 

Шүүгдэгч                                                         Д.Г

Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Гд холбогдох 1912002300215 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Шар булаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д.Г 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн нутаг Дунд булаг гэх газарт шороон зам дээр согтуурсан үедээ 46-80 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.А-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний ам насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Г-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 тоот шийтгэх тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гардан аваад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Д.Г миний бие 2019 оны 04 дүгээр сарын 11-ний орой Ч.Б-д байсан. Ч.Б, Д.А, О.М, С.М, А.Ч нарын хамт Ч.Б-ын бусдад хүндлэл үзүүлж задалсан шар айргийг /пиво/ тойруулаад байлцсан. Түүнийг хэрэглэсэн гэж цагдаа, прокурор, шүүхээс үзэж байгаа дүгнэлттэй маргах зүйлгүй бөгөөд гэм буруугаа хүлээж байгаа. Би уг пиво буюу согтууруулах ундаанаас амсаж өгөөд байсан нь үнэн бөгөөд согтолтын зэргийг үзэх явцад яагаад өндөр гарч байгаа талаар асууж сонирхоогүй, энэ байдал нь миний буруугаас болсон гэж үзэж байна. Харин миний бие байнгын эмнэлгийн хяналтад байдаг, зүрх судасны өвчтэй учир надад оногдуулсан ялыг багасгаж, боломж байвал тэнсэж, ялыг биечлэн эдлүүлэхгүй байж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний ам насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Г нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Д.Г нь би  согтууруулах ундаа буюу пиво тойруулах  үед амсаж өгөөд байсан, үүнийг шүүх  буруу гэж үзэж байгаа болохоор би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг. Өмгөөлөгч миний зүгээс согтуурлын зэргийг тогтоосон үйл явцад анхнаасаа маргаж оролцсон. Мөн одоо ч гэсэн маргах байр сууринаас оролцоно. Яагаад гэхээр Д.Г-ын согтуурлын зэргийг шалгахад 1.62 хувь гарсан. Үүнийг анхан шатны шүүхээс согтуурсан үедээ буюу үндэслэлтэй байна гэж үзсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/31, А/38 тушаалуудын хавсралтад зааснаар гэмт хэргийн шинжтэй осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм нь сэтгэцэд нөлөөлсөн эсэхийг зөвхөн цусан дахь этилийн агууламжаар тогтооно гэж заасан байдаг бөгөөд хуульчилсан хэм хэмжээний акт мөрдөгдсөөр байтал энэ журмыг хэрэгжүүлэхгүй байна. Тухайн хэрэг нь  эзгүй хээр болоод байгаа асуудал биш юм. Д.Г нь тухайн үед эмнэлэгт хүргэгдээд тусламж авсан байдаг. Мөн маргааш өглөө нь түүнийг үлээлгэсэн байдаг. Д.Г урьд орой нь пиво уусан байлаа гэж бодоход шөнөжингөө яваад маргааш өглөө 11 цагийн үед үлээлгэхэд 1.62 хувь гарсан нь үндэслэлтэй эсэх дээр эргэлзээ төрүүлж байна. Мөн үлээлгэдэг багаж нь стандартын шаардлага хангасан байх ёстой бөгөөд стандартын төв байгууллагаас баталгаажсан зориулалтын багаж гэж заасан байдаг. Гэтэл тухайн үед үлээлгэсэн багаж нь яг зориулалтын багаж мөн үү, эсхүл биш үү гэдэг асуудал урган гарч байна. Хэрэгт фото зураг хавсаргасан байдаг. Тухайн үлээлгэсэн гэх багажийг яг стандарт, хэмжил зүйн төвөөр баталгаажсан гэж үзэхэд эргэлзээтэй. Мөн Д.Г-ыг согтуурсан, мансуурсан үедээ  энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Тиймээс давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж байгаа тохиолдолд согтуурсан, мансуурсан үедээ гэдэг асуудлыг анхааралдаа авч үзнэ үү. Гэрч нарын мэдүүлгээр зөвхөн энэ хэрэг хязгаарлагдахгүй. Гэмт хэргийн шинжтэй осол гарсан байхад цусны шинжилгээ аваагүй нь эргэлзээтэй  байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн санал оруулж байна. Нэгэнт гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан байгаа үед цусан дахь этилийн агууламжийг тогтоогоогүй нь хувь хүний буруутай үйлдэл байна. Хууль, дүрэм, журамдаа нийцүүлэн аль ашигтай байдлаар хэргийг шийдэж өгнө үү. Энэ талаар тогтсон практик байдаг. Д.Г нь согтуурсан, мансуурсан байдлын улмаас өөрийн ухаан санаагаа алдсан нөхцөл байдлаас шалтгаалан тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь бүрэн хангалттай нотлогдсон гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ гэмт хэрэгтэй төсөөтэй хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Дээд шүүхийн хууль тайлбарласан практик байдаг бөгөөд энэ нь 2019 оны 215 дугаар тогтоол юм. Уг тогтоолд цусан дахь агууламж тогтоогоогүй байдал нь эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр хэргийг хөнгөрүүлж шийдсэн практик байдаг. Д.Г-ын хувьд гэм буруугийн талаар маргаагүй. Харин өмгөөлөгчийн зүгээс хуулийн зүйчлэлийн талаар маргаж байна. Тиймээс хуулийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.  Гэрч нарын тухайд янз бүрийн өөр өөрийнхөө ойлголтоор мэдүүлдэг бөгөөд энэ нь хувь хүний байдлаас шалтгаална. Тухайн үед Д.Г-ыг согтуу байсан эсэхийг түүний цусан дахь этилийн агууламжаар тогтоох байсан. Гэтэл үүнийг тогтоож чадаагүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдэж өгнө үү. Мөн Д.Гд холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь эргэлзээтэй байхад түүнийг гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хуульд зааснаар тэнсэх боломжгүй байхад шүүгдэгч Д.Г...надад оногдуулсан ялыг багасгаж, боломж байвал тэнсэж, ялыг биечлэн эдлүүлэхгүй байж өгнө үү... гэж гомдол гаргасан нь шүүгдэгч зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэм бурууд маргаантай гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлтэй маргахгүй байгаа гэсэн атлаа харин өмгөөлөгч миний хувьд зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлж буй нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэдэгтэй утга нэг юм. 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол хүчингүй болсон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол, саналд дүгнэлт хийгээгүй болно. 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршгийг  харгалзан үзээд хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                     ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                        Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                         В.ЦЭЦЭНБИЛЭГ